A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАНД ТУСГАХ ЖУРАМ СЭЗС-ийн 2012 оны 82/51-р хүчингүй болсон
Бүлэг: 1979
СЭЗС-ийн 2012 оны 82/51-р хүчингүй болсон
 
Сангийн сайдын 1999 оны 122 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫГ НЯГТЛАН
БОДОХ БҮРТГЭЛ, ТАЙЛАНД ТУСГАХ ЖУРАМ
 
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.     Нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ төлөгчөөр бүртгүүлсэн аливаа этгээд /аж ахуйн нэгж, байгууллага, иргэн/-ийн борлуулсан бараа, ажил, үйлчилгээнийхээ орлогод ногдуулан хэрэглэгчдээс нэхэмжлэн авсан болон үйлдвэрлэл, үйлчилгээний ба худалдан борлуулах зориулалтаар импортолсон буюу дотоодын нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчдөөс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-тай холбогдон гарах бүх төрлийн ажил, гүйлгээг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон татварын тайланд тусгахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.     Татварын алба энэ журмын дагуу хөтлөгдсөн анхан шатны болон нягтлан бодох бүртгэлд тулгуурлан гаргасан тайланг үндэслэн НӨАТ-ын тооцоог хийнэ.
 
Хоёр. НӨАТ-ыг анхан шатны бүртгэлд тусгах
2.1.     НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд бараа, ажил, үйлчилгээг борлуулахдаа НӨАТ-ын падааныг бичих бөгөөд уг падаанд бараа, ажил, үйлчилгээний нэр, зэрэг, дугаар, хэмжих нэгж, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон бүгд үнийг тусгана. Борлуулсан бараа, ажил, үйлчилгээ тус бүрийн үнийг дүгнэн нийт үнийг гаргасны дараа НӨАТ-ыг нийт үнийн дүнгийн 13 хувиар бодон тусад нь бичин нэмж нэхэмжлэх төлбөрийн нийт хэмжээг тодорхойлно.
2.2.     Татварын падааныг 2 хувь үйлдэх бөгөөд эх хувийг худалдан авагчид өгч, нөгөө хувийг НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг тодорхойлохтой холбогдсон баримтын бүрдэл болгон өөртөө хадгална.
2.3.     Хэрэв борлуулагч бэлэн мөнгөний тасалбар буюу талоныг хэрэглэдэг бол тэдгээр /тасалбар, талон/-ийг татварын падааны нэгэн адил үзэх бөгөөд энэ баримтуудад борлуулж байгаа барааны үнэ, түүнд ногдох НӨАТ, нэхэмжилж авсан төлбөрийн нийт дүнг заавал тусгасан байна. Мөн импортын барааны гаалийн мэдүүлгийг НӨАТ-ын падаантай адилтгах баримтад тооцно. Хэрэв тасалбар, талонд НӨАТ-ыг тусад нь харуулж дээр дурдсаны дагуу бичээгүй бол уг үнийг НӨАТ-тай үнэ гэж үзэх бөгөөд НӨАТ-ыг дараах аргачлалаар тооцож гарган бүртгэл тайланд тусгана. Үүнд: тасалбар, талонд бичигдсэн үнэ нь НӨАТ-тай үнэ тул 100/113*100=88.5% нь барааны үнэ, 13/100*100=11.5% нь НӨАТ байна. Тухайлбал: НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн зоогийн газар хоолны үнэнд 8000 төгрөгийг үйлчлүүлэгчээс авч, мөнгө хураасан тасалбарт хоолны үнэ түүнд ногдох НӨАТ-ыг дээр дурдсаны дагуу бичээгүй гэвэл:
а.хоолны борлуулалтын орлого буюу НӨАТ ногдуулах үнэ 800*88.5/100=7080 төгрөг
б.нэмэгдсэн өртгийн албан татвар 8000*11.5/100=920 төгрөг болно.
2.4.     НӨАТ-ын падаан /түүнтэй адилтгах баримт/ нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн борлуулагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хувьд түүний НӨАТ ногдуулах борлуулалтын орлого болон уг орлогод ногдуулан бусдаас нэхэмжлэн авсан НӨАТ-ын хэмжээг, худалдан авагчийн хувьд НӨАТ-тай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнэ болон түүнд ногдуулж бусдад төлсөн, борлуулалтын орлогод ногдуулсан татвараас хасагдах НӨАТ-ын хэмжээг тус тус тодорхойлох үндсэн баримт болно. Хэрэв НӨАТ-ын падааныг үрэгдүүлсэн тохиолдолд падааныг бичсэн бэлтгэн нийлүүлэгчийн тамга, тэмдэг бүхий албан ёсны хуулбарыг заавал авсан байна.
 
