- Нүүр
- Сайдын тушаал
- БАГА ОВРЫН АВТОБУСААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРАМ
"БАГА ОВРЫН АВТОБУСААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРАМ"-ЫН ТАНИЛЦУУЛГА
1999 онд батлагдсан Монгол улсын "Автотээврийн тухай" хуулиар Хотын доторх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд Монгол улсын стандарт MNS 4598-98-д заасны дагуу 2-3 хаалгатай, их багтаамжийн автобус ажиллуулах болсон билээ. Гэсэн ч нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд стандартын их багтаамжийн автобусны хүрэлцээ муу, зохих хэмжээнд парк шинэчлэлт хийх хөрөнгийн асуудал шийдэгдэхгүй байгаагаас хувийн бага оврын автобустай иргэд, аж ахуйн нэгжийг үйлчилгээнд оролцуулах болсноор сөрөг үр дагавар гарч байна.
Тухайлбал хүн тээвэрлэж ашиг олох зорилгоор Солонгос улсаас хуучирсан жижиг автобусыг олноор оруулж ирснээс илүүдэл бий болж, бүртгэл зөвшөөрөлгүйгээр хүн тээвэрлэж, хоорондоо уралдан буудал зогсоол дээр удаан зогсон хашгачих, нийтийн тээврийн хэрэгслээр хуулиар хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй зорчих иргэдийг зохих журмын дагуу үйлчлэхгүй байх зэргээр үйлчилгээний дэг журам, соёлыг зөрчиж зорчигчдыг гомдоон чирэгдүүлж байгаа тухай санал гомдол ихсэж байна.
Стандартын бус бага оврын автобуснууд бүртгэл, зөвшөөрөлгүйгээр хүн тээвэрлэн зөрчил гаргах, замын хөдөлгөөний болон автобусны буудлуудын ачаалал нэмэгдэх, их багтаамжийн автобуснууд буудал зогсоол дээрээ багтахгүй болж байгаа нь хөдөлгөөний аюулгүй байдал алдагдан аваар осол нэмэгдэж байгааг харгалзан 2000 оны 4 дүгээр сарын 1-ний Дэд Бүтцийн Сайд, НЗД-ын 80/А-35 тоот хамтарсан шийдвэрээр нийслэлийн ачаалал ихтэй зарим гудамж, замуудад бага оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд оролцохыг хязгаарласан арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн нийслэлийн нийтийн зорчигч тээврийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор 5 дугаар сард нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх сонирхолтой бага оврын автобустай иргэд аж ахуйн нэгжүүдийн дунд тендер зарлан дүгнэж, 29 авто аж ахуйн нэгжийг шалгаруулан НЗД-ын 173 тоот захирамжаар үйл ажиллагааг нь эхлүүлсэн юм.
Ингэснээр зохих хэмжээний санхүү эдийн засгийн чадавх, үйлдвэрлэлийн болон материаллаг хүчин чадал, мэргэжлийн боловсон хүчин, шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй байх гэсэн нөхцөлүүдийг зохих хэмжээнд хангасан аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн тодорхой тооны тээврийн хэрэгсэлд "зөвшөөрлийн карт" олгож, "ажил үйлчилгээ"-ний гэрээ байгуулан ажилласнаар үйлчилгээ зохих хэмжээгээр сайжран, иргэд зорчигчдоос ирсэн гомдол бүр эзэнтэй, хариуцлага тооцох боломжтой болж хяналт шалгалтын ажил жигдэрч байсан билээ.
Гэтэл тендерт шалгараагүй болон материалаа цагт нь ирүүлээгүйгээс тендерт оролцож чадаагүй зарим аж ахуйн нэгжүүдийн захирал, эздүүд шударга бус тендерийг эсэргүүцэх "түр хороо" байгуулан сонгууль явагдах цаг үеийг ашиглан улс төржүүлж, жолооч нарыг автомашинтай нь ДБХЯам, НЗДТГазар зэрэг төр захиргааны байгууллагуудын үүдэнд жагсаал зохион байгуулан улс төрийн намуудын удирдлага, сонгуулийн хороодод хандаж өргөх бичиг өгч тулган шаардаж байснаар, Монгол улсын ерөнхий Сайд 6 дугаар сарын 21-ны 75 тоот захирамжаараа НЗД-ын 173 тоот захирамжийг хүчингүй болгосон билээ.
Ингэснээр тендерт шалгарсан, шалгараагүй бүх аж ахуйн нэгжүүд болон тэдгээрийн бүртгэсэн тээврийн хэрэгслүүдэд зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах "зөвшөөрлийн карт"-ыг олгож, үйлчилгээний нэг чиглэлд хэд хэдэн аж ахуйн нэгжийг хуваарилан, тээврийн хэрэгслийг нь ээлжээр ажиллуулахаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.
Гэвч "Зөвшөөрлийн карт" авсан микро автобустай иргэд бүртгэлтэй байгууллага, үйлчлэх эрх авсан чиглэл, хуваарийг харгалзахгүйгээр дураараа замын хуудасгүй үйлчилгээнд оролцох явдал ихсэж, хяналт шалгалтын ажлыг хүндрүүлэх боллоо.
Мөн бага оврын автобусны ихэнх нь аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй боловч өдөр бүр техникийн хөдөлгөөний аюулгүй байдлыг шалгах шалгуулах тогтсон систем байхгүйгээс бүрэн бус техникээр гудамж замын хөдөлгөөнд оролцож, осол зөрчил гаргах, байгаль орчныг бохирдуулах явдал үргэлжилсээр байна.
