A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АШИГТ МАЛТМАЛ ЭРЖ ХАЙХ, ОЛБОРЛОХ ЯВЦАД ЭВДЭРСЭН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ УРГАМАЛЖУУЛАХ ЕРӨНХИЙ ЗААВАР
Бүлэг: 1979
Байгаль орчны болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын хамтарсан 2000 оны 64/А/62 тоот тушаалын хоёрдугаар хавсралт
 
АШИГТ МАЛТМАЛ ЭРЖ ХАЙХ, ОЛБОРЛОХ ЯВЦАД ЭВДЭРСЭН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ УРГАМАЛЖУУЛАХ ЕРӨНХИЙ ЗААВАР
 
Нэг. Нийтлэг зүйл
 
1.1               Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах үйл ажиллагаанд энэхүү зааврыг мөрдөж ажиллана.
 
1.2               Энэхүү зааврыг үндэслэн тухайн ашигт малтмал эрж хайх, уурхайн ашиглалтын төслийн онцлогийг тусгасан заавар, аргачлалыг уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчид гаргаж зөвхөн өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж болно.
 
1.3               Энэхүү зааврын ургамалжуулах хэсгийг аливаа эвдэрсэн газарт зохих шаардлагын дагуу техникийн нөхөн сэргээлт хийсний дараа ургамалжуулах арга хэмжээ авахад мөрдөж ажиллана.
 
1.4               Энэхүү зааврыг хэрэгжүүлэхдээ "Эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийхэд тавигдах ерөнхий шаардлага" MNS 17.5.1.19-92, "Газар шорооны ажлын үед үржил шимт хөрснийг хуулах "Техникийн шаардлага" MNS 4917:2000, "Эвдэрсэн газрын хажуу налуу" Техникийн шаардлага MNS 4920:2000, "Эвдэрсэн газарт хучилт хийх хөрс" Техникийн шаардлага MNS 4919:2000, Алтны шороон ордыг ил уурхайгаар ашиглах явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Техникийн шаардлага MNS 4916:2000, Ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, MNS 491.5:2000, "Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн шаардлага" MNS 4918:2000 гэх мэт стандартуудыг мөрдөж ажиллана.
 
Хоёр. Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийж, ургамалжуулахад тавих ерөнхий шаардлага
 
2.1              Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулахад дараах ерөнхий шаардлага тавигдана.Үүнд:
 
2.2              Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх чиглэл, нөхөн сэргээсэн газрын цаашдын ашиглалтын хэлбэрийг холбогдох эрх бүхий болон мэргэжлийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаатай харилцан тохиролцож баталгаажуулах.
 
2.3              Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх чиглэлийн дагуу мэргэжлийн байгууллагын оролцоо, туслалцаатайгаар нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг геологи хайгуулын ажил эхлэхээс өмнө, нөхөн сэргээлтийн төслийг уул уурхайн үйл ажиллагааг эхлэхээс өмнө тус тус боловсруулах.
 
2.4              Нөхөн сэргээлтийг уурхайн олборлолтын үйл явцтай зэрэгцүүлэн хийж, түүний жилийн ажлын хэмжээг олборлолтын ажилтай уялдаатай явуулах зохистой харьцааг барьж байх.
 
2.5              Уурхайн үйл ажиллагааг аюулгүйгээр явуулах нөхцөлийг хангахад гарцаагүй шаардлагатайгаас бусад нөхцөлөөр газар, хөрсийг эвдрэлд оруулахгүй байх, эвдрэлд орох газрын хэмжээг хамгийн бага байлгах.
 
2.6              Эвдэрсэн газрыг юуны өмнө аюулгүй, хөрс чулуулаг нь тогтвортой байх нөхцөлийг хангасан, усны үер, шүүрлийг зохих хэмжээнд барьж байхаар цооногийн шүүрүүлэх арга хэмжээг авсан, цаашид удаан хугацаанд ашиглах газар эдэлбэрийн хэлбэртэй уялдсан байхаар засаж хэлбэржүүлэх.
 
2.7              Ойр орчмын газрын хэв шинж, үзэмж төрхийг доройтуулах нөхцөл байдал бүхий эвдрэл ихтэй газрыг удаан хугацаанд хадгалахгүй байх.
 
