- Нүүр
- Сайдын тушаал
- ХАНДИВЛАГЧ ОРОН, ОУСБ-ААС МУЗГ-ЫН ШУГАМААР ХӨНГӨЛӨЛТТӨЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР НИЙЛҮҮЛЭГДЭХ БАРАА, СЭЛБЭГ ХЭРЭГСЭЛ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ИМПОРТЫН ГААЛИЙН БОЛОН НӨТ-ӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Санхүү, эдийн засгийн сайдын 2002 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 352 тоот тушаалын хавсралт 1
Хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй Зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх бараа, сэлбэг хэрэгсэл, Тоног төхөөрөмжийг импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үйл ажиллагааг зохицуулах тухай журам
Нэг. Журмын зорилго
1.1. Энэхүү журмын зорилго нь хандивлагч орон, олон улсын санхүүгийн байгууллагаас Монгол Улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх бараа, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг /цаашид "бараа" гэх/ импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас /цаашид "татвар" гэх/ чөлөөлөх, уг үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тогтоож, хяналт тавих ажиллагааг зохицуулахад оршино.
Хоёр. Нэр томьёо
2.1. "Төсөл хэрэгжүүлэх нэгж" гэж Монгол улсын Засгийн газрын шугамаар авсан хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрт төслийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах эрх бүхий хуулийн этгээдийг хэлнэ.
2.2. "Зөвшөөрлийн хуудас" гэж Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын хэлтсээс Засгийн газрын хөнгөлөлттэй гадаад зээл /цаашид "зээл" гэх/-ийн хөрөнгөөр нийлүүлэгдэж байгаа бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зөвшөөрөл олгосон баримт /Хавсралт 2/-ыг хэлнэ.
2.3. "Сарын гүйцэтгэлийн мэдээ" гэж зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэж буй бараа, материал, сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжийн гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн талаарх мэдээг хэлнэ.
Гурав. Татвараас чөлөөлөх үндэслэл
3.1. Хандивлагч орон олон улсын байгууллагаас олгосон тухайн зээлийн хувьд зээлийн хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол уг зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх бараанд Монгол улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох татварыг ногдуулан төлүүлнэ.
3.2. Зээлийн Хэлэлцээрт тухайн зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх барааг татвараас чөлөөлөх эсэх, хэрэв чөлөөлөх бол хэрхэн чөлөөлөх талаар тусгай заалт оруулж тусгасан байх шаардлагатай.
3.3. Зээлийн хэлэлцээ хийх явцад хэрэв зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх барааг татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн тохиолдолд чөлөөлөгдөх татварын дүнгээр /хэрэв НӨАТ-ын хувьд буцаан олголт олгох бол буцаан олгох дүнгээр/ уг зээлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний нийт өртөгт Монголын талаас гаргах хувь хөрөнгөд тооцож энэ талаар төслийн хөрөнгийн хуваарилалтад заавал тусгасан байна.
Дөрөв. Татвараас чөлөөлөгдөх барааны төлөвлөгөө зохиож, жагсаалтыг батлах
4.1 Зээлийн Хэлэлцээр батлагдан зээлийн данснаас анхны гүйлгээ гарахаас ажлын 14 хоногийн өмнө тухайн төслийг харъяалан хэрэгжүүлэх холбогдох яамнаас зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх, татвараас чөлөөлөгдөх барааны Ерөнхий жагсаалтыг төсөл арга хэмжээ хэрэгжих хугацааг хамруулан жил бүрээр гарган баталгаажуулж Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын хэлтэст ирүүлнэ.
4.2 Дараагийн санхүүгийн жилд чөлөөлөгдөх барааны Дэлгэрэнгүй жагсаалтыг Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүд нь холбогдох гүйцэтгэгч, зөвлөхүүдтэй зөвлөлдсөний үндсэн дээр Ерөнхий жагсаалтад нийцүүлэн тухайн жилийн 12 дугаар сарын 15-ны дотор Хавсралт 3-ын дагуу гарган Санхүү, эдийн засгийн яамны Өрийн Удирдлагын хэлтэст ирүүлсэн байна. Дэлгэрэнгүй жагсаалтыг Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлэхээс өмнө Гаалийн ерөнхий газарт хүргүүлж, гаалийн уялдуулсан системийн код"-ыг хянуулан баталгаажуулсан байх ёстой.
