- Нүүр
- Сайдын тушаал
- НИСДЭГ ТЭРЭГНИЙ ДҮҮЖИН ТЭЭВЭРЛЭЛТ
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ -133
НИСДЭГ ТЭРЭГНИЙ ДҮҮЖИН ТЭЭВЭРЛЭЛТ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 2
133.1. Зорилго 2
133.2. Тодорхойлолт 2
133.3. Нисэгчийн үнэмлэхэнд тавигдах шаардлага 2
133.4. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх 3
Б БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ, ШААРДЛАГА 3
133.5. Нислэгийн хамгийн бага аюулгүй өндөр 3
133.6. Хүн тээвэрлэх 3
133.7. Гуравдагч этгээдийн эрсдэл 3
133.8. Жингийн хязгаарлалт 4
133.9. Ил харааны нислэгийн журам 4
133.10.Шөнийн нислэгийг хязгаарлах 4
133.11.Ачаа зөөвөрлөх 4
133.12.Аюултай ачаа 4
133.13.Үйл ажиллагааны ерөнхий шаардлага 5
133.14.Хүн ам шигүү суурьшсан газар нутаг дээгүүрх нислэг 5
133.15.Дүүжин хэлбэрээр хүн зөөвөрлөх 6
133.16.Багийн нэмэлт гишүүн 7
133.17.Нисэх багийн гишүүдийн бэлтгэл 8
В БҮЛЭГ. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 9
133.18.Ерөнхий зүйл 9
133.19.Дүүжин тээвэрлэлтэд ашиглах тоног төхөөрөмж. 9
133.20.Түргэн салгах хэрэгсэл 9
Г БҮЛЭГ ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭ 10
133.21.Техник үйлчилгээнд тавих шаардлагууд 10
133.22.Техник үйлчилгээний ажилтан 10
133.23.Гадна хэрэгсэл 10
Дэд бүтцийн сайдын 2001 оны 269 тоот тушаалын хавсралт
НИСДЭГ ТЭРЭГНИЙ ДҮҮЖИН ТЭЭВЭРЛЭЛТ
133.1. Зорилго
(а) Нисдэг тэргээр хүн ба ачааг дүүжин хэлбэрээр өргөх, буулгах, зөөвөрлөх ажиллагааг ИНД-91-ийн заалтуудад нийцүүлэн зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
(б) Энэ дүрэм нь нисдэг тэргээр спорт, зугаа цэнгээний зорилгоор дүүжин хэлбэрээр хүн зөөвөрлөх үйл ажиллагаанд хамаарахгүй.
133.2. Тодорхойлолт
"Дүүжин тээвэрлэлт" гэж нисдэг тэргээр зориулалтын тор, баглаа, дамнуурга бүхий хөдөлгөөнт хатуу холбоос болон нисдэг тэргэнд суурилуулсан дамарт төхөөрөмжтэй зориулалтын татлага бүхий хөдөлгөөнт зөөлөн холбоос ашиглан хүн ба ачааг дүүжин хэлбэрээр өргөх, буулгах, зөөвөрлөх ажиллагааг хэлнэ.
133.3. Нисэгчийн үнэмлэхэнд тавигдах шаардлага.
(а) Нисдэг тэргээр дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга нь :
1/ коммерийн нисэгчийн үнэмлэхтэй байна, эсхүл
2/ багш нисэгч нислэгийн дэвтэрт нь ИНД-61-д заасан хувийн нисэгчийн үнэмлэхний шаардлага хангасан тухай тэмдэглэл хийсэн тохиолдолд хувийн нисэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй (нисдэг тэрэгний) байна.
(б) Хөдөлгөөнт зөөлөн холбоос ашиглан хүн өргөх, буулгах болон олс оосор ашиглан хүн буулгах ажиллагаа гүйцэтгэх, эсхүл дүүжин хэлбэрээр хүн зөөвөрлөх агаарын хөлгийн дарга нь энэ зүйлийн (а)-гийн 2/-т заасныг үл харгалзан коммерийн нисэгчийн хүчин төгөлдөр үнэмлэхтэй байна.
