- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - ХҮНД ОНГОЦ
Иргэний нисэхийн дҮрэм - 121
АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - ХҮНД ОНГОЦ
- Энэ дүрэм ДБ-ийн сайдын 2003 оны 124 тоот тушаалаар батлагдаж, 2003 оны 08-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
- Дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд:
1. ДБ-ийн Сайдын 2003 оны 245-р тушаалаар 121.9, 121.25, 121.39, 121.40- 121.42-р зүйлүүдэд өөрчлөлт оруулсан
2. ЗТАЖ-ын Сайдын 2005 оны 144 тоот тушаалаар дараах нэмэлт, өөрчлөлтийг оруулсан
- 121.18-ын (г) хэсгийг өөрчлөн найруулж, (д), (е) хэсгийг нэмсэн
- "Б" Бүлэгт 121.24.1 дэх зүйлийг нэмсэн
- 121.43, 121.66, Хавсралт А.9-д өөрчлөлт оруулсан
3. ЗТАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2006 оны 03 дугаар тушаалаар:
- 121.63, Хавсралт А-гийн А.6-д өөрчлөлт оруулж,
- Е бүлэгт 121.66.1-дэх зүйлийг нэмсэн.
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 5
121.1. Зорилго 5
121.2. Тодорхойлолт ба товчлол 6
121.3. Заавар, журмыг дагаж мөрдөх 6
121.4. Нислэгийн дадлагажуур, сургалтын хэрэгсэлд тавигдах шаардлага 6
121.5. Галт зэвсэг тээвэрлэх 6
Б БҮЛЭГ. НИСЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА 6
121.6. Онгоцны нислэгт тэнцэх чадвар 6
121.7. Багийн гишүүдийн нийтлэг хэл 6
121.8. Үзүүлэх нислэг 7
121.9. Нислэгийн бэлтгэл 7
121.10. Нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл 7
121.11. Эрэн хайх, авран туслах тухай мэдээлэл 8
121.12. Ослын болон аврах тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл 8
121.13. Усан дээр буулт үйлдэх зөвшөөрөл 8
121.14. Ил харааны нислэгийн хамгийн бага өндөр 8
121.15. Аэродромын ашиглалт 8
121.16. Шөнийн нислэгийг хориглох 9
121.17. Түлш 9
121.18. Нислэгийн ажиллагааг хянах систем 10
121.19. Аваарын гэрлэн дохиоллын ажиллагаа 10
121.20. Аюулгүй ажиллагаа – зорчигч 10
121.21. Зорчигчдод зориулсан мэдээлэл 11
121.22. Нисэх багийн бүхээгт орох зөвшөөрөл 11
121.23. Онгоцны удирдлагад оролцох эрх 11
121.24. Бодит хяналтын төхөөрөмжид тавигдах шаардлагууд 11
121.25. Түлшээр цэнэглэх ба түлш юүлэх ажиллагаа 12
121.26. Түлш асгарах 12
121.27. Онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөө 12
121.28. Үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоох 13
В БҮЛЭГ. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯЗГААРЛАЛТУУД БА ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛҮҮД 13
121.29. Цаг агаарын мэдээлэл 13
121.30. Цаг агаарын нөхцөл- ИХНЖ 14
121.31. Цаг агаарын нөхцөл – ХНЖ 14
121.32. Аэродромын цаг агаарын хязгаарлалт- ХНЖ 15
121.33. ХНЖ-аар нисэн гарах хязгаарлалтууд 15
121.34. Хөөрөлтийн багасгасан хязгаарлалт 15
121.35. Чиглэлийн нислэгийн хязгаарлалтууд 16
121.36. ETOPS нислэгийн хязгаарлалтууд 16
121.37. Хэрэглэлийн нислэгийн журам 16
Г БҮЛЭГ. ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА 17
121.38. Ерөнхий зүйл 17
121.39. Ерөнхий техник үзүүлэлт 17
121.40. Хөөрөлтийн зай 17
121.41. ХБЗ-ны гадаргууг тооцох үзүүлэлт 18
121.42. Хөөрөлтийн үеийн нислэгийн зам 18
121.43. Хөдөлгүүрийн татгалзал – градиент ба хурдны уналтад хийгдэх өөрчлөлт 20
121.44. Нислэгт хөдөлгүүр татгалзах 20
121.45. Нислэгийн 90 минутын хязгаарлалт 21
121.46. Буух үеийн жин, агаарын хэм, даралт, өндөр авах градиентын хязгаарлалт 21
121.47. Хуурай зурваст буух зай 22
121.48. Нойтон ба бохирдсон зурвасын буултын зай 22
121.49. Огцом ойртолт ба богино зайд буулт үйлдэх 23
Д БҮЛЭГ. ЖИН БА ТӨВЛӨРӨЛТ 23
121.50. Зорчигч болон гар тээшний жин 23
121.51. Онгоцны ачааллын хязгаарлалтууд 23
121.52. Ачааллын хуудас 24
Е БҮЛЭГ. ХЭРЭГЛЭЛ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 24
121.53. Ерөнхий зүйл 24
121.54. Нэмэлт хэрэглэлүүд 25
121.55. Нэмэлт тоноглолууд 25
121.56. Шөнийн нислэг 25
121.57. Хэрэглэлийн нислэгийн тоноглолууд 25
121.58. Усан дээгүүрх нислэгийн тоноглолууд 25
121.59. Ослын үед хэрэглэх тоног төхөөрөмж 25
121.60. Амьсгал хамгаалах тоног төхөөрөмж /PBE/ 26
121.61. Зорчигчдод мэдээлэх ба дотоод холбооны систем 26
121.62. Бүхээгийн дуу чимээ бичигч 26
121.63. Нислэгийн өгөгдөхүүн бичигч 26
121.64. Нэмэлт авиагоризонт 26
121.65. Цаг агаарын радиолокатор 26
121.66. Газар ойртсоныг анхааруулагч 26
121.66.1. Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II)26
Ж БҮЛЭГ. ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭ 27
121.67. Нислэгт тэнцэх чадварын талаар хүлээх хариуцлага 27
121.68. Бодит нөхцөлөөр хянагдах техник үйлчилгээ 27
121.69. Техник үйлчилгээний байгууллага 27
121.70. Сургалт, мэдээллийн хөтөлбөр 27
121.71. Техник үйлчилгээний эрх олгох 28
121.72. Техник үйлчилгээг хянах 28
121.73. ТҮ-ний ажилтны ажлын цагийн хязгаарлалт 28
121.74. Техник үйлчилгээг шалгах 28
З БҮЛЭГ. БАГИЙН ГИШҮҮДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД 29
121.75. Ерөнхий зүйл 29
121.76. Нисэх багийг ажилд томилох 29
121.77. Агаарын хөлгийн даргын дадлага туршлага 29
121.78. Хоёрдугаар нисэгчийн дадлага туршлага 29
121.79. Нисэгчийн дадлага туршлага 30
121.80. Нисэгчийн нислэгийн хязгаарлалтууд 30
121.81. САТ II, САТ III–аар ойртолт, багасгасан хязгаарлалтаар хөөрөлт үйлдэх 30
121.82. Нисэх баг бүрдүүлэх хязгаарлалт 31
121.83. Онгоцны үйлчлэгчийг томилох 31
И БҮЛЭГ. БАГИЙН ГИШҮҮДИЙН СУРГАЛТ ДАДЛАГА 32
121.84. Ерөнхий зүйл 32
121.85. Сургалтын тоног төхөөрөмж 32
121.86. Багийн гишүүдийн сургалтын хөтөлбөр 32
121.87. Танилцах сургалт 33
121.88. Шилжин сургалт 33
121.89. Мэргэшүүлэх сургалт 34
121.90. Давтан сургалт 34
121.91. Сургалт, дадлагад бүрэн хамрагдсанд тооцох 34
121.92. Нисэгчийн дадлага туршлага 34
121.93. Нисэгчийн үйлдвэрлэлийн нислэгийн цаг 35
121.94. Нисэх инженерийн үйлдвэрлэлийн нислэгийн цаг 36
121.95. Үйлчлэгчийн сургалт 36
121.96. Үйлчлэгчийн дадлага туршлага 36
121.97. Дадлагажуурт гүйцэтгэх шаардлагатай маневрууд 37
121.98. Багийн гишүүдийн сургалтын тайлан, тэмдэглэл 37
121.99. Шалгах нисэгчийн дадлага туршлагад тавигдах шаардлагууд 37
121.100. Багш нисэгчийн дадлага туршлагад тавигдах шаардлагууд 37
121.101. Хяналт гүйцэтгэхэд тавигдах шаардлагууд 37
121.102. Дадлагажуурын багш болон шалгах нисэгчид тавигдах шаардлагууд 38
К БҮЛЭГ. БАГИЙН ГИШҮҮДИЙН УР ЧАДВАРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА 38
121.103. Ерөнхий зүйл 38
121.104. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хариуцлага хүлээх 39
121.105. Нисэх багийн гишүүдийн ур чадварыг шалгах 39
121.106. Багш нисэгчийн ур чадварын шалгуур 40
121.107. Агаарын хөлгийн үйлчлэгчийн ур чадвар 40
121.108. Ур чадварын болон шалгалтын тайлан, тэмдэглэл 41
Л БҮЛЭГ. НИСЭХ БАГИЙН ГИШҮҮДИЙН АЖЛЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТ 41
121.109. Агаарын тээвэрлэгчийн хүлээх хариуцлага 41
121.110. Нисэх багийн гишүүний хариуцлага 41
М БҮЛЭГ. ЗААВАР БОЛОН НИСЛЭГИЙН ДЭВТЭР, ТАЙЛАН ТЭМДЭГЛЭЛ 42
121.111. Үйл ажиллагааны мэдээлэл 42
121.112. Агаарын хөлгийн бүхээгт байх бичиг баримтууд 42
121.113. Нислэгийн тайлан 42
121.114. Бүртгэл, тайланг хадгалах 42
Н БҮЛЭГ. МЭРГЭШҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР 43
121.115. Ерөнхий зүйл 43
121.116. Хөтөлбөрт өөрчлөлт, засвар оруулах 43
121.117. Мэргэшүүлэх хөтөлбөрт тавигдах шаардлага 43
121.118. Сургалтын чиглэл 43
121.119. Танилцуулах сургалт 44
121.120. Мэргэшүүлэх сургалт 44
121.121. Мэргэшүүлэх давтан сургалт 45
121.122. Нисэх багийн ажлын оновчтой зохион байгуулалт /CRM/ 47
121.123. Мэдээлэл цуглуулах 47
121.124. Үнэмлэхжүүлэлт 47
121.125. Сургалт явуулах зөвшөөрөл 47
ХАВСРАЛТ А. ЭД АНГИ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ 48
НИСЛЭГТ ТЭНЦЭХ ЧАДВАРЫН МАЯГИЙН СТАНДАРТ 48
А.1. Амьсгал хамгаалах төхөөрөмж /PBE/ 48
А.2. Яаралтай үед ашиглах эмнэлгийн хэрэгсэл /EMK/ 48
А.3. Зорчигчдод мэдээлэл дамжуулах систем 48
А.4. Нисэх багийн гишүүдийн дотоод холбооны систем. 49
А.5. Бүхээгийн дуу чимээ бичигч 49
А.6. Нислэгийн өгөгдөхүүн бичигч 50
А.7. Нэмэлт авиагоризонт 50
А.8. Радио локатор 50
А.9. Газар ойртсоныг анхааруулах систем (GPWS) 50
ХАВСРАЛТ Б. ЗУРВАС 50
Б.1. ХБЗ-ны хамгийн бага өргөнийг тодорхойлох 50
Б.2. Нислэгийн талбайн хамгийн бага өргөн /minimum Runway strip width/ 51
Дэд бүтцийн сайдын 2003 оны 124 тоот тушаалын Хавсралт 4
АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА - ХҮНД ОНГОЦ
А БҮлэг. ЕрӨнхий зҮйл
121.1. Зорилго
Төлбөрт ачаалал нь 3410 кг-аас дээш, эсхүл нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 30 буюу түүнээс дээш зорчигчийн суудалтай онгоцоор гүйцэтгэх агаарын тээврийн үйл ажиллагааг зохицуулахад энэ дүрмийн зорилго оршино.
