- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА НИЙТИЙН АЖ АХУЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ДҮРЭМ
Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 8-р тушаалын 1 дүгээр хавсралт
БАРИЛГА НИЙТИЙН АЖ АХУЙН
ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТӨВИЙН ДҮРЭМ
1.1. Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв нь /цаашид "төв" гэнэ/ барилга, орон сууц, нийтийн аж ахуйн талаар төрөөс явуулж буй бодлогын хэрэгжилт, уялдаа, үр нөлөөг шинжлэх ухааны үндэстэй судлах, шаардагдах судалгаа, мэдээллээр Барилга, хот байгуулалтын яамыг хангах, холбогдох асуудлаар бодлого боловсруулах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар тодорхой асуудлаар судалгаа, тайлан бэлтгэх, барилгын материал, бүтээгдэхүүнийг баталгаажуулалтад хамруулж гэрчилгээ олгуулах, экспертийн болон техникийн дүгнэлт гаргах үйл ажиллагааг зохион байгуулах зорилго бүхий үйл ажиллагааныхаа зардлыг өөрөө санхүүжүүлдэг албан байгууллага мөн.
1.2. Төв нь Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
1.3. Төв нь үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, Барилга, хот байгуулалтын сайдын гаргасан шийдвэр, түүнчлэн энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.
1.4. Төв нь Барилга, хот байгуулалтын яамыг холбогдох мэдээлэл, санал зөвлөмжөөр хангаж, ажлаа Барилга, хот байгуулалтын сайдад тайлагнана.
1.5. Төв нь хуулийн этгээд мөн бөгөөд зохих журмын дагуу тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэж банканд данстай байна.
1.6. Төвийн бүтэц, дүрэм, төвийн байгууллага аж ахуйн нэгж, иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээний үнэ тарифыг Барилга, хот байгуулалтын сайд батална.
1.7. Төв нь өдөр тутмын үйл ажиллагаагаа дотоод журам, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт, ажил үүргийн хуваарийн дагуу явуулна.
Хоёр. Төвийн үйл ажиллагааны зарчим, үндсэн чиглэл
2.1. Төв нь дор дурдсан үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна:
2.1.1. Монгол Улсын барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хөгжлийн ойрын жилүүдийн зорилт болон хэтийн төлөв, чиг баримтлалыг хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа, дэмжлэг, үйлчилгээгээр хангах ажлыг хөрөнгө, хүчний боломжид тулгуурлан хэрэгцээ, техник, технологи, хэрэглээний шаардлагад нийцүүлэн дэс дараатай зохион байгуулна.
2.1.2. Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн салбарын тогтолцоо, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн үр нөлөөг /зөрчил, хийдэл, харилцан уялдаа, давхардал, хэрэглэж буй байдал/ шинжлэх ухааны арга зүйд тулгуурлан судалж шинжлэх, санал дүгнэлт, зөвлөмж боловсруулах, эрдэм шинжилгээний хурал, семинар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах зэргээр салбарын судалгааны ажлыг хөгжүүлэх;
2.1.3. Барилга байгууламжийн бүртгэл, паспортжуулах ажлыг зохион байгуулж, газар хөдлөлийн болон бусад нөлөөллийн улмаас хэв гажилт, эвдрэлд орсон барилга байгууламжид техникийн дүгнэлт гаргах;
2.1.4. Зөвлөмжийн шинж чанартай зураг төсөл ба барилга үйлдвэрлэлийн дүрмийн цомог, заавар, зөвлөмжийг Барилга, хот байгуулалтын яамнаас албан ёсны зөвшөөрөл авч баталж мөрдүүлэх, барилгын нэг маягийн хийц, хэсэглэл, эдлэхүүний альбом, каталогийг баталгаажуулах, тооцоо.төсөв, зураг-хайгуулын ажлын програм хангамжийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
2.1.5. Гадаад, дотоодын барилгын зургийн байгууллагаас боловсруулсан тус улсын нутаг дэвсгэр . дээр барих, засвар шинэчлэлт хийх барилга байгууламжийн зураг төсөл, барилгын инжөнер геологийн дүгнэлт, тайлан, хот байгуулалт, хот суурин газрын ерөнхий төлөвлөгөө, төсөлд экспертиз, шүүмж хийх ажлыг зохион байгуулах;