(в) Коммерийн, эсхүл хувийн нисэгчийн хүчин төгөлдөр бус үнэмлэхтэй нисэгч, хэрэв багш нисэгч зөвшөөрвөл, энэ зүйлийн (а), (б)-д заасныг үл харгалзан дүүжин тээвэрлэлтэд агаарын хөлгийн даргын үүрэг гүйцэтгэхээр сургалт дадлага авч болно.
133.4. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
ИНЕГ дарга нь аливаа этгээдийг энэ дүрмийн шаардлагаас ИНД-11-ийн дагуу чөлөөлж болно.
Б БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ, ШААРДЛАГА
133.5. Нислэгийн хамгийн бага аюулгүй өндөр
(а) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэж буй агаарын хөлгийн дарга нь зайлшгүй шаардлагатай тохиолдолд газар дээрх хүн болон эд зүйлсэд аюул учруулахгүй гэж үзвэл ИНД-91-ийн холбогдох заалтыг үл харгалзан, газрын гадаргууд 150 м (500 фут)-ээс доош өндөрт, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүмүүст 150 м (500 фут)-ээс дотогш зайд ойртох, хөөрөх, ачаа байрлуулах жолоодлогыг гүйцэтгэж болно.
(б) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэж буй агаарын хөлгийн дарга онцгой тохиолдолд гадна ачааг хаях, эсхүл буулт үйлдэхэд хүн болон эд зүйлсэд аюул учруулахгүй байхаар тооцон тухайн нислэгийн өндөр, чиглэлийг тогтооно.
133.6. Хүн тээвэрлэх
(а) Агаарын хөлгийн дарга нь дүүжин тээвэрлэлтээр хүн зөөвөрлөх тохиолдолд тухайн ажиллагаанд шууд оролцохгүй этгээдийг нисдэг тэргэнд тээвэрлэхгүй.
(б) Агаарын хөлгийн дарга нь тухайн ажиллагааны хувьд багшлах эрхтэй бол, энэ зүйлийн (а)-д заасныг үл харгалзан дадлага хийж буй нисэх багийн гишүүнийг нисдэг тэргэнд тээвэрлэж болно.
133.7. Гуравдагч этгээдийн эрсдэл
(а) Агаарын хөлгийн дарга дараах тохиолдолд дүүжин тээвэрлэлт гүйцэтгэж болохгүй:
1/ хүн болон эд зүйлд аюул учруулахаар бол, 2/ хүн олноор цугларсан газрын дээгүүр.
(б) Энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд, дүүжин тээвэрлэлтийн үед дүүжин нислэг гүйцэтгэх агаарын хөлгийн дарга тухайн талбайд хүн ба эд зүйл байхгүй гэдгийг магадлах ба тухайн ажиллагаанд оролцох хүмүүст нислэгийн өмнө дараах зааврыг өгсөн байна:
1/ дүүжин тээвэрлэлтийн хэвийн ажиллагаа;
2/ онцгой тохиолдлын үед дагаж мөрдөх ажиллагааны журам;
3/ ачааны төрөл, хэлбэр, тэдгээртэй ажиллах тусгай шаардлагууд;
4/ нисдэг тэрэгний өргөх боломж, чадал;
5/ тухайн ажиллагаанд хэрэглэх гар болон радио дохио.
(в) Газарт гэмтэл авсан хүнд тусламж хүргэж буй тохиолдолд энэ зүйлийн (б)-г дагаж мөрдөхийг шаардахгүй.
133.8. Жингийн хязгаарлалт
Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга, зөөвөрлөх ачааны жин нь энэ дүрмийн 133.19-ийн 1/-д заагдсан өргөх дэгээ буюу хэрэгслийн хувьд тэдгээрийн даацын хязгаарлалтаас илүүгүй гэдгийг бататгана.
133.9. Ил харааны нислэгийн журам
Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга нь нислэгийг ил харааны нислэгийн журмаар гүйцэтгэнэ.