121.2. Тодорхойлолт ба товчлол
Энэ дүрэмд заасан Агаарын тээврийн үйл ажиллагаа- гэдэгт, төлбөрт ачаалал нь 3410 кг-аас дээш жинтэй, эсхүл нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 30 буюу түүнээс дээш зорчигчийн суудалтай онгоцоор гүйцэтгэх арилжааны нислэгийн үйл ажиллагааг;
Гэрчилгээ эзэмшигч гэж ИНД-119-ийн дагуу гэрчилгээжиж, агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэх эрх олгогдсон аж ахуйн нэгж, байгууллагыг;
Мэргэшүүлэх сургалт гэж::
1. танилцах сургалт; эсхүл
2. тодорхой төрөл, маяг, загварын онгоцны хувьд, эсхүл тодорхой ажил үүргийн хувьд шаардагдах дадлагажих болон мэргэшүүлэх сургалтыг; эсхүл
3. тодорхой төрөл, маяг, загварын онгоцны хувьд, эсхүл тодорхой ажил үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн давтан сургалт, дадлагыг;
Үйл ажиллагааны заавар гэж ИНД-119.25-д шаардсан, гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд мөрдлөг болгох бичиг баримтыг;
Үнэлгээ өгөх эрх бүхий этгээд гэж нисэх багийн гишүүд, зааварлагч ба бусад үйл ажиллагаа эрхлэгчдийн ажлын гүйцэтгэлд үнэлгээ өгөх эрх бүхий мэргэшсэн шалгах нисэгчийг;
Үйлдвэрлэлийн нислэгийн цаг гэж энэ дүрмээр зохицуулагдаж байгаа агаарын тээврийн үйл ажиллагаанд зарцуулсан нислэгийн цагийг;
Босго гэж сааднаас чөлөөтэй ойртолтын гадаргуу нь хөөрөлт буултын зурвасын гадаргуутай 1:20 харьцаатай огтлолцож буй цэгийг тус тус ойлгоно.
VASIS /Visual Approach Slope Indicator System/- ил харааны ойртолтын налууг заах систем;
ASDA /Accelerate stop distance available/- хөөрөлтийг зогсоох боломжит зай;
TODA /Take-off distance available/ - хөөрөлтийн боломжит зай;
TORA /Take-off run available/ - хөөрөлт үйлдэх гүйлтийн боломжит зай;
ISA /International standard atmosphere/- стандарт агаарын даралт;
RVR /Runway visual range/ - Зурвасын дагуух алсын барааны харагдац;
LDA /Landing distance available /- буултын боломжит зай;
MEL /Minimum equipment list/- Нислэгт зөвшөөрөгдөх хамгийн цөөн тоноглолын жагсаалт
GPWS /Ground proximity warning system/ - Газар ойртолтыг анхааруулах систем;
PF /Pilot Flying/ - идэвхтэй удирдлага гүйцэтгэх нисэгч;
PNF /Pilot Non Flying/ - туслах болон хянах нисэгч;
ARC /Aerodrome Reference code/ - /онгоцны/ аэродромын лавлах код;
FAF /Final Approach Fix/ - ойртолтын сүүлчийн шатны хянах цэг
121.3. Заавар, журмыг дагаж мөрдөх
ИНД-119-ийн дагуу Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигчийн бүх ажилтнууд /хөдөлмөрийн гэрээгээр болон түр ажиллаж байгаа/ нь иргэний нисэхийн хууль тогтоомж, гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны заавар, журмуудыг судалж, мөрдөх үүрэгтэй.
121.4. Нислэгийн дадлагажуур, сургалтын хэрэгсэлд тавигдах шаардлага
(а) Гэрчилгээ эзэмшигчийн нислэгийн дадлагажуур нь дараах шаардлагыг хангасан байна:
1. гэрчилгээ эзэмшигчийн ашиглалтын үйл ажиллагаанд нийцсэн;
2. сургалт, шалгалт хийгдэх тухайн маягийн онгоцны хувьд тохирсон;
3. нислэгийн жолоодлого, журмууд, эсхүл багийн гишүүдийн үйл ажиллагаанд тохирсон.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн сургалтын хэрэгсэл, нислэгийн дадлагажуур бүр нь дараах шаардлагыг хангасан байна:
1. техникийн болон үйл ажиллагааны үзүүлэлтүүд нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан;
2. өөрчлөлт, шинэчлэлт хийгдсэн онгоцонд хамаарал бүхий нислэгийн дадлагажуурын хувьд түүний үзүүлэлт, үйл ажиллагааны болон бусад өгөгдөхүүнүүдэд нь өөрчлөлт хийгдэж баталгаажсан;
3. ашиглахын өмнө нислэгийн өмнөх үзлэгийг хийсэн байх ба сургалтын болон шалгах нислэгийн төгсгөл бүрд хянагч, эсхүл багш нисэгч нь илэрсэн аливаа гэмтэл, дутагдлыг бичиж тэмдэглэсэн.
(в) Нислэгийн дадлагажуур ба сургалтын хэрэгслийг хэд хэдэн гэрчилгээ эзэмшигч ашиглаж болох ба энэ тохиолдолд тэдгээр нь гэрчилгээ эзэмшигч бүрийн хувьд баталгаажсан байна.
121.5. Галт зэвсэг тээвэрлэх
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, гэрчилгээ эзэмшигч нь онгоцоор галт зэвсэг тээвэрлэхдээ дараах шаардлагыг хангасан байна:
1. галт зэвсгийг ашиглах боломжгүй болгоно;
2. багийн гишүүдээс бусад этгээд авах боломжгүй газарт байрлуулна.
(б) Дараах тохиолдолд онгоцонд галт зэвсэг авч орохыг зөвшөөрнө:
1. галт зэвсэг биедээ авч явах албан ёсны зөвшөөрөлтэй этгээд албан үүргээ гүйцэтгэж байгаа бол;
2. ИНЕГ-ын даргаас зөвшөөрөл олгогдсон бол.
Б БҮлэг. Нислэгийн Үйл ажиллагаа
121.6. Онгоцны нислэгт тэнцэх чадвар
Гэрчилгээ эзэмшигчийн агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглаж байгаа онгоц бүр Нислэгт тэнцэх чадвар /цаашид НТЧ гэх/-ын гэрчилгээтэй байна.
121.7. Багийн гишүүдийн нийтлэг хэл
Гэрчилгээ эзэмшигчийн нисэх багийн гишүүд нь дараах шаардлагыг хангасан байна:
1. олон улсын нислэгт оролцож буй нисэх багийн гишүүд нь англи хэлээр ярих, ойлгох чадвартай;
2. нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй бүх этгээд нь гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааврыг уншиж, ойлгох чадвартай.
121.8. Үзүүлэх нислэг
(а) Шинэ маягийн онгоцыг агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглахаар төлөвлөж байгаа Гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн Үзүүлэх нислэгийн хөтөлбөртэй байна.
(б) Энэ зүйлийн (а)-д заасан хөтөлбөрөөр 10-аас доошгүй цагийн шөнийн нислэгийг багтаасан 50-иас доошгүй цагийн нислэг үйлдэнэ.
(в) Сүүлчийн үзүүлэх нислэгээс хойш загварын хувьд ямар нэг өөрчлөлт хийгдсэн онгоц ашиглах Гэрчилгээ эзэмшигч нь тухайн онгоцоор үйл ажиллагаа эрхлэхээс өмнө хөтөлбөрийн дагуу доод тал нь 30 цагийн үзүүлэх нислэг үйлдсэн байна.
(г) Дараах өөрчлөлт хийгдсэн онгоцыг загварын хувьд өөрчлөлт хийгдсэн онгоц гэж үзнэ:
1. анх олгогдсон маягийн гэрчилгээнд бичигдсэн хөдөлгүүрээс өөр хөдөлгүүр суурилуулсан; эсхүл
2. онгоц, түүний эд ангид хийгдсэн, нислэгийн үзүүлэлтэд нөлөөлөхүйц өөрчлөлтүүд.
(д) Гэрчилгээ эзэмшигч нь онгоцны үзүүлэх нислэгээр дор дурьдсанаас бусад этгээдийг тээвэрлэхгүй:
1. нисэх багийн гишүүд;
2. дадлага болон танилцах сургалтад хамрагдаж буй этгээд; эсхүл
3. ИНЕГ-ын даргаас зөвшөөрөл олгогдсон этгээд.
121.9. (R) Нислэгийн бэлтгэл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, төлөвлөсөн нислэгийн бэлтгэл ажлыг гүйцэтгэх агаарын хөлгийн даргыг шаардлагатай бүх мэдээллээр хангана.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь нислэг бүрийн төлөвлөгөөг бэлтгэсэн байх ба нислэгийн төлөвлөгөөг агаарын хөлгийн дарга биечлэн бэлтгээгүй тохиолдолд тухайн нислэгийн төлөвлөгөөний агуулгыг төлөвлөсөн нислэгийн өмнө агаарын хөлгийн даргад танилцуулна.
(в) Нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээллийг бэлтгэх этгээд дараах шаардлагыг хангасан байна:
1. зохих сургалтад хамрагдсан, тухайн ажлыг гүйцэтгэх эрхтэй;
2. үйл ажиллагааны журам, тоног төхөөрөмжид хийгдсэн аливаа өөрчлөлтийн талаарх шуурхай мэдээллээр хангагдсан.
(г) Энэ зүйлийн (в)-гийн (2)-т заасан шуурхай мэдээлэлд навигацийн төхөөрөмж, аэродромуудын ашиглалт, нислэгийн хөдөлгөөн удирдах дүрэм, журам болон орон нутгийн НХУ журамд орсон өөрчлөлтүүд, газрын ба навигацийн тоног төхөөрөмжийн хэвийн бус ажиллагаа болон нислэгт нөлөөлөх цаг агаарын өөрчлөлт, болзошгүй аюулын тухай мэдээллүүд багтана.
(д) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн төлөвлөгөөг нислэг бүрийн өмнө Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага (цаашид НХҮ-ний байгууллага гэх)-д хүргүүлнэ.
(е) Гэрчилгээ эзэмшигч нь 91.60-ын (а) ба 91.68-ын (а)-гийн (1)-ийг үл харгалзан нислэгийн төлөвлөгөөг НХҮ-ний албанд өгч болно.
121.10. Нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн төлөвлөгөөг боловсруулахдаа дараах зүйлийг баталгаажуулсан байна:
1. онгоцны ашиглалтын цаг, үе /цикл /;
2. нислэгийн чиглэл дэх салхи;
3. завсрын буудалд буух онгоц бүрийн газрын үйлчилгээнд шаардагдах хугацаа.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь жилийн турш үйлдэх нислэгийнхээ 80-аас доошгүй хувийг нислэгийн хуваарьт урьдчилан тусгагдсан төлөвлөгөөний дагуу гүйцэтгэнэ.
121.11. Эрэн хайх, авран туслах тухай мэдээлэл
Гэрчилгээ эзэмшигч нь, ашиглаж буй онгоц бүрийнхээ бүхээгт нислэг үйлдэх бүсүүдийн эрэн хайх, авран туслах ажиллагаанд хамааралтай мэдээллийг байрлуулсан байна.
121.12. Ослын болон аврах тоног төхөөрөмжийн тухай мэдээлэл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, онцгой нөхцөл байдлын үед Гал унтраах, авран туслах албатай шуурхай холбоо барихад зориулагдсан мэдээлэл, ослын ба аврах тоног төхөөрөмжийн тухай мэдээллийг онгоц бүрд байрлуулсан байна.