Гурав. Нягтлан бодох бүртгэлд тусгах
3.1.     НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд энэ журмын 3.1-д заасан "Борлуулалтын болон худалдан авалтын дэвтэр"-ийг үндэслэн борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ ногдуулан худалдан авагчаас нэхэмжлэн авсан НӨАТ-ыг борлуулалтын орлогын дүнд оруулалгүй "НӨАТ-ын өглөг" дансны КТ-д, үйлдвэрлэл, үйлчилгээний болон худалдах борлуулах зориулалтаар импортолсон буюу НӨАТ төлөгч бусад этгээдээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ-ыг уг бараа, ажил, үйлчилгээний өртөгт оруулалгүй "НӨАТ-ын авлага" дансны ДТ-д тус тус бүртгэнэ.
3.2.     Борлуулалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдон гарах НӨАТ-ын өглөгийн бууралтыг "НӨАТ-ын өглөг" дансны ДТ-д, худалдан авалтын буцаалт, хөнгөлөлт, үнийн бууралттай холбогдох НӨАТ-ын авлагын бууралтыг "НӨАТ-ын авлага" дансны КТ-д тус тус бүртгэнэ.
3.3.     НӨАТ-тай холбогдон татвар төлөгчөөр бүртгэгдсэн бэлтгэн нийлүүлэгч ба худалдан авагч аж ахуйн нэгжүүд нягтлан бодох бүртгэлийн дансны бичилтийг хэрхэн хийхийг дараах жишээн дээр харуулав.
Жишээ: Бөөний худалдааны "А" компани гадаадын харилцагчдаа төлбөрийг мөнгөөр хийн 1999 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр нэг бүр нь 2000 USD-ын НӨАТ ногдох үнэлгээ бүхий 100 ширхэг компьютерийг импортолсон, гаалийн байгууллага /гаалийн мэдүүлгийн дугаар 005483/ хуулийн дагуу /тухайн үед 1 USD=1000 ₮/ 26000000 төгрөгийн НӨАТ-ыг 1999.4.11-ний өдрийн 75 тоот шилжүүлгээр төлүүлж барааг импортлогчид олгожээ. Тус компани Орхон аймаг дахь жижиглэн худалдааны "Б" компанид 4 дүгээр сарын 25-ны өдөр 50 ширхэг компьютерийг 2/10, п/30 нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулан, нэг бүрийг нь 2500000 төгрөг /барааны үнэ 2212400, НӨАТ 287600/-өөр үнэлж, 297 тоот НӨАТ-ын падаан бичсэн. Тээврийн зардлын 200000 төгрөгийг бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч 2 тэнцүү хэмжээгээр төлөхөөр тохирсон. "Б" компани эвдрэлтэй байсан 5 ширхэг компьютерийг 5 дугаар сарын 2-нд 350 тоот падаанаар "А" компанид буцаасан бөгөөд "А" компани буцаалтыг хүлээн зөвшөөрсөн. "Б" компани хөнгөлөлтийн хугацаанд буюу 5 дугаар сарын 4-нд 470 тоот шилжүүлгээр төлбөрөө бүрэн хийсэн. Бэлтгэн нийлүүлэгч, худалдан авагч хоёул НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд болно. /Регистрийн дугаар "А" компани -2279827, "Б" компани -2095781/
 
"А" компанийн хувьд:
 
Дансны нэр                                       ДТ                                           КТ
 
1.Бараа                                             200000000 /2000USD*100Ґ/100ш/
Мөнгө                                                                                           200000000
2.НӨАТ-ын авлага                          26000000
Мөнгө                                                                                           26000000
2.Борлуулсан барааны өртөг        100000000
Барааны                                                                                     100000000
3.Авлага /"Б" компани                    125000000
Борлуулалт                                                                                 110620000
НӨАТ-ын өглөг                                                                           14380000
4.Тээврийн зардал                          100000
Мөнгө                                                                                           100000
5.Борлуулалтын буцаалт                11062000
НӨАТ-ын өглөг                           1438000
Авлага                                                                             12500000
6.Бараа                                             10000000
Борлуулсан барааны өртөг                                         10000000
7.Мөнгө                                              110250000
Борлуулалтын хөнгөлөлт          1991160
НӨАТ-ын өглөг                           258840
Авлага                                                                             112500000
 
