A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 37 тоот тушаалын 2 дугаар хавсралт
 
МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Мэргэжлийн зөвлөлийн эрх, үүрэг
1.1.        Мэргэжлийн зөвлөл нь дор дурдсан үүрэгтэй:
а) Монгол Улсын нутагт явуулж буй археологийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
б) Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль", археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх журам болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох.
1.2.           Мэргэжлийн зөвлөл нь дор дурдсан эрхтэй:
а) Монгол Улсын нутагт явагдаж буй археологийн хайгуул, малтлага, судалгааны ажлын технологи, явц, гүйцэтгэл, тайлан бичилт, малтлага хийсэн дурсгалын нөхөн сэргээлтийн байдалд хяналт тавих;
б) Мэргэжлийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр археологийн малтлага судалгаа хийсэн үйлдлийг зогсоох.
Хоёр. Мэргэжлийн зөвлөлийн хурлын дэг
2.1.           Мэргэжлийн зөвлөлийн үндсэн үйл ажиллагаа нь зөвлөлийн гишүүдийн хурал байна. Мэргэжлийн зөвлөлийн хурлын тов; хуралдааны материалыг нарийн бичгийн дарга 7 хоногийн өмнө гишүүдэд зарлана.
2.2.           Мэргэжлийн зөвлөлийн хурлыг Зөвлөлийн дарга удирдана.
2.3.           Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн гуравны хоёроос дээш хувийн ирцтэй тохиолдолд хурлыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
2.4.           Мэргэжлийн зөвлөл хүсэлт, хөтөлбөрийг авснаас хойш нэг сарын дотор археологийн судалгаа, малтлага хийх зөвшөөрөл олгох, эсэхийг шийдвэрлэж хариу өгнө.
Гурав. Бусад
1.1.           Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар олгох зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг "Тэмдэгтийн хураамжийн тухай хууль"-ийн дагуу Сүхбаатар дүүргийн татварын албанд төлнө.