(б) Усан дээгүүрх үргэлжилсэн нислэгийн үед энэ зүйлийн (а)-д шаардсан мэдээлэл нь дараах зүйлийг агуулсан байна:
1. аврах завины маяг, тоо ширхэг болон өнгө;
2. дохионы пуужин байгаа эсэх;
3. эмнэлгийн яаралтай тусламжийн зүйлс болон цэвэр усны хангамжийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл;
4. онцгой нөхцөл байдлын үед ашиглах зөөврийн радио төхөөрөмжийн төрөл ба ажиллах давтамж.
121.13. Усан дээр буулт үйлдэх зөвшөөрөл
Усан дээгүүр үргэлжилсэн нислэг үйлдэх онгоцонд усан дээр буулт үйлдэх зөвшөөрөл олгогдсон байна.
121.14. Ил харааны нислэгийн хамгийн бага өндөр
Энэ дүрмийн дагуу Ил харааны нислэгийн журам (цаашид ИХНЖ гэх)-аар агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй агаарын хөлгийн даргад 91.62-ын (в) заалт хамаарахгүй.
121.15. Аэродромын ашиглалт
(а) Гэрчилгээ эзэмшигчийн ашиглах гэж буй аэродромын саадны хязгаарлалтын тэмдэглэгээ, ил харааны туслах хэрэгслүүд нь нислэг үйлдэх онгоцны үзүүлэлт болон цаг агаарын хязгаарлалтад нийцсэн байна.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн ашиглах гэж буй аэродром нь дараах зүйлсээр хангагдсан байна:
1. тухайн онгоцны маягийн хувьд тохирох гал унтраах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж;
2. сэнст тийрэлтэт болон тийрэлтэт хөдөлгүүрт онгоцонд зориулагдсан VASIS /ил харааны ойртолтын налууг заах систем/.
(в) Гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсан аэродромууд агаарын тээврийн үйл ажиллагаанд зөвшөөрөгдсөн байна.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь, ашиглах гэж буй аэродром бүрийн хувьд дараах зүйлийг тодорхойлсон байна:
1. нислэгийн чиглэл буюу нислэгийн чиглэлийн үе шат;
2. нисэх багийн сургалтад тавигдах шаардлага;
3. нисэх багийн дадлага туршлагад тавигдах шаардлага;
4. нисэх багийн бүрдүүлэлтэд тавигдах хязгаарлалтууд;
5. нислэгийн үйл ажиллагааны зөвшөөрөгдсөн төрөл.
(д) Зорчигч тээврийн тогтмол нислэг үйлдэх 30-аас дээш зорчигчийн суудалтай онгоцонд ашиглагдах, энэ зүйлийн (в)-д заагдсан аэродром нь:
1. Монгол Улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа бол ИНД-139-ийн дагуу гэрчилгээжсэн байна;
2. гадаад улсын нутаг дэвсгэрт оршиж байгаа бол Хэлэлцэн тохирогч аль нэг улсын стандартын дагуу гэрчилгээжсэн байна.
(е) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (в)-д заагдсан аэродромд холбогдох, дараах мэдээллийн бүртгэлтэй байна:
1. аэродромын өгөгдөхүүнүүд;
2. аэродром, тоног төхөөрөмж нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангасныг бататгасан журам;
3. аэродромын ашиглалтын хязгаарлалтууд.
(ж) Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд аливаа онгоцоор хөөрөлт болон буулт үйлдэхгүй:
1. тухайн ХБЗ-ны өргөн нь энэ дүрмийн Хавсралт В-гийн хүснэгт 2-т заасан онгоцны кодын дугаараар тодорхойлсон өргөнөөс бага бол;
2. тухайн Нислэгийн талбайн /runway strip/ хамгийн бага өргөн нь энэ дүрмийн Хавсралт В-гийн хүснэгт 3-т зааснаар тодорхойлогдоогүй бол.
(з) Тогтоогдсон өргөнөөс бага өргөнтэй ХБЗ нь зөвшөөрөгдсөн шалгах нислэгээр баталгаажсан ба тухайн онгоцны Нислэгийн ашиглалтын зааварт тусгагдсан бол Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (ж)-г үл харгалзан, тухайн ХБЗ-ыг тухайн маягийн онгоцны хувьд ашиглаж болно.
121.16. Шөнийн нислэгийг хориглох
Энэ дүрмийн дагуу нислэгийн үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа этгээд нь шөнийн цагт ИХНЖ -аар нислэг үйлдэхийг хориглоно.
121.17. Түлш
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн төлөвлөгөө ба нислэгийн явц дахь дахин төлөвлөлтөд нийцсэн түлшний бодлоготой байна.
(б) Түлшний бодлогоо дараах зүйлүүдэд үндэслэж тооцоолно:
1. онгоцны маягийн гэрчилгээнд бичигдсэн үзүүлэлтэд нийцсэн, тухайн онгоцны үйлдвэрлэгчийн зааварт тусгагдсан хүснэгт, график ба журам;
2. доорхи өгөгдөхүүн болон нөхцөлүүд:
(i) онгоцны түлшний хэвийн зарцуулалт;
(ii) урьдчилан тооцоолсон жин;
(iii) цаг агаарын нөхцөл байдал;
(iv) НХҮ-ний шаардлага ба хязгаарлалт;
(v) нисэн очих аэродромын газар зүйн байрлал;
(vi) түлшний зарцуулалтад нөлөөлөх гадны аливаа нөлөө;
(в) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (г)-д зааснаас бусад тохиолдолд, нислэгт шаардагдах түлшийг дараах үеүдэд зарцуулах нийт түлшнээс багагүй байхаар тооцоолно:
1. онгоцны явгалалтын үед /газарт/ зарцуулах түлш;
2. нислэгийн үед /агаарт/ зарцуулах түлш;
3. гэнэтийн тохиолдлын түлш;
4. нөөц аэродром руу нисэхэд шаардагдах түлш;
5. хүлээх нислэгийн түлш;
6. нислэгийн төрлөөс шалтгаалан шаардагдах нэмэлт түлш.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь түлшийг нислэгийн явц дахь дахин төлөвлөлтөд нийцүүлэн, энэ зүйлийн (в)-д зааснаас өөр хэлбэрээр тооцож болох ба энэ тохиолдолд Үйл ажиллагааны заавартаа энэ талаар тусгасан байна.
121.18. (R) Нислэгийн ажиллагааг хянах систем
(а) Нисэх багийн гишүүд нь нислэгийн ажиллагааг шалгах системийг ашиглах боломжтой гэдгийг Гэрчилгээ эзэмшигч бататгах ба тухайн систем нь дараах зүйлийг багтаасан байна:
1. нисэх багийн бүхээгт аюулгүй ажиллахад зориулагдсан зааварчилга ба удирдамж;
2. нислэгийг аюулгүй гүйцэтгэх аргачлал.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь дараах зарчмуудыг мөрдсөнөөр онгоцыг удирдах болон зөв шийдвэр гаргах системийг бүрдүүлнэ:
1. онгоцны нислэгийн ашиглалтын зааварт бичигдсэн зарчим;
2. үйлдвэрлэгчийн техникийн болон аюулгүй ажиллагааны зааварт бичигдсэн зарчим;
3. CRM /нисэх багийн ажлын оновчтой зохион байгуулалт/-ын зарчим;
4. хүний хүчин зүйл ба сэтгэл зүйн зарчим;
5. ажиллах орчны нөхцөл байдлын судалгаа /эргономик/-ны зарчим.
(в) Энэ зүйлийн (а)-д заасан систем нь дараах зүйлийг багтаана:
1. Нислэгийн ашиглалтын заавар дахь дэлгэрэнгүй шалгах хуудас;
2. тогтсон дэс дарааллаар шалгах;
3. шуурхай гарын авлага;
4. онцгой нөхцөл байдлын үеийн журам ба бусад журмуудыг шалгах хуудас.
(г) Нисэх багийн гишүүд нь ажлын байрандаа, нислэгийн бүх үе шатанд нислэгийн ажиллагааг хянах системийн стандарт үйл ажиллагааны журам, хяналтын картын дагуу ажиллана.
(д) Стандарт үйл ажиллагааны журам нь нисэх багийн үйл ажиллагаатай холбоотой хяналтын картуудыг багтаасан байна.
(е) Стандарт үйл ажиллагааны журам нь нисэх багийн болон агаарын хөлгийн үйлчлэгч нарын тус тусдаа болон хамтран гүйцэтгэх нислэгийн яриаг багтаасан байна.
121.19. Аваарын гэрлэн дохиоллын ажиллагаа
Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй аливаа этгээд нь ИНД-26 -гийн Хавсралт Г-д шаардсан аваарын гэрлэн дохиоллын системийг явгалалт, хөөрөлт ба буултын үед асаасан, эсхүл ажиллуулахад бэлэн байлгана.
121.20. Аюулгүй ажиллагаа - зорчигч
Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй аливаа этгээд нь:
1. зорчигчдын байрлал нь онцгой нөхцөл байдлын үед тэдгээрийг агаарын хөлгөөс яаралтай гаргах ажиллагаа /evacuation/-нд саад учруулахгүй гэдгийг бататгана;
2. хэвийн бус байдал гаргаж онгоцны аюулгүй ажиллагаанд болон зорчигчдод аюул учруулж болзошгүй зорчигч (согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсэн)-ийг тээвэрлэхээс татгалзана;
3. тахир дутуу зорчигчдыг хэвийн болон онцгой нөхцөл байдлын үед тусламж үзүүлэхэд тохиромжтой суудал эзлүүлнэ;
4. 15 нас хүрээгүй хүүхэд ба нярай хүүхэдтэй зорчигчийг аврах гарцын харалдаа эгнээний суудал эзлүүлэхийг хориглоно;
5. харгалзагчтай явж байгаа этгээд онгоц болон зорчигчдод аюул учруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээг авсан байх ба Гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсаны дагуу тухайн этгээдийг тээвэрлэхэд зориулан урьдчилан зохицуулалт хийсэн байна;
6. харгалзагчтай явж байгаа этгээд болон тахир дутуу зорчигчийн талаар онгоцны ахлах үйлчлэгч болон агаарын хөлгийн даргад мэдэгдсэн байна.
121.21. Зорчигчдод зориулсан мэдээлэл
(а) Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй этгээд нь дараах тохиолдлуудад "Хамгаалах бүсээ бүслэ" гэсэн мэдээллийг зорчигчдод өгнө:
1. онгоц газарт явгалж байх үед;
2. хөөрөлтийн үед;
3. буултын үед;
4. агаарын хөлгийн дарга шаардлагатай гэж үзсэн бусад үед.
(б) Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй этгээд нь "Тамхи татахыг хориглоно" гэсэн мэдээллийг зорчигчдод өгнө.
121.22. Нисэх багийн бүхээгт орох зөвшөөрөл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэг үйлдэж буй онгоцны нисэх багийн бүхээгт, чиглэлийн нислэгийн үзлэг хийхэд зориулагдсан хянагчийн суудал байрлуулна.
(б) Нислэгт томилогдсон нисэх багаас бусад аливаа этгээд нисэх багийн бүхээгт байрлах, нисэгчийн суудал эзлэхийг хориглох ба агаарын хөлгийн дарга зөвшөөрөл олгосон тохиолдолд дараах этгээдүүд нисэх багийн бүхээгт орж болно:
1. багийн бусад гишүүн; эсхүл
2. ИНЕГ-ын эрх бүхий этгээд; эсхүл
3. гэрчилгээ эзэмшигчийн зүгээс зөвшөөрөл олгогдсон этгээд.
(в) Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй этгээд нь, нисэх багийн бүхээгт байгаа буюу нисэгчийн суудал эзэлсэн аливаа этгээд гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдсан аюулгүй ажиллагааны журмыг судалсан бөгөөд дагаж мөрдөнө гэдгийг бататгана.
121.23. Онгоцны удирдлагад оролцох эрх
Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй онгоцны удирдлага, жолоодлогод дор дурьдсанаас бусад этгээд оролцохгүй:
1. энэ дүрмийн 121.76-гийн дагуу томилогдож, зөвшөөрөл олгогдсон нисэх багийн гишүүн;
2. гэрчилгээ эзэмшигчийн ба агаарын хөлгийн даргын зөвшөөрөлтэй, энэ дүрмийн 121.76-гийн дагуу томилогдсон, эсхүл албан үүргээ гүйцэтгэж байгаа ИНЕГ-ын эрх бүхий этгээд.
