- Нүүр
- Сайдын тушаал
- ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЯВЦАД БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР МӨНГӨН ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАХ ЖУРАМ
Байгаль орчны сайд, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1998 оны 89/А/124 тоот тушаалын хавсралт
ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН
ЯВЦАД БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ЗОРИЛГООР
МӨНГӨН ХӨРӨНГӨ БАРЬЦААЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Монгол Улсын "Ашигт малтмалын тухай" хуулийн дагуу ашигт малтмал хайх болон ашиглах лиценз эзэмшигч нь /цаашид лиценз эзэмшигч гэнэ/ байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн баталгаа болгож мөнгөн хөрөнгийн барьцаа гаргах, уг барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, зарцуулах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Ашигт малтмал хайх лиценз эзэмшигч нь геологи хайгуулын үйл ажиллагаанаас байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд учруулж болзошгүй сөрөг нөлөөнөөс сэргийлэх болон хайгуулын ажлаас үүсэх газрын эвдрэлийг нөхөн сэргээх арга хэмжээг шаардагдах зардлынх нь хамт тооцсон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр боловсруулж тухайн ажил явуулж буй сум /дүүрэг/-ын Засаг даргаар батлуулсан байна.
3. Ашигт малтмал ашиглах лиценз эзэмшигч нь үйлдвэрлэлийнхээ байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг үндэслэн ашигт малтмалын олборлолтын ажлаас үүсэх газрын эвдрэлийг нөхөн сэргээх болон байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг арилгах арга хэмжээг шаардагдах зардлынх нь хамт тусгасан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг жил бүр боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон ажил явуулж буй сум /дүүрэг/-ын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр баталж хэрэгжүүлнэ.
Хоёр. Байгаль орчныг хамгаалах талаар лиценз эзэмшигчийн хүлээх эрх, үүрэг
4. Лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэхийн баталгаа болгож энэ чиглэлээр тухайн жилд төлөвлөн хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын ажил эхлэхээс өмнө улирлын чанартай ажилладаг аж ахуйн нэгжүүд 05 дугаар сарын 01-ний дотор, жилийн турш ажилладаг аж ахуйн нэгжүүд 1 дүгээр улиралд багтаан ажил явуулж буй сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газрын нээсэн тусгай дансанд жил бүр барьцаалан шилжүүлнэ.
5. Мөнгөн хөрөнгийг барьцаалсан асуудал нь тухайн лиценз эзэмшигчийг байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тухайн жилд хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөрөө санхүүжүүлэн заавал биелүүлсэн байна.
6. Лиценз эзэмшигч нь өмнөх оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг 12 дугаар сарын 01-ний дотор багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сум /дүүргийн/-ын Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.
7. Лиценз эзэмшигчийн дээрх хугацаанд гаргаж өгсөн тайланд гүйцэтгэлийн талаар сум /дүүрэг/-ын Засаг дарга дүгнэлт гаргаж 14 хоногийн дотор албан ёсоор хариу өгөхгүй бол байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг шаардлага хангасанд тооцон барьцаалсан мөнгөө нэхэх эрхтэй.
Гурав. Байгаль орчныг хамгаалах үүргийн гүйцэтгэлийг хангах талаарх сум /дүүрэг/- ын Засаг даргын эрх, үүрэг
8. Лиценз эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавьж, үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд барьцаалсан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн ажлын тайланг авснаас хойшхи 21 хоногийн дотор эргүүлэн олгоно.
9. Тухайн лиценз эзэмшигчийг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээгээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд сум /дүүрэг/-ын Засаг дарга барьцаалсан хөрөнгөөр төлөвлөсөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг бүрэн гүйцэтгүүлэх арга хэмжээ авна.
10. Тухайн лиценз эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээнүүдээ бүхэлд нь буюу эсхүл хэсэгчлэн гүйцэтгээгүй тохиолдолд өөр гүйцэтгэгч байгууллагаар гурван талын гэрээний үндсэн дээр барьцаалсан мөнгөн хөрөнгөөр гүйцэтгүүлэх бөгөөд барьцаалсан мөнгөн хөрөнгө нь хүрэлцэхгүй бол лиценз эзэмшигчээс нэмж шаардагдах хөрөнгийг гаргуулж уг ажлыг гүйцэтгүүлнэ. Шаардлагатай гэж үзвэл нэмэлт хөрөнгө шаардагдах ажлын хэмжээг байгаль орчны хяналтын болон геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг үндэслэн тогтооно.
Дөрөв. Барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, зарцуулах
11. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газар нь лиценз эзэмшигчийн барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах тусгай данс нээн хадгалж, төлөвлөсөн ажлаа бүрэн, үр дүнтэй гүйцэтгэсний дараа буцаан олгоно. Байгаль орчинд хохирол учруулсан байвал уг хохирлыг нөхөн төлүүлэх ба барьцаалсан мөнгөн хөрөнгийн хуримтлуулалт, зарцуулалтын холбогдох тооцоог нарийвчлан хөтөлнө. Нөхөн төлүүлэх мөнгөн хөрөнгийн хэмжээг Байгаль орчны болон Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагчдын тодорхойлолтыг үндэслэн тогтоож болно.
12. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газар нь лиценз эзэмшигчийн байгаль хамгаалах төлөвлөгөөний биелэлт болон барьцаалсан мөнгөн хөрөнгийн хуримтлуулалт, зарцуулалтын тайланг улирал тутам гаргаж, жилийн эцэст өр авлагын журмаар тооцоо нийлж, өр авлагыг барагдуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллана.
13. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газрын нээсэн тусгай данснаас мөнгө гаргахад хоёр тал (сум /дүүрэг/-ын Засаг дарга, лиценз эзэмшигч) гарын үсэг зурна.
14. Сум /дүүрэг/-ын Засаг даргын Тамгын газар тусгай данс нээхдээ дараах шаардлага хангасан банкийг сонгож авна:
1. хадгаламжийн хүү өндөртэй байх;
2. төлбөрийн чадвартай байх;
3. банк хоорондын төлбөр тооцоог шуурхай хийдэг байх.
15. Сум /дүүрэг/-ын Засаг дарга лиценз эзэмшигчийн барьцаалсан мөнгөн хөрөнгийг төсвийн алдагдлыг нөхөх буюу зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.
Тав. Маргаан шийдвэрлэх
16. Байгаль орчныг хамгаалах үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөнгөн хөрөнгийн барьцаа гаргах, барьцаалсан мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, зарцуулах явцад гарсан маргааныг хоёр тал зөвшилцөн шийдвэрлэнэ.
17. Хоёр тал зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд маргааныг шүүхээр шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A