- Нүүр
- Сайдын тушаал
- БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН УЛСЫН ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Гэгээрлийн сайдын 1998 оны 259 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралт
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН УЛСЫН ШАЛГАЛТЫН ЖУРАМ
Нэг. Нийлэг үндэслэл
1. Бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох нөхцөлийг бүрдүүлэхэд энэ журмын зорилго оршино.
Хоёр. Улсын шалгалтын үндсэн зарчим
2.1. Бага, дунд боловсролын улсын шалгалт /цаашид улсын шалгалт гэнэ/-ын агуулга нь бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын стандартын шаардлагад нийцсэн байх.
2.2. Улсын шалгалт авах хэлбэр нь тодорхой, нийтэд эрт мэдээлэгдсэн, суралцагчдын нас, сэтгэцийн онцлогт тохирсон байхын зэрэгцээ тэдний сонгох эрхийг хүндэтгэсэн байх.
2.3. Улсын шалгалтын даалгавар, шалгуур нь үнэн зөв, суралцагчдад ойлгомжтой, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх бололцоотой байх.
2.4. Улсын шалгалт нь нийтэд ил тод, шударга, хүндэтгэл, шаардлагыг зөв хослуулсан байх.
2.5. Улсын шалгалтын даалгавар нь нууц байх.
Гурав. Улсын шалгалтын шалгагч ба шалгуулагч
3.1. Ерөнхий боловсролын бүх хэв шинжийн сургууль, мэргэжлийн болон техникийн анхан, дунд шатны боловсрол эзэмшүүлдэг зарим сургууль, шашны сургуулийн IY ангийн суралцагч нь бага боловсролын, YIII ангийн суралцагч нь суурь боловсролын стандартын биелэлтийг тогтоох шалгалтад тус тус орно.
3.2. Ерөнхий боловсролын сургуулийн Х анги, мэргэжлийн болон техникийн анхан, дунд шатны боловсрол эзэмшүүлдэг зарим сургуулийн төгсөх ангийн суралцагч нь бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох шалгалтад орно.
3.3. Албан бус сургалтаар бие даан суралцаж зохих төвшний боловсрол эзэмшсэн хүмүүс, орой, эчнээ, экстранат хэлбэрийн сургалтад хамрагдсан төгсөгчид бага, суурь, бүрэн дунд боловсролын харгалзах түвшингийнхөө стандартын биелэлтийг тогтоолгох улсын шалгалтад энэхүү журамд заасны дагуу нэгэн адил хамрагдаж болно.
3.4. Сургалтын төлөвлөгөөнд заагдсан бүх хичээлийн хөтөлбөрийн агуулгыг хугацаанаас нь өмнө эзэмшиж, анги алгасан зохих төвшний стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтад орох хүсэлтэй суралцагч хичээлийн жилийн эхэнд энэ тухай өргөдлөө сургуулийн захиргаанд гаргаж, бие даан суралцах төлөвлөгөө, сургалтын явцад үнэлүүлж дүгнүүлж байх графикийг багш нартайгаа хамтран боловсруулж, сургуулийн багш нарын зөвлөлийн хурлаар батлуулж хичээллэнэ. Суралцагч нь бие даан суралцаж, тухайн суралцаж байгаа болон анги дэвшин суралцаж байгаа төгсөх ангийнхаа жилийн эцсийн дүнг зохих журмын дагуу гаргуулж, улсын шалгалтад орох тухай багш нарын зөвлөлөөс шийдвэр гарсан тохиолдолд анги алгасан улсын шалгалтад орж болно.
3.5. Бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох урьд жилүүдийн улсын шалгалтад "хангалтгүй", "Сонссон", "F" гэсэн дүнгийн тэмдэглэгээ бүхий бүрэн дунд боловсролын үнэмлэхтэй болон "0" оноо авч үнэмлэх авч чадаагүй хүмүүс оршин байгаа газар нь үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төвд шалгалт эхлэхээс 2 сарын өмнө урьдчилан бүртгүүлж, шалгуулагчдын тоонд орсон нөхцөлд дараагийн жилүүдийн улсын шалгалтад орох эрхтэй.