2.8              Уурхайн ашиглалтын явцад болон цаашид хөрс ус, салхины үйлчлэлээр элэгдэл, эвдрэл нь нэмэгдэх боломжийг аль болох багасгах арга хэмжээг байнга авч байх.
 
2.9              Үржил шимт өнгөн хөрсний шинж чанар, хэмжээг зөв тодорхойлж түүнийг нөхөн сэргээлтэд ашиглах зорилгоор зохистойгоор хадгалах арга хэмжээ авах. Үржил шимтэй хөрсийг боломжтой тохиолдолд аль болох шууд нөхөн сэргээлтэд ашиглах, их хэмжээний үржил шимтэй хөрсний овоолго үүсгэн хадгалахаас аль болох зайлсхийх.
 
2.10         Уурхайн нээлт, уулын бэлтгэл ажлын үед цэвэрлэгээнд хамрагдах мод ургамлыг боломжтой бол шилжүүлэн суулгах, мод ургамлын үлдэгдэл хаягдлыг аль болохоор нөхөн сэргээлтэд бэлтгэж тэгшилсэн талбайд хаях.
 
2.11         Хэрвээ өнгөн хөрс нь ургамал ургахад тохиромжтой бус эсвэл үржил шимтэй өнгөн хөрсгүй бол шимэрхэг хөрс, овоолго, чулуулгийг шинжилж туршиж үзэн тодорхой хэсгийг нь ашиглах ба шаардлагатай бол хөрс сайжруулагчийг ашиглан ургамал ургах нөхцөлийг бүрдүүлэх.
 
2.12         Газар эдэлбэрийн цаашдын хэлбэр, чиглэлтэй зохицох ургамлын төрөл зүйл сонгон ургамалжуулах.
 
2.13         Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, ургамалжуулалтын арга хэмжээг тухайн газарт байгалийн аясаар цаашид хөрс ургамлан бүрхэц тогтвортойгоор бүрдэх нөхцөл бий болох, газар эзэмшигч, хариуцагчийн шаардлагыг хангах, тухайн орчмын газрын менежментэд нэгдэх боломжийг хангах хүртэл нь хэрэгжүүлж, хянаж, мониторинг хийж байх.
 
Гурав. Ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагааг эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах шаардлагатай нийцүүлэн явуулахад тавих шаардлага
3.1.           Тухайн нутаг дэвсгэрт ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнөх экосистемийн бүтэц бүрэлдэхүүн, хэв шинжийг судалсан байх шаардлагатай.
Байгаль орчны төлөв байдлын суурь үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний явцад дээрх судалгааг хийж болно.
3.2.           Хөрс, ургамал, цаг уурын үндсэн нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байх шаардлагатай.
 
3.3.           Тухайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээх чиглэлийг орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны мэргэжлийн хяналтын байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр тогтооно. Энэхүү чиглэлтэй уялдаатайгаар нөхөн сэргээлтийн төсөл, төлөвлөгөө боловсруулна.
 
3.4.           Уулын ажлыг аюул, осолгүйгээр, үр ашигтай явуулахад гарцаагүй шаардлагатай хэмжээний газрын хөрс, ургамлыг, хуулж эвдрэлд орох газрын хэмжээг аль болох бага байлгах удирдлага зохион байгуулалт, техник технологийн арга хэмжээ авна.
 
3.5.           Уулын бэлтгэл ажлын талбайн ургамлан нөмрөгийг аль болохоор зохистойгоор авч ашиглах боломжийг хайна. Боломжтой тохиолдолд зарим мод, ургамлыг шилжүүлэн суулгах, ургамлын үр суулгацыг тусгайлан авч хадгалах, үлдэгдлийг дахин хөндөгдөхгүй нөхөн сэргээхэд бэлтгэж буй талбайд байрлуулах зэрэг арга хэмжээ авна.
 
3.6.           Уулын малталт болон бусад үйл ажиллагаа явагдах талбайн үржил шимт өнгөн хөрсийг зохих шаардлагын дагуу хуулан авч нөхөн сэргээлтэд ашиглана.
 
3.7.           Үржил шимт өнгөн хөрсийг байгаль цаг уурын нөхцөл байдал хамгийн тохиромжтой байх үед хуулна. Хөрсний чийгийн хэмжээ, ургамлын үрээ гүвэх хугацаа, цаг уурын байдал зэрэг хүчин зүйлүүд өнгөн хөрс хуулах үеийг сонгоход голлох үзүүлэлт болно.
 
