- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН САЛБАРЫН НОРМ, НОРМАТИВЫН БААЗЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ САНГИЙН ДҮРЭМ
Барилга, хот байгуулалтын сайдын 2005 оны 10-р тушаалын 1 дүгээр хавсралт
БАРИЛГЫН САЛБАРЫН НОРМ, НОРМАТИВЫН
БААЗЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ САНГИЙН ДҮРЭМ
1.1. Барилгын салбарын норм, нормативын баазыг боловсронгуй болгох сангийн /цаашид "сан" гэнэ/ зорилго нь "Барилгын тухай" хуулийн 6.1.3 дугаар зүйлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд барилгын норм, дүрмийн тогтолцоог техникийн өндөр хөгжилтэй бусад орнуудын туршлагыг тусгах замаар олон улсын стандартын түвшинд хүрсэн, өөрийн орны нөхцөлд тохирох үндэсний норм, дүрэм, нормативын шинэ баазыг бий болгох зорилгоор хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, түүнийг зориулалтын дагуу зарцуулахад оршино.
1.2. Барилга.хот байгуулалтын дэд сайдын баталсан техникийн даалгавар, Сангийн удирдах зөвлөлийн баталсан жилийн төлөвлөгөөний дагуу барилгын салбарын норм, нормативыг боловсруулж батлуулах ажлыг Барилга,нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төв эрхлэн гүйцэтгэнэ.
1.3. "Сан"-г байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг Барилга.хот байгуулалтын сайдын тушаалаар шийдвэрлэнэ.
1.4. "Сан"-г байгуулах хөрөнгийг бүрдүүлэх, түүнийг зарцуулах үйл ажиллагаанд барилгын ажил /зураг төсөл, барилга угсралт, барилгын матөриалын үйлдвэрлэл/ эрхэлдэг байгууллагуудыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр хамруулан оролцуулах зарчмыг баримтална.
1.5. "Сан" нь Монгол Улсын хууль, тогтоомжийн хүрээнд Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн дэргэд үйл ажиллагаагаа явуулж, мэдээллээ барилгын салбарын хэвлэлээр дамжуулан нийтэд түгээнэ.
1.6. "Сан" нь Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудсыг хэрэглэнэ.
Хоёр."Сан"-гийн хөрөнгийн эх үүсвэр
2.1. "Сан" нь дараах хөрөнгөөс бүрдэнэ. Үүнд:
- Яамнаас баталсан нормын дагуу барилгын байгууллагуудаас санд шимтгэн төвлөрүүлсэн хөрөнгө
- Шинжлэх ухаан, технологийн сангаас хуваарилсан хөрөнгө;
- Боловсруулсан норм, норматив, дүрмийг борлуулсны орлого;
2.2. Барилгын байгууллага нь тухайн жилд гүйцэтгэсэн ажлын хэмжээ, нормчлолын санд шимтгэн төвлөрүүлэхээр яамнаас баталсан хувь, хэмжээг үндэслэн жил тутам санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээгээ тодорхойлж, тогтоосон хугацаанд "Сан"-гийн дансанд шилжүүлнэ.
2.3. Улсын төвлөрсөн төсвийн болон шинжлэх ухаан, технологийн сангаас хуваарилагдсан хөрөнгийг батлагдсан хуваарийн дагуу Барилга, хот байгуулалтын яам хариуцан "Сан"-гийн дансанд шилжүүлнэ.
Гурав. "Сан"-гийн удирдлага, зохион байгуулалт
3.1. "Сан"-гийн удирдах зөвлөлийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар томилно. Зөвлөл нь орон тооны бус, 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.2. "Сан"-гийн удирдах зөвлөл нь дараах эрх , үүрэгтэй байна. Үүнд:
а/ Барилгын салбарт нийтлэг мөрдөх норм норматив, дүрэм журам, зааврыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлын жил бүрийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах;
б/ Тухайн норм, дүрэм, заавар, журмыг боловсруулах, шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах ажилд зарцуулах нийт хөрөнгийн хэмжээ, төсөл арга хэмжээ тус бүрд зарцуулах хөрөнгийн жилийн хуваарилалтыг тогтоох;
в/ "Сан"-гийн гүйцэтгэсэн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэх;
г/ "Сан"-гийн ажлын албаны орон тоо, жилийн зардлын хэмжээг тогтоох;
д/ Салбарын норм, норматив, дүрэм, заавар, журам боловсруулах ажилд онцгой үүрэг гүйцэтгэж, сайн ажилласан хувь хүн, төслийн баг, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулах, шагнах шийдвэр гаргах;
е/ "Сан"-гийн ажлын албаны үйл ажиллагаанд хяналт тогтоох;
3.3. "Сан"-гийн удирдах зөвлөл нь жилд нэгээс доошгүй удаа хуралдана.
3.4. "Сан"-гийн удирдах зөвлөлийн хурлыг ирвэл зохих гишүүдийн ирц 75 хувиас багагүй тохиолдолд хүчин төгөлдөр гэж үзнэ.
3.5. "Сан"-гийн удирдах зөвлөлийн хурлаас шийдвэрлэсэн асуудлын талаар тэмдэглэл гарна.
3.6. "Сан"-гийн хөрөнгийн ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт гаргах үүрэгтэй орон тооны бус хяналтын зөвлөл ажиллана. Хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр Барилга, хот байгуулалтын сайдын шийдвэрээр байгуулж ажиллуулна.
3.7. "Сан"-гийн тэргүүн нь Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн дарга байна. "Сан" нь орон тооны ажлын албатай байна.
3.8. "Сан"-гийн өдөр тутмын үйл ажиллагааг сангийн орон тооны алба эрхлэн гүйцэтгэнэ.
