- Нүүр
- Сайдын тушаал
- ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ЗАХИАЛАХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ
ЭМНХ-ын сайдын 2000 оны 94 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ВАКЦИН, БИОБЭЛДМЭЛИЙН ХЭРЭГЦЭЭГ ТӨЛӨВЛӨХ, ЗАХИАЛАХ, ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Зорилго
Дархлаажуулалтын өргөжүүлсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах вакцин, биобэлдмэлийн хэрэгцээг төлөвлөх, захиалах, ханган нийлүүлэх, санхүүжүүлэх үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр: Вакцин, биобэлдмэлийн төлөвлөлт, захиалга
2.1. Сумын эмнэлэг, эрүүл мэндийн төв нь вакцин, биобэлдмэлийн хэрэгцээг үйлчлэх хүрээний 2 хүртэлх насны хүүхдийн тоог төрсөн, он, сараар, 3-7 насны хүүхдийн тоог төрсөн он, оноор, 8-15 насны хүүхдийн тоог нас тус бүрээр нь гаргасан судалгаа, вакцинжуулалтын товлол судалгааны бусад материалыг үндэслэн төлөвлөнө. Товлолын вакцинжуулалтаас хоцорсон, вакцины тун дутуу, түр хориглох заалтаар тариулаагүй хүүхдийг сэргийлэх тарилгын картаас түүвэрлэн авч, захиалгад нэмж тусгана.
2.2. Аймаг, нийслэлд дархлаажуулалтын хөтөлбөр хариуцсан халдвар судлагч их эмч эмнэлэг, эрүүл мэндийн төвөөс үйлчлэх хүрээнийхээ хүн амд шаардлагатай вакцин, биобэлдмэлийн хэрэгцээ, захиалгыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны дотор авч нэгтгэнэ.
2.3. эрүүл мэндийн газар /цаашид ЭМГ гэх/ нь вакцин, биобэлдмэлийн хэрэгцээ, захиалга, шаардагдах хөрөнгийг төлөвлөн жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд хэлэлцүүлнэ.
2.4. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар нь жил бүрийн 4 дүгээр сарын 15-ны дотор төлөвлөгөөт вакцин, биобэлдмэлийн захиалгыг Халдварт өвчин судлалын төв /ХӨСТ/-д, сүрьеэ, тарваган тахал, галзуу, урвах тахал /холер/, боом, томуу зэрэг вакцин, биобэлдмэлийн хэрэгцээ, захиалгыг Сүрьеэгийн үндэсний төв /СҮТ/-д, Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв /БГХӨЭСТ/-д тус тус хүргүүлнэ.
2.5. Сүрьеэгийн үндэсний төв нь Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төв, БЦЖ, туберкулин, тарваган тахал, галзуу, боом, томуугын вакцин, биобэлдмэлийн улсын хэмжээний хэрэгцээ, захиалгыг нэгтгэн жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны дотор Халдварт өвчин судлалын төвд хүргүүлнэ.
2.6. Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний улсын фондод төвлөрүүлэх .вакцин, биобэлдмэлийн захиалгыг /ЭМНХС-ын 1999 оны А-/94 тоот тушаалаар батлагдсан /"Халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээний улсын фондын хөрөнгийг зарцуулах журам"-ын дагуу ХӨСТ, БГХӨЭСТ, СҮТ тус тус хийнэ.
2.7. Улсын хэмжээний вакцин, биобэлдмэлийн нэгдсэн захиалгын төсвийг ХӨСТ хариуцан боловсруулж, жил бүрийн 5 дугаар сарын 15-ны дотор Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яаманд /цаашид ЭМНХЯ гэх/ хүргүүлнэ.
2.8. Салбарын бодлого зохицуулалтын газар нь улсын хэмжээний захиалгыг хянан нэгтгэж жил бүрийн 6 дугаар сарын 15-ны дотор сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ.
2.9. Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар нь төлөвлөгдсөн захиалгатай вакцин, биобэлдмэлийг нийлүүлэх хөрөнгийн тооцоог хийж Сангийн яаманд оруулна.
Гурав. Ханган нийлүүлэлт
3.1. Вакцин, биобэлдмэлийн ерөнхий захиалагчийн үүргийг ЭМНХЯ, вакцин, биобэлдмэлийн нийлүүлэлтийн үүргийг ХӨСТ тус тус гүйцэтгэнэ.
3.2. Вакцин, биобэлдмэлийг нийлүүлэх 3-аас доошгүй компанийн үнийн саналыг үндэслэн ЭМНХЯ-ны Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын Удирдлага, эдийн засгийн хэлтэс, Салбарын бодлого, зохицуулалтын газрын эрүүл мэндийн хэлтэстэй хамтран ханган нийлүүлэгчийг сонгоно.
3.3. Ерөнхий захиалагч нь жилийн хэрэгцээт вакцин, биобэлдмэлийн хэрэгцээ, захиалга төлөвлөгөөг үндэслэн нийлүүлэгч байгууллагуудтай хавсралтаар баталсан загварын дагуу гэрээ байгуулна.
3.4. ХӨСТ нь олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан, чанарын сертификаттай вакцин, биобэлдмэлээр хангаж байгаад хяналт тавина.
3.5. ХӨСТ нь вакцин, биобэлдмэлийн тээвэрлэлт, хадгалалт, орон нутагт хүргэх үеийн хадгалалтын горимыг мөрдөж ажиллана.
Дөрөв. Санхүүжилт
4.1. Дархлаажуулалтын вакцин, биобэлдмэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөв, дотоод гадаадын байгууллага, аж ахуйн нэгж, хамт олон, иргэний тусламж, хандив, зэрэг хууль тогтоомжоор хориглоогүй санхүүгийн эх үүсвэрээс бүрдүүлж болно.
4.2. Импортоор авах вакцин, биобэлдмэлийн жижиглэн худалдаалах үнийг тогтоохдоо хилийн үнэ дээр байгууллагын үйл ажиллагааны зардал, ажилтны цалин, албан томилолт, бичиг хэрэг, холбоо, гадаадаас авчрах, импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн татвар, гаалийн бүрдүүлэлт, /хадгалалт/-ыг тус тус тооцно.
4.3. СУТГ-ын Удирдлага, эдийн засгийн хэлтэс нь биобэлдмэлийн ханган нийлүүлэх хугацаатай уялдуулан сар, улирал, жилийн санхүүжилтийн графикийг Сангийн яамтай тохиролцон санхүүжүүлнэ.
4.4. ХӨСТ нь аймаг, нийслэл, байгууллагад нийлүүлсэн дархлаажуулалтын вакцин, биобэлдмэл түүнд зарцуулсан хөрөнгийн тайланг улирал бүрийн дараа сарын 5-ны дотор Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын Удирдлага, эдийн засгийн хэлтэст ирүүлнэ.
4.5. Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газрын Удирдлага, эдийн засгийн хэлтэс нь вакцин, биобэлдмэлийн төсвийн гүйцэтгэлийн тайланг зохих хугацаанд нь гарган Сангийн яамны Төрийн сангийн газарт тушаана.
4.6. Байгалийн гамшиг, халдварт өвчин гэнэт ихсэх үед нэмэлт дархлаажуулалт хийхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг тухайн үед нь Сангийн яаманд тавьж санхүүжилтийг зохицуулна.
Текст томруулах
A
A
A