3.8.           Үржил шимт хөрсийг хуулах зузааныг тухайн хөрсний хэв шинжтэй уялдаатайгаар стандартын шаардлагад нийцүүлэн тогтооно. Зарчмын хувьд хөрсний А1 давхаргыг үржил шимт өнгөн хэсэг гэж үзэн бүрэн хуулах шаардлагатай бөгөөд А1 давхарга тодорхой ялгарахгүй байвал ямар ч тохиолдолд өнгөн хөрсийг 10-30 см зузаантайгаар хуулж авна.
 
3.9.           Хуулж авсан өнгөн хөрсийг аль болох шууд нөхөн сэргээлтэд ашиглах нь зүйтэй юм.
 
3.10.      Хэрвээ өнгөн хөрсийг шууд нөхөн сэргээлтэд ашиглах боломжгүй бол тусгайлан түр овоолго болгон хадгална.
 
3.11.      Өнгөн хөрсний овоолгын өндөр 2 м-ээс нам байна.
 
3.12.      Өнгөн хөрсний овоолгыг нэг жилээс удаан хугацаагаар хадгалах тохиолдолд элэгдлээс хамгаалах, бичил организмын амьдралыг тэтгэх үүднээс гадаргууг нь ургамалжуулах арга хэмжээ авсан байх шаардлагатай.
 
3.13.      Өнгөн хөрсний овоолгыг дахин зөөхгүйгээр тогтвортой хадгалах боломжтой талбайд байршуулна.
 
 
Дөрөв. Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх төсөл боловсруулах шаардлага
 
4.1              Ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулагч хуулийн этгээд уг төлөвлөсөн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх тусгайлсан төсөл, төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж ажиллана.
 
4.2              Нөхөн сэргээх төсөл, төлөвлөгөөг мэргэжлийн байгууллагуудын оролцоо тусламжтайгаар боловсруулах зарчмыг баримтлах бөгөөд уг төсөл, төлөвлөгөөг Байгаль орчны болон Уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн захиргаатай тохиролцсон байх шаардлагатай.
 
4.3              Нөхөн сэргээлтийн төсөл, төлөвлөгөө нь тухайн ордыг ашиглах
техникийн төсөл (ТЭЗҮ)-тэй нягт уялдаатай хийгдсэн байна.
 
4.4              Нөхөн сэргээлтийн төсөл, төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай байгаль, цаг уур, хөрс, ургамлын холбогдолтой мэдээ, мэдээллийг байгаль орчны төлөв байдлын суурь үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангаас авна. Шаардлагатай бол нэмэлт судалгаа хийж болно.
 
4.5              Нөхөн сэргээлтийн төсөл, төлөвлөгөөнд тухайн үйл ажиллагааны явцад эвдэрсэн газрыг ургамалжуулах шаардлагыг хангахуйц байдлаар тэгшлэлт, налуулалт, үржил шимт хар шороон хөрсөөр хучилт хийх хүртэл бүх ажилбаруудыг тухайн ордыг ашиглах нийт хугацааны туршид хэрхэн хийхийг календарчлан гаргаж жил, сарын ажлын хэмжээтэйгээр тодорхойлно.
 
4.6              Нөхөн сэргээлтийн ажлын санхүүгийн эх үүсвэр тодорхой, зохих төсөв төлөвлөгөөнд туссан байна.
 
4.7              Нөхөн сэргээлтийн төсөл, төлөвлөгөө нь зарчмын хувьд дараах асуудлыг бүрэн тусгасан бүтэцтэй байна. Үүнд:
 
4.7.1       Ашиглаж буй ордын уул-геологийн тогтоц, хөрс, ургамлан бүрхэвчийн шинж чанар
4.7.2       Ордын ашиглалтын нийт хугацаан дахь газрын эвдрэлийн төрөл, хэмжээний зураг ба тоон үзүүлэлт
4.7.3       Газрын эвдрэлийг нөхөн сэргээх чиглэлийг орон нутаг (сум)-ын захиргаа болон бусад холбогдох байгууллагатай зөвшилцөн тодорхойлсон байдал
4.7.4       Жилийн нөхөн сэргээлтийн ажлын хэмжээ, эдийн засгийн болон экологийн үр ашиг, түүний хувилбарууд
4.7.5       Техникийн нөхөн сэргээлт хийх тоног төхөөрөмж сонголт, тэдгээрийн бүтээлийн тооцоо
4.7.6       Биологийн нөхөн сэргээлтийн чиглэл болон ургамалжуулах арга хэмжээ
4.7.7       Нөхөн сэргээлтийн ажлын зохион байгуулалт болон техник-эдийн засгийн үзүүлэлт
 
4.8              Нөхөн сэргээлтийн ажлын төсөл, төлөвлөгөөг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгөөр геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулна.
 