2.1.6. 3ураг төсөл, хайгуул, барилга угсралт, хот байгуулалт, архитектур, нийтийн аж ахуй, барилгын материалын үйлдвэрлэлийн ажилд нийтлэг мөрдөх норм, норматив, заавар, журмын төслийг боловсруулах, барилгын норм, нормативыг боловсронгуй болгох сангийн хөрөнгөөр хийх ажил, төсөл, арга хэмжээний төлөвлөгөөний төсөл боловсруулж батлуулах, гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулан дүгнэх, зохих журмын дагуу батлуулах ажлыг зохион байгуулах;
2.1.7. Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлийн бусад ажлыг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж тайлан, судалгаа, бусад баримт бичгийг бэлтгэх;
2.1.8. Нийслэл, орон нутгийн инженерийн байгууламжийн ашиглалт, төхник, технологийн түвшинд техникийн үнэлгээ өгөх, шинэчлэх, боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын урьдчилсан тооцоо, судалгаа, тайлан бэлтгэх, нийтийн аж ахуйн салбарт хувийн хөрөнгө оруулалтыг дэмжих санал боловсруулах;
2.1.9. Улсын төсвийн хөрөнгөөр барилга, нийтийн аж ахуйн салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг боловсруулж, захиалагчийн үүргийг гүйцэтгэх;
2.1.10. Ус сувгийн инженерийн барилга байгууламжийн технологийн туршилт тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэх;
2.1.11. Барилга, орон сууц, архитектур, нийтийн аж ахуйн бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, шинэ техник, төхнологи, дэвшилтэт арга ажиллагааг танилцуулах сэтгүүл, эмхтгэл гаргаж, хэрэглэгчдэд хүргэх;
2.1.12. Төвийн дотоод сүлжээг сайжруулах замаар мэдээлэл солилцох техникийн болон програм хангамжийн асуудлыг шийдвэрлэж, мэдээллийн сан, баазыг баяжуулж, цахим санг бүрдүүлж ажиллах;
2.1.13. Монгол Улсын хүн амын нутагшил, суурьшил, хот байгуулалт, барилга байгууламжийн зураг, төсөв, салбарын эрдэм шинжилгээний тайлан, инженер-геологийн дүгнэлт, салбарын норм, дүрэм, нормативын баримт бичигт нэгдсэн журмаар шифр, дугаар олгож бүртгэх, тэдгээрийг хэрэгжүүлэх талаар заавар, зөвлөгөө өгөх, түүнтэй холбогдон гарсан баримт бичиг, матөриал нь зохиож боловсруулсан байгууллагын болон улсын хэмжээний түүхийн тулгуур материал болох тул түүнийг иж бүрэн болгож, ач холбогдлоор нь ангилан ялгаж, эмхлэн цэгцлэж "Архивын тухай" хуулийн дагуу хадгаламжийн нэгж болгон хадгалж, хот байгуулалт, нийтийн аж ахуйн болон барилгын зураг, төсөв, норм, норматив, стандарт, альбом, каталог, нэг маягийн зураг, техникийн болон төсвийн үнэлгээний ном зэрэг байнгын материалаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд үйлчлэх;
2.1.14. Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил, нийтийн аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ, цахилгаан шат, өргөх краны угсралт, засвар үйлчилгээ, зуух, даралтад сав, шугам хоолойн угсралт, засвар, үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон бичиг баримт, материалуудыг хүлээн авч, зохих шаардлагыг хангуулан тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг Барилга, хот байгуулалтын яаманд оруулж шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулах;
2.1.15. Барилга, хот байгуулалтын яамны дотоод статистик мэдээллийн тайлан, мэдээг байгууллагуудаас цуглуулан нэгтгэж, хугацаанд нь яаманд хүргүүлэх, барилга, нийтийн аж ахуйн салбарын техник, технологийн тулгамдсан асуудлыг судалж, шийдвэрлэх арга замын талаар холбогдох байгууллагатай хамтран санал боловсруулж яаманд хүргүүлэх, шинжлэх ухаан технологийн төслүүдийн үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх талаар бодит ажил зохион байгуулж, салбарын техник, технологийн бодлогын хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх; .