121.24. Бодит хяналтын төхөөрөмжид тавигдах шаардлагууд
(а) Нисэх багийн гишүүн бүр дараах зүйлийг хянана:
1. энэ дүрмийн 121.62-т шаардсан нисэх багийн бүхээг дэх бодит хяналтын төхөөрөмж нь хөдөлгүүр асаахаас өмнө, бүхээгийн шалгах хуудсыг уншихаас эхлэн, нислэг дуусах үед төгсгөлийн шалгах хуудсыг уншиж дуустал тасралтгүй ажилласан;
2. хэрэв онгоц нь чихэвчийн болон гар микрофоноос дуу авиа бичих төхөөрөмжөөр тоноглогдсон бол 3000 метр (10000 фут)-ээс доош өндөрт гар микрофоныг ашигласан;
3. нисэх багийн бүхээг дэх бодит хяналтын төхөөрөмж нь бичлэг арилгагчтай бол нислэгийн сүүлчийн 30 минутаас өмнөх бичлэг арчигддаг.
(б) Нисэх багийн гишүүн бүр дараах зүйлийг бататгана:
1. энэ дүрмийн 121.63-т шаардсан нислэгийн өгөгдөхүүн бичигч нь онгоц хөөрөлт үйлдэхээс эхлэн буулт үйлдэх хүртэл тасралтгүй ажилласан;
2. тухайн онгоц 25 хүртэлх цагийн нислэг үйлдтэл, өмнө бичигдсэн бүх мэдээлэл хадгалагдсан;
3. нислэгийн өгөгдөхүүн бичигч болон түүний системийг шалгах зорилгоор 1-ээс дээш цагийн бичлэгийг арилгахгүй;
4. энэ хэсгийн 3/-ын дагуу бичлэгийг арилгахдаа:
i хамгийн хуучин бичлэгийг сонгоно;
ii техник үйлчилгээний зохих баримтад тэмдэглэнэ;
(R) 121.24.1 Бодит хяналтын хэрэгслийн бичлэгийг тайлах, дүн шинжилгээ хийх
27000 кг-аас дээш хөөрөлтийн хүндтэй онгоц ашиглаж буй Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн бодит хяналтын хэрэгслийн бичлэгийг тайлж, дүн шинжилгээ хийх зорилго бүхий нислэгт хяналт тавих системтэй байна.
121.25. (R) Түлшээр цэнэглэх ба түлш юүлэх ажиллагаа
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, зорчигчид онгоцонд байхад, эсхүл зорчигчид онгоцонд суух, буух үед, мөн үндсэн хөдөлгүүр ажиллаж байгаа үед Class 3(а) түлшээр онгоцыг цэнэглэх , эсхүл онгоцноос түлш юүлэх ажиллагааг гүйцэтгэж болохгүй.
(б) Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй этгээд нь:
1. Үйл ажиллагааны зааврынхаа дагуу зорчигчдод онцгой нөхцөл байдлын үед онгоцноос яаралтай гарах нөхцөлийг урьдчилан анхааруулсан тохиолдолд зорчигчдыг онгоцонд байхад, эсхүл онгоцонд суух, буух үед Class 3(b) түлшээр онгоцыг цэнэглэх, эсхүл онгоцноос түлш юүлэх ажиллагааг гүйцэтгэж болно;
2. бүх зорчигчид онгоцноос буусан, онгоцны ойр орчим аливаа саадгүй цэвэр байх тохиолдолд, үндсэн хөдөлгүүр ажиллаж байх үед Class 3(b) түлшээр онгоцыг цэнэглэх, эсхүл онгоцноос түлш юүлэх ажиллагааг гүйцэтгэж болно;
(в) Гэрчилгээ эзэмшигч нь, онгоцон дахь түлшний гадна хоолойнууд болон цэнэглэх тоног төхөөрөмжүүд нь аливаа гуравдагч этгээд, эсхүл түүний өмч хөрөнгөөс 15 м-ээс доошгүй зайд байх тохиолдолд түлштэй холбоотой ажиллагааг гүйцэтгэнэ.
121.26. Түлш асгарах
(а) Түлштэй холбоотой ажиллагааны үед зөвшөөрөгдөөгүй гадаргуу дээр түлш асгарах, асгарсан түлш нь хүн болон эд зүйлсэд аюул учруулж болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй этгээд нь дараах арга хэмжээг нэн даруй авна:
1. түлшний ажиллагааг зогсоох;
2. гал гарахаас сэргийлэх үүднээс асгарсан түлшийг элс, хуурай шороо, мөн гал унтраах зориулалт бүхий химийн хуурай бодис, хөөсөөр хучих;
3. хөдөлгүүрийг асаахаас өмнө онгоцыг цэвэр талбайд шилжүүлэх.
121.27. Онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөө
(а) Гэрчилгээ эзэмшигч нь, нислэгт болон газар дахь онцгой нөхцөл байдлын үед аливаа этгээд гэмтэж осолдох эрсдэлийг бууруулахад чиглэсэн, онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөөтэй байна.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөө нь дараах зүйлүүдэд үндэслэгдсэн байна:
1. нислэгийн үйл ажиллагааны төрөл болон аяллын нийт урт;
2. аэродромын газрын хангалт, тоног төхөөрөмж;
3. тухайн орон нутгийн авран туслах үйлчилгээ;
4. НХУ-ын хангалт, тоноглолууд;
5. тухайн онгоцны маяг, суудлын тоо, байршил, төлбөрт ачаалал.
(в) Нислэгийн үе дэх онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөө нь дараах зүйлийг багтаасан байна:
1. нислэгт үүссэн онцгой нөхцөл байдлын үед яаралтай арга хэмжээ авах, шийдвэр гаргах удирдах ажилтан нь дараах зүйлийг бататгана:
(i) тухайн онцгой нөхцөл байдлын талаар агаарын хөлгийн даргад мэдээлэл, зөвлөмж өгөгдсөн эсэх;
(ii) агаарын хөлгийн даргын шийдвэр нь бататгахсан эсэх;
(iii) шийдвэрийн талаар бичлэг тэмдэглэл хийгдсэн эсэх.
2. удирдах ажилтан нь энэ хэсгийн 1/-д заасны дагуу агаарын хөлгийн даргатай харилцаа, холбоо тогтоох боломжгүй тохиолдолд тухайн ажилтны мөрдөж ажиллах журам нь дараах зүйлийг бататгасан байна:
(i) онцгой нөхцөл байдал зарлагдсан эсэх;
(ii) тухайн нөхцөл байдалд шаардлагатай гэж үзсэн арга хэмжээ авагдаж байгаа эсэх.
(г) Онцгой нөхцөл байдлын үеийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу холбогдох хүмүүс шаардлагатай сургалтад хамрагдсан бөгөөд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх чадвартай байна.
121.28. Үйл ажиллагааг хязгаарлах буюу түр зогсоох
Гэрчилгээ эзэмшигч нь аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөлийн талаар мэдэж байгаа тохиолдолд энэхүү сөрөг нөлөөг арилгах хүртэл үйл ажиллагаагаа хязгаарлах буюу түр зогсооно.
в БҮЛЭГ. Үйл ажиллагааны хЯзгаарлалтууд ба цаг агаарын НӨХЦӨЛҮҮД
121.29. Цаг агаарын мэдээлэл
(а) Агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй этгээд нь дараах шаардлагыг хангасан этгээдээс нислэгийн зориулалттай цаг агаарын мэдээг авсны үндсэн дээр нислэгийг төлөвлөж, гүйцэтгэж, хянаж удирдана:
1. энэ зүйлийн (б)-д хамааралтайгаар, ИНД-174-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч байгууллагаас;
2. Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна явагдаж буй нислэгийн хувьд, Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас цаг уурын үйлчилгээ үзүүлэх эрх олгогдсон байгууллагаас.
(б) Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх нислэгийн хувьд, агаарын хөлгийн дарга нь буултын ойртолт болон буулт үйлдэхдээ ИНД-174-ийн дагуу хангагдах цаг агаарын үндсэн мэдээллийг ашиглаж болно.
121.30. Цаг агаарын нөхцөл- ИХНЖ
(а) ИХНЖ-аар үйлдэх нислэгийн замын дагуух, эсхүл тухайн нислэгийн замын тодорхой хэсэг дэх цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд ИНД-91 ба энэ зүйлийн (г)-д заасан ИХНЖ-ын хязгаарлалт хангагдаагүйг заасан бол агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй этгээд нь нислэгийг ил хараагаар үйлдэж болохгүй.
(б) Аливаа этгээд усан дээгүүр, ИХНЖ-аар үргэлжилсэн нислэг үйлдэхийг хориглоно.
(в) Агаарын хөлгийн дарга нь дараах нөхцөлд хяналттай агаарын зайн гадна талд ИХНЖ-аар нислэг үйлдэнэ:
1. үүлний өндөр 300 метр (1000 фут)-ээс доошгүй, алсын барааны харагдац 5 км-ээс багагүй байх;
2. үүлнээс доогуур, үүлгүй ба газар, ус үргэлжлэн харагдаж байгаа үед;
3. тархсан үүл /SCT/- ний дээгүүр нисэх үед.
(г) Агаарын хөлгийн дарга нь дараах шаардлага хангагдаагүй тохиолдолд, олон хөдөлгүүрт онгоцоор тархсан үүл /SCT/-нээс илүү өтгөн үүлний дээгүүр ИХНЖ-аар нислэг үйлдэхгүй:
1. онгоц нь ХНЖ-аар нислэг үйлдэх шаардлагыг хангасан байх ба ХНЖ-аар нислэг үйлдэх нисэх баг нь хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлтэй байх;
2. ХНЖ-аар үйлдэх нислэгт шаардлагатай радио навигацийн тоног төхөөрөмжүүд, бусад хэрэглэл, төхөөрөмжүүд нь ажиллагаатай байх;
3. нэг хөдөлгүүр нь татгалзсан үед онгоц нь үүлнээс дээш 300 метр (1000 фут)-ийн өндөрт, эерэг налуу бүхий нислэгийн замыг хадгалах чадвартай байх;
4. онгоц нь, хэрэглэлийн тусламжтайгаар ойртолт үйлдэн буух боломжтой аэродром руу ХНЖ-аар нислэгийг чиглүүлэх радио навигацийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх;
5. ХНЖ-аар нислэг үйлдэх онгоц нь хэрэглэлийн тусламжтайгаар ойртолт буух үйлдэх аэродром хүртэл нисэх хангалттай нөөц түлш авсан байх.
121.31. Цаг агаарын нөхцөл - ХНЖ
(а) Цаг агаарын бодит болон урьдчилсан мэдээнд дараах нөхцөлд тохирохгүй бол агаарын хөлгийн дарга нь ХНЖ-аар нислэг үйлдэхгүй:
1. төлөвлөсөн аэродромд нисэн очих үед тухайн аэродромын цаг агаарын нөхцөл ИНД-95-д заасан хязгаарлалтад буюу түүнээс дээш байгаа; эсхүл,
2. нисэн очих төлөвлөсөн хугацаанд:
(i) нэг нөөц аэродром нь 91.67-гийн (а)-гийн (2)-т заасан үүлний өндөр болон алсын барааны харагдацын хувьд тавигдах шаардлагад тохирч байгаа; эсхүл
(ii) хоёр нөөц аэродром нь 91.67-гийн (б)-д заасан үүлний өндөр болон алсын барааны харагдацын хувьд тавигдах шаардлагад тохирч байгаа .
(б) Агаарын хөлгийн дарга нь дараах тохиолдолд 91.67-гийн (а)-гийн (2)-т заагдсан үүлний өндөр болон алсын барааны харагдацын хувьд тавигдах шаардлагыг хангасан, нэгээс доошгүй аэродромыг нөөцөөр сонгож авна:
1. хөөрөлт, эсхүл буулт үйлдэх аэродром нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна байрласан бол;
2. нисэн очих аэродром нь ашиглаж байгаа онгоцонд тохиромжтой, салангид, эсхүл нэг ХБЗ-тай бол.
