- Нүүр
- Сайдын тушаал
- СЭТГЭЦ НИЙГМИЙН НӨХӨН СЭРГЭЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын гуравдугаар хавсралт
СЭТГЭЦ НИЙГМИЙН НӨХӨН СЭРГЭЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
Эмчлэгдээд гарсан сэтгэцийн өвчтэй хүмүүст сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх тусламж үйлчилгээ үзүүлэхэд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
Хоёр. Сэтгэц-нийгмийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний хэлбэр
Сэтгэц, нийгмийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээг стационарт ба стационараас гадуур үзүүлнэ.
2.1. Стационарын хэлбэр. Сэтгэцийн нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг:
2.1.1. Тусгай эмнэлгүүдэд тусгай зориулалтын тасаг, кабинет /өрөө/-аар, сэтгэцийн эмнэлэг болон аймгийн сэтгэц наркологийн тасгууд дахь тусгай зориулалтын кабинетаар тус тус хийгдэнэ.
2.1.2. Больницын хэлбэрээр хийгдэх нөхөн сэргээх эмчилгээнд тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүд хамрагдана.
2.1.3. Сэтгэцийн болон наркологийн эмнэлэг, хөдөлмөр эмчилгээ, асрамжийн газарт хэвтэж буй бүх өвчтөн нөхөн сэргээх эмчилгээнд өвчний хурц үе дарагдсан үеэс эхлэн хамрагдана.
2.1.4. Нөхөн сэргээх эмчилгээний тасаг нь заавал тусгайлсан ортой байх шаардлагатай бөгөөд эмчилгээний тасгуудаас өвчтөнүүдийг сонгон авч 4 цаг ажиллуулаад өдрийн хоол, эмийг нөхөн сэргээх тасагт өгөөд, орой нь буцааж тасагт нь хүргүүлнэ.
2.1.5. Эмчилгээний тасагт хийгдэх нөхөн сэргээх эмчилгээ нь өвчтөний хэвтэж буй өрөөнд нь хийхээс гадна нөхөн сэргээх эмчилгээ явуулахаар бэлтгэгдсэн тусгай өрөөнүүдэд хийнэ.
2.2. Стационарын гадуурх нийгэм хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх эмчилгээний хэлбэр
2.2.1. Энэ нь амбулаторийн байнгын хяналтад байдаг буюу больницод хэвтэн эмчлүүлээд гарсан өвчтөнд хийх нөхөн сэргээх эмчилгээг хэлнэ.
2.2.2. Энэ хэлбэрийн нөхөн сэргээх эмчилгээ нь кабинет, тасгийн хэлбэрээр зохион байгуулагдах бөгөөд өдрийн эмчилгээний /стационарын/ тодорхой тооны ортой байна.
2.2.3. Өдрийн стационар нь нөхөн сэргээх эмчилгээнд оролцогчдод өглөө цай, өдрийн хоол, орой ца өгч өвчтөнийг хүлээн аваад оройд нь гэрт нь буцаана.
2.3. Нийгэм хамт олонд тулгуурласан нөхөн сэргээх эмчилгээний биеэ даасан төвийн хэлбэр
2.3.1. Энэ хэлбэрт гэр орондоо байгаа амбулатороор эмчлэгдэж буй өвчтөнүүд хамаарагдана.
2.3.2. Төвийн үйл ажиллагаа нь үйлдвэрлэл явуулах хэлбэрээр зохион байгуулагдана.
2.4. Нийгэм хамт олонд тулгуурласан бие даасан төрийн болон төрийн бус байгууллагын нөхөн сэргээх үйлчилгээний төв
2.4.1. Ийм хэлбэрийн төвүүд нь төрийн болон төрийн байгууллагын санхүүжилттэй байна.
2.4.2. Энэ хэлбэрийн үйлчилгээ нь өдрийн эмчилгээтэй ба эмчилгээгүйгээр зохион байгуулагдана.
Гурав. Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээний төрөл
Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээ нь дараах төрөлтэй байна. Үүнд:
а/ сэтгэцийн өвчтөн ба тэдний ар гэрийнхэнтэй хамтарсан ярилцлага
б/ сэтгэл засал эмчилгээ /бүх төрлөөр/
в/ ардын болон физик, биеийн тамир эмчилгээ
г/ мал аж ахуй, газар тариалан, оёдол, мужаан бусад бололцоотой бүх үйлдвэрлэл, үйлчилгээ
д/ урлаг, соёл, үйлчилгээний бусад төрлүүд
Дөрөв. Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээг бүх шатны сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагуудад хийнэ.
Тав. Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээний тасаг, кабинетуудын санхүүжилт:
Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээний санхүүжилтийг тухайн байгууллага өөрийн санхүүжилтдээ тусган хэрэгжүүлнэ.
Зургаа. Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээгээр хийгдсэн зүйлийн борлуулалт.
Сэтгэц нийгмийн нөхөн сэргээх эмчилгээгээр хийгдсэн бүтээгдэхүүнийг тусгай комиссоор үнэ тогтоон нийтэд борлуулан, уг зүйлийг хийсэн хүнд цэвэр орлогын 50-60%-ийг олгоно. Үлдэх хувийг сэтгэц нийгмийн нөхөн сэргээх тусламж, үйлчилгээг өрнүүлэхэд зориулна.
Текст томруулах
A
A
A