A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ САХИУЛАХ ЗААВАР /Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/114 дүгээр тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/114 дүгээр тушаалаар хүчингүй/

Батлан хамгаалахын сайдын 1998 оны 431 тоот тушаалын хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН ХИЛ ОРЧМЫН ДЭГЛЭМ САХИУЛАХ ЗААВАР
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.      Монгол Улсын хилийн тухай хууль, Монгол Улсаас ОХУ, БНХАУ-тай байгуулсан хилийн дэглэм, улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажиллагааг зохицуулахад энэхүү зааврын зорилт оршино.
2.      Улсын хил орчмын дэглэм сахиулах зааврын агуулга нь улсын хилийг бүс, зурвас, хилийн боомтод иргэдийг нэвтрүүлэх, хилийн бүс, зурваст ажил үйлдвэрлэл байнга болон түр хугацаагаар эрхлэх асуудлыг зохицуулах зэргээс бүрдэнэ.
3.      Улсын хил орчмын дэглэм сахиулах зааврыг хил орчмын нутаг дэвсгэр, хилийн боомтод мөрдөнө.
4.      Улсын хил орчмын дэглэм сахиулах үйл ажиллагаанд Монгол Улсын хилийн тухай хууль, Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хууль бусад эрхийн актуудыг удирдлага болгоно.
5.      Хилийн бүсэд байнга оршин суугч гэж 3 сараас дээш хугацаагаар оршин суудаг эсвэл жил бүр тодорхой улирлуудад ажил эрхлэн амьдардаг тухайн орон нутгийн иргэдийг хэлнэ.
6.      Хил орчмын дэглэмийг сахиулахдаа хил хамгаалах байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн засаг дарга, хууль, хяналт, хил хяналт болон холбогдох зам тээврийн байгууллагуудтай хамтран ажиллана.
7.      Хилийн бүсэд байнга оршин суудаг иргэд нь хил хамгаалах байгууллагад бүртгүүлж, тусгай тийз олгогдсон нөхцөлд оршин суугаа нутаг дэвсгэрийн хилийн бүсэд чөлөөтэй зорчих эрхтэй.
8.      Улсын хилийн бүс, зурваст нэвтэрч, ажил үйлдвэрлэл эрхлэх иргэд албан байгууллага нь тухайн үйл ажиллагаа явуулах район, түүгээр явах маршрут, байрлах газар, талбай зэргийг байр зүйн зураг, схемд оруулж, зөвшөөрөл хүссэн албан бичигт хавсаргана.
Хоёр. Монгол Улсын хилийн бүсэд нэвтрэх

Хилийн бүсэд байнга оршин сууж ажил эрхэлдэг иргэд энэ тухайгаа хил хамгаалах байгууллагад бүртгүүлэн тусгай тийз авна. Хил хамгаалах байгууллагаас хилийн төлөөлөгч, туслагч нар хариуцсан хилийн хэсгийн хилийн бүсэд байнга оршин суугчдыг бүртгэн иргэний үнэмлэхийг үндэслэн тусгай тийз олгоно. Уг тийз нь хилийн бүсэд нэвтрэхийг зөвшөөрч бүртгэсэн тухай товч тэмдэглэлтэй байна. Иргэд хилийн бүсэд байнга амьдрахгүй тохиолдолд уг тийзийг хил хамгаалах байгууллагад эргүүлэн хураалгаж, бүртгэлээс хасуулна. 16 хүртэлх насны хүүхдийг төрсний гэрчилгээг үндэслэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгоно. Хилийн бүс, зурваст тээврийн хэрэгсэлтэй явах тохиолдолд түүний эзэмшигч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхтэй байна. Нисдэг тэрэг, нисэх хэрэгсэлтэйгээр хилийн бүс, зурваст нэвтрэгсдэд нислэгийн маршрут хоноглох болон нисэх, буух газар, нислэг үйлдэх хугацаа зэргийг үндэслэн улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн холбогдох албад зөвшөөрөл олгон энэ тухай ХЦУГ-т мэдэгдэнэ. Хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй иргэд, байрладаггүй албан байгууллага, аж ахуйн нэгжид албан томилолт эсвэл нэрсийн жагсаалт бүхий албан бичиг, иргэний үнэмлэхийг үндэслэн хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл олгоно. Улсын хилийн бүсэд гадаадын иргэд, харъяалалгүй этгээд нь түр оршин суух зөвшөөрлийг Цагдаагийн байгууллага олгох ба үүний дагуу хилийн бүсэд нэвтрэх тусгай тийз хил хамгаалах байгууллага олгоно. Хилийн цэргийн болон хилийн отрядын штаб, тусгай комендатур нь хилийн бүсэд зохих зөвшөөрөл авч, ажил үйлдвэрлэл эрхэлж байгаа ажиллагааг нэгдсэн бүртгэл судалгаанд авч, холбогдох хяналт тавьж ажиллана. Оршин суугч эсвэл ажил үйлдвэрлэл явуулагчид нь хил хамгаалалтын эрх ашгийн үүднээс тавьж буй хилчдийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, тийз холбогдох бичиг баримтаа шалгуулахад бэлэн байна.