2.1.16. Барилгын материалын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг чанарын баталгаажуулалт, тохирлын үнэлгээнд бүрэн хамруулах, барилга угсралтад зөвхөн тохирлын үнэлгээнд хамрагдсан чанар, эрүүл ахуйн аюулгүй материал, бүтээгдэхүүн хэрэглэх журам, стандартыг бий болгох, хэрэгжүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
2.1.17. Барилга, хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл олгогдсон хуулийн этгээдтэй гэрээ байгуулан гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах;
Гурав. Төвийн удирдлага, зохион байгуулалт
2.1. Төвийг Барилга, хот байгуулалтын сайдын томилсон дарга тэргүүлнэ.
3.2. Төвийн удирдлага нь даргын зөвлөл, дарга, дэд дарга, нэгжийн дарга нараас бүрдэнэ.
3.3. Төвийн ажилтнуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг байгууллагын дотоод журмаар зохицуулна.
3.3. Төвийн хөдөлмөрийн дотоод журам, мэргэжилтнүүдийн ажлын байрны тодорхойлолтыг төвийн даргын тушаалаар батлан мөрдүүлнэ.
3.4. Даргын зөвлөл
3.4.1. Даргын зөвлөл нь төвийн дарга, дэд дарга, нэгжийн дарга, Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтэн зэрэг албан тушаалтнаас бүрдэх бөгөөд төвийн үйл ажиллагааны хөтөлбөр, төлөвлөгөө, захиалгаар хэрэгжүүлэх төсөл болон байгууллагын дотоод зохион байгуулалт, аж ахуй, санхүүгийн үйл ажиллагаа, ажилтны нийгмийн баталгааг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ.
3.4.2. Даргын зөвлөлийг Төвийн дарга даргалах ба зөвлөлийн бүрэлдэхүүнийг даргын тушаалаар батална.
3.4.3. Даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөх ба шаардлагатай тохиолдолд дарга тэмдэглэлийг үндэслэн тушаал гаргаж асуудлыг шийдвэрлэнэ.
3.4.4. Барилгын шинэ бүтээц,материал, техник технологи, нэг маягийн хийц хэсэглэлийн альбом, зураг төслийн програм, барилгын бүтээцийн хүчитгэл, бэхэлгээ, паспортжуулалт зэрэг техникийн асуудал хэлэлцэж зөвлөмж гаргах техникийн зөвлөлтэй байж болно.
3.5. Дарга
3.5.1. Төвийн даргыг Барилга, хот байгуулалтын сайд томилно. Төвийн дарга Барилга, хот байгуулалтын яамны сайдтай /2005.12.12-ны 116-р тушаал/ бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулж ажиллана.
3.5.2. Төвийн дэд даргыг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга томилно.
3.5.3. Дарга Төвийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л асуудлыг удирдан хэрэгжүүлж Барилга, хот байгуулалтын яаманд ажлаа тайлагнана.
3.5.4. Дарга Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, ажлын үр дүн, чанарыг дээшлүүлэх арга хэмжээ авах, төвийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, түүний биелэлтийг хангах, гүйцэтгэлд хяналт тавих, хэлтсүүдийн ажлын уялдаа холбоог хангах, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүрэг хүлээж ажиллана.