4.9              Нөхөн сэргээлтийн төсөл, төлөвлөгөөнд үндэслэн тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлын төлөвлөгөөг боловсруулан уурхайн уулын ажлын төлөвлөгөөнд нэг бүлэг болгон оруулж хэрэгжүүлнэ.
 
Тав. Эвдэрсэн газарт биологийн нөхөн сэргээлт хийх, ургамалжуулах
 
Судалгаа явуулж, мэдээлэл цуглуулах шаардлага
 
5.1             Байгалийн өөрийн нөхөн сэргэх чадавх нь эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулахад баримтлах нэг үндсэн нөхцөл болно.
 
5.2             Ургамалжуулах арга хэмжээг үр дүнтэй, зохистой явуулах үүднээс тухайн эвдэрсэн газар, түүний орчмын байгаль, экологийн суурь нөхцөл байдлыг тодорхойлох урьдчилсан судалгааг явуулна.
 
5.3                         Урьдчилсан судалгаагаар дараах мэдээ, мэдээллийг цуглуулж зохих дүн шинжилгээ хийсэн байна.
 
а.   Эвдэрсэн газар: хурдас, өнгөн давхаргын бүрдэл, шимт болон шимтлэг хөрсний шинж чанар, усны агууламж, физик болон химийн шинж чанар, бүтэц бүрэлдэхүүн, тоо хэмжээ
б.   Ургамлан нөмрөг: эвдэрсэн газрын орчмын ургамлын бүрдэл, төрөл зүйлийн бүрэлдэхүүн, ургамалжилтын үндсэн хэв шинж
в.   Уур амьсгал, цаг уур: агаарын температур, хур тунадас, салхины хэмжээ, давтагдал, чиглэл, байгалийн үзэгдэл, түүний тохиолдлын давтамж
г.  Бусад: үржил шимтэй хөрсний нөөц, хөрс болон ургамалжуулалтад ашиглах бусад зүйлийг тээвэрлэх, хадгалах, боловсруулах боломж, байгалийн нөхцөл байдал, өнгө үзэмж, хэв шинж г.м.
 
5.4             Дээрх урьдчилсан судалгааг байгаль орчны төлөв байдлын суурь үнэлгээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний явцад хийх бөгөөд түүний үр дүнд үндэслэн эвдэрсэн газрын суурь гадаргууг ургамалжуулахад бэлтгэх, хөрсжүүлэх, ургамалжуулах арга хэмжээг тодорхойлон энэхүү зааврын дөрөвдүгээр бүлгийн дагуу боловсруулах нөхөн сэргээлтийн төслийн "Биологийн нөхөн сэргээлтийн чиглэл болон ургамалжуулах арга хэмжээ" гэсэн бүлэгт тусган хэрэгжүүлнэ.
 
Ургамалжуулах ажлын зорилт, чиглэлийг тогтоох
 
5.5             Урьдчилсан судалгааны үр дүн болон бусад мэдээ, мэдээлэлд үндэслэн ургамалжуулах ажлын чиглэлийг тогтооно. Ургамалжуулах чиглэлийг тогтооход орон нутгийн засаг захиргаа, нутгийн иргэдийн санал болон эрх бүхий болон мэргэжлийн байгууллагуудын зөвлөмж, шаардлагыг харгалзан үзнэ.
 
5.6             Сонгож авсан ургамалжуулах чиглэлтэй уялдаатайгаар тухайн эвдэрсэн газрыг ургамалжуулах ажлыг байгалийн аясаар явуулах уу эсвэл зориудын аргаар ургамалжуулах уу гэдгийг тогтооно. Зориудын аргаар ургамалжуулах бол байгалийн ургамлан бүрхэж бий болгох, эсвэл агро-экосистем үүсгэх аль нэг чиглэлийг сонгоно.
 