(в) ETOPS нислэг гүйцэтгэж байгаа аливаа этгээд нислэгийн чиглэлийн дагуу нөөцөөр сонгож авахад тохиромжтой гэж үзсэн аэродромуудад хүрэх хугацаа нь нислэгийн нэг цагаас илүү, уг аэродромыг ашиглах боломжтой үед цаг агаарын хязгаарлалт нь гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт зөвшөөрөгдсөн хязгаарлалтад буюу түүнээс дээгүүр байхыг урьдчилан бататгасан байна.
121.32. Аэродромын цаг агаарын хязгаарлалт- ХНЖ
(а) Ойртолтын сүүлчийн шатны хянах цэг /FAF/, эсхүл ойртолт буултын сүүлчийн үе шатыг өнгөрөхөөс өмнө, тухайн үеийн цаг агаарын мэдээгээр уг аэродромын алсын барааны харагдац нь ИНД-95-д заагдсан алсын барааны харагдацаас доогуур байна гэж өгөгдсөн бол онгоцны дарга хэрэглэлийн нислэгээр буултын ойртолтыг үргэлжлүүлж болохгүй.
(б) Энэ дүрэмд хэрэглэгдэж буй ойртолт буултын төгсгөлийн үе шат нь:
1. хэрэглэлийн тусламжтайгаар ойртолт буулт үйлдэх журамд заагдсан ойртолтын сүүлчийн шатны хянах цэгээс; эсхүл
2. тусгайлан тогтоосон ойртолтын сүүлчийн шатны хянах цэг байхгүй тохиолдолд буулт үйлдэх журамд заасан зайд эргэлтийг гүйцэтгэн буултын чиглэлд орох цэгээс тус тус эхэлнэ.
121.33. ХНЖ-аар нисэн гарах хязгаарлалтууд
Цаг агаарын нөхцөл нь 91.71-д заасан хөөрөлтийн хязгаарлалтад, эсхүл түүнээс дээгүүр болон 91.71-д заасан ХНЖ-аар буулт үйлдэх зөвшөөрөгдсөн хязгаарлалтаас доогуур бол тухайн аэродромоос дараах тохиолдолд ХНЖ-аар нисэн гарч болохгүй:
1. хоёр хөдөлгүүртэй онгоцны хувьд, нэг хөдөлгүүр татгалзсан үеийн чиг шулуун нислэгийн хурдтай тогтуун агаарт нисэхэд, хөөрөлт үйлдсэн аэродромоос дээд тал нь нислэгийн 1 цагийн зайд байрлах аэродромгүй бол;
2. гурав буюу түүнээс олон хөдөлгүүртэй онгоцны хувьд, нэг хөдөлгүүр татгалзсан үеийн чиг шулуун нислэгийн хурдтай тогтуун агаарт нисэхэд, хөөрөлт үйлдсэн аэродромоос дээд тал нь нислэгийн 2 цагийн зайд байрлах аэродромгүй бол.
121.34. Хөөрөлтийн багасгасан хязгаарлалт
(a) Багасгасан хязгаарлалтаар хөөрөлт үйлдэхдээ Үйл ажиллагааны зааварт заагдсан журмын дагуу гүйцэтгэнэ гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгасан тохиолдолд ИНД-91.71-д заасан хязгаарлалтаас багасгаж хөөрөлтийг гүйцэтгэж болно.
(б) Багасгасан хязгаарлалтаар хөөрөлт үйлдэх журамд дараах шаардлагуудыг хангана:
1. багасгасан хязгаарлалтаар хөөрөлт үйлдэх агаарын хөлгийн дарга ба хоёрдугаар нисэгч нь энэ дүрмийн 121.81-ийн дагуу бэлтгэгдсэн;
2. ашиглагдах ХБЗ нь тэнхлэгийн шугам буюу тэнхлэгийн гэрэлтүүлэгтэй;
3. тухайн ХБЗ дээр багасгасан хязгаарлалтаар хөөрөлт үйлдэхийг ИНД-95-аар зөвшөөрсөн;
4. хэрэв онгоц нь сэнст хоёр хөдөлгүүртэй бол уг онгоц нь автомат флюгерийн буюу сэнсний өнцгийг автоматаар өөрчлөх хэвийн ажиллагаат системээр тоноглогдсон;
5. Зурвасан дээрх алсын барааны харагдац нь ХБЗ-ны дагуу RVR-аар тогтоогдсон;
6. тухайн хөөрөлтийг үйлдэхэд шаардлагатай алсын барааны харагдацыг тодорхойлох, хянах аргачлал нь ИНЕГ-ын даргаар хүлээн зөвшөөрөгдсөн.
121.35. Чиглэлийн нислэгийн хязгаарлалтууд
(a) Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд тогтуун агаарт, нэг хөдөлгүүр татгалзсан үеийн чиг шулуун нислэгийн хурдтайгаар 1 цагаас дээш хугацаагаар үргэлжлэх нислэгийг зохих аэродромоос үйлдэж болохгүй:
1. онгоц нь гурав буюу түүнээс дээш турбинт хөдөлгүүргүй; эсхүл
2. нислэг нь энэ дүрмийн 121.36-гийн 2/-оор шаардсан, ETOPS-ийн журмын дагуу үйлдэгдэхгүй бол.
(б) Энэ зүйлийн (a)-д заасан зохих аэродром нь:
1. ИНД-139-ийн дагуу гэрчилгээжсэн, эсхүл адил төстэй стандарт шаардлага хангасан;
2. тухайн маягийн онгоцны хувьд нийцэх, дараах хангалт болон үйлчилгээтэй байна:
(i) НХУ буюу аэродромын нислэгийн мэдээллийн үйлчилгээ;
(ii) цаг уурын мэдээллийн үйлчилгээ;
(iii) буултын туслах төхөөрөмж нэгээс доошгүй;
(iv) тийрэлтэт турбинт хөдөлгүүрт ба сэнст тийрэлтэт турбинт хөдөлгүүртэй онгоцонд зориулсан VASIS;
(v) зохих гэрэлтүүлэг.
121.36. ETOPS нислэгийн хязгаарлалтууд
Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд ETOPS нислэг үйлдэхгүй:
1. ETOPS нислэг нь гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод тусгагдаагүй бол;
2. ETOPS нислэгийн журам нь гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт тусгагдаагүй бол;
3. тухайн нислэг нь нислэг үйлдэх онгоцны нислэгийн үзүүлэлт болон үйл ажиллагааны төрөл, газар нутгийн онцлогт нийцүүлэн тогтоосон хязгаарлалтын хүрээнд биш бол;
4. энэ хэсгийн 2/-т заагдсан журамд шаардсанаар нислэгийн чиглэл бүрт нөөц аэродром нь ашиглалтад бэлэн биш бол;
5. энэ дүрмийн В бүлэгт тусгагдсан цаг агаарын шаардлага хангагдаагүй бол.
121.37. Хэрэглэлийн нислэгийн журам
(a) Агаарын хөлгийн дарга нь дор дурьдсанаас бусад тохиолдолд, маршрутын нислэгт ИНД-95-д заагдсан ХНЖ-ыг мөрдөнө:
1. аюулаас зайлсхийх шаардлага тулгарсан үед; эсхүл
2. НХҮ-ний радиолокаторын удирдлага дор нислэг үйлдэх үед; эсхүл
3. холбогдох НХУ-аас олгосон зөвшөөрлийн дагуу маршрутын бус нислэг үйлдэж байгаа үед; эсхүл
4. гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт өөрөөр заагдсан бол.
(б) Хяналттай агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн дарга нь, хэрэв холбогдох НХУ-аас өөр хэлбэрээр зөвшөөрөл олгоогүй бол, зохих аэродромын хувьд ИНД-95-ын дагуу ХНЖ-аар хөөрөлт болон ойртолт буулт үйлдэх журмыг дагаж мөрдөнө.
(в) Хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх агаарын хөлгийн дарга нь, ИНД-95-ын дагуу ХНЖ-аар хөөрөлт болон ойртолт буулт үйлдэх зохих аэродромын журмыг дагаж мөрдөнө.
Г БҮлэг. ТЕХНИКИЙН ҮзҮҮлэлтЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА
121.38. Ерөнхий зүйл
(а) Энэ бүлэгт, дараах зорилгоор ашиглаж буй онгоцны ашиглалтын хязгаарлалтуудын техникийн үзүүлэлтүүдийг авч үзнэ:
1. агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй онгоц;
2. FAR-25-ын НТЧ-ын стандарт, эсхүл түүнтэй ижил төстэй стандартын дагуу гэрчилгээжсэн, ИНД-125 буюу ИНД-135-ын дагуу үйл ажиллагаанд ашиглагдаж буй онгоцнууд нь:
(i) 20 болон түүнээс дээш зорчигчийн суудалтай, сэнст хөдөлгүүр бүхий;
(ii) тийрэлтэт олон-хөдөлгүүрт болон сэнс тийрэлтэт олон-хөдөлгүүрт;
(б) Энэ бүлгийн шаардлагыг бүрэн хангахгүй онгоцыг ашиглалтын хязгаарлалтын өөр техник үзүүлэлтийн хүрээнд ашиглахаар зөвшөөрч болно.
121.39. (R) Ерөнхий техник үзүүлэлт
Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн үйл ажиллагаанд ашиглах онгоц бүрийн хувьд дараах шаардлагуудыг хангасан байна:
1. дараах зүйлийг тооцсоноор, хөөрөлтийн жин нь энэ бүлэгт зөвшөөрөгдсөн хүндээс илүүгүй:
(i) тухайн нислэгийн явц дахь жингийн хорогдол;
(ii) энэ бүлгийн дагуу шаардлагатай үед агаарт түлш цацалт.
2. энэ бүлэгт заасан техник үзүүлэлтэд тавигдах шаардлагуудыг хангаж буйг тодорхойлоход ашиглагдах өгөгдөхүүнүүд нь:
(i) тухайн онгоцны Нислэг ашиглалтын зааварт тусгагдсан; эсхүл
(ii) бохирдсон ХБЗ-ын буултын зайн өгөгдөхүүнүүдийн хувьд тухайн онгоцны үйлдвэрлэгчээс тогтоогдсон ба ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрсөн.
121.40. (R) Хөөрөлтийн зай
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн үйл ажиллагаанд ашиглах онгоцны хөөрөлтийн жинг тухайн онгоцны Нислэгийн ашиглалтын зааварт заасан хөөрөлтийн хамгийн их жингээс хэтрүүлж болохгүй.
(б) Энэ зүйлийн (a)-д заасан шаардлагын биелэлтийг тодорхойлох үүднээс, хөдөлгүүр Vef хурдан дээр татгалзсан гэж үзэн V1 хурдыг ашиглан хөөрөлтийн жинг тооцоолохдоо дараах зүйлсийг тооцно:
1. хөөрөлтийг зогсооход шаардагдах зай /ASDR/ нь хөөрөлтийг зогсоох боломжит зайнаас /ASDA/ ихгүй;
2. хөөрөлт үйлдэхэд шаардагдах зай /TODR/ нь хөөрөлтийн боломжит зайнаас /TODA/ ихгүй;
3. хөөрөлт үйлдэх боломжит зайн саадгүй байх аливаа хэсэг нь хөөрөлт үйлдэх гүйлтийн боломжит зайн /TORA/ хагасаас ихгүй;
4. нойтон болон бохирдсон ХБЗ-аас хөөрөхдөө, багасгасан V1 хурдыг ашиглан онгоц зурвасын гадаргуугаас дээш 4,5 метр (15 фут)-ийн өндөр авах цэг хүртэлх хөөрөлтийн зайг тооцоолно;
5. хөөрөлт үйлдэх гүйлтийн шаардлагатай зай /TORR/ нь хөөрөлтийг зогсоох ба үргэлжлүүлэх шийдвэр гаргах V1 хурдыг ашиглан тооцсон хөөрөлт үйлдэх гүйлтийн боломжит зайнаас /TORA/ ихгүй;
6. нойтон ба бохирдсон ХБЗ-наас нислэг үйлдэх үеийн хөөрөлтийн жин нь тухайн ХБЗ хуурай үед, ижил нөхцөлд нислэг үйлдэх хөөрөлтийн зөвшөөрөгдсөн жингээс илүүгүй;
(в) Хөөрөлтийн жинг энэ зүйлийн (б)-д заасны дагуу тооцоолохдоо Гэрчилгээ эзэмшигч дараах зүйлийг харгалзана:
1. аэродромын батлагдсан өндөр;
2. агаарын даралт нь стандарт агаарын даралт /ISA/-аас 1 хувиас дээш өөрчлөлттэй тохиолдолд тухайн аэродромын даралтаар заах өндөр;
3. тухайн аэродром орчмын гаднах агаарын хэм;
4. тухайн ХБЗ-ны гадаргуугийн төрөл ба гадаргуугийн нөхцөл байдал;
5. хөөрөлтийн чиглэл дэх ХБЗ-ны налуу;
6. цаг агаарын мэдээнд өгөгдсөн, урдаас чиглэсэн бүрдүүлэгч салхины 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн бүрдүүлэгч салхины 150%-иас багагүй байх.