4.3 Төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдээс ирүүлсэн Дэлгэрэнгүй жагсаалтыг тухайн ондоо багтаан Санхүү, эдийн засгийн сайдын тушаалаар батлуулан хувийг Гаалийн ерөнхий газарт хүргүүлэх бөгөөд уг батлагдсан жагсаалтын дагуу татвараас чөлөөлнө.
4.4 Дэлгэрэнгүй жагсаалтад ороогүй аливаа бараанд Санхүү, эдийн засгийн яам татвараас чөлөөлөх зөвшөөрөл олгохгүй бөгөөд Гаалийн ерөнхий газар татвараас чөлөөлөхгүй.
Тав. Татвараас чөлөөлөхөд бүрдүүлэх баримт материал, тэдгээрийг хүлээн авах ба хянах
5.1. Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэх барааны татвараас чөлөөлөх зөвшөөрөл /Хавсралт 2/-ыг Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын хэлтсээс олгох бөгөөд уг зөвшөөрөл дээр боловсруулсан мэргэжилтэн болон харъяа газрын дарга гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд Санхүү, эдийн засгийн яамны тэмдгийг дарж баталгаажуулна.
5.2. Зээлийн хөрөнгөөр нийлүүлэх барааг гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхийг хүссэн албан бичгийг тухайн төсөл хэрэгжүүлэгч нэгж нь өөрийн харъяалах яамаар дамжуулан Санхүү, эдийн засгийн яаманд ирүүлэх бөгөөд дараах баримт бичгийг заавал бүрдүүлж хавсаргасан байна. Үүнд:
а/ Төсөл хэрэгжүүлэх нэгж нь холбогдох яамаар дамжуулан гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхийг хүссэн албан тоот,
б/ Бэлтгэн нийлүүлэгч байгууллагатай байгуулсан гэрээ,
в/ Бэлтгэн нийлүүлэгчээс нийлүүлж байгаа барааны нэхэмжлэх /invoice/-ийн эх хувь,
г/ Барааны жагсаалт /packing list/-ын эх хувь,
д/ Барааны тээврийн дагалдах баримт бичиг /Монгол улсын гаалиар орж ирснийг батлах зохих тамга, тэмдгийг баримт дээр дарсан байна/
е/ Татвараас чөлөөлж буй барааг гаалийн байгууллагаас биеэр хүрэлцэн очиж хүлээн авах хүний нэр, биеийн байцаалтын дугаар
5.3. Дээрх баримтын аль нэгийг дутуу бүрдүүлсэн бол шаардлага хангаагүй гэж үзэж материалыг Төслийн хэрэгжүүлэх нэгжид буцаана.
5.4. Өрийн удирдлагын хэлтэс нь татвараас чөлөөлөхийг хүссэн албан бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан татвараас чөлөөлөх асуудлыг шийдвэрлэнэ.
5.5. Төсөл хэрэгжүүлэх нэгж нь улирал бүрийн эхний 4 хоногт багтаан өмнөх улирлын гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн барааны жагсаалтыг Хавсралт 4-д заасан хүснэгтийн дагуу гарган ирүүлэх бөгөөд Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн тухайн зээлийг хариуцсан мэргэжилтэнтэй тооцоо нийлсэн актыг монгол, англи хэл дээр үйлдэнэ.
Зургаа. Зөвшөөрлийн хуудас олгох
6.1. Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын хэлтэс нь холбогдох яамдын ирүүлсэн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэх тухай албан тоот болон хавсралтад заасан нэмэлт материалуудыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зөвшөөрлийн хуудсыг хавсралтад заасан маягт 3-ын дагуу хоёр хувь үйлдэж нэг хувийг Санхүү, эдийн засгийн яамны баримтад хадгална.
6.2. Зөвшөөрлийн хуудасны хоёр дахь хувийг зөвхөн энэхүү журмын 5.2 дугаар зүйлийн Е-д заасан тухайн ажилтнаар дамжуулан Гаалийн ерөнхий газарт хүргүүлнэ.
