- Нүүр
- Сайдын тушаал
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ
Дэд бүтцийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 1999 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 100/78/54/53.дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН УЛСЫН ҮЗЛЭГ ТООЛЛОГО ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Автотээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг явуулах энэхүү журмын зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр ашиглагдаж байгаа бүх төрлийн автотээврийн хэрэгслийн техникийн байдлын улсын үзлэг явуулах, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг тогтоох, хяналт тавих, дүгнэлт, мэдээ гаргах журам, зарчим, автотээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага, иргэд болон техникийн улсын үзлэг эрхлэн явуулах байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, эрхзүйн үндсийг тодорхойлж эдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Энэ журмыг тээврийн хэрэгсэл эзэмшдэг аж ахуйн нэгж, байгууллага, иргэд дагаж мөрдөнө.
1.3. Үзлэг тооллогод бүх төрлийн автотээврийн хэрэгслийг жилд нэг удаа хамруулна.
1.4. Улсын үзлэг тооллогын төв комиссыг Дэд бүтцийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан тушаалаар томилно. Аймаг, нийслэл, дүүргийн үзлэг тооллогын комиссыг Засаг даргын захирамжаар томилох ба шаардагдах хөрөнгийг тухайн орон нутгийн Засаг даргын тамгын газар хариуцаж энэ зардлыг жил бүрийн улсын төсөвт нэмэлт маягаар тусгуулна.
1.5. Автотээврийн хэрэгслийн техникийн улсын үзлэг, техникийн тооллого явуулах ажлын техникийн аюулгүй байдлын магадлан оношилгоог Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар, техникийн тооллого бүртгэлийг Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн газар, экологийн магадлан шинжилгээг Байгаль орчны яамны Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, тээврийн хэрэгслийн татварын хураалтыг Сангийн яамны Үндэсний Татварын ерөнхий газар тус тус хариуцна.
1.6. Үзлэг тооллогоор техник ашиглалтын шаардлага хангасан автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд орохыг зөвшөөрсөн гэрчилгээ олгож, зохих тэмдэглэлийг хийнэ. Техникийн талаар зохих шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгохгүй.
1.7. Зэвсэгт хүчний авто тээврийн хэрэгсэлд явуулах үзлэг тооллогыг түүний ашиглалтын болон техникийн албад хариуцан явуулах бөгөөд улсын нэгдсэн мэдээнд тусгана.
1.8. Тус улсад суугаа гадаадын дипломат болон олон улсын байгууллагын автотээврийн хэрэгсэлд хийх үзлэг, тооллогыг Гадаад харилцааны яамтай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр гүйцэтгэнэ.
Хоёр. Аймаг, хот, дүүргийн үзлэг тооллогын комиссын эрх үүрэг
2.1. Үзлэг тооллого эхлэхээс 20 хоногийн өмнө явуулах хугацаа, газрыг тодорхой заасан хуваарь гаргаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд урьдчилан мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
2.2. Үзлэг тооллогыг хуваарийн дагуу явуулж дуусгах бүхий л ажлыг зохион байгуулна.
2.3. Үзлэг тооллогын явц, чанар, орвол зохих тээврийн хэрэгсэл бүрэн хамрагдсан эсэхэд хяналт тавина.
2.4. Автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, үзлэг, тооллогын явцад илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар тухайн нутаг дэвсгэрт байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд хугацаатай үүрэг өгч биелэлтэд хяналт тавина.
2.5. Үзлэг тооллогын бэлтгэл ажил, явц, үр дүнг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах ажлыг зохионо.
2.6. Үзлэг тооллогоор авто тээврийн хэрэгслийн төрөл загвар, улсын дугаар, арал, бүхээг, хөдөлгүүрийн дугаар, өнгө, зориулалт зэрэг бүртгэлийн үзүүлэлтийг ашиглалтын дэвтэр буюу гэрчилгээтэй нь тулгаж үзэхийн зэрэгцээ жолоочийн үнэмлэх, талон тухайн ангиллын тээврийн хэрэгсэлд тохирч байгаа эсэх, түүнийг жолоодохыг зөвшөөрсөн эмнэлгийн магадлалыг шалгана.