"Б" компанийн хувьд
 
1.Бараа                                             110620000
НӨАТ-ын авлага                           14380000
Өглөг/"А" компани                                                                        125000000
2.Тээврийн зардал                          100000
Мөнгө                                                                                              100000
3.Өглөг/"А" компани/                       12500000
Бараа                                                                                          11062000
НӨАТ-ын авлага                                                                        1438000
4.Өглөг/"А" компани/                       112500000
Худалдан авалтын хөнгөлөлт                                     1991160
НӨАТ-ын авлага                                                                        258840
Мөнгө                                                                                           110250000
 
3.4.     "НӨАТ-ын авлага" дансыг тухайн тайлангийн хугацаанд НӨАТ-тай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний үнийг нэхэмжлэлийн дагуу төлж, НӨАТ-ын тайланд тусган тооцоо хийсэн дүнгээр "НӨАТ-ийн өглөг" дансанд хааж, үлдэгдлийг сар, улирал, жилийн санхүүгийн тайланд тусгана. "НӨАТ-ын авлага" дансны үлдэгдэл нь өмнөх болон тухайн тайлангийн хугацаанд худалдан авсан боловч үнэ нь бэлтгэн нийлүүлэгчид төлөгдөөгүй байгаа бараа, ажил, үйлчилгээнд ногдох НӨАТ-ын дүн буюу тухайн хугацааны НӨАТ-ын өглөгийн дүнгээс хасаж тооцохгүй НӨАТ-ын дүнг харуулна.
3.5.     НӨАТ төлөгч аливаа этгээд нь НӨАТ-ын падаан түүнтэй адилтгах баримтуудыг үндэслэн, тухайн сарын нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гаргаж, тооцоо хийхтэй холбогдуулан "Борлуулалтын дэвтэр", "Худалдан авалтын дэвтэр"-үүдийг хөтөлнө. "Борлуулалтын дэвтэр"-ийн 1-4 дүгээр баганад НӨАТ-ын падааны дугаар, уг падааныг бичсэн хугацаа, худалдан авагчийн нэр, бүртгэлийн дугаарыг, 5 дугаар баганад НӨАТ-ын хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу уг татвараас чөлөөлөгдөх борлуулалтыг, 6 дугаар баганад мөн хуулийн 8 дугаар зүйлд заасан "0" хувь хэмжээгээр НӨАТ ногдуулах борлуулалтыг тусгаж, 7-9 дүгээр баганад НӨАТ ногдуулах борлуулалтын дүн, ногдуулсан НӨАТ, тэдгээрийн нийт дүнг харуулна. "Худалдан авалтын дэвтэр"-ийн 1-4 дүгээр баганад бэлтгэн нийлүүлэгчийн нэр, бүртгэлийн дугаар, НӨАТ-ын падааны дугаар, түүнийг бичсэн хугацааг, 5-9 дүгээр баганад НӨАТ-тай худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний дүн, түүнд ногдуулсан НӨАТ, тэдгээрийн нийт дүнг импортоор авсан болон дотоодын НӨАТ төлөгчдөөс авснаар нь тус тус ялган харуулна. 10-16 дугаар баганад уг дэвтрийн 5-9 дүгээр баганад бичигдсэн худалдан авалтын төлбөрийг хийсэн хугацаа, баримтын дугаар, төлбөрийн дүнг тусгана.