5.7             Агро-экосистем үүсгэх нь эвдэрсэн газрыг нөхөн сэргээж, улмаар экологи-эдийн засгийн үнэлэмж өндөртэй орчин бий болгох тул техник-эдийн засгийн боломж бүрдсэн тохиолдолд эн тэргүүнд авч үзнэ.
 
Тариалах ургамлын төрөл зүйлийг сонгох
 
5.8             Эвдэрсэн газрыг ургамалжуулахад ашиглах ургамлын төрөл зүйлийг эвдэрсэн газрын зэрэглэл, уур амьсгал, байгалийн бүс бүслүүр, байршил болон бусад нөхцөлүүдийг харгалзан сонгож авна. Нутгийн унаган ургамлын төрөл зүйлийг илүүтэй авч үзнэ.
 
Ургамал тариалах талбайг бэлтгэх
 
5.9             Эвдэрсэн газрын гадаргуу, талбайг ургамал тариалах суурь хөрсийг тогтвортой болгох, элэгдэл эвдрэлээс хамгаалах зорилгоор зохих шаардлагад нийцүүлэн тэгшилж хэлбэржүүлэн бэлтгэнэ. Далан, овоолгын талбайг ургамалжуулалтад бэлтгэхдээ цооногийн шүүрүүлэх систем, шүүрлийн суваг гэх мэт шаардлагатай инженерийн байгууламж байгуулна.
 
5.10         Эвдэрсэн газрыг ургамалжуулалтад бэлтгэхэд юуны өмнө налуугийн өнцөг, уналтын уртын хэмжээг зөв тодорхойлох шаардлагатай. Гадаргуугийн налуугийн хэмжээг хөрс, хөрсний усан хангамж, газрын доорхи усны түвшин, цаг уурын нөхцөл, ургамлан нөмрөгийн хэв шинж зэрэгтэй уялдуулан тодорхойлно.
 
5.11         Налуугийн өнцгийг дунджаар 25 хэм буюу түүнээс ихгүй байхаар гадаргууг засаж тэгшлэн хэлбэржүүлнэ. Энэ хэмжээг налуугийн өнцгийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ гэж үзнэ.
 
5.12         Налуугийн уналтыг огцом биш аль болох мохоо, тойруу байхаар хийнэ.
 
5.13         Налуу газарт хөрсний тогтворжилтыг сайжруулах, элэгдэл эвдрэлээс хамгаалах арга хэмжээ авсан байна.
 
Ургамал ургах нөхцөл бүхий өнгөн хөрсний давхарга үүсгэх
 
5.14         Ургамалжуулах талбайг үржил шимтэй хөрсөөр хучна. Үржил шимтэй хөрсний олдоц хангалтгүй тохиолдолд шимэрхэг хөрс болон чулуулгийн үеийг хучилт хөрс болгон ашиглана. Шимэрхэг хөрс болон чулуулгийн шимт чанарыг нэмэлт арга хэмжээ авах замаар сайжруулна.
 
5.15         Тухайн талбайд хучилт хийх хөрсний зузаан нимгэнийг эвдэрсэн газрын гарал үүсэл, налуугийн хэмжээ болон усны элэгдэлд өртөх эрчим зэргийг сайтар судалж тодорхойлсны үндсэн дээр стандартын үзүүлэлтэд нийцүүлэн тогтооно. Хучилт хөрсний зузааны доод хэмжээ 5 см-ээс багагүй байна.
 
5.16         Хучилт хөрсний шинж чанар шаардлага хангахгүй тохиолдолд хөрс сайжруулагч болон хөрс тогтворжуулагч хэрэглэнэ.
 
5.17         Хучилт хийх хөрс нь 5-аас 6.5 рН-ийн уусмалын урвалын орчны үзүүлэлттэй, органик бодисын агууламж ихтэй элсэрхэг хар хүрэн, хар шороон хөрс байх шаардлагатай. Хэрвээ хөрсний уусмалын орчин их хүчиллэг буюу их шүлтлэг байвал түүнийг багасгах саармагжуулалтын арга хэмжээ авна.
 
