- Нүүр
- Сайдын тушаал
- СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
ЭМНХ-ын сайдын 2000 оны 197 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
1.1. Сум дундын эмнэлэг нь үйлчлэх хүрээний сумдын хүн амд эмнэлгийн үндсэн мэргэжлээр /дотор, хүүхэд, мэс засал, төрөх, эмэгтэйчүүд, халдварт/ анхдагч лавлагаа тусламж үзүүлнэ.
1.2. Сум дундын эмнэлэг нь хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэхээс гадна үндсэн мэргэжлээр хоёрдогч шатны тусламж үзүүлнэ.
Хоёр. Удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагаа, эрх үүрэг
2.1. Оршин буй сумын засаг захиргаанд харьяалагдаж хоёр буюу түүнээс дээш сумын хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх анхдагч лавлагаа тусламж үзүүлэх эмнэлгийг сум дундын эмнэлэг гэнэ. Сум дундын эмнэлэгт төрөх, мэс засал, хүүхэд, дотрын мэргэжлийн эмчтэй байх бөгөөд мэргэжлийн удирдлагын хувьд аймгийн Эрүүл мэндийн газарт харьяалагдана.
2.2. Сум дундын эмнэлгийн ерөнхий эмчийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, сумын Засаг даргын хамтарсан тушаалаар томилж чөлөөлнө. Сум дундын эмнэлгийн ерөнхий эмч нь стационар, амбулаторит мэргэжлийн эмчийн үүргийг хавсран гүйцэтгэсэн тохиолдолд хавсран ажилласны хөлсийг сумын Засаг даргатай хийсэн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсаны дагуу авна. Ерөнхий эмч нь харьяа сумдын нутаг дэвсгэрийн хэмжээнд эмнэлгийн тусламжийг мэргэжлийн хувьд удирдан зохион байгуулж ажлаа аймгийн Эрүүл мэндийн газарт тайлагнана.
2.3. Сум дундын эмнэлэг нь үндсэн мэргэжлээр тусламж үзүүлэх 4-6 их эмч, 15-20 ор бүхий стационар болон амбулаторийн үндсэн мэргэжлийн кабинетуудтай байхын зэрэгцээ лаборатори, рентген, дүн бүртгэл, эмийн сан, эмгэг судлал, ариутгал зэрэг туслах нэгжүүд, түүнчлэн гал тогоо, угаалга, авто гарааш зэрэг үйлчилгээний нэгжүүдтэй ажиллана.
2.4. Сум дундын эмнэлэг нь аж ахуй, санхүүгийн хувьд бие даан ажиллаж банканд төсвийн болон эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тусгай харилцах данстай байх ба байгууллагын нэр бүхий тэмдэг, албан бичгийн нүүр хэрэглэнэ.
2.5. Үйлчлэх хүрээний хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, түүнийг сайжруулахтай холбогдсон асуудлыг мэргэжлийн дээд шатны байгууллага болон орон нутгийн засаг захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрх эдэлнэ.
2.6. Үйлчлэх хүрээний сумдын эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний чанарт үнэлэлт дүгнэлт өгч, холбогдох шаардлага тавих эрхтэй.
2.7. Сум дундын эмнэлэг нь харьяа сумдын хүн амд эмнэлгийн үндсэн мэргэжлийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж, анхдагч болон хоёрдогч шатны тусламжаар хангах үүрэгтэй.
2.8. Үйлчлэх хүрээний хүн амд дуудлагаар үйлчилнэ.
2.9. Үйлчлэх хүрээнд байгаа сумын эмнэлгүүдийг мэргэжлийн удирдлагаар ханган эдгээр сумдад ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулахад анхаарч ажиллана.
2.10. Өөрийн үйл ажиллагааны мэдээ тайланг нэгтгэн үнэлэлт дүгнэлт өгч холбогдох байгууллагад мэдээлж байх.
2.11. Үйлчлэх хүрээний хүн амд тодорхой хуваарийн дагуу мэргэжлийн эмч нарын тойрон үзлэгийг графикаар зохион байгуулах.
2.12. Сум дундын эмнэлэг нь зөвхөн өөрийн аймгийн сумдын хүн амаар хязгаарлахгүй зэргэлдээх аймгийн ойр байгаа зарим сумдын хүн амд эрүүл мэндийн анхан болон хоёрдогч шатны тусламжийг гэрээний үндсэн дээр үзүүлнэ.
Текст томруулах
A
A
A