3.6.     Аж ахуйн нэгжүүд борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийг борлуулалт ба худалдан авалтын буцаалт, хөнгөлөлтөд ногдох НӨАТ-ыг хассан дүнгээр буюу тухайн сард төсөвт төлөх болон хасагдах НӨАТ-ын эцсийн дүнгээр хөтөлж НӨАТ-ын тайланг гаргана. Гэхдээ НӨАТ төлөгч худалдан авагч аж ахуйн нэгж, байгууллага "Худалдан авалтын дэвтэр"-т зөвхөн тухайн сард төлбөр нь хийгдсэн "худалдан авалт"-ын дүнгээр бичилт хийх бөгөөд төлбөр хийсэн байдлыг уг дэвтрийн "төлбөр хийсэн" гэсэн хэсэг дэх үзүүлэлтүүдийн дагуу хөтөлсөн байна. Тухайлбал: энэ журмын 3.3-д дурдсан жишээн дээр "Б" компани 4 дүгээр сарын худалдан авалтын дэвтэрт компьютер худалдан авсан 125000000 төгрөгийн худалдан авалтыг тусгахгүй. Харин 5 дугаар сард худалдан авалтын дэвтэрт бараа, ажил, үйлчилгээний үнийг /8 дугаар багана/ 97566840 /110620000-(11062000+1991160)/ төгрөг, түүнд ногдох НӨАТ-ыг /9 дүгээр багана/ 12683160 /14380000-(1438000+258840) төгрөг, худалдан авалтын нийт дүн /5 дугаар багана/ болон төлбөр хийгдсэн дүнг /14 дүгээр багана/ 110250000 /97566840+12683160/ төгрөг бичилт хийж, дээрх худалдан авсан барааны үнэ, түүнд ногдох НӨАТ-ын дүнгээр 5 дугаар сарын НӨАТ-ын тайлангийн 11 /худалдан авалтын дэвтрийн 8 дугаар багана/, 12 /худалдан авалтын дэвтрийн 9 дүгээр багана/, 14 /худалдан авалтын дэвтрийн 16 дугаар багана/ дүгээр мөрүүдэд тусгагдана. Бэлтгэн нийлүүлэгч "А" компанийн хувьд 5 дугаар сарын борлуулалтын дэвтэрт компьютерийн борлуулалтыг /8 дугаар багана/ 97566840 /110620000-(11062000+1991160)/ төгрөг, түүнд ногдох НӨАТ-ыг /9 дүгээр багана/ 12683160 /14380000-(1438000+258840)/ төгрөг, НӨАТ орсон борлуулалтын нийт дүнг /7 дугаар багана/ 110250000 төгрөгөөр бичин, мөн сарын НӨАТ-ын тайлангийн 8 /борлуулалтын дэвтрийн 8 дугаар багана/, 9 /борлуулалтын дэвтрийн 9 дүгээр багана/ дүгээр мөрүүдэд дээрх дүнгээр тусгана.
3.7.     Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.2-д заасны дагуу НӨАТ төлөгчийн тухайн сард хасагдах НӨАТ-ын /тайлангийн 14 мөрийн дүн/ хэмжээг мөн сард төлбөр нь хийгдсэн худалдан авалтад ногдох НӨАТ-ын дүн буюу "Худалдан авалтын дэвтэр"-ийн 16 дугаар баганын дүнгээр тодорхойлох бөгөөд тухайн сард бэлтгэн нийлүүлэгчээс авсан ч төлбөр нь хийгдээгүй худалдан авалтад ногдох НӨАТ-ыг хасаж тооцохгүй.
3.8.     Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн 9 дүгээр мөрөнд хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3-д заасны дагуу /10.1.2-д зааснаас бусад тохиолдолд/ худалдан авагчаас борлуулсан бараа, ажил, үйлчилгээний үнийг авсан эсэхийг үл харгалзан НӨАТ-ын өглөг дансны КТ-д бичигдсэн дүн буюу "Борлуулалтын дэвтэр"-ийн 9 дүгээр баганын дүнгээр бичнэ.
 
Дөрөв. Хяналт тавих
4.1.     Татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах тухай бүрдээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт, шалгалт хийж тайланг баталгаажуулна.
4.2.     Аудитын байгууллагууд аж ахуйн нэгж, байгууллагын улирал, жилийн тайлан балансыг баталгаажуулахдаа нягтлан бодох бүртгэлийн хөтлөлт энэ журмын дагуу хийгдсэн эсэхэд хяналт тавина.
 
Тав. Хариуцлага
5.1.     НӨАТ-тай холбогдсон бүртгэлийг энэ журмын дагуу хөтлөөгүй, буруу хөтөлж төсөвт төлөх болон төсвөөс буцаан авах татварын хэмжээг зөв тодорхойлоогүй, илүү төлөлтийг буруу тодорхойлж төсвөөс нэхэмжилсэн аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.