3.9. "Сан"-гийн ажлын алба нь барилгын салбарын норм, нормативын эх материалаар фонд байгуулах, түүнийг тогтмол баяжуулж, холбогдох хэрэглэгчдэд хүргэн, тэднийг мэдээллээр хангаж ажиллана.
3.10. "Сан"-гийн тэргүүн нь дор дурьдсан эрх, үүрэгтэй байна. Үүнд:
а/ "Сан"-гийн удирдах болон Хяналтын зөвлөлийн гишүүдийг Барилга,хот байгуулалтын сайдаар батлуулах;
б/ "Сан"-гийн орон тооны ажлын албаны ажилтнуудыг томилох, чөлөөлөх;
в/ "Сан"-гийн хөрөнгийг удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн, хууль, тогтоомжид заасан зориулалтын дагуу зарцуулах;
г/ "Сан"-г төлөөлөн хуулийн этгээдтэй гэрээ хэлцэл байгуулах;
д/ Барилгын салбарын норм, норматив боловсруулах ажлыг удирдах, явцыг хянаж, зөвлөгөө өгөх ажлын хэсгийн зардлыг Сангийн удирдах зөвлөлийн баталсан төлөвлөгөө, төсөв, яамны шийдвэрийг үндэслэн санхүүжүүлэх;
е/ Сангийн зориулалт, зарцуулалтын талаар илэрсэн зөрчил, дутагдлыг цаг тухайд нь арилгуулах;
ё/ "Сан"-гийн зохион байгуулалтыг өөрчлөх асуудлыг шийдвэрлүүлэхээр санал боловсруулж Барилга, хот байгуулалтын яаманд тавих;
ж/ "Сан"-д хөрөнгө хуримтлуулах ажлыг зохион байгуулах;
з/ Эрчим хүч, автозам, аэродром, төмөр зам, усны барилга байгууламжийн норм, норматив боловсруулах салбар санг байгуулах асуудлыг холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэх;
и/ Санд төвлөрүүлэх хөрөнгийг батлагдсан нормын дагуу жил бүр бүрэн төвлөрүүлээгүй байгууллагад хариуцлага оногдуулах, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахуулахаар яаманд санал оруулах;
3.11. Сангийн тэргүүн нь "Сан"-г үр ашигтай зарцуулах бүх талын арга хэмжээг авч ажиллахын зэрэгцээ Барилга, хот байгуулалтын яам болон хөрөнгө төвлөрүүлэгчидтэй зөвшилцсөний үндсэн дээр төсөл, арга хэмжээний ач холбогдлыг харгалзан түүнийг боловсруулах дэс дараалал, зарцуулах хөрөнгийн хуваарийг тогтоох, гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулах, биелэлтийг хянаж холбогдох арга хэмжээг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг эрхэлнэ.
Дөрөв. "Сан"-гийн хөрөнгийг зарцуулах, тайлагнах, хяналт тавих
4.1. "Сан"-г дараах чиглэлийн арга хэмжээнд зарцуулна. Үүнд:
а/ Барилгын салбарт нийтлэг мөрдөх норм, норматив, дүрэм зааврыг шинэчлэн боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, түүнийг сурталчлах, мэдээлэх, хэвлэх, түгээх;
б/ Барилгын салбарт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, эрхийн акт баримт бичиг, норм, нормативын жагсаалтыг эмхэтгэл болгон жилд нэг удаа хэвлэн гаргах;
в/ Барилгын салбарын норм, нормативыг боловсронгуй болгоход шаардагдах гадаад, дотоодын ном хэвлэл, аргачлал, шаардлагатай бусад материал худалдаж авах, энэ асуудлаар гадаад, дотоодын хурал зөвлөлгөөн, семинарт оролцох, сургалт зохион байгуулах, мэргэжлийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах;
г/ Энэ чиглэлээр боловсон хүчнийг давтан буюу шинээр бэлтгэх, гадаад, дотоодын сургалтад хамруулах.
д/ Сангийн ажлын албаны болон барилгын салбарын норм, норматив боловсруулахаар яамны шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсгийн зардлыг санхүүжүүлэх;
4.2. "Сан"-гийн хөрөнгөөр хандив өргөх, алдагдал нөхөх, ивээн тэтгэх зэрэг үйл ажиллагаа явуулах, зориулалтын бус зүйлд зарцуулах, сангийн хөрөнгөөр боловсруулж, батлагдсан норм, норматив, дүрэм, зааврыг Сангийн тэргүүнээс бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр хэвлэн олшруулж, бусдад борлуулахыг хориглоно.
4.3. Барилгын салбарт нийтлэг мөрдөх норм, норматив, дүрэм, заавар боловсруулахад онцгой хувь нэмэр оруулсан, амжилт гаргасан байгууллага, төслийн баг, инженер техникийн ажилтныг Сангийн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу "Сан"-гийн нэрэмжит шагналаар жилд нэг удаа урамшуулж болно.
4.4. "Сан"-д төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тайланг бүтэн жилээр гаргаж, Барилга, хот байгуулалтын яам, Сангийн удирдах зөвлөл, хөрөнгө төвлөрүүлэгчдэд мэдээлж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар "Сан"-гийн тэргүүн танилцуулж байна.
4.5. Сангийн Хяналтын зөвлөл нь "Сан"-гийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн ажлын тайлангаа жилээр гаргаж "Сан"-гийн удирдах Зөвлөлд танилцуулна.
4.6. "Сан"-д хөрөнгө төвлөрүүлээгүй, хандив оруулаагүй байгууллага, хүмүүст сангийн үйл ажиллагаа хамаарагдахгүй.
Текст томруулах
A
A
A