A

A

A

Бүлэг: 1979
БОЯ-ны сайдын 1995 оны 10-р сарын 19-ний өдрийн 141 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
ОЙН ҮРИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙН ДҮРЭМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.                  Ойн үрийн төв лаборатори нь мод үржүүлэг, ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажилд шаардлагатай мод, сөөгийн үрийн чанарын шинжилгээ хийж, үр бэлтгэлт, хадгалалт, хамгаалалтыг зохих журам, стандартын дагуу явуулах үйл ажиллагааг зохицуулна.
2.                  Лаборатори нь иргэн аж ахуйн нэгж байгууллагын бэлтгэсэн мод сөөгийн үрийн чанарыг тодорхойлохын хамт үр бэлтгэх боловсруулах, хадгалах ажлын стандартын биелэлтэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулан, арга зүйн зөвлөмж өгнө.
3.                  Энэхүү дүрмээр олгогдсон эрхийн хүрээнд лабораторийн ажилтнуудаас ойн үрийн талаар тавьсан акт, торгууль, төлбөр, гаргасан зөвлөмж, тодорхойлолт тус улсын нутаг дэвсгэрт Стандартчилал, чанарын баталгаажуулалтын хуульд зааснаар хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
4.                  Лабораторийн хууль эрхийн зөвлөмж тодорхойлолт, торгууль, төлбөрийн талаар гаргасан гомдлыг Стандартчилал, баталгаажуулалтын төв байгууллага шийдвэрлэнэ.
5.                  Лаборатори нь Ой, ан судлалын хүрээлэнгийн нэгж бөгөөд лабораториудын ажилтнуудыг хүрээлэнгийн захирлын тушаалаар томилно.
6.                  Лабораторийн эрхлэгч нь стандартчилал, чанарын баталгаажуулалтын хуульд зааснаар улсын байцаагч байна
7.                  Лаборатори нь чанарын гэрчилгээ, хуудас, тэмдэг хэрэглэнэ.
 
Хоёр. Лабораторийн үүрэг
 
1.                  Мод, сөөгийн үрийн чанар, гэмтлийг шаардагдаж байгаа стандарт, зааврын дагуу шинжилж, судлан хадгалах, өвчин хорлогчидтой тэмцэх аргачлалыг боловсруулж мөрдүүлнэ.
2.                  Мод сөөгийн үр бэлтгэх, боловсруулах, цэвэрлэх, хадгалах ажлын технологийн шаардлагыг хангах зөвлөмж, аргачлал өгч ажлын явцад хяналт тавина.
3.                  Мод сөөгийн үрийн ургацын үнэлгээг хянаж гарсан маргааныг шийдвэрлэнэ.
4.                  Үр бэлтгэх зориулалтаар сор, шилмэл модыг сонгох үрийн хэсгийг байгуулах, арчлан хамгаалах аргачлал өгч мөрдүүлнэ.
5.                  Тарьц суулгац ургуулах болон ойжуулалтын ажилд зөвхөн чанарын шинжилгээ хийгдсэн үрийг хэрэглүүлэх талаар хяналт тавина.
6.                  Үрийн чанарыг алдагдуулахгүйгээр улсын нөөцийн санд хадгалж зохих журмын дагуу зарцуулна.
7.                  Үрийн чанарыг буруу тодорхойлсон, бичиг баримтыг зөв үйлдээгүй, улсын нөөцийн үрийн хадгалалт хамгаалалт, зарцуулалтын журмыг зөрчсөн лабораторийн ажилтнуудад Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж хохирлыг арилгуулна.
 
Гурав. Лабораторийн эрх
 
1.                  Мод сөөгийн үр бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх ажлын технологийн горим стандартын шаардлагыг зөрчсөн байгууллага, буруутай хүмүүст стандартчилал, чанарын баталгаажуулалтын хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
2.                  Мод сөөгийн үрийн ургацыг буруу тодорхойлсон, акт баримтыг хүчингүй болгож үнэлгээг шинээр тогтоон, хохирлыг арилгуулна.
3.                  Шинжилгээгүй болон стандартын бус үрийг тариалалтад хэрэглэсэн аж ахуйн нэгж, иргэн байгууллагаар учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
4.                  Стандартын бус өвчин хорлогчдод хөнөөгдсөн гэмтсэн шаардлага хангахгүй үрийг устгах тухай акт гаргана.
5.                  Үрийн дээж авах, дээжийг шинжилгээнд илгээх, заавар, стандартыг зөрчсөн холбогдох бичиг баримтыг буруу ташаа үйлдсэн нөхцөлд хөнөөгдсөн үрийн дээжийг шинжилгээнд хүлээн авахаас татгалзаж үүнтэй холбогдон гарсан зардлыг буруутай хүмүүсээс гаргуулна.
6.                  Шаардлага хангаагүй агуулах саванд мод, сөөгийн үрийг хадгалж чанарыг бууруулах зэрэг зөрчил гаргасан ажилтанд торгууль, нөхөн төлбөр ногдуулна.
7.                  Боргоцой хатаагуурын ажиллагааны горимыг шалгаж технологи зөрчсөн нөхцөлд боргоцой хатаах, үр цэвэрлэх, ялгах ажлыг зогсоож буруутай этгээдээр хохирлыг төлүүлнэ.
8.                  Тогтоосон журмыг зөрчиж хөнөөлт шавьж, мэргэчид өвчинд нэрвэгдэн тарьц, суулгац, үрийг худалдан борлуулсан этгээдэд торгууль төлбөр оногдуулна.