3.6. Суурь боловсролын стандартын биелэлтийг тогтоох урьд жилүүдийн улсын шалгалтад "Хангалтгүй" буюу "F" дүн авсан суралцагч оршин байгаа газарт нь үйлчилгээ үзүүлдэг ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төвд шалгалт эхлэхээс 2 сарын өмнө урьдчилан бүртгүүлж, шалгуулагчдын тоонд орсон нөхцөлд дараагийн жилүүдийн улсын шалгалтад орох үүрэгтэй.
3.7. Бага боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтыг сум, дүүргийн Засаг даргаас, суурь боловсролынхыг аймаг, нийслэлийн Засаг даргаас, бүрэн дунд боловсролынхыг Гэгээрлийн хяналтын улсын албанаас эрх олгож томилсон улсын шалгалтын комисс /сум, дүүрэг, аймаг, нийслэлийн болон төв комиссууд/ батлагдсан журам, заавар, зөвлөмжийн дагуу тус тус авна.
3.8. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн болон төв комиссын бүрэлдэхүүнд ерөнхий боловсролын сургуулийн эрдэм шинжилгээний байгууллагын ажилтан, бүх шатны боловсролын төрийн захиргааны ажилтан зэрэг хариуцлага хүлээх чадвартай мэргэжлийн хүмүүсийг оролцуулна.
3.9. Бага, суурь, бүрэн дунд төвшний боловсрол эзэмшүүлдэг, орон нутаг харьяалагддаггүй сургуулийн улсын шалгалтыг Гэгээрлийн хяналтын улсын албанаас эрх олгож томилсон комисс авна.
Дөрөв. Улсын шалгалтын төрөл, агуулга, хэлбэр
4.1. Бага боловсрол эзэмшигчид нь монгол хэлний ам, математик ба монгол хэлний бичгийн, нийт 3 шалгалт өгнө.
4.2. Суурь боловсрол эзэмшигчид нь монгол хэл, математикийн бичгийн шалгалтын зэрэгцээ суурь боловсролын гэрчилгээнд дүн тавигдах сурагчийн өөрийнх нь сонгосон аль нэг хичээлээр ам шалгалт /ярилцлага/, нийт 4 шалгалт өгнө.
4.3. Бүрэн дунд боловсрол эзэмшигчид нь математик, монгол хэлний шалгалтыг заавал өгөх бөгөөд физик, хими, биологи, газар зүй, нийгмийн тухай мэдлэг, үндсэн гадаад хэлний хичээлээс аль нэгийг сонгож нийт 3 шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.
4.4. Гадаад хэл дээр сургалт явуулдаг сургуулиудын суралцагч бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтыг монгол хэлээр өгнө.
4.5. Бага боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын материалыг аймаг, нийслэлийн боловсрол соёлын төвөөс, суурь болон бүрэн дунд боловсролын стандартыг биелэлтийг тогтоох улсын шалгалтын материалыг Гэгээрлийн хяналтын улсын албанаас хариуцан боловсруулж хүргүүлнэ.
Тав. Стандартын биелэлтийг үнэлж, дүгнэх
5.1. Бага, суурь боловсрол эзэмшигчдээс авах уламжлалт бичгийн шалгалтын даалгавар бүр нь тодорхой оноотой байна. Бага, суурь боловсрол эзэмшигчдээс авсан ярилцлагын дүнг оноогоор илэрхийлэхгүйгээр шууд үнэлж, дүгнэнэ.
5.2. Бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтыг сонгох хариулттай тестээр авна.
5.3. Бага, суурь боловсролын улсын шалгалтын үнэлгээний жишгийг "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын мэдлэг чадвар, төлөвшлийг үнэлж дүгнэх үлгэрчилсэн журам"-ын дагуу тогтооно. Суурь боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалттай хичээлийн бүрийн дүнг боловсролын үнэмлэхэнд тэмдэглэнэ. Бүрэн дунд боловсролын үнэмлэхэнд бүх хичээлийн үнэлгээний дүн ба хувийг, харин бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалттай хичээлүүдийн авсан оноог хувьд шилжүүлэн тэмдэглэнэ.
5.4. Улсын шалгалттай болон улсын шалгалтгүй хичээлүүдэд жилийн эцсийн үнэлгээгээр хангалтгүй, "F" дүн аваагүй суралцагчийг улсын шалгалтад оруулна.
5.5. Суурь, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, үнэмлэхэнд математик ба монгол хэлний шалгалтын дүнг геометр, уран зохиолын дүн болгон тэмдэглэхгүй.