2.7. Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн үзүүлэлтүүд бичиг баримттай нь зөрсөн буюу засвартай байвал зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглож, холбогдох байгууллагаар шалгуулж шийдвэрлэнэ.
2.8. Шуурхай албаны болон технологийн шаардлагын дагуу ашиглагдах тээврийн хэрэгсэлд тавигдсан тоног төхөөрөмж, өнгө, будаг, бичлэг, гэрэл ба дуут дохио стандартын дагуу байгаа эсэхийг шалгана.
2.9. Үзлэг, тооллогын бэлтгэлийг хангаагүй буюу үзлэгээс зайлсхийсэн аж ахуйн нэгж байгууллагын холбогдох албан тушаалтан, жолооч, иргэдийг Монгол улсын захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн арга хэмжээ авах ба тухайн тээврийн байгууллага, тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөнд оролцохыг хориглох шийдвэр гаргана.
/ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, тогтоосон журмын дагуу бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй албан тушаалтан иргэдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан арга хэмжээ авах ба тухайн хэрэгслийг Замын хөдөлгөөнд оролцохыг хориглох шийдвэр гаргана/
2.10. Үзлэг тооллогын дүн мэдээ, цаашид авах арга хэмжээг тусгасан илтгэх хуудас, материалыг үзлэг тооллогын төв комисст ирүүлэх бөгөөд төв комисс нэгтгэн дүгнэж 20/VII-ны дотор Засгийн газарт танилцуулна.
Гурав. Тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үүрэг
3.1. Тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь тухайн тээврийн хэрэгслийг техникийн үзлэг тооллогод заавал хамруулах үүрэгтэй.
3.2. Үзлэг тооллогын өмнө аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийж, илэрсэн эвдрэл гэмтлийг засах, өнгө үзэмжийг сайжруулах, тээврийн хэрэгслийн хувийн хэргийг бүрэн хөтөлж техник ашиглалтыг тодорхойлж дүгнэлт өгөх үзүүлэлтийг бэлтгэхийн хамт ашиглалтын данснаас хасаж, сэлбэгт задалж хэрэглэсэн тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулж үзлэг эхлэхээс 1 сарын өмнө өөрсдийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн жагсаалтыг аймаг, хот, дүүргийн Замын цагдаагийн албанд гарган өгч Улсын бүртгэлтэй тулгасан байна.
3.3. Аймаг, нийслэл, дүүргийн үзлэг тооллогын комиссоос гаргасан хуваарийн дагуу тогтоосон байр, талбайд буюу цэгт тээврийн хэрэгслийг бэлэн байлгана.
3.4. Үзлэг тооллого явагдахаас өмнө жолооч нарын сахилга хариуцлагыг тодорхойлж тэдний эрүүл мэндийг үзүүлж магадлуулсан байна.
3.5. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон ашиглалтын дэвтэр бусад бичиг баримтыг үзлэг тооллогын комисст шалгуулна.
3.6. Төв болон аймаг, нийслэл, дүүргийн үзлэг тооллогын комиссоос өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай биелүүлж хариу мэдэгдэнэ.
3.7. Оношлох, засварын аж ахуй, авто аж ахуй болон бусад эзэмшигч байгууллагууд үзлэг, тооллого явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийг бэлтгэн өгч ажиллуулах, шаардлага гарвал зохих мэргэжлийн хүмүүсээр уг ажилд туслуулах үүрэгтэй.
3.8. Кран төхөөрөмжтэй тээврийн хэрэгслийг үзлэг тооллого бэлтгэхдээ кран төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны баталгааг Дэд бүтцийн Улсын хяналтын албанаас авсан байна.
Текст томруулах
A
A
A