Гурав. Хилийн зурваст нэвтрэх

Улсын хилийн зурвасын өргөнийг Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар бүлгийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу ХЦУГ-ын дарга орон нутгийн саналыг үндэслэн тогтоож, шаардлагатай үед тодотгож байна. Улсын хилийн зурвасыг тогтоосон тухай хил хамгаалах байгууллага орон нутгийн засаг захиргаанд албан бичгээр мэдэгдэнэ. Албан бичигтээ хилийн зурвасын гүний шугамыг тодорхой заана. Хил хамгаалах байгууллага хилийн зурвасын өргөнийг тогтоохдоо хил хамгаалалтын болон нутгийн иргэд, байгууллагын эдийн засгийн эрх ашгийг харгалзана. Шаардлагатай гэж үзвэл хилийн зурвасын гүний шугамыг газар орон дээр тэмдэглэнэ. Хилийн зурваст улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүд, цэргийн албыг дүйцүүлэн хаагч иргэд гишүүний үнэмлэхээр нэвтэрнэ. Хилийн зурваст малыг байнгын хариулгатай байлгаж, хил давах, давуулахаас бүх талаар сэрэмжилнэ. Улсын хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаг боловч хилийн бүсэд байнга оршин суудаггүй иргэдийг Хилийн төлөөлөгч, туслагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн  хилийн зурваст нэвтрүүлнэ. Улсын хил орчмын нутаг дэвсгэрт оршин суудаггүй, байрладаггүй, байгууллага, иргэд хилийн зурваст ажил үйлдвэрлэл явуулахад уг үйл ажиллагааг зөвшөөрсөн холбогдох яам, газрын зөвшөөрөл, лицензийг үндэслэн хил хамгаалах байгууллага нэвтрүүлнэ. Энэ 6, 7 дугаар заалтад дурдсан иргэд, байгууллага, аж ахуйн нэгж хилийн зурваст нэвтэрч, ажил үйлдвэрлэл явуулах газар, хугацаа, хүний тоо, нэрс зэргийг тухайн хилийн хэсэгт байгаа хил хамгаалах байгууллагад бүртгүүлэх ба ажил дууссаны дараа хасуулна. Улсын хилийн зурваст ажил үйлдвэрлэл эрхлэх гадаадын иргэдийг зохих байгууллагын хүсэлт, Цагдаагийн байгууллагын уламжлалыг үндэслэн Хилийн цэргийн штабын зөвшөөрлөөр нэвтрүүлнэ. Улсын хилийн зурваст ажил үйлдвэрлэл эрхэлж буй гадаадын ирнэ, харъяалалгүй этгээдийн талаар хил хамгаалах байгууллага бүртгэл хөтөлж, энэ тухайгаа дээд шатны байгууллагадаа тайлагнана.

Дөрөв. Хилийн боомтод нэвтрэх

Хилийн боомтод нэвтрэгсэд хил нэвтрэх хүчин төгөлдөр бичиг баримтаар, хил хяналтын байгууллагын ажилчид албан үнэмлэхээр нэвтэрнэ. Хил нэвтрэх хүчин төгөлдөр эрхийн бичиг Монгол Улсын Гадаад Харилцааны яам, ЦЕГ-ын зохих байгууллагууд орно. Улсын хилийг хил залгаа улстай байгуулсан гэрээний дагуу хялбарчилсан журмаар нэвтрэхэд хялбарчилсан журмаар нэвтрэх үнэмлэх болон бусад шаардагдах баримт бичгүүдтэй байна. Хилийн боомтын шалгалтын зурвасыг ХЦУГ-ын даргын тушаалаар тогтооно. Шалгалтын зурваст хил хяналтын байгууллагуудын томилгоот ажилтнуудаас бусад хүмүүсийг үл нэвтрүүлнэ. Хилийн боомтод нэвтрэгч тээврийн хэрэгслүүд Монгол Улсын хилийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн дагуу шалгалтын бүсэд байрлан хил хяналтын шалгалтад орно. Онцгой тохиолдолд хил хамгаалах байгууллагын зөвшөөрснөөр шалгалтын бүсийг хилийн боомтоос өөр газар буй болгож болно. Зайлшгүй шаардлагаар хилийн боомтын бүсэд нэвтрэх тохиолдолд нэг удаагийн нэвтрэх зөвшөөрлийг хил хамгаалах байгууллага тусгай үнэмлэхээр олгоно. Уг зөвшөөрөл нь олон удаагийн байж болох бөгөөд хилийн боомтын шалгалтын зурваст үл нэвтэрнэ.