3.5.5. Дарга Төвийн нэгжүүдийн төлөвлөгөөг хянаж батлах, Төвийг төлөөлж гадаад, дотоодын байгууллага, иргэдтэй харилцах, гэрээ хэлцэл байгуулах, Төвийн төсөв, эд хөрөнгийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах, нэгжийн дарга, ажилтныг ажилд томилох, чөлөөлөх, шагнаж урамшуулах, арга хэмжээ авах, хууль тогтоомжоор олгогдсон бусад эрх эдэлнэ.
3.5.6. Дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал гаргана.
3.5.7. Дарга төвийн орлого, зарлагын төсвөө Барилга, хот байгуулалтын сайдаар батлуулж, түүнийг үндэслэн Барилга, хот байгуулалтын сайдын баталсан дүрэм, зохион байгуулалтын бүтцийн дагуу төвийн орон тоо, цалингийн санг батална.
3.6. Нэгжийн удирдлага
Хэлтсийн дарга нь хариуцсан салбар, нэгжийн үйл ажиллагааг байнгын тасралтгүй, шуурхай удирдлагаар хангаж, дотоод уялдаа холбоог зохицуулах, нэгжийн чиг үүргийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж батлуулах, тайлан тооцоо гаргах зэрэг ажлыг зохион байгуулах үүрэг хүлээнэ.
Дөрөв.Төвийн санхүүжилт
4.1. Төвийн санхүүжилтийн зарчим
4.1.1. Төв нь төрийн өмчийн байгууллага байх бөгөөд өөрийн үйл ажиллагааны орлогын эх үүсвэрээс санхүүжнэ.
4.1.2. Төв нь хууль тогтоомжиД нийцүүлэн төсөл хэрэгжүүлэх, гэрээгээр ажиллах, төлбөртэй үйлчилгээ, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлнэ.
4.1.3. Төвийн нягтлан бодох бүртгэлийн бодлогыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх, санхүүгийн тайлан тэнцэлд аудит хийлгэх зарчмыг мөрдлөг болгоно.
4.1.4. Төвийн санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
4.1.4.1. Байгууллага, иргэдэд үзүүлэх үйлчилгээний орлого.
- инженерийн тооцоолол, техникийн дүгнэлт үнэлгээний орлого
- зөвлөгөө, сургалт, сурталчилгааны орлого
- зураг, төсөл боловсруулсны орлого
- туршилт, тохируулгын орлого
- тендерийн материал боловсруулж.худалдсаны орлого -бараа, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл, бүтээгдэхүүн, ном, гарын авлага борлуулсны орлого
- мэдээллийн санд шүүлт хийсний орлого
4.1.4.2. Барилга байгууламжийн зураг төсөл, төсөв, инженер хайгуулын экспертиз, дүгнэлт гаргах үйлчилгээний орлого
4.1.4.3. Норм, дүрэм, нормативын баримт бичиг боловсруулсан болон борлуулсны орлого
4.1.4.4. Тусгай зөвшөөрөл олгох үйлчилгээний орлого
4.1.4.5. Архив.мэдээллийн төвийн үйлчилгээний орлого
4.1.4.6. Сэтгүүл борлуулсны орлого
4.1.4.7. Захиалагчийн техник хяналтын орлого
4.1.4.8. Түрээсийн орлого
4.1.4.9. Бусад
4.1.4.10. Газар хөдлөлт, техникийн магадлалын албаны улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих урсгал зардал
4.1.4.11. Гадаад, дотоодын дэмжигч, ивээн тэтгэгч байгууллага, хүмүүсийн хандив, зээл, тусламж
4.1.4.12. Төв нь заагдсан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах төсвөө бүрдүүлэхийн тулд хуулиар хориглоогүй бусад ажил үйлчилгээ эрхэлж орлогоо нэмэгдүүлнэ.
Тав. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах
5.1. Төвийн дүрэм, бүтцэд өөрчлөлт оруулах саналыг Даргын зөвлөлөөр хэлэлцэж, Барилга, хот байгуулалтын сайдад уламжилж шийдвэрлүүлнэ.
Текст томруулах
A
A
A