- Нүүр
- Сайдын тушаал
- СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
ЭМНХЯ-ны Сайдын 2000 оны 210 тоот тушаалын дөрөвдүгээр хавсралт
СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ХҮНИЙ ЭМЧИЛГЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Сэтгэцийн өвчтэй хүний эмчилгээ үйлчилгээнд хяналт тавих үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдөнө.
2. Сэтгэцийн өвчтэй хүний эмчилгээ, үйлчилгээнд хяналт тавих комиссыг аймаг, дүүргийн эмнэлэг, сэтгэцийн нарийн мэргэжлийн эмнэлэг, төвүүдэд даргын тушаалаар томилж ажиллуулна.
3. Сэтгэцийн өвчтэй хүний эмчилгээ үйлчилгээнд хяналт тавих комиссын бүрэлдэхүүнд сэтгэцийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий мэргэжилтэн, тухайн байгууллагын эмчилгээний чанарын менежер, өвчтөний гар гэр, асран хамгаалагч, өвчтөний эрх ашгийг хамгаалсан байгууллага, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, хуулийн байгууллагын төлөөлөгч зэрэг хүмүүс орно.
Хоёр. Сэтгэцийн өвчтэй хүний эмчилгээ үйлчилгээнд хяналт тавих
Комисс нь дараах зүйлд хяналт тавина. Үүнд:
1. Сэтгэцийн эрүүл мэндийн хуулийн дагуу, сэтгэцийн өвчтөний онош хам шинжид тохирсон стандартын эмчилгээг хийж байгаа эсэх.
2. Дэлхийн сэтгэцийн эмнэлгийн практикт зөвшөөрсөн эмнэлэг үйлчилгээ явуулж байгаа эсэх.
3. Сэтгэцийн өвчтөний эрхийг сэтгэцийн өвчнөөс өөр шалтгаанаар /улс төр, эдийн засаг, хувийн өш хонзон, яс үндэс, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах, шашны зан үйлээр гэх мэт/ бүдүүлгээр боогдуулсан эсэх.
4. Зарим нарийн төвөгтэй эмчилгээ, шинжилгээг хийхэд өвчтөн ба ар гэрийнхнээс нь бичгээр зөвшөөрөл авсан эсэх.
5. Сэтгэцийн өвчтөний эрхийг хязгаарлах, тэдний бие сэтгэцэд удаан хугацааны хохирол учирсан эсэх.
6. Сэтгэцийн өвчтөнд хүнлэг, энэрэнгүй, шударга, эмнэлгийн ёс зүйд тохирсон эмнэлэг үйлчилгээ явуулсан эсэх.
7. Өвчтөнийг хашраах зорилгоор сэтгэц нөлөөт эм ба бусад үйл ажиллагааг хэтрүүлэн хэрэглэсэн эсэх.
8. Сэтгэцийн өвчтэйг нь далимдуулж ямар нэг зүйлийг хүчээр хийлгэх ба эд материал, орон сууцыг нь ашиглан завшсан эсэх.
9. Сэтгэцийн өвчтөнөөс хууль хяналт байгууллагад санал гомдол гаргах эрхийг нь хязгаарласан эсэх
10. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг байгууллага, эмнэлэг, төв, кабинет бүр дээр дараах үзүүлэлтээр дүгнэнэ. Үүнд:
а/ сэтгэцийн өвчтөний засрал /ремисс/-ын хугацаа
б/ сэтгэцийн өвчтөний эдгэрэлтийн хувь
в/ нийгэмд аюултай үйлдэл хийсэн сэтгэцийн өвчтөний эзлэх хувь
г/ нас барсан өвчтөний эзлэх хувь
д/ хяналтын өвчтөнөөс нөхөн сэргээх эмчилгээнд хамрагдсан хувь
е/ идэвхтэй хяналтаас гарсан өвчтөний эзлэх хувь
ж/ урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хариуцсан нутаг дэвсгэртээ явуулсан байдал, хамарсан хүрээ
з/ гэрийн эмчилгээний чанар үр дүн
и/ эмийн хангалт, чанарын байдал
к/ сэтгэцийн өвчтөний эмнэлэгт хэвтсэн ор хоног
л/ илэрсэн өвчтөнг идэвхтэй хяналтад авсан байдал.
Гурав. Хяналт хийх хугацаа
1. Хоёрдугаар заалтын 1-9 дүгээр заалтыг сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг бүх шатны байгууллагын эмчилгээний чанарын хяналтын комисс, менежер тогтмол хийж, холбогдох арга хэмжээ авна.
2. 10 дугаар заалтыг Сэтгэцийн эрүүл мэнд-мансуурал судлалын үндэсний төвийн "Сэтгэцийн өвчтэй хүний эмчилгээ үйлчилгээнд хяналт тавих комисс" хагас, бүтэн жилээр улсын хэмжээнд шалгаж дүгнэнэ.
Текст томруулах
A
A
A