133.10. Шөнийн нислэгийг хязгаарлах
Агаарын хөлгийн дарга нь нисдэг тэрэгний гэрэлтүүлэг, газрын гэрэлтүүлэг, эсхүл байгалийн гэрэлд харагдах гадны биетийн тусламжтайгаар нисдэг тэрэгний байршил, байрлал, өндрийг тодорхойлж чадахааргүй бол шөнийн цагт дүүжин тээвэрлэлтийн нислэг үйлдэж болохгүй.
133.11. Ачаа зөөвөрлөх
Агаарын хөлгийн дарга нь дүүжин тээвэрлэлтийг энэ дүрмийн 133.19-ийн 1/-д заагдсан өргөх дэгээ, хэрэгслээр тоноглогдсон нисдэг тэргээр гүйцэтгэнэ.
133.12. Аюултай ачаа
(а) Агаарын хөлгийн дарга дараах тохиолдолд ИНД-92-ыг үл харгалзан, нисдэг тэргээр 1-р ангиллын аюултай ачааг дүүжин хэлбэрээр зөөвөрлөж болно:
1/ ИНЕГ-ын эрх бүхий байцаагч зөвшөөрсөн бол;
2/ тухайн ачааг зөөвөрлөхөд шаардагдах аюулгүй ажиллагааны болон онцгой тохиолдлын журамтай бол;
3/ тухайн ачаа нь:
(i) агаараар зөөвөрлөх зохих нөхцөлөөр хангагдсан бол,
(ii) зөөвөрлөхөд аюулгүй байхаар баглагдаж, хамгаалагдсан бол.
4/ тухайн ажиллагааг хот суурин болон хүн ам шигүү суурьшсан газар нутгаас алслагдсан зайд гүйцэтгэх бол.
(б) Агаарын хөлгийн дарга дараах тохиолдолд ИНД-92-ыг үл харгалзан нисдэг тэргээр 2-оос 9 хүртэлх ангиллын аюултай ачааг дүүжин хэлбэрээр зөөвөрлөж болно:
1) тухайн аюултай ачааны техник ажиллагааны зааварт зөөвөрлөхийг хориглоогүй бол;
2) тухайн ачааг зөөвөрлөхөд шаардагдах аюулгүй ажиллагааны болон онцгой тохиолдлын журамтай бол;
3) аюултай ачаа бүр таних тэмдэгтэй бол;
4) агаарын хөлгийн дарга нь ачааны аюултай шинж чанарын тухай мэдээллээр хангагдсан бол;
5) аюултай ачаа нь:
(i) агаараар зөөвөрлөх зохих нөхцөлөөр хангагдсан бол;
(ii) өөр хоорондоо урвалд орох ачааг ялгаж тусгаарласан бол;
(iii) нислэгийн явцад гэмтэх, асгарахаас сэргийлсэн баглаа, боодолтой бол.
133.13. Үйл ажиллагааны ерөнхий шаардлага
(а) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга нь нисдэг тэрэг ачаалалтын талбайгаас хөөрөхөөс өмнө ачааг зөв байрлуулсан, бэхэлсэн гэдгийг бататгана.
(б) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга нисдэг тэргийг болон дүүжин ачааг удирдаж, хянахад тохиромжтой нөхцөлд нислэгийг үйлдэнэ.
133.14. Хүн ам шигүү суурьшсан газар нутаг дээгүүрх нислэг
Хүн ам шигүү суурьшсан газар нутаг, хот, суурин дээгүүр дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга:
1) дараах зүйлийг багтаасан ажлын төлөвлөгөө боловсруулж тухайн ажиллагаанд оролцох бүх байгууллага, хүмүүст танилцуулсан байна:
(i) нислэгийн чиглэл ба өндрийг заасан зураглал;
(ii) нислэгийн сааднаас зайлсхийх арга зам;
(iii) онцгой тохиолдлын үед буулт үйлдэх боломж;
(iv) онцгой тохиолдолд ачааг зориудаар салгах болон ачаа санамсаргүй салах үед газарт байгаа хүн болон эд зүйлсэд хохирол учруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ;
(v) нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зохицуулалт.
