A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, АН АМЬТНЫ ХОЛБОГДОЛТОЙ СУДАЛГААНЫ АЖЛЫН СОРЬЦ, ДЭЭЖИЙГ ГАДААД УЛСАД ГАРГАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
БО-ны сайд, ХҮ-ийн сайд, ГЕГ-ын даргын 1995 оны 168/А-463/318-р тушаалаар батлав.
 
 
АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, АН АМЬТНЫ ХОЛБОГДОЛТОЙ СУДАЛГААНЫ АЖЛЫН СОРЬЦ, ДЭЭЖИЙГ ГАДААД УЛСАД ГАРГАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.             Хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчид, шавьж /цаашид "ан амьтан" гэх/ тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг аливаа зориулалтаар гадаад улсад гаргахад энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2.             Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах зөвшөөрлийг олгоход амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах мөрд /CITES/, Монгол улсын Ан агнуурын тухай хуулийг мөрдлөг болгоно.
 
1.3.             Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын байгууллага, Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс энэхүү журмыг нэгэн адил мөрдөнө.
 
Хоёр. Ан амьтныг гадаад улсад гаргах
 
2.1.             Нэн ховор болон ховор ан амьтныг гадаад улсад гаргах асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
 
2.2.             Нэн ховор болон ховор ан амьтныг гадаад улсад гаргах асуудлыг Засгийн газар, элбэг ан амьтныг гадаад улсад гаргах асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
 
2.3.             Нэн ховор болон ховор ан амьтныг гадаад улсад гаргах асуудлыг засгийн газарт оруулахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, дүгнэлтийг гаргуулсан байна.
 
2.4.             Ан амьтныг гадаад улсад гаргах зөвшөөрөл, лицензийг нэг загварын, нэгдсэн дугаар бүхий хэвлэмэл тусгай маягтаар олгоно. Зөвшөөрөл, лиценз олгох нэгж, албан тушаалтныг байгаль орчин, худалдаа үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх баригч томилж гарын үсгийг баталгаажуулж байна.
2.5.             Гадаад улсад гаргах зориулалтаар ан амьтныг барихдаа Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6, 2 дахь хэсгийн 5 дугаар заалт, Жагсаалт, үнэлгээ, төлбөр хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 1995 оны 152 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт, энд дурдсан хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу ан амьтан барих төлбөр, хураамжийг тухайн ан амьтныг барих зөвшөөрөл авахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад төлөх бөгөөд уг байгууллага нь мөн хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр, хураамжийн мөнгийг улсын төвлөрсөн төсөв болон холбогдох сумын төсөвт шилжүүлнэ.
 
Гурав. Ан амьтны гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах
 
3.1.             Ан амьтны гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч уг түүхий эд, сорьц, дээжийн гарал үүсэл, тоо хэмжээ, чанар байдал, тэдгээрийг хэзээ, хаанаас ямар зөвшөөрлөөр хэрхэн бэлтгэсэн, эсвэл худалдан авсан, уг зүйлийг бэлтгэхтэй холбогдсон төлбөр, хураамжийн барагдуулалт, энэхүү экспортын үйл ажиллагаа нь олон улсын холбогдох гэрээ, конвенци, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нарийвчлан хянаж шалгасны үндсэн дээр ан агнуурын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтын дагуу гадаад улсад гаргах зөвшөөрлийг нэг загварын тусгай маягтаар олгоно.
 
3.2.             Ан амьтны гаралтай түүхий эд, судалгааны сорьц дээжийг гадаад улсад гаргах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан баримтыг бүрдүүлсэн байна.
 