121.41. (R)ХБЗ-ны гадаргууг тооцох үзүүлэлт
Гэрчилгээ эзэмшигч нь, техник үзүүлэлтийн өгөгдөхүүнгүй тохиолдолд энэ дүрмийн 121.40-ийн (в)-гийн 4/-т заагдсан ХБЗ-ны гадаргуугийн төрөлд зориулан тооцоолсон хөөрөлтийн зайг болон 121.47-гийн (в)-гийн 3/-т заасны дагуу тооцоолсон буултын зайг ХБЗ-ны өөр төрлийн гадаргуугийн хувьд хэрэглэхээр бол Хүснэгт 1-д заасан үзүүлэлтийг ашиглан тооцоолно.
Хүснэгт 1
Гадаргуугийн төрөл
|
Хөөрөлтийн зай
|
Хөөрөлтийг зогсоох зай
|
Буултын зай
|
Засмал (Асфальт)
|
x 1.00
|
x 1.00
|
x 1.00
|
Металл
|
x 1.05
|
x 1.06
|
x 1.08
|
Сайжруулаагүй хөрс
|
x 1.08
|
x 1.14
|
x 1.16
|
Сайжруулсан хөрс
|
x 1.14
|
x 1.20
|
x 1.18
|
(а) Гэрчилгээ эзэмшигчийн нислэг үйлдэж буй онгоц бүрийн хувьд, хөдөлгүүр татгалзсан үед хөөрөлтийн нислэгийн замын дагуух босоо чиглэлүүдэд ямар нэг саадгүй байна:
1. онгоц нь хөөрөлтөд 15о-аас ихгүй кренээр эргэлт үйлдэхээр бол 10.5 метр (35 фут) хүртэл өндөрт ямар нэг саадгүй байх;
2. дараах нөхцөлд хөөрөлт үйлдэх үед 4.5 метр (15 фут) хүртэл өндөрт ямар нэг саадгүй байх:
i онгоц нь хөөрөлтөд 15о -аас ихгүй кренээр эргэлт үйлдэх бол;
ii энэ дүрмийн 121.40-ийн (б)-гийн 4/-ийн шаардлагыг хангасан бол;
3. онгоц нь хөөрөлтөд 15о-аас их кренээр эргэлт үйлдэхээр бол 15 метр (50 фут) хүртэл өндөрт ямар нэг саадгүй байх;
4. дараах нөхцөлд хөөрөлт үйлдэх үед 9 метр (30 фут) хүртэл өндөрт ямар нэг саадгүй байх:
(i) онгоц нь хөөрөлтөд 15о -аас их кренээр эргэлт үйлдэх бол;
(ii) энэ дүрмийн 121.40-ийн (б)-гийн 4/-ийн шаардлагыг хангасан.
(б) Энэ зүйлийн (а)-д хамааралтайгаар, нислэгийн замын хажуугаас ямар нэг саад хүртэлх зай нь дараах хэмжээнээс бага тохиолдолд саадыг хөөрөлтийн үеийн нислэгийн замд байна гэж тооцно:
1. нислэгийн чиглэлийг 15о-аас илүү өөрчлөх шаардлагагүй үед:
i 75м+0.125D-аас 600 метр хүртэл, эсхүл Гэрчилгээ эзэмшигч нь нисэгчид зориулсан ил харааны буюу радио навигацаар замаа хадгалах журамтай бол 300 метр хүртэл;
ii хөөрөлтийн баталгаат хүнд 22700 кг-аас ихгүй онгоцоор ил хараагаар нислэг үйлдэх цаг агаарын нөхцөл (VMC)-д, өдрийн цагаар үйлдэх нислэгийн хувьд 45м+0.125D-аас 600 метр хүртэл, эсхүл Гэрчилгээ эзэмшигч нь нисэгчид зориулсан ил харааны буюу радио навигацаар замаа хадгалах журамтай бол 300 метр хүртэл;
2. нислэгийн чиглэлийг 15о-аас илүү өөрчлөх шаардлагатай үед:
(i) 75м+0.125D-аас 900 метр хүртэл, эсхүл Гэрчилгээ эзэмшигч нь нисэгчид зориулсан ил харааны буюу радио навигацаар замаа хадгалах журамтай бол 600 метр хүртэл;
(ii) хөөрөлтийн баталгаат хүнд 22700 кг-аас ихгүй онгоцоор ил хараагаар нислэг үйлдэх цаг агаарын нөхцөл (VMC)-д өдрийн цагаар үйлдэх нислэгийн хувьд 45м+0.125D зайн дээд хэмжээ 900 метр, эсхүл Гэрчилгээ эзэмшигч нь нисэгчид зориулсан ил харааны буюу радио навигацаар замаа хадгалах журамтай бол дээд хэмжээ 600 метр.
Тайлбар: "D"-хөөрөлтийн боломжит зайн төгсгөл /онгоц хөөрч өндөр аван 15м-т хүрэх цэг/-өөс саад хүртэлх хэвтээ зайн хэмжээ.
(в) Энэ зүйлийн (а)-д заасны дагуу хөөрөлтийн үеийн нислэгийн замыг тооцохдоо гэрчилгээ эзэмшигч дараах зүйлсийг анхаарна:
1. дараах үзүүлэлтүүдийг тооцно:
(i) хөөрөх гүйлт эхлэхээс өмнөх хөөрөлтийн хүнд;
(ii) аэродромын батлагдсан өндөр;
(iii) агаарын даралт нь ISA-аас 1 хувиас дээш өөрчлөлттэй тохиолдолд аэродромын даралтаар заах өндөр;
(iv) аэродром орчмын гадна агаарын хэм;
(v) цаг агаарын мэдээнд өгөгдсөн, урдаас чиглэсэн бүрдүүлэгч салхины 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн бүрдүүлэгч салхины 150%-иас багагүй байх;
2. хөөрөлтийн гадаргуугаас дээш 15 метр (50 фут)-ийн өндөрт хүрэхээс өмнө нислэгийн чиглэлийг 15о-аас илүү өөрчлөхгүй;
3. ИНЕГ-аас өөрөөр зөвшөөрөөгүй бол:
(i) хөөрөлтийн гадаргуугаас дээш 15 метр (50 фут)-ийн өндөрт хүрэхээс өмнө эргэлтийг 15о-аас илүү;
(ii) хөөрөлтийн гадаргуугаас дээш 120 метрийн өндрийг хүртэл эргэлтийг 20о-аас илүү;
(iii) хөөрөлтийн гадаргуугаас дээш 120 метр (400 фут)-ээс дээш өндрийн үед эргэлтийг 25о-аас илүү үйлдэхгүй;
4. дараах нөхцөлүүдийг зөвшөөрсөн:
(i) эргэх крен нь нислэгийн зам ба нислэгийн хурдад нөлөөлөх;
(ii) нислэгийн хурдыг ихэсгэснээс зай нэмэгдэх;
(iii) энэ дүрмийн 121.43-т тусгагдсан өндөр авалтын градиентын алдагдал ба хурдны уналтын хязгаарыг хадгалах.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлийг тусгасан журмыг боловсруулсан байна:
1. сааднаас чөлөөтэй нислэгийн аюулгүй замыг сонгох;
2. энэ дүрмийн 121.33-т заагдсан нөөц аэродромд, эсхүл хөөрөлт үйлдсэн аэродромд аюулгүй буулт үйлдэх боломж.
121.43. (R) Хөдөлгүүрийн татгалзал – градиент ба хурдны уналтад хийгдэх өөрчлөлт
Гэрчилгээ эзэмшигч нь, нислэгийн үзүүлэлтийн өгөгдөхүүнгүй тохиолдолд энэ дүрмийн 121.42-ын (г)-гийн 4/-ийн (iii)-г дагаж мөрдөх үүднээс, Хүснэгт 2-т заасан үзүүлэлтээр өндөр авалтын градиентийн алдагдлыг тооцох ба хурдны уналт /stall speed/-ын хязгаарыг хадгалах үүрэгтэй.
Хүснэгт 2
Эргэлтийн өнцөг
|
Хурдны өөрчлөлт
|
Градиент өөрчлөлт
|
15о –аас 19о
|
V2
|
1 x Онгоцны Нислэг ашиглалтын заавар 15о градиент алдагдал
|
20о –аас 24о
|
V2+ 5 knots
(V2+10 км/цаг)
|
2 x Онгоцны Нислэг ашиглалтын заавар 15о градиент алдагдал
|
25о
|
V2+19 knots
(V2+35 км/цаг)
|
3 x Онгоцны Нислэг ашиглалтын заавар 15о градиент алдагдал
|
(a) Гэрчилгээ эзэмшигч нь, ашиглаж байгаа онгоц бүрийн хувьд, нислэгт нэг хөдөлгүүр татгалзсан үеийн нислэгийн замын өгөгдөхүүнийг ашиглан дараах зүйлсийг анхаарна:
1. энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, нислэг үйлдэхээр төлөвлөсөн замын дагуу хааш хаашаа 18.5 км (10 nm) дотор орших газар нутаг, сааднаас дээш 300 метр (1000 фут)-ээс доошгүй өндөрт, эсхүл хөдөлгүүр татгалзсаны дараа буулт үйлдэх аэродромоос дээш 450 метр (1500 фут)-ийн өндөрт нислэгийн замаа эерэг налуутай хадгалж чадах;
2. энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд тухайн нислэгийн зам нь нисэхээр төлөвлөсөн замын дагуу хааш хаашаа 18.5 км (10 nm) дотор, 600 метр (2000 фут)-ээс дээш өндөрт аливаа саадгүй байх;
3. дараах нөхцөлийг тооцсоноор, нислэгийн зам нь онгоцыг чиг шулуун нислэгээс 121.47-гийн, эсхүл 121.48-ын дагуу буулт үйлдэх аэродром хүртэл нислэгээ үргэлжлүүлэх боломжтой:
(i) чиглэлийн дагуу хамгийн эрсдэлтэйд тооцогдох цэг дээрх хөдөлгүүрийн татгалзал;
(ii) мөстөлтөөс хамгаалах системийг ажиллуулах тохиолдолд уг системийн үзүүлэх нөлөө;
(iii) урьдчилан мэдэгдсэн агаарын хэм;
(iv) нислэгийн зам дахь урьдчилан мэдэгдсэн салхины нөлөө;
(v) түлшийг цацахдаа аэродром хүртэл нислэг үйлдэхэд шаардлагатай түлшний нөөц;
4. хөдөлгүүр татгалзсан үед буулт үйлдэх аэродромд дараах шаардлага хангагдсан:
(i) үзүүлэлт нь тухайн онгоцны буултын хүндэд тохирсон;
(ii) буултын үеийн цаг агаарын урьдчилсан мэдээ болон аэродромын нөхцөл байдал нь буултыг аюулгүй үйлдэх боломжтой.