5.6. Бүрэн дунд боловсролын үнэмлэхэнд бичигдсэн улсын шалгалтын оноо, дүнг их сургууль, коллежийн элсэлтийн шалгалтад хэрхэн тооцох асуудлыг "мэргэжлийн сургуулийн элсэлтийн үлгэрчилсэн журам" болон тухайн сургууль бүрийн элсэлтийн журмаар тус тус зохицуулна.
5.7. улсын шалгалтыг тогтоосон хугацаанаас нь өмнө урьдчилан өгөхийг зөвшөөрөхгүй. Онцгойлон үзэх шалтгаанаар улсын шалгалт өгөөгүй, дутуу өгсөн шалгуулагчаас тухайн жилд нь нөхөн шалгалт авахгүй.
5.8. Улсын шалгалтын үеэр улсын төрөлжсөн олимпиадыг зохион байгуулах хорооны шийдвэрээр олон улсын олимпиадад оролцож байгаа болон бэлтгэл хийж байгаа суралцагчийн тухайн хичээлийн улсын шалгалтын үнэлгээг 100 хувиар тооцно.
5.9. улсын ба олон улсын уралдаан, тэмцээнд оролцох урилга, түүнд оролцуулахаар холбогдох байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн тухайн сурагчийн улсын шалгалттай хичээлийн жилийн эцсийн үнэлгээ /хувь/-г улсын шалгалтын үнэлгээ болгон тооцож болно.
5.10. Онцгойлон үзэх шалтгаан /шалгалтын үед төрсөн эцэг эх, ах дүү нь нас барах, өөрөө эмнэлгийн яаралтай тусламж авах, байгалийн гамшиг тохиолдох/-аар улсын шалгалтад ороогүй буюу шалгалтыг дутуу өгсөн суралцагчийн уг шалтгаан нь нотлогдсон тохиолдолд улсын шалгалт өгөөгүй тухайн хичээлийн жилийн эцсийн үнэлгээ /хувь/-г нь улсын шалгалтын үнэлгээ болгон тооцно.
5.11. Улсын шалгалтын үед шалгалтын журам, заавар зөрчсөн шалгуулагчийг шалгалтаас гаргаж, шалгалтын оноог "0" гэж тооцно.
5.12. Бага болон суурь боловсролын стандартыг биелүүлээгүй суралцагчийг тухайн ангид нь улируулах буюу бие даан сургаж стандартыг заавал хангуулах ажлыг үндсэн сургууль нь зохион байгуулна.
Зургаа. Улсын шалгалтыг зохион байгуулах
6.1. Бага боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын хугацааг, аймаг, нийслэлийн боловсролын төвөөс, суурь болон бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын хугацааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шалгалт эхлэхээс 3 сарын өмнө тус тус тогтооно. Улсын шалгалтыг улсын хэмжээнд нэгэн зэрэг эхлүүлж, дуусгана.
6.2. Бага, суурь боловсрол эзэмшигчдийн улсын шалгалт авах заавар, зөвлөмжийг боловсруулах, шалгалтыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төв хариуцан гүйцэтгэнэ.
6.3. Бүрэн дунд боловсрол эзэмшигчдийн улсын шалгалт авах заавар, зөвлөмжийг боловсруулах, шалгалтыг зохион байгуулахыг Гэгээрлийн хяналтын улсын алба хариуцан гүйцэтгэнэ. Аймаг, дүүргийн улсын шалгалтын комиссын ажилд зөвлөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй 1 гишүүн төв комиссоос тухайн орон нутагт томилогдон ажиллана.
6.4. Улсын шалгалтын комиссуудын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх асуудлыг сургуулиуд, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн Засаг дарга, Гэгээрлийн хяналтын улсын алба, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь өөрсдийн бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцна.
6.5. Орон нутагт томилогдон ажиллах төв комиссын гишүүний очих, буцах унааны болон томилолтын зардлыг Гэгээрлийн хяналтын улсын алба аймаг, дүүргийн шалгалтын комиссын орон нутагт ажиллах байр, хоолны зардлыг сургуулиуд, аймаг, дүүргээс тухайн сургуульд очих, буцах унааны зардлыг аймаг, дүүргийн Засаг даргын Тамгын газар тус тус хариуцна.