2) энэ зүйлийн 1/-д заасан ажлын төлөвлөгөөг тухайн ажиллагааг гүйцэтгэсэн өдрөөс хойш 6 сараас доошгүй хугацаагаар хадгална,
3) нутгийн захиргааны байгууллагад бичгээр урьдчилан мэдэгдэнэ,
4) явуулах гэж буй ажиллагааныхаа тухай мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлнэ.
133.15. Дүүжин хэлбэрээр хүн зөөвөрлөх
(а) Нисдэг тэрэгний дүүжин хэлбэрийн тээвэрлэлтээр хүн зөөвөрлөх агаарын хөлгийн дарга дараах зүйлийг бататгасан байна:
1) нислэгийг, газрын үйлчлэлийн нөлөөгүй дүүжин нислэг үйлдэх үеийн тооцоот жингийн 80 хувиас илүү хүндтэйгээр гүйцэтгэхгүй байх;
2) хүн зөөвөрлөх зай нь тухайн ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай хамгийн богино зай байх;
3) хүн өргөх, буулгах, зөөвөрлөх хэрэгсэл нь хоёр тусдаа үйлдлээр нисдэг тэрэгнээс салгагдах системтэй байх ба нисэх багийн гишүүн салгах боломжтой байх;
4) хүн өргөж, зөөвөрлөх хэрэгсэл нь болгоомжгүй үйлдлийн улмаас салах боломжгүй байх;
5) нисдэг тэрэгний жолоодлогыг аюулгүй гүйцэтгэхийн тулд :
(i) нислэг үйлдэх орон зайн хэмжээ нь нисдэг тэрэгний уртаас 2 дахин их байх;
(ii) нисдэг тэрэгний хамгийн доод цэгээс аливаа саад хүртэл 1 метрээс доошгүй зайг барих;
(iii) хүн өргөх, буулгах, зөөвөрлөх орчин нь тухайн үйл ажиллагаанд саад болохооргүй байх.
(б) Агаарын хөлгийн дарга нисдэг тэрэгнээс хөдөлгөөнт зөөлөн холбоос ашиглан хүн өргөх, эсхүл буулгахдаа дараах зүйлийг бататгана:
1/ хүн доош буулгах тохиолдолд суудлын даруулга бүсийг тайлахаас өмнө түүнийг холбоост бэхэлсэн эсэх;
2/ дээш өргөсөн тохиолдолд холбоосыг салгахаас өмнө тухайн хүнийг суудлын даруулга бүсээр бүсэлсэн, эсхүл аюулгүйн оосорт бэхэлсэн эсэх;
3/ ухаан алдсан буюу сэтгэх чадвараа алдсанаас бусад хүнд нисэх багийн гишүүд нислэгийн хэвийн ба онцгой тохиолдлын журмыг танилцуулж зааварчилга өгсөн эсэх.
(в) Агаарын хөлгийн дарга нь бэртсэн, гэмтсэн хүнийг аюулгүйн бүслүүр, торон дамнуурганы тусламжтай дүүжин хэлбэрээр зөөвөрлөхдөө дараах зүйлийг бататгана:
1/ дараах ажиллагаанд шаардагдах зөөвөрлөлтийн зай нь хамгийн богино зай байна гэдгийг:
(i) тухайн гэмтэж бэртсэн хүнийг тээвэрлэхэд илүү тохиромжтой тээврийн хэрэгсэлд шилжүүлэх,
(ii) аюулгүй бууж, зөөвөрлөж байгаа хүнээ нисдэг тэргэндээ шилжүүлэх.
2/ ухаан алдсан буюу сэтгэх чадвараа алдсанаас бусад хүнд нисэх багийн гишүүд нислэгийн хэвийн ба онцгой тохиолдлын журмыг танилцуулж зааварчилга өгсөн эсэхийг.
(г) Агаарын хөлгийн дарга нь нисдэг тэрэгнээс зориулалтын олс, оосор ашиглан хүн буулгах ажиллагааг гүйцэтгэх этгээдийн хувьд дараах зүйлийг бататгана :
1/ олс, оосор ашиглан хүн буулгах дадлага сургалтад хамрагдсан байх;
2/ нисэх багийн гишүүдээс олс татуурга ашиглан хүн буулгах үеийн нислэгийн хэвийн ба онцгой тохиолдлын талаар зааварчилга авсан байх;
3/ хүн доош буулгахдаа суудлын даруулга бүсийг тайлахаас өмнө түүнийг олс оосорт бэхэлсэн эсэх.