(б) Хэрэв нисэгч нь радио навигацийн тоноглол ашиглан нислэгийн замын өргөнийг 9.3 км-т хадгалж чадах бол энэ зүйлийн (а)-гийн (1) ба (2)-т заасан нислэгийн төлөвлөсөн замын өргөнийг 18.6 км (10 nm)-ээс 9.3 км (5 nm) хүртэл багасгаж болно.
121.45. Нислэгийн 90 минутын хязгаарлалт
(а) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, гурав ба түүнээс дээш хөдөлгүүртэй онгоцоор, тухайн онгоцны нислэг ашиглалтын зааварт заасан буултын хүндийн шаардлагад нийцсэн аэродромоос, нислэгийн 90 минутын зайнаас дээш зайд нислэг үйлдэж болохгүй.
(б) Дараах нөхцөл хангагдсан тохиолдолд гэрчилгээ эзэмшигч нь гурав ба түүнээс дээш хөдөлгүүртэй онгоцоор, тухайн онгоцны нислэгийн ашиглалтын зааварт заасан буултын хүндийн шаардлагад нийцсэн аэродромоос, нислэгийн 90 минутын зайнаас дээш зайд нислэг үйлдэж болно:
1. нислэгийн замын өгөгдөхүүн нь, цаг агаарын тааламжтай нөхцөлд хоёр хөдөлгүүр зэрэг татгалзсан гэж үзэх цэгээс буулт үйлдэх боломжит аэродром руу тухайн онгоц нислэгээ үргэлжлүүлэх боломжтой;
2. энэ зүйлийн (в)-д зааснаас бусад тохиолдолд, нислэгийн зам нь мөсдөлт эсэргүүцэх системийн нөлөөллийг тооцсоноор, нислэг үйлдэхээр төлөвлөсөн замын дагуу хааш хаашаа 18.6 км (10 nm) дотор орших тухайн газар нутаг, сааднаас дээш 600 метр (2000 фут)-ээс доошгүй өндөрт эерэг налуутай;
3. хоёр хөдөлгүүр татгалзсаны дараа, нислэгийн зам нь буулт үйлдэх аэродромоос дээш 450 метр (1500 фут)-ийн өндөрт эерэг налуутай;
4. хоёр хөдөлгүүр татгалзах үеийн онгоцны хүнд нь, буулт үйлдэх аэродромд нисэн очих ба очсоны дараа тухайн аэродром дээр 450 метр (1500 фут)-ээс доошгүй өндөрт 15 минутын турш нислэг үйлдэхэд хүрэлцэхүйц түлшийг багтаасан хүндээс багагүй байх.
(в) Хэрэв нисэгч нь радио навигацийн тоноглол ашиглан нислэгийн замын өргөнийг 9.3 км-т хадгалж чадах бол энэ зүйлийн (а)-гийн (1) ба (2)-т заасан нислэгийн төлөвлөсөн замын өргөнийг 18.6 км (10 nm)-ээс 9.3 км (5 nm) хүртэл багасгаж болно.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (б)-гийн дагуу тооцоо хийхдээ, онгоцны тооцоот буултын жингийн шаардлагад нийцсэн аэродромоос нислэгийн 90 минутын зайнаас илүү алслагдсан, нислэгийн замын аюултай гэж үзэх хэсэгт, агаар тогтуун байх үед болон стандарт агаарын хэмд, тухайн онгоцны бүх хөдөлгүүр чиг шулуун нислэгийн хурдны горим дээр ажиллаж байхад хоёр хөдөлгүүр нь татгалзсан гэж үзнэ.
121.46. Буух үеийн жин, агаарын хэм, даралт, өндөр авах градиентын хязгаарлалт
Гэрчилгээ эзэмшигч нь нислэг үйлдэж байгаа онгоцны хувьд дараах шаардлага хангагдсан байна:
1. нисэн очих аэродром болон нөөц аэродромд, тооцоот цагт буулт үйлдэх үеийн гаднах агаарын хэм, аэродромын өндрийг тооцсон байх ба онгоцны буултын хүнд нь ойртолт үйлдэх болон буух үеийн өндөр авалтын хамгийн их хүндээс илүүгүй;
2. 60 метр (200 фут) -ээс доош шийдвэр гаргах өндөртэйгөөр, хэрэглэлийн тусламжтай ойртолт үйлдэх нислэгт, ойртолт үйлдэж байгаа онгоцны эрсдэлтэй хөдөлгүүр /critical engine/ татгалзан хоёрдугаар тойрогт гарах үед, нислэгт зарцуулагдсан байх түлшийг тооцсон тухайн онгоцны ойртолтын болон хөөрөлтийн хүнд нь өндөр авах дараах градиент нь:
(i) 2.5%-иас доошгүй; эсхүл
(ii) 121.42-ын дагуу хоёрдугаар тойрогт гарах градиент нь нислэгийн замд аливаа саадгүй байх шаардлагыг хангасан.
121.47. Хуурай зурваст буух зай
(а) Гэрчилгээ эзэмшигчийн ашиглаж буй онгоц бүрийн хувьд, төлөвлөсөн цагт буух үеийн онгоцны буултын хүнд нь тухайн онгоцны нислэгийн ашиглалтын зааварт заасан буултын хүндээс хэтрэхгүй байна.
(б) Ашиглаж буй онгоц бүрийн хувьд, төлөвлөсөн цагт нисэн очих аэродром болон нөөц аэродромд буулт үйлдэх үеийн онгоцны буултын хүнд нь хуурай ХБЗ дээр, зурвасын босгоноос дээш 15 метр /50 фут/-т байрлах цэгээс дараах зайд онгоц бүрэн зогсохоор тооцоологдсон байна:
1. тийрэлтэт болон сэнст тийрэлтэт хөдөлгүүрт онгоцны хувьд, нисэн очих аэродром болон нөөц аэродромын буулт үйлдэх боломжит зайн /LDA/ 60%-ийн дотор;
2. сэнст хөдөлгүүрт онгоцны хувьд, нисэн очих аэродром болон нөөц аэродромын буулт үйлдэх боломжит зайн /LDA/ 70%-ийн дотор;
(в) Гэрчилгээ эзэмшигч нь буултын хүндийг энэ зүйлийн (б)-гийн дагуу тооцоолохдоо дараах зүйлийг харгалзан үзнэ:
1. аэродромын батлагдсан өндөр;
2. тухайн аэродром дахь гадна агаарын хэм;
3. ХБЗ-ны гадаргуугийн төрөл ба нөхцөл;
4. тухайн ХБЗ-ны буулт үйлдэх чиглэл дэх налуу;
5. урдаас чиглэсэн бүрдүүлэгч салхины 50%-иас ихгүй, эсхүл араас чиглэсэн бүрдүүлэгч салхины 150%-иас багагүй салхи.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (б), (в)-д заасны дагуу, буултын тооцоо хийх онгоцыг нислэгт гаргахдаа тухайн онгоц дараах зүйлийг тооцоолон хамгийн боломжит ХБЗ-д буулт үйлдэнэ гэж үзнэ :
1. цаг агаарын байдал;
2. хүрээлэн буй газар нутаг;
3. ойртолт, буултын тоноглолууд;
4. хоёрдугаар тойрогт гарах нислэгийн зам дахь саадууд.
(д) Гэрчилгээ эзэмшигч нь, нисэн очих аэродромын хувьд энэ зүйлийн (г)-г тооцох боломжгүй ч нөөц аэродром нь энэ зүйлийн (a), (б) ба (в)-д нийцэж байгаа тохиолдолд онгоцыг нислэгт гаргаж болно.
121.48. Нойтон ба бохирдсон зурвасын буултын зай
(а) Гэрчилгээ эзэмшигч нь ашиглаж буй онгоц бүрийн хувьд дараах шаардлагыг хангана:
1. цаг агаарын тухайн үеийн, эсхүл урьдчилсан мэдээнд онгоц нисэн очих үед ХБЗ нойтон байна гэж заасан бол буултын боломжит зай /LDA/ нь энэ дүрмийн 121.47-д шаардсан буултын зайн 115%-иас багагүй;
2. цаг агаарын тухайн үеийн, эсхүл урьдчилсан мэдээнд онгоц нисэн очих үед ХБЗ бохирдсон байна гэж заасан бол буултын боломжит зай /LDA/ нь:
(i) энэ дүрмийн 121.47-д шаардсан буултын зайн 115%-иас багагүй;
(ii) буултын зай нь бохирдсон зурвасын өгөгдөхүүнүүдээр тодорхойлогдно.
(б) Нойтон зурвас дээрх буултын зай нь энэ зүйлийн (а)-д зааснаас богино, энэ дүрмийн 121.47-д зааснаас урт, мөн онгоцны өгөгдөхүүнүүд нь нойтон зурвас дээр богино зайд буулт үйлдэх боломжтой байвал тухайн зурвасыг ашиглаж болно.
121.49. Огцом ойртолт ба богино зайд буулт үйлдэх
Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд ойртолтыг 4.5о, түүнээс илүү өнцгөөр ХБЗ-ны босго дээр ирэх өндөр нь 10.5-15 метр (35–50 фут)-ийн хооронд байвал огцом ойртолт үйлдэх журмын дагуу үйлдэж болно:
1. тухайн талбайн уртын өгөгдөхүүнүүдэд зориулагдсан нэмэлт заалтууд болох огцом ойртолтын журам ба онцгой журам, аливаа хязгаарлалт, ойртолтын зөвшөөрөгдсөн хамгийн их налуу өнцгийг тухайн онгоцны нислэг ашиглалтын зааварт тусгасан бол;
2. ХНЖ-аар үйлдэх нислэгийн хувьд, огцом ойртолт үйлдэх аэродромд буух ил харааны ойртолтын налууг заах систем /VASIS/-тэй бол;
3. Огцом ойртолт үйлдэх ХБЗ бүрд ХНЖ-аар үйлдэх нислэгийн цаг агаарын хязгаарлалт нь тодорхойлогдож, зөвшөөрөгдсөн бол;
4. ХНЖ-аар үйлдэх нислэгийн хувьд дараах зүйлийг анхаарах:
(i) саадууд;
(ii) ойртолт, буултын глиссадын дохиоллын маяг болон ил харааны туслах төхөөрөмж, буултын MLS, GPS, ILS, курсийн радиомаяк (LLZ), VOR-ын станц, чиглэлгүй радиомаяк (NDB) зэрэг удирдан чиглүүлэх төхөөрөмж;
(iii) шийдвэр гаргах өндрөөс ил харааны баримжаа тогтоох хэрэгсэл;
(iv) агаарын хөлгийн тоноглол;
(v) нисэгчийн бэлтгэл ба аэродромын талаарх тусгай мэдлэг;
(vi) онгоцны нислэгийн ашиглалтын зааварт заасан хязгаарлалт, журмууд;
(vii) хоёрдугаар тойрогт гарах нөхцөлүүд.
Д БҮлэг. Жин ба тӨвЛӨрӨлт
121.50. Зорчигч болон гар тээшний жин
(а) Гэрчилгээ эзэмшигч нь зорчигчид, гар тээш болон шалгагдсан ачааны бодит жинд хяналт тавина.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь зорчигчдын болон тэдний гар тээшний жинг дараах байдлаар тооцож тогтооно:
1. тэдгээрийн бодит жингээр; эсхүл
2. гэрчилгээ эзэмшигчийн зааварт тогтоогдсон стандарт жингээр.
121.51. Онгоцны ачааллын хязгаарлалтууд
(а) Онгоцны нислэг ашиглалтын зааварт, эсхүл онгоцны жин ба төвлөрөлтийн бусад бичиг баримтад заасан хязгаарлалтуудыг дагаж мөрдөнө.
(б) Онгоцны түлшгүй үеийн, хөөрөлт, буултын болон нислэгийн үеийн хүнд нь зөвшөөрөгдсөн хамгийн их хүндээс хэтрээгүй байна.
(в) Хөөрөлтийн өмнөх онгоцны хүндийн төв нь энэ зүйлийн (а)-д дурьдсан хязгаарлалтад, мөн нислэгийн турш тэрхүү хязгаарлалтдаа байна.
