- Нүүр
- Сайдын тушаал
- АШИГТ МАЛТМАЛ ЭРЖ ХАЙХ АЖЛЫН ЯВЦАД ЭВДЭРСЭН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ УРГАМАЛЖУУЛАХ ЗААВАР
Байгаль орчны болон Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын хамтарсан 2000 оны 64/А/62 тоот тушаалын гуравдугаар хавсралт
АШИГТ МАЛТМАЛ ЭРЖ ХАЙХ АЖЛЫН ЯВЦАД ЭВДЭРСЭН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭЖ УРГАМАЛЖУУЛАХ ЗААВАР
Нэг. Нийтлэг зүйл
1.1 Ашигт малтмал эрж хайх явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах үйл ажиллагаанд энэхүү зааврыг мөрдөж ажиллана.
1.2 Энэхүү заавар нь "Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах ерөнхий заавар"-ын салшгүй хэсэг болно.
Хоёр. Ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийж ургамалжуулахад тавих ерөнхий шаардлага
2.1 Ашигт малтмал эрж хайх ажлын байгаль орчинд нөлөөлөх байдлыг багасгах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлж хүн, амьтны аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зорилт тавьж ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газрыг богино хугацаанд нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.2 Ашигт малтмал эрж хайх явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулахад дараах шаардлага тавигдана.
2.2.1 Ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх төлөвлөгөөг хайгуулын төсөлтэй уялдаатайгаар боловсруулж, түүнд тусгасан арга хэмжээг жил улирлаар нарийвчлан гаргаж хэрэгжүүлэх.
2.2.2 Тухайн эвдэрсэн газрыг геологи хайгуулын ажил эхлэхээс өмнөх хэв шинжид нь аль болох ойртуулан нөхөн сэргээх.
2.2.3 Боломжтой тохиолдолд нөхөн сэргээлтийг геологи хайгуулын үйл явцтай зэрэгцүүлэн хийж зохистой харьцааг барьж байх.
2.2.4 Эвдрэлд орох газрын хэмжээг хамгийн бага байлгах.
2.2.5 Ургамалжуулах ажлыг байгалийн аясаар явуулах, шаардлагатай тохиолдолд зохиомлоор ургамалжуулах арга хэмжээ нэмж авах
Гурав. Ашигт малтмал эрж хайх ажлыг эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах шаардлагатай нийцүүлэн явуулахад тавих шаардлага
3.1 Тухайн нутаг дэвсгэрт ашигт малтмал эрж хайх үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнөх экосистемийн бүтэц бүрэлдэхүүн, хэв шинжийг судалж тогтоосон байх шаардлагатай. Байгаль орчны төлөв байдлын суурь судалгааны явцад дээрх судалгааг хийсэн байна.
3.2 Ашигт малтмал эрж хайх явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулан орон нутгийн засаг захиргаа, байгаль орчны мэргэжлийн хяналтын байгууллагад танилцуулан баталгаажуулна. Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг ашигт малтмал эрж хайх үйл ажиллагаа явуулж эхлэхээс өмнө боловсруулсан байна.
3.3 Ашигт малтмал эрж хайх ажил дууссаны дараа эвдэрсэн газрыг нөхөн сэргээж орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгч протокол үйлдэнэ.
Дөрөв. Ашигт малтмал эрж хайх ажлын явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээх аргачлал
4.1 Ашигт малтмал эрж хайх ажлын үед малтах бүх төрлийн цооног, уулын малталт хийх талбайн үржил шимт хөрсийг стандартын шаардлагын дагуу хуулж, хөрсний шинж чанарыг алдагдуулахгүйгээр тусгайлан овоолж хадгална.
4.2 Уулын малталтаас гарах чулуулгийг хөрс, усыг бохирдуулахгүй байх газарт тусгайлан овоолно.
4.3 Ашигт малтмал эрж хайх ажил дууссаны дараа уулын малталтуудыг нөхөн сэргээхдээ уг малталтуудаас гарсан чулуулгаар дүүргэж нягтруулна.
4.4 Уулын малталтуудыг дүүргэж нягтруулсны дараа уг малталтуудаас гарсан үржил шимт хөрсөөр хучна.
4.5 Уулын малталтыг нөхөн сэргээхдээ тухайн талбайн газрын гадаргын ерөнхий хэв шинжид аль болох ойртуулан хэлбэршүүлнэ.
4.6 Уулын далд малталтын амсрыг хүн, амьтанд аюулгүй байдлаар битүүмжилж орон нутгийн засаг захиргаанд хүлээлгэн өгнө.
4.7 Өрөмдлөгийн ажлын үед цооногийн угаалгын шингэнийг хадгалах зумф бэлтгэх, шатах, тослох материал болон бусад шингэн бодис хөрсөнд шингэхээс хамгаалсан арга хэмжээ авна.
4.8 Ашигт малтмал эрж хайх ажил дууссаны эцэст өрөмдлөгийн талбайг нөхөн сэргээхдээ дараах ажлуудыг хийнэ.
4.8.1. Цооногийн тоноглолыг зайлуулж дарж булах эсвэл амсрыг битүүмжлэх.
4.8.2. Өрөмдлөгийг ажлаас үүссэн хог хаягдлыг цэвэрлэх.
4.8.3. Угаалгын шингэн хадгалах зумфыг булж тэгшлэн үржил шимт хөрсөөр хучих.
4.8.4. Шаардлагатай гэж үзвэл олон наст ургамлын үр цацах.
4.9. Ашигт малтмал эрж хайх ажлын явц болон дээжлэлтийн ажлын онцлогоос шалтгаалж шурф, канав, траншей болон өрөмдлөгийн цооногийг тодорхой хугацаагаар нөхөн сэргээхгүйгээр хадгалж үлдээх шаардлагатай бол энэ тухайгаа орон нутгийн захиргаатай тохиролцоно.
4.10. Тодорхой хугацаанд нөхөн сэргээлт хийхгүйгээр үлдээх эвдэрсэн газрын байршил, нөхөн сэргээлт хийхээр төлөвлөж байгаа хугацаа болон авсан хамгаалалтын арга хэмжээгээ орон нутгийн захиргаанд албан ёсоор мэдэгдэнэ.
4.11. Нөхөн сэргээлт хийхгүйгээр орхих эвдэрсэн газрыг хүн, амьтны аюулгүй байдлыг хангахуйцаар хамгаалж хаалт, хашлага, хашаа зэргийг хийн тэмдэгжүүлэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл харуул хамгаалалт тавина.
Тав. Ашигт малтмал эрж хайх явцад эвдэрсэн газрыг ургамалжуулах
5.1. Ашигт малтмал эрж хайх явцад эвдэрсэн газрыг ургамалжуулахдаа аль болох байгалийн аясаар ургамалжуулах нь зүйтэй.
5.2. Хэрвээ байгалийн аясаар ургамалжих нөхцөлгүй гэж үзвэл "Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газрын нөхөн сэргээж ургамалжуулах ерөнхий заавар"-ын дагуу зохиомлоор ургамалжуулах арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлнэ.
Зургаа. Бусад асуудал
Энэхүү зааварт тусгагдаагүй асуудлыг "Ашигт малтмал эрж хайх, олборлох явцад эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ургамалжуулах ерөнхий заавар" болон бусад хууль тогтоомж, дүрэм журам, стандартын дагуу шийдвэрлэнэ.
Текст томруулах
A
A
A