Иймд нийтийн тээврийн зориулалтын их багтаамжийн автобус хүрэлцээгүй үед бага оврын автобусыг журамлан цэгцэлж, тусгай нөхцөл шаардлагын дагуу зорчигч тээврийн үйлчилгээнд оролцуулж автотээврийн хөдөлгөөний дэг журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор "Бага оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх журам" боловсруулав.
ЗАМ, ТЭЭВЭР, МЭДЭЭЛЭЛ, ХОЛБОО АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР
ДБ-ийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 04/03 тоот тушаал, захирамжийн хавсралт
БАГА ОВРЫН АВТОБУСААР ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь хот хооронд, орон нутагт, хот доторх болон хот орчимд бага оврын автобусаар зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2. Энэ журамд заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зорчигч тээврийн үйлчилгээг эрхэлж болно.
3. Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулж, хяналт тавих үйл ажиллагааг Авто тээврийн асуудал эрхэлсэн төв байгууллага, аймаг, нийслэлийн тээвэр зохицуулалтын алба зохих хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
Хоёр. Зорчигч тээвэрлэлтийн төрөл
а/ Нийтийн тээвэр
4. Нийтийн тээврийн үйлчилгээг бага оврын автобусаар дараах байдлаар зохион байгуулна.
- туслах чиглэлийн үйлчилгээ;
- буухиа чиглэлийн үйлчилгээ.
"Туслах чиглэлийн үйлчилгээ" гэж нийтийн тээврийн үйлчилгээний ачааллыг хөнгөвчлөх, шуурхай байдлыг хангах зорилгоор тусгайлан батлагдсан чиглэл, цагийн хуваарийн дагуу гүйцэтгэж байгаа үйлчилгээг хэлнэ.
"Буухиа үйлчилгээний чиглэл" гэж тогтоосон цэгүүдээс хүн амын бөөгнөрөл үүссэн үйлчилгээний төвүүдийг холбон, нэр заасан цөөн тооны зогсоолуудад зогсон гүйцэтгэж байгаа үйлчилгээг хэлнэ.
5. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд холбогдох журмуудын дагуу "тусгай зөвшөөрөл", "зөвшөөрлийн карт", "зорчигч тээвэрлэлтийн хяналтын талон" олгоно.
б/ Захиалгат үйлчилгээ
6. "Захиалгат үйлчилгээ" гэж эрх бүхий байгууллагаас тусгайлан тогтоосон зориулалтын зогсоол талбайгаас иргэдийн захиалгаар гүйцэтгэж байгаа үйлчилгээг хэлнэ.
7. Захиалгат үйлчилгээний зогсоолын талбайг нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол талбайгаас тусад нь зохион байгуулна.
8. Захиалгат үйлчилгээ гүйцэтгэх бага оврын автобус нь " Захиалгат үйлчилгээ" гэсэн тусгай хаягтай байна.
Гурав. Тээвэрлэгчид тавигдах шаардлага
9. Зорчигч тээврийн үйлчилгээнд 5-аас доошгүй жил жолоочоор тасралтгүй ажилласан, жолооны " Д" ангилалтай жолооч ажиллана.
10. Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах бага оврын автобус нь энэ журмын 15-д заасны дагуу авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн байна.
11. 3орчигч тээврийн үйлчилгээ эрхлэх "тээвэрлэгч" /жолооч, кондуктор/ нь эрх бүхий байгууллагын сургалтад хамрагдаж "тээвэрлэгч- жолооч", "тээвэрлэгч- кондуктор!|-оор мэргэшсэн байна.
12. Шугамд ажиллахдаа автобусны аж ахуйн нэгжийн эмблем гараашийн дугаар, чиглэлийн нэр, дугаарыг зорчигчдод харагдахуйц газар байрлуулж, тээвэрлэгч нь нэрийн хуудсаа энгэртээ зүүж, үйлчилгээний даалгаврын хуудас, зорчих тасалбарыг бүрдүүлсэн байна.
13. Буухиа болон туслах чиглэлийн үйлчилгээнд ажиллах бага оврын автобусны гадна талд "нийтийн тээвэр" гэсэн бичиглэл бүхий тууз хоёр талд нийтэд тод харагдахуйцаар байрлуулна.
а/ Туузын хэмжээ:
урт нь 2200мм, өргөн нь 180мм.
үсэгний хэмжээ өндөр нь 100мм, өргөн нь 50мм.
Дэвсгэр өнгө нь шар, үсэгний өнгө хөх
б/ Чиглэлийн хаягийн хэмжээ:
урт нь 400мм, өргөн нь 200мм
үсэгний өнгө хар
Дэвсгэр өнгө: буухиа чиглэлд ногоон, туслах чиглэлд шар
14. 3орчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа тээвэрлэгч нь буудал зогсоолууд дээр үйлчилгээний тухай нийтэд хашгирч зарлахыг хориглоно.
15. 3орчигч тээврийн үйлчилгээнд ажиллах бага оврын автобус нь Монгол улсын стандарт MNS 4598-98-д заасан техникийн шаардлагыг хангасан байна. Бага оврын автобусны эдэлгээний хугацааг харгалзан доор заасан үечлэлээр авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдсан байна. Үүнд:
насжилт техникийн үзлэг, оношлогоо /1 жилд/
0-4 жил хүртэл 2 удаа
4-дээш 3 удаа
Тав. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага
16. Энэхүү журамд заагдсан зорчигч тээврийн үйлчилгээнд тавигдах шаардлагууд болон дагаж мөрдөх хууль, тогтоомжийг зөрчсөн буруутай этгээдэд авто тээврийн хяналтын улсын байцаагч, замын цагдаагийн эрх бүхий ажилтан зохих хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A