6.3. Санхүү, эдийн засгийн яам нь зээлийн хүрээнд нийлүүлэгдэх барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зөвшөөрлийн хуудсыг олгох эрх бүхий мэргэжилтнүүдийн нэрсийг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Гаалийн ерөнхий газарт хүргүүлж тухай бүр шинэчилнэ.
6.4. Гаалийн ерөнхий газар нь Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын хэлтсээс олгосон зөвшөөрлийн хуудасны 2 дахь хувийг үндэслэн Засгийн газрын авсан зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэж байгаа барааг холбогдох татвараас чөлөөлөх арга хэмжээ авна.
6.5. Гаалийн ерөнхий газар улирал бүрийн эхний 3 хоногийн дотор, өмнөх улиралд зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдэж чөлөөлөгдсөн барааг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн гүйцэтгэлийн дүнг гарган Санхүү, эдийн засгийн яамны Өрийн удирдлагын хэлтэст ирүүлнэ.
6.6. Гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн зөвшөөрөл олгох эрх бүхий мэргэжилтнүүдийн нэрсэнд дурьдсанаас бусад этгээдийн баталгаажуулсан зөвшөөрлийн хуудсаар гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхгүй.
Долоо. Гүйцэтгэлийн мэдээ гаргах, чөлөөлсөн татварыг дотоод санхүүжилтэд тооцох
7.1. Өрийн удирдлагын хэлтсийн зээлийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн улирал бүрийн эхний тав хоногийн дотор өмнөх улиралд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн барааны гүйцэтгэлийн дүнг Хавсралт-3-ын дагуу 2 хувь гаргаж, нэг хувийг төслүүдийн дотоодоос гаргах санхүүжилтийн хэмжээг хянах үүднээс Салбарын хөгжлийн удирдлага зохицуулалтын газрын даргад, хоёрдох хувийг Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын даргад хүргэнэ.
7.2. Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газар нь сар бүрийн гүйцэтгэлийн мэдээг үндэслэн гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлсөн дүнгээр дотоодоос гарах санхүүжилтэд суутган тооцож, тэрхүү хэмжээгээр засгийн газраас гаргах төлөвлөгөөт хэмжээг бууруулан тооцно.
7.3. Тухайн зээл хариуцсан мэргэжилтэн энэхүү журмын 5.5 болон 7.1-д заасан тооцоо нийлсэн акт /англи хэл дээрх/ болон улирлын гүйцэтгэлийн дүнг зээл олгогч гадаад улс эсвэл олон улсын санхүүгийн байгууллагад албан ёсоор мэдэгдэж, улмаар тухайн улиралд чөлөөлсөн татварын хэмжээгээр Монголын Засгийн газраас гаргасан санхүүжилтийг нэмэгдүүлэн тооцохыг сануулсан албан бичгийг улирал бүрийн эхний арав хоногийн дотор хүргүүлнэ.
7.4. Жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор Улсын хөрөнгө оруулалт хариуцсан хэлтэс тухайн жилд чөлөөлсөн татварын дүнгээр дотоодоос гарах санхүүжилтэд суутган тооцсон тооцоог нэгтгэн гаргаж байна.
Найм. Хариуцлага
8.1. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн нягтлан бодогч татвараас чөлөөлсөн дүнгээр тооцоо нийлээгүй тохиолдолд санхүүжилтийн эрхийг тодорхой хугацаагаар зогсооно.
8.2. СЭЗЯ-ны Салбарын хөгжлийн удирдлага, зохицуулалтын газар нь чөлөөлсөн дүнгээр дотоодоос гаргах санхүүжилтэд суутган тооцоогүйгээс бий болох хариуцлагыг тус газар хариуцах болно.
8.3. СЭЗЯ-ны Төрийн сангийн удирдлага, зохицуулалтын газрын зээлийн нэгтгэл хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэлийн мэдээг хугацаанд нь гаргаж өгөөгүй тохиолдолд түүнд СЭЗЯ-ны дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэх болно.
Текст томруулах
A
A
A