- Нүүр
- Сайдын тушаал
- ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА, ГАДААД УЛСААС МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АВСАН ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛСЭН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТУСГАЙ ДАНСАНД ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Санхүү, эдийн засгийн сайдын 2001 оны 04 сарын 30-ны өдрийн 121 тоот тушаалын хавсралт
ОЛОН УЛСЫН САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГА, ГАДААД УЛСААС МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН АВСАН ЗЭЭЛИЙН ХҮРЭЭНД ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА, ИРГЭДЭД ДАМЖУУЛАН ЗЭЭЛДҮҮЛСЭН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТУСГАЙ ДАНСАНД ТӨВЛӨРҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Олон улсын санхүүгийн байгууллага, гадаад орноос Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан зээлийг дотоодын аж ахуйн нэгж, байгууллагад дамжуулан зээлдүүлэх байдлаар олгосон зээлийн /цаашид "зээл" гэх/ эргэн төлөгдөх мөнгөн хөрөнгийг тусгай дансанд төвлөрүүлэх, түүний ашиглалт, зарцуулалтад хяналт тавих харилцааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улсаас Монгол Улсын Засгийн газрын авсан зээлийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлбөрийг төвлөрүүлэх Монголбанк дахь харилцах дансыг "ДЗ тусгай данс" /цаашид "тусгай данс" гэх/ гэж нэрлэнэ.
Хоёр. Тусгай дансанд мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх үйл ажиллагаа
2.1. Олон улсын санхүүгийн байгууллага, гадаад улсаас Монгол Улсын Засгийн газрын авсан зээлийн хүрээнд дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд дамжуулан зээлдүүлсэн зээлийн төлбөрийг зөвхөн тусгай дансанд төвлөрүүлж байх талаар зээл ашиглагчтай байгуулах Дамжуулан зээлдүүлэх гэрээнд заавал тусгаж байна.
2.2. Дамжуулан зээлдүүлэх гэрээний дагуу зээл ашиглагчаас Засгийн газарт төлж байгаа зээлийн төлбөрийн орлогыг гагцхүү Монголбанк дахь Засгийн газрын тусгай дансанд төвлөрүүлнэ.
2.3. Ханшны эрсдэлийг бууруулах үүднээс тусгай дансанд зээлийн төлбөрийг зөвхөн ам.доллараар төвлөрүүлэх бөгөөд уг мөнгөн хөрөнгөтэй холбогдох төлбөр тооцоонд Монголбанкнаас зарласан банк хоорондын захын ханшийг хэрэглэнэ.
2.4. Зээл ашиглагч нь дамжуулан зээлдүүлэх гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу зээлийн төлбөрийг тусгай дансанд шилжүүлснээс хойш ажлын 3 хоногт багтаан төлбөрийн утга, он, сар, өдөр, мөнгөн дүн, шилжүүлсэн дансны дугаар зэргийг Санхүү, эдийн засгийн яаманд бичгээр мэдэгдэнэ.
2.5. Тусгай дансны хуулга болон зээл ашиглагчаас бичгээр ирүүлсэн мэдэгдлийг үндэслэн зээлийн төлөгдсөн дүнг тухайн байгууллагын зээлийн нийт төлбөрөөс хасаж байх үүргийг Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар хүлээнэ.
Гурав. Тусгай дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн удирдлага, зарцуулалт
3.1. Тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг гагцхүү олон улсын санхүүгийн байгууллага, гадаад орноос авч дотоодын аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд дамжуулан зээлдүүлсэн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг төлөх эх үүсвэрт ашиглана.
3.2. Тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийг энэ журамд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
3.3. Тусгай данснаас хийгдэх зарлагын гүйлгээний нэг, хоёрдугаар гарын үсгийг Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын дарга, улсын төвлөрсөн төсвийн ерөнхий нягтлан бодогч нар зурна.
3.4. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд тусгай дансанд төвлөрсөн сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг Санхүү, эдийн засгийн сайдын зөвшөөрснөөр үр ашигтай байршуулах зорилгоор банканд хугацаатай хадгалуулах, эрсдэлгүй, богино хугацаатайгаар Монголбанканд зээлдүүлэх зэргээр ашиглаж болно. Мөнгөн хөрөнгийг ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар хэрэгжүүлнэ.
3.5. Тусгай дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулснаас олсон орлогоор тусгай дансан дахь мөнгөн хөрөнгийг нэмэгдүүлнэ.
3.6. Тусгай дансанд төвлөрсөн мөнгөн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын тухай мэдээ тайланг улирлаар гаргаж Санхүү, эдийн засгийн сайдын зөвлөлд танилцуулж байх үүргийг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газар хүлээнэ.
Текст томруулах
A
A
A