5.18         Хучилт өнгөн хөрсний нягтын хэмжээ дунджаар 22-27 кг/см2 байвал зохистой бөгөөд хэрвээ өнгөн хөрсний нягт 30 кг/см2 -аас дээш бол зохих сайжруулалт хийж сийрэгжүүлэх шаардлагатай.
 
5.19         Хөрсний шимт чанарыг нэмэгдүүлэх, ургамлын ургах нөхцөлийг сайжруулах зорилгоор бордоо хэрэглэнэ. Бордоог тариалалтын үед үртэй хамт хэрэглэх зарчим баримтална.
 
5.20         Эрдэс бордоо ашиглахаас өмнө хөрсний агрохимийн шинж чанарыг тодорхойлж бордооны төрөл, тун хэмжээг тогтоосон байна. Байгалийн буюу биотехнологийн гаралтай өтөг бууц, үртэс холтос, өт хорхой болон бусад микро организм ашиглан хөрсний шим тэжээлийг сайжруулах арга хэмжээ түлхүү авна.
 
Ургамалжуулалт хийх
 
5.21         Байгаль цаг уурын нөхцөл таатай, өнгөн хөрсний зузаан болон чанар хангалттай, алс зайдуу байршилтай тохиолдолд эвдэрсэн газрын ургамалжуулалтыг байгалийн аясаар явуулна. Бусад тохиолдолд ургамалжуулах ажлыг зохиомлоор тарьж ургуулах замаар хийх шаардлагатай.
 
5.22         Зохиомлоор ургамал тариалах нөхцөлд ургамалжуулах талбайн хөрсний шинж чанар, байдал, газрын гадаргын налуу болон бусад нөхцөл байдалтай уялдуулан үр тариалах аргыг сонгоно.
 
5.23         Өвслөг ургамлыг тариалахад 0.01 га-д дунджаар 10-20 грамм үр орохоор тооцоолно. Үрийн соёолох чадвар болон үрийн цэвэршилтээс хамааран 0.01 га талбайд 5,000 - 10,000 ургамал амьдарч ургахаар тооцоолж үр тариалах нормыг тогтооно.
 
5.24         Жимсний болон чимэглэлийн мод, бутыг 1 га талбайд ойролцоогоор 4500-5000 ширхгийг тариална.
 
5.25         Ургамал ургах хамгийн тохиромжтой хугацаанд үр тариалах ажлыг явуулна. Үр тариалах хугацааг сонгож авсан ургамлын төрөл зүйлийн өөрийн онцлог болон тариалах газар нутгийн байгаль цаг уурын нөхцөлтэй уялдаатайгаар сонгоно.
 
5.26         Ургамлыг тариалсны дараа өсөлт, ургалтыг нь байнга ажиглан, шаардлагатай гэж үзвэл зарим агротехникийн ажилбаруудыг хийнэ.
 
5.27         Тариалсан ургамал ургаж улмаар тодорхой хугацааны дараа тухайн нутаг дэвсгэрийн ургамлан нөмрөгтэй зохицон цаашид байгалийн аясаар ургах чадвартай ургамлан бүрхэц тогтсон нөхцөлд нөхөн сэргээлтийг амжилттай боллоо гэж үзнэ.
 
5.28         Нөхөн сэргээлт амжилттай болсон талбайг орон нутгийн захиргаанд хүлээлгэн өгч протокол үйлдэнэ.
 
Зургаа. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ач холбогдол
 
Ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаанаас байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг багасгах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс эвдэрсэн газрыг зохих түвшинд хүртэл хэлбэржүүлэн хөрсжүүлж, ургамалжуулснаар дараах ач холбогдолтой. Үүнд:
 
6.1           Хүн, амьтны амьдрах орчин сайжирч, аюул ослоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.
 
6.2           Хөрс, чулуулгийн өнгөн үеийг элэгдэл, эвдрэлээс хамгаалж хортой бодис зөөгдөн хуримтлагдах, тархахаас сэргийлнэ.
 
6.3           Хөрс чулуулгийн гадаргыг салхины элэгдлээс хамгаалж агаарын бохирдол үүсэх нөхцөлийг багасгана.
 
6.4           Тухайн орчны ургамлан нөмрөг, байгалийн төрх байдал сэргэнэ.
 
6.5           Тухайн нөхөн сэргээгдэн ургамалжсан газрын экологи-эдийн засгийн үнэлэмж нэмэгдэн үр ашиг олох боломж нэмэгдэнэ.