121.52. Ачааллын хуудас
(a) Гэрчилгээ эзэмшигч дараах шаардлагуудыг хангана:
1. нислэг бүрийн өмнө ачааллын хуудсыг бүрэн гүйцэд бөглөсөн байх;
2. ачааллын хуудас нь агаарын хөлгийн даргаар хянагдсан байх;
3. ачааллын хуудас нь дараах мэдээллийг агуулсан байна:
(i) агаарын хөлгийн даргын нэр;
(ii) нислэг үйлдэж буй огноо;
(iii) онгоцны маяг, бүртгэлийн дугаар;
(iv) нисэн гарах болон нисэн очих аэродромууд;
(v) нислэгийн дугаар, эсхүл нисэн гарах тооцоот цаг;
(vi) гэрчилгээ эзэмшигчийн өөр бичиг баримтад заагдаагүй бол, нисэх багийн гишүүдийн болон зорчигчдын овог нэр;
(vii) онгоцны хоосон үеийн жин, салгаж авч болох тоног төхөөрөмжүүд, хэрэглээний зүйлс, ашиглагдахгүй тослогоо болон түлшний жин ба нисэх багийн гишүүдийн жин;
(viii) зорчигчид, эд зүйлс, тээшний жин, ашиглагдах тосолгоо болон түлшний жин;
(ix) онгоцны ачаалалтай үеийн хүнд;
(x) гэрчилгээ эзэмшигчийн өөр бичиг баримтад тэмдэглээгүй бол, хүндийн төв нь заагдсан хязгаартаа байхыг үзүүлсэн баталгаа;
(xi) түлшгүй үеийн, хөөрөлтийн болон буултын хүндийг тусгасан, ухайн нислэгт зөвшөөрөгдөх хамгийн их хүнд.
Е БҮЛЭГ. ХЭРЭГЛЭЛ БА ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ
121.53. Ерөнхий зүйл
Гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлага хангаагүй тохиолдолд нислэгийн үйл ажиллагааг эхлүүлж болохгүй:
1. онгоц нь:
(i) энэ бүлэг ба ИНД-91–ээр шаардсан тухайн төрөл, маягийн хэрэглэл болон тоног төхөөрөмжтэй;
(ii) бие биеэсээ үл хамаарах холбоо, навигацийн системүүд нь нислэг дэх тэдгээрийн аливаа дутагдлын үед найдвартай ажиллагааг хангахуйц тооны хэрэглэл, тоног төхөөрөмжүүдтэй;
2. тухайн онгоцонд суурилагдсан хэрэглэл, тоног төхөөрөмжүүд нь НТЧ-ын дараах загварын стандартууд болон тодорхойлолтод нийцсэн:
(i) энэ дүрмийн Хавсралт Б-д; эсхүл
(ii) ИНД-21-д; эсхүл
(iii) ИНД-26-д; эсхүл
(iii) ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн нэмэлт тодорхойлолт болон стандартуудад;
3. хэрэглэл, тоног төхөөрөмжүүд нь тухайн онгоцыг үйлдвэрлэгчийн болон ИНЕГ-ын даргын хүлээн зөвшөөрсөн бусад зааварчилгааны дагуу суурилагдсан;
4. тухайн онгоцонд суурилагдсан хэрэглэл, тоног төхөөрөмжүүд (ИНД-91.99-д тодорхойлогдсон, ажиллагаагүй тоног төхөөрөмжөөс бусад) нь ажиллагаатай.
121.54. Нэмэлт хэрэглэлүүд
Гэрчилгээ эзэмшигчийн онгоц бүр дараах хэрэглэлүүдээр тоноглогдсон байна:
1. ИНД-21-д заасан НТЧ-ын загварын стандартын дагуу шаардагдах, хөдөлгүүрийн үзүүлэлтүүдийг заах хэрэглэлүүд;
2. сэнсний алганы өнцгийн өөрчлөлтөөр ухрах хүч өгөх сэнсний хувьд, өнцөг нь зохих хязгаарт, эсхүл эсрэг алхам дээр байгааг заагч хэрэглэл.
121.55. Нэмэлт тоноглолууд
Гэрчилгээ эзэмшигчийн онгоц бүр дараах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна:
1. нисэгчийн бүхээгийн шил арчигч төхөөрөмж;
2. нисэгчийн бүхээгийг зорчигчдын бүхээгээс тусгаарласан түгжээ бүхий хаалга;
3. зорчигчдын бүхээг дэх тусгаарлагч хаалга бүр нь аврах гарцын шаардлага хангасан байх ба:
(i) түгжээ нь хурдан мултархуйц;
(ii) хөөрөлт ба буултын үед зайлшгүй онгорхой байлгахыг сануулсан санамж, тэмдэглэгээтэй байна.
121.56. Шөнийн нислэг
Гэрчилгээ эзэмшигчийн, шөнийн нислэг үйлдэх онгоц бүр нь дараах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна:
1. онгоцны буултын гэрэл;
2. зорчигчдын тасалгаа бүрийн гэрэл.
121.57. Хэрэглэлийн нислэгийн тоноглолууд
(а) Гэрчилгээ эзэмшигчийн ХНЖ-аар нислэг үйлдэх онгоц бүр дараах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна:
1. бие биеэсээ үл хамаарах, дараах нэмэлт заагч хэрэглэлүүд:
(i) чийг буюу мөстөлтөөс хамгаалагдсан, км/ц (үзель)-аар хэмжигдэх хурдны хэрэглэл;
(ii) метр (фут)-ээр, даралтаар хэмжигдэх өндрийн хэрэглэл;
2. нисэгчийн бүхээг дэх хэрэглэлүүдийн гэрэлтүүлгийн нөөц ламп;
3. 3/ нөөц гал хамгаалагч.
(б) Энэ зүйлийн (a)-гийн 1/-ийн (i)-ээс үл хамааран, тусдаа тэжээл үүсгэгчтэй нэмэлт авиагоризонтийг суурилуулж болно.
121.58. Усан дээгүүрх нислэгийн тоноглолууд
Гэрчилгээ эзэмшигчийн, усан дээгүүр үргэлжилсэн нислэг үйлдэх онгоц бүр, хамгийн их багтаамжтай нэг завь нь ажиллагаагүй болсон тохиолдолд онгоцонд байгаа бүх хүмүүс багтах боломжтой, хөвөх чадвар сайтай аврах завинуудаар тоноглогдсон байна.
121.59. Ослын үед хэрэглэх тоног төхөөрөмж
(a) Гэрчилгээ эзэмшигчийн онгоц бүр нь ИНД-91.92–ын (a), (б)-д заасан суудлын тоог үл харгалзан, ИНД-91.92-т заасан авран хамгаалах тоног төхөөрөмжтэй байна.
(б) Нислэгийн 120 минутаас дээш хугацаагаар нислэг үйлдэх онгоц бүр яаралтай тусламжийн үед ашиглах эмнэлгийн хэрэгслээр хангагдсан байна.
121.60. Амьсгал хамгаалах тоног төхөөрөмж /PBE/
Гэрчилгээ эзэмшигчийн нислэг үйлдэж буй онгоц бүр дараах шаардлагыг хангасан, амьсгал хамгаалах тоног төхөөрөмжтэй байна:
1. нисэх багийн гишүүд ашиглахад боломжтой газарт байрласан;
2. дараах газруудад суурилагдсан:
(i) А, В ба Е ангиллын ачааны бүхээгт;
(ii) нисэх багийн бүхээгт;
(iii) зорчигчдын бүхээг бүрд, зөөврийн галын хороос 1 метрийн дотор буюу бусад зөвшөөрөгдсөн зайд;
(iv) зөөврийн галын хор байрласан гал тогоонд.
121.61. Зорчигчдод мэдээлэх ба дотоод холбооны систем
Гэрчилгээ эзэмшигчийн онгоц бүр дараах тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна:
1. зорчигчдод мэдээлэл дамжуулах систем;
2. багийн гишүүдийн дотоод холбооны систем.
121.62. Бүхээгийн дуу чимээ бичигч
Гэрчилгээ эзэмшигчийн нислэгт ашиглах онгоц бүр нь нисэх багийн бүхээгийн дуу чимээ бичигч төхөөрөмжөөр тоноглогдсон байна.
121.63. (R) Нислэгийн өгөгдөхүүн бичигч (flight data recorder)
(а) 1987 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш үйлдвэрлэгдсэн, 5700 кг-аас 27000 кг хүртэлх хөөрөлтийн жинтэй онгоц бүр нь Type II, 27000 кг-аас дээш хөөрөлтийн жинтэй онгоц бүр нь Type I маягийн нислэгийн өгөгдөхүүн бичигчээр тоноглогдсон байна.
(б) Энэ зүйлийн (а)-д заагдсан нислэгийн өгөгдөхүүн бичигч нь Хавсралт А-гийн А.6-д заасан шаардлагыг хангасан байна.
121.64. Нэмэлт авиагоризонт
Гэрчилгээ эзэмшигчийн нислэгт ашиглаж буй тийрэлтэт, эсхүл сэнст тийрэлт хөдөлгүүр бүхий онгоц бүр нь гуравдагч буюу нэмэлт авиагоризонтоор тоноглогдсон байна.
121.65. Цаг агаарын радиолокатор
Гэрчилгээ эзэмшигчийн ХНЖ-ээр нислэг үйлдэх сэнст-хөдөлгүүрт онгоц бүр нь цаг агаарын радиолокатораар тоноглогдсон байна.
121.66. (R) Газар ойртолтыг анхааруулах систем (GPWS)
Гэрчилгээ эзэмшигчийн ашиглаж буй 15000 кг-аас дээш хөөрөлтийн хүндтэй, эсхүл нисэгчийн суудлаас гадна 30-аас дээш зорчигчийн суудалтай турбинт-хөдөлгүүрт онгоцнууд нь урдаас газар ойртсоныг анхааруулах нэмэлт дохиололтой Газар ойртолтыг анхааруулах систем (GPWS)-ээр тоноглогдсон байна.
(R) 121.66.1 Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II)
Гэрчилгээ эзэмшигчийн ашиглаж байгаа 5700 кг-аас дээш хөөрөлтийн жинтэй, эсхүл 19-өөс дээш зорчигчийн суудалтай турбинт хөдөлгүүртэй онгоц бүр нь Агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS II)-ээр тоноглогдсон байна.
Ж БҮлэг. Техник ҮйлЧилгээ
121.67. Нислэгт тэнцэх чадварын талаар хүлээх хариуцлага
(а) Гэрчилгээ эзэмшигч нь их бие, хөдөлгүүр, сэнс, тоноглол, аваарын тоног төхөөрөмж болон эд ангийг хамруулан онгоц бүрийн НТЧ-ыг хариуцна.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь онгоц, түүний хөдөлгүүр, сэнс, тоноглол, аваарын тоног төхөөрөмж болон эд анги бүрд зориулсан техник үйлчилгээ (ТҮ)-ний хөтөлбөртэй байна.
(в) Энэ зүйлийн (б)-д заасан ТҮ-ний хөтөлбөрт ИНД-91-ийн Ж бүлэгт заасан стандартууд болон үйлдвэрлэгчийн ТҮ-ний хөтөлбөрийг тусгасан байна.
(г) Гэрчилгээ эзэмшигчийн гүйцэтгэж буй болон гэрээт байгууллагаар гүйцэтгүүлж байгаа ТҮ нь ТҮ-ний зохих хөтөлбөрийн дагуу хийгдэнэ.
121.68. Бодит нөхцөлөөр хянагдах техник үйлчилгээ
ТҮ-ний хөтөлбөртөө бодит нөхцөлөөр хянагдах ТҮ-г ашигладаг гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлийг багтаасан ТҮ-ний найдвартай ажиллагааны мэдээллийг ИНЕГ-т сар тутам ирүүлнэ:
1. агаарын хөлгийн ашиглалтын талаар;
2. нисэгчийн мэдээллийн хуудас;
3. техникийн саатлаас шалтгаалж нислэг хойