A

A

A

Бүлэг: 1979
ДБХ-ийн сайдын 1999 оны 52 дугаар тушаалын хавсралт
 
 
 
БАРИЛГЫН НОРМ, НОРМАТИВЫГ БОЛОВСРУУЛАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.           Барилгын нормативын баримт бичгийн төслийг боловсруулах, хянан тохиолдуулах, шүүмж-дүгнэлт гаргах, салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх, төрийн төв байгууллагад оруулж баталгаажуулах үйл ажиллагааг цэгцтэй зохион байгуулж, энэ ажилд оролцогчдын эрх үүргийг оновчтой тодорхойлж тэдний хариуцлагыг тодруулан тогтоож, үр дүнг тооцоход энэхүү журмын зорилго оршино.
 
1.2.           Барилга угсралт, засвар, шинэчлэлтийн ажил, барилгын материалын үйлдвэрлэл, зураг төсөл, хайгуул, геодези зураг зүйн ажлын төлөвлөлт, технологи, үйлдвэрлэл, зохион байгуулалт, удирдлагын бүх шатны барилгын норм, дүрэм, үнэ тариф, тэдгээрт дагалдах заавар зөвлөмж, журам зэрэг нь барилгын нормативын баримт бичигт хамаарна. Цаашид "Баримт бичиг" гэнэ.
 
Хоёр. Баримт бичгийг боловсруулах
 
2.1.           Барилгын нормативын баримт бичгийг боловсруулах ажлыг зохион байгуулагч нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг "Барилга архитектурын газар бөгөөд төслийг баталгаажуулагчийн өмнө ажлын үр дүнг хариуцна.
 
2.2.           Барилга архитектурын газар нь төслийг итгэмжлэл бүхий байгууллага, аж ахуйн нэгж, мэргэжилтний хамтлагтай аж ахуйн гэрээ байгуулах замаар гүйцэтгүүлнэ. Аж ахуйн гэрээнд оролцогч талууд гэрээг бүрэн зурж баталгаажуулсан огноо нь гэрээт ажил эхэлсэн хугацаа болно.
 
2.3.           Баримт бичгийн төслийг хариуцан гүйцэтгэгч нь батлагдсан төслийн техникийн даалгаврыг удирдамж болгон зөвшөөрөгдсөн аргачлалын дагуу чанартай боловсруулж тухайн үед мөрдөгдөж буй хэв загвар, маягтад нийцүүлэн бэлтгэнэ.
 
2.4.           Төслийн техникийн даалгаврыг яамны тухайн салбар хариуцсан түшмэл хянаж, газрын дарга батална. Баримт бичиг боловсруулах аргачлалыг зохион байгуулагч Барилга архитектурын газрын мэргэжилтэн болон захиалагч байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч нар хянаж Барилга архитектурын газрын дарга бөгөөд салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн дарга зөвшөөрнө.
 
2.5.           Төслийн боловсруулалтад оновчтой нэр томьёо хэрэглэх бөгөөд шаардлагатай гэж үзвэл хадмал орчуулга /терминологический словарь/ хийж төсөлд хавсаргана. Энэхүү хадмал орчуулга нь төслийн бүрэлдэхүүн хэсэг байна.
 
2.6.           Хариуцан гүйцэтгэгч нь баримт бичиг боловсруулахад ашигласан өгөгдөл, үндэслэл, ишлэл, ном, судалгааны ажлын тайланг ШУА-ын техникийн шинжлэх ухааны салбарын эрдмийн зөвлөлийн 1993 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 7 дугаар хурлын тогтоолоор батлагдсан "Судалгаа, техник, технологи, төслийн эрдэм шинжилгээний тайлан бичих, хүлээн авах журам"-ын дагуу боловсруулж захиалагч буюу зохион байгуулагч байгууллагад өгөх үүргийг хүлээнэ.
 
2.7.           Төслийн удирдагч, хянан тохиолдуулагч /редактор/-ийг хариуцан гүйцэтгэгч гэрээний үндсэн дээр сонгон зохион байгуулагч байгууллагын эрх баригчийн тушаалаар томилуулна. Хянан тохиолдуулагч нь төсөл боловсруулах бүх үе шатанд ажиллана. Хянан тохиолдуулагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээгээр тодорхойлно.
 