6.6. улсын шалгалтын сургуулийн комисс нь тухайн орон нутгаас улсын шалгалтад орох нийт суралцагчид /өдөр, орой, эчнээ, бие даан суралцсан/-ын судалгааг төвөөс явуулсан тусгай маягтын дагуу суралцагч бүр дээр гарган баталгаажуулж аймаг, дүүрэгт ирүүлсэн байх бөгөөд аймаг, дүүрэг нь шалгалт эхлэхээс 45 хоногийн өмнө суурь болон бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоолгох нийт шалгуулагчдын тоог Гэгээрлийн хяналтын улсын албанд ирүүлнэ. Тухайн аймаг, дүүргээс ирүүлсэн шалгуулагчдын тоог дахин өөрчлөхийг зөвшөөрөхгүй.
6.7. Суурь, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтыг аймаг, нийслэлийн комиссын гишүүн сургууль бүр дээр очиж авна. Тухайн сургуульд томилогдсон комиссын гишүүн нь сонирхлын бүлгийн төлөөлөл бүхий хөндлөнгийн хяналтыг оролцуулан сургуулийн комисстой хамтран зохих заавар, зөвлөмжийн дагуу шалгалтыг авна.
Суурь боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын бичгийн ажлыг сургууль дээр нь сургуулийн комисс, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын бичгийн ажлыг аймгийн шалгалтын комиссын гишүүн хичээл заадаг багш, эцэг эхийн төлөөлөгчдийг байлцуулан засаж шалгалтын материалыг улсын шалгалтын төв комиссын гишүүдэд хүлээлгэж өгнө.
6.8. Төв комиссын гишүүн болон аймаг, нийслэлийн комиссын гишүүд улсын шалгалтын материалын нууцлалыг нарийн чанд хадгална.
6.9. Бага боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын бичгийн ажлыг сургууль дээр нь сургуулийн комисс, суурь болон бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын бичгийн ажлыг аймаг, дүүрэгт нь төвлөрүүлж, аймаг, нийслэлийн комисс шалгаж дүгнэнэ. Шалгалтын оноо, дүнг сургуулийн комисс /IY анги/ аймгийн комисс /YIII анги/, төв комиссын гишүүн /Х/ анги/ тус тус баталгаажуулна.
6.10. улсын шалгалттай холбогдон гарсан маргааныг газар дээр нь улсын шалгалтын комисс эцэслэн шийдвэрлэнэ.
6.11. Аймаг, дүүрэгт ажилласан улсын шалгалтын төв комиссын гишүүн урьдчилан өгсөн захиалгыг үндэслэн төвөөс авч очсон боловсролын үнэмлэхэнд зохих журмын дагуу үнэн зөв бичилт хийлгэж төгсөгчдөд олгох ажлыг хариуцан зохион байгуулна.
6.12. Төв комиссын гишүүний гарын үсэг зурж, аймаг, нийслэлийн боловсрол, соёлын төвийн тамга дарж албан ёсоор баталгаажсан бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоосон улсын шалгалтын дүнг аймаг, нийслэлийн Боловсрол соёлын төв нь тусгай аргачлалын дагуу сургууль, аймаг /дүүргээр/ нэгтгэн гаргаж, төв комиссын ахлагчаар дамжуулан Гэгээрлийн хяналтын улсын албанд ирүүлнэ.
6.13. Гэгээрлийн хяналтын улсын алба улсын шалгалтын дүнг улсын хэмжээнд нэгтгэн судалж дүгнэлт гарган холбогдох мэдээллийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон орон нутагт тухайн жилийн 8 дугаар сарын 10-ны дотор багтаан хүргүүлнэ.
6.14. Боловсролын удирдлагын бүх түвшиний байгууллагууд бага, суурь, бүрэн дунд боловсролын стандартын биелэлтийг тогтоох улсын шалгалтын дүнд хяналт-шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган холбогдох байгууллага, хүмүүст мэдээлнэ. Тэдгээр байгууллага, хүмүүс нь цаашдын үйл ажиллагаандаа тэрхүү зөвлөмжийг тусган ажиллана.
6.15. Улсын шалгалтын журам, зааврыг зөрчсөн улсын шалгалтын комиссын ахлагч, гишүүдэд "Захиргааны хариуцлагын тухай хууль", Засгийн газрын 1996 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах тухай журам"-ын дагуу торгууль оногдуулах, захиргааны хариуцлага хүлээлгэх, багшлах эрхийг хасах хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A