A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН НУТАГТ АРХЕОЛОГИЙН ХАЙГУУЛ, МАЛТЛАГА, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 37 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
МОНГОЛ УЛСЫН НУТАГТ АРХЕОЛОГИЙН ХАЙГУУЛ, МАЛТЛАГА, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий үндэслэл
1.1.           Монгол Улсын нутагт буй археологийн дурсгалын хайгуул, малтлага, судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэстэй арга зүйгээр гүйцэтгэх, хянах, холбогдох баримтыг зохих шаардлагын дагуу бүрдүүлж, судалгааны хэрэглэгдэхүүн болгох, түүх, соёлын дурсгалт зүйлийг авран хамгаалах ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.           Археологийн хайгуул, малтлага, судалгааны ажил нь эрдэм шинжилгээний болон археологийн дурсгал, олдворыг авран хамгаалах зорилготой байна.
1.3.           Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 13.1-д заасны дагуу археологийн аливаа олдвор нь төрийн өмч байна.
Хоёр. Археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөл олгох
2.1.           Монгол Улсын нутаг дэвсгэрт археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар олгоно.
2.2.           Хот суурин, барилга байгууламж, уул уурхайн үйлдвэр барьж байгуулах, зам тавих, усан цахилгаан станц барих зэрэг үйл ажиллагаа явуулах байгууллага, аж ахуйн нэгж нь урьдчилан уг асуудлаа Мэргэжлийн зөвлөлд тавих бөгөөд Мэргэжлийн зөвлөл нь тухайн газар нутагт мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаар археологийн урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэн дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл өгсний дараа уг газар шорооны ажлыг эхлүүлнэ.
2.3.           Өмнөх жилийн археологийн хайгуул, малтлага, судалгааны ажлын тайланг зохих шаардлагын түвшинд бичиж, холбогдох баримт хэрэглэгдэхүүнийг бүрдүүлэн Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөөгүй байгууллага, судлаачдад дахин зөвшөөрөл олгохгүй.
2.4.           Шаардлагатай тохиолдолд Мэргэжлийн зөвлөл нь Монгол Улсын нутаг дахь археологийн хайгуул, малтлага, судалгааны ажлын явц, технологи, гүйцэтгэл, тайлан бичилтэд мэргэжлийн судлаачдаас бүрдсэн комисс байгуулан дүгнэлт гаргуулж болно.
Гурав. Археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага, судлаачдын үүрэг
3.1.           Археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага, судлаач уг ажилтай холбоотой хууль, тогтоомжтой сайтар танилцаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
3.2.           Археологийн судалгаа хийсэн байгууллага, судлаач хээрийн судалгааны тайлангаа дараа жилийн эхний хагас жилд багтаан гар болон гэрэл зураг, бусад холбогдох эх хэрэглэгдэхүүний хамт 2 хувь үйлдэж, өөрийн байгууллагын эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн дүгнэлт, протоколын хамт нэг хувийг Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгнө. Нөгөө хувийг археологийн хайгуул, малтлага, судалгаа явуулсан байгууллага өөртөө хадгална.
3.3.           Мэргэжлийн зөвлөл судалгааны ажлын тайланг хэлэлцээд Мэдээллийн Технологийн Үндэсний Паркийн номын фондод шилжүүлнэ. Судалгааны тайланг 5 жил хүртэл хугацаанд зөвхөн зохиогчийн зөвшөөрлөөр байгууллага иргэдэд үзүүлнэ.
3.4.           Археологийн олдворыг олж илрүүлсэн судлаач, эрдэм шинжилгээний байгууллага нь эрдэнэсийн сан, улс, орон нутгийн музейд хадгалуулсан хосгүй үнэт, үнэт, ердийн дурсгалт зүйлд хамаарах археологийн олдворын хадгалалт, хамгаалалт, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, тэдгээрийг дахин үзэж, судлах эрхтэй бөгөөд хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг хангаагүй тохиолдолд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд археологийн олдвороо эргүүлэн авах хүртэл асуудлыг тавьж шийдвэрлүүлнэ.
3.5.           Монгол Улсын нутагт археологийн хамтарсан судалгаа явуулсан гадаадын байгууллага, эрдэмтэд уг судалгааны үр дүнгээр дангаараа ном бүтээл нийтлүүлэхдээ, хамтран судалгаа хийсэн монголын талын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй урьдчилан тохиролцоно.
Дөрөв. Археологийн олдворыг эрдэнэсийн сан, музей, эрдэм шинжилгээний байгууллагад шилжүүлэх
4.1.           Археологийн хайгуул, малтлага, судалгааны ажлын явцад илрүүлсэн археологийн олдворыг илэрсэн өдрөөс хойш нэг жилийн дотор тухайн сум, дүүргийн соёлын өвийн бүртгэл - мэдээллийн санд бүртгүүлнэ.
4.2.           Археологийн олдворыг шилжүүлэх, хадгалуулахдаа хүлээлгэн өгөгч, хүлээн авагч этгээдүүд бүртгэл, гэрээ хэлэлцээрийг тодорхой хийнэ.
4.3.           Эрдэм шинжилгээний байгууллага, судлаачдын илрүүлсэн археологийн олдворууд хосгүй үнэт гэдэг нь тогтоогдвол улсын чанартай музей, эрдэнэсийн санд шилжүүлэн хадгалуулна. Хосгүй үнэт дурсгалыг хадгалуулахаар шилжүүлэхдээ археологийн олдворыг олж илрүүлсэн судлаач болон байгууллага гэрэл зураг, дүрс бичлэгт буулгаж авч болно.
4.4.           Үнэт ба ердийн дурсгалт зүйлд хамаарах археологийн зарим олдвор, дээжийг хадгалах нөхцөлийг хангасан улс, орон нутгийн музейд шилжүүлэн өгч олон түмэнд үзүүлж сурталчилж болно.
4.5.           Эрдэнэсийн сан, музейд шилжүүлснээс бусад археологийн олдворыг олж илрүүлсэн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын сан хөмрөгт хадгална.
4.6.           Монгол Улсын нутагт археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага өөрсдийн хүсэлтээ Мэргэжлийн зөвлөлд энэ ажил эхлэхээс нэг сараас доошгүй хугацааны өмнө судалгааны хөтөлбөрийн хамт ирүүлнэ. Судалгааны хөтөлбөрт:
-     археологийн хайгуул, малтлага, судалгаа явуулах зорилго;
-     археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх газар нутгийн нэр;
-     аль үеийн дурсгалуудыг, ямар арга зүйгээр судлах үндэслэл;
-     археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх мэргэжилтнүүдийн нэр, танилцуулга;
-     хайгуул, малтлага, судалгаа хийх хугацаа, багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, хүн хүчний тооцоо зэрэг зүйлийг тодорхой тусгасан байна.