2.8.           Хянан тохиолдуулагч нь ажлын тайлан бичиж, өөрийн дүгнэлтээ гаргах бөгөөд эдгээр нь нэгдүгээр редакцийн материалын хамт зохион байгуулагчид өгнө. Хариуцан гүйцэтгэгч нэгдүгээр редакцийн материалыг 2 хувь үйлдэж ирүүлнэ. Хянан толилуулагчийн тайланд хариуцан гүйцэтгэгчид өгсөн заавар чиглэл, зөвлөмжийг огноотой бичиж биелэлтийг гаргасан байна.
 
2.9.           Төслийг зохион байгуулагчид ирүүлэх шүүмж дүгнэлтийн дагуу хянан засварлах, салбарын шинжлэх ухаан, техник эдийн засгийн зөвлөлийн хуралд танилцуулах зохих байгууллагад оруулж батлуулах шатанд тайлбар, нэмэлт хийх, эцэслэн засварлаж сайжруулах, төслийн эх бэлтгэхтэй холбогдсон баримт бичиг иж бүрдүүлж тушаах ажлыг бүхэлд нь төслийн удирдагч хариуцна.
 
Гурав. Шүүмж, дүгнэлт гаргах
 
3.1.           Боловсруулсан баримт бичгийн төслийн ач холбогдол, хэрэглэх хүрээ, тогтоосон үндэслэл, тэдгээрт өгөх ерөнхий дүгнэлтийг тусгайлан томилогдсон шүүмжичдийн хэсэг гаргана.
 
3.2.           Шүүмжичдийн /резенценты/ хэсгийг Барилга архитектурын газрын даргын тушаалаар томилох бөгөөд тушаалд шүүмж-дүгнэлт гаргах хугацааг тодорхой заана.
 
3.3.           Шүүмжичид нэгдүгээр редакцийн дараах хариуцан гүйцэтгэгчээс ирүүлсэн 2 хувь материалыг зохион байгуулагч өгнө. Шүүмжич нэмэлт материал шаардвал төслийн удирдагч хариуцан гаргаж өгнө.
 
3.4.           Шүүмжичийн шүүмж – дүгнэлт нь хэсгийн бүх гишүүд зөвшөөрч үзэглэснээр хүчин төгөлдөр болно.
 
Дөрөв. Баримт бичгийг хэлэлцүүлэх
 
4.1.           Төслийг боловсруулсан тухай товч танилцуулгыг төслийн удирдагч, хариуцан гүйцэтгэгч хамтран бичиж шүүмж – дүгнэлтийн хамт салбарын шинжлэх ухаан, техник эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн даргад өгнө.
 
4.2.           Шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, баримт бичгийн иж бүрдлийг шалган хүлээж авах бөгөөд дутуу, шаардлага хангаагүй төслийг буцаах эрхтэй.
 
4.3.           Материалыг хүлээж авснаас хойш ажлын 10 хоногт багтаан хурлаар хэлэлцүүлнэ.
 
4.4.           Хурал дээр гарсан санал, зөвлөмж, дүгнэлт, тэдгээрийн дагуу засварлаж бэлтгэх хугацааг тэмдэглэлд тодорхой зааж өгнө.
 
Тав. Баримт бичгийг баталгаажуулах, тараах
 
5.1.           Шүүмж-дүгнэлт, салбарын шинжлэх ухаан, техник эдийн засгийн зөвлөлийн хурлаас өгсөн санал, зөвлөмж, дүгнэлтийг хэрхэн тусгасан талаар төслийн удирдагч, хариуцан гүйцэтгэгч нар танилцуулга бэлтгэж зөвлөлийн дарга, орлогч дарга, тэднийг эзгүйд нарийн бичгийн даргад шалгуулан зөвшөөрүүлж, Барилга архитектурын газрыг төлөөлөн гэрээ байгуулсан албан тушаалтанд өгнө.
 
5.2.           Гэхдээ төрийн төв байгууллагаар баталгаажуулах нөхцөлд 4 хувийг бүрэн эхээр бэлтгэж, гарах шийдвэрийн төсөл, танилцуулгыг хамт ирүүлнэ.
 
5.3.           Төрийн төв байгууллагаас баталгаажуулсны дараа Барилга архитектурын газар хариуцан тараах, сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.