а/ тухайн түүхий эд, сорьц, дээжийг бэлтгэхийн тулд ан амьтныг агнаж, барихад эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл,
 
б/ агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг төлсөн тухай баримт,
 
в/ тухайн түүхий эдийг худалдан авсан бол энэ тухай хоёр талын хамтран үйлдсэн тэмдэглэл байхын зэрэгцээ энэ журмын 3.2-ын "б"д заасан баримтыг бичгийг хавсаргасан байх,
 
г/ судалгаа, шинжилгээний ажил хийж сорьц, дээж авах тухай гадаад, дотоодын байгууллагатай хийсэн гэрээ, хэлэлцээр, судалгааны ажлын удирдамж, уг сорьц, дээжийг гадаад улсад гаргах зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг,
 
д/ боловсруулаагүй тарвага, зурамны арьс, тарвага, зурамнаас авч бэлтгэсэн түүхий эд, сорьц, дээжид ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагын тодорхойлолт.
 
3.3.             Зарим ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл, сорьц, дээжийг гадаад улсад гаргах асуудлыг журамлах, хязгаарлах, нарийн хяналттай болгох зорилгоор лиценз олгож байхаар Засгийн газраас тусгайлан тогтоосон бол уг асуудлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөл, мал эмнэлгийн сертификатыг үндэслэн гадаад улсад гаргах лицензийг Худалдаа, үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хянаж шийдвэрлэнэ.
 
3.4.             Ан амьтны гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах зөвшөөрлийг нэг загварын нэгдсэн дугаар бүхий, хэвлэмэл тусгай маягтаар олгоно. Зөвшөөрөл олгох нэгж, албан тушаалтныг байгаль орчин, худалдаа үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх баригчид томилж гарын үсгийг баталгаажуулж байна.
 
3.5.             Аливаа ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой сорьц, дээжийг гадаад улсад гаргах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь энэ тухай байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг авсны дараа уг ан амьтан, түүхий эд, сорьц дээжийг мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг шинжилгээнд оруулж, мал эмнэлгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллагаас сертификат авна. Зарим нэр төрлийн барааг улсын хилээр нэвтрүүлэхийг журамлах тухай Засгийн газрын шийдвэрийн дагуу холбогдох байгууллага /байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага/-ын тодорхойлолтыг үндэслэн гадаад гаргах бараа /ан амьтан, түүхий эд, сорьц, дээж/-нд Худалдаа, үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас лиценз авахдаа байгаль орчин, мал эмнэлгийн байгууллагын зөвшөөрөл, сертификатыг бүрдүүлсэн байна.
 
3.6.             Байгаль орчин, худалдаа үйлдвэр, мал эмнэлгийн байгууллагаас олгосон зөвшөөрөл, сертификат, лицензийг үндэслэн уг ан амьтан, түүхий эд, сорьц, дээжийг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг гаалийн байгууллага өөрийн хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хэрэгжүүлнэ.
 
Дөрөв. Гадаад улсад гаргахыг хориглох ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйл
 
4.1.             Монгол улсын ан агнуурын хууль тогтоомжоор агнах, барихыг хориглосон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг гадаад улсад гаргахыг хориглоно.
 
4.2.             Зохих журмын дагуу бэлтгэгдсэн бугын цусан ба ясан эвэр, холбогдох зөвшөөрөлтэйгөөр гадаадын анчдын агнасан ангийн олзворын зүйл /эвэр, арьс шир г.м/ энэ зүйлийн 1-д хамаарахгүй.
 
Тав. Бусад зүйл
 
5.1.             Ан амьтныг хамгаалах, үйлдвэрлэл, зах зээл, гадаад худалдаа, үнийн бодлогыг зохицуулах зорилгоор зарим ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргахыг ан агнуурын хуулийн дагуу Засгийн газраас, эсвэл Засгийн газраас эрх олгосон дагуу байгаль орчин, худалдаа, үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хамтарсан шийдвэрээр бүрмөсөн буюу тодорхой хугацаагаар хориглож болно.
 
5.2.             Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах CITES-ийн маягтыг энэ журмын 2.4, 3.4-д дурдсан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох албан тушаалтан олгоно.
 
5.3.             Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.