133.16. Багийн нэмэлт гишүүн
(а) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга:
1/ дараах үйлдлүүдийг өөрийн биеэр гүйцэтгэж боломжгүй тохиолдолд багийн нэмэлт гишүүнийг авч явна :
(i) хөдөлгөөнт зөөлөн холбоос ашиглах,
(ii) ачааг хянах, ажиглах,
(iii) ачааллыг салгах,
(iv) саадыг ажиглах,
(v) хүмүүсийг агаарын хөлгийн бүхээгт оруулах, бүхээгээс гаргах.
2/ багийн нэмэлт гишүүн өөрийн гүйцэтгэх ажиллагаа болон тусгай даалгаврын талаар хөөрөлтийн өмнө бүрэн танилцсан байна;
3/ багийн нэмэлт гишүүн аюулгүйн бүсийг бүсэлсэн байх бөгөөд бүс нь онцгой тохиолдлын үед салгахад хялбар, санамсаргүй салахааргүй байна;
4/ багийн нэмэлт гишүүн нь нисэгчтэй хоёр талын харилцаатай байхын тулд холбооны төхөөрөмжөөр хангагдсан байна.
133.17. Нисэх багийн гишүүдийн бэлтгэл
(а) Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч нь тухайн үйл ажиллагаа, агаарын хөлөг болон тоног төхөөрөмжийн талаарх мэдлэг, нислэгийн хэвийн болон онцгой тохиолдлын үед авах арга хэмжээ, нислэгийн бэлтгэл, ур чадвараа шалгуулаагүй нисэх багийн гишүүнийг энэ дүрэмд заасан үйл ажиллагаанд оролцуулахгүй.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан шалгалтыг:
1) тухайн шалгалтыг гүйцэтгэх эрх олгогдсон, ИНД-119-ийн дагуу гэрчилгээжсэн агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч, эсхүл ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллага гүйцэтгэнэ;
2) нисэх багийн гишүүдийн жолоодлого хийх чадварыг үнэлэх боломжтой агаарын хөлөг дээр гүйцэтгэнэ;
3) тухайн нислэгийн үйл ажиллагаа эхлэхээс өмнөх 12 сарын дотор өгсөн байна.
(в) Энэ зүйлийн (а)-д заасан шалгалт нь дараах зүйлийг багтаасан нислэгийн хэвийн ба онцгой тохиолдлын үеийн ажиллагааны журмыг хамарна:
1/ нислэгийн өмнөх бэлтгэл;
2/ нисэх багийн зохион байгуулалт;
3/ холбоо алдагдах;
4/ аюулын үед туслах ажилтны ажиллах журам;
5/ нисдэг тэрэгний анхааруулах гэрлэн дохионууд;
6/ хөдөлгүүрийн чадал алдагдах;
7/ цахилгааны дутагдал.
(г) Тээвэрлэгч нь шалгалтын материалыг 2 жил хадгална.
(д) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх агаарын хөлгийн дарга нь хүн ам шигүү суурьшсан газар нутаг, хот, суурин дээгүүр дадлагын нислэг үйлдэж болохгүй гэдгийг бататгана.
В БҮЛЭГ. ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
133.18. Ерөнхий зүйл.
Нисдэг тэрэгний дүүжин тээвэрлэлтэд ашиглах тоног төхөөрөмж, хэрэгсэл нь дараах шаардлагыг хангасан байна:
1/ энэ бүлэгт зааснаас гадна тухайн үйл ажиллагаанд зориулан ИНЕГ-аас зөвшөөрсөн нэмэлт тодорхойлолт, эсхүл нэмэлт стандартуудад тусгагдсан НТЧ-ын хийцийн стандарт, тодорхойлолтын шаардлагад нийцсэн байх;
2/ НТЧ, нислэгийн үйл ажиллагааны шаардлага болон холбогдох бусад шаардлагын дагуу суурилагдсан байх;
3/ хэвийн ажиллагаатай байх ба тухайн төрлийн үйл ажиллагаанд шаардлагатай тоо хэмжээтэй байх.
133.19. Дүүжин тээвэрлэлтэд ашиглах тоног төхөөрөмж
(а) Дүүжин тээвэрлэлт гүйцэтгэх нисдэг тэрэг нь үйлдвэрлэгчээс, нисдэг тэргэнд ашиглахыг зөвшөөрсөн ачааны дэгээ, хэрэгслээр тоноглогдсон байна.
(б) Дүүжин тээвэрлэлтэд ашиглах төхөөрөмж нь:
1/ нисдэг тэргийг гэмтээхээс болон өөрөө хугарч эвдрэхээс сэргийлэгдсэн, зохих стандартын дагуу хийгдсэн;
2/ хүн зөөвөрлөх тохиолдолд тухайн жингээс 3.75 дахин хүнд ачааллыг даах чадвартай.
133.20. Түргэн салгах хэрэгсэл
(а) Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч нь дүүжин тээвэрлэлтэд ашиглах хэрэгслийн хувьд дараах зүйлийг бататгана :
1/ түргэн салгах цахилгаан төхөөрөмжөөр тоноглогдсон;
2/ механик ажиллагаатай, эсхүл түргэн салгах бие даасан цахилгаан төхөөрөмжөөр тоноглогдсон.
(б) Энэ зүйлийн (а)-д дурьдсан түргэн салгах хэрэгслийн ажиллагаа нь дүүжин тээвэрлэлтийн хамгийн их ачаалалтай байх нөхцөлд хэвийн гэдгийг Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч нь баталгаажуулна.
(в) Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч нь түргэн салгах тоноглолын хувьд дараах зүйлийг бататгана :
1/ анхдагч удирдлагатай байх ба тэр нь:
(i) аль нэг нисэгчийн жолоон дээр суурилагдсан,
(ii) онцгой тохиолдлын үед нисэгч нислэгийн жолоодлогыг гүйцэтгэхэд саад болохооргүй, ажиллуулахад тохиромжтой байрлагдсан, хийгдсэн.
2/ нисэх багийн гишүүд шууд хүрч ажиллуулах боломжтой хоёрдогч удирдлагатай байх.
Г БҮЛЭГ. ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭ
133.21. Техник үйлчилгээнд тавих шаардлагууд
Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч нь нисдэг тэрэг болон энэ дүрмийн 133.19-ын 1/-д заагдсан ачааны дэгээ, хэрэгслийн хувьд ИНД-91 болон энэ дүрмийн дагуу техник үйлчилгээний шаардлагуудыг хангана.
133.22. Техник үйлчилгээний ажилтан
Тоног төхөөрөмжийг техник үйлчилгээнээс гаргах ажилтан нь тухайн ажлын чиглэлээр мэргэшсэн, сургалт дадлагад бүрэн хамрагдсан, эрх бүхий этгээд гэдгийг агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч бататгана.
133.23. Гадна хэрэгсэл
(а) Агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч нь гадна хэрэгслийг:
1/ ашиглалтын 50 цаг тутамд үзэж элэгдэл, эвдрэлийн шинж тэмдэг илэрч буй эсэхийг шалгана;
2/ ашиглалтын 500 цаг буюу 12 сарын аль эхэлж болсон хугацаанд түүний зөвшөөрөгдсөн ачааллаас 1.25 дахин их ачааг туршилтын байдлаар ачаалж шалгана.
(б) Энэ зүйлийн (а)-д зааснаас гадна, агаарын тээврийн үйл ажиллагаа эрхлэгч нь гадна хэрэгслийн хувьд дараах үйлчилгээг хийж болно:
1/ НТЧ-ын хадгалалтын зааварчилга, эсхүл үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний зааварт тусгагдсан холбогдох журам, зайлшгүй солих хугацаа болон үзлэг шалгалтын үечлэл, эсхүл
2/ ИНД-91, эсхүл ИНД-119-ийн дагуу батлагдсан Техник үйлчилгээний хөтөлбөр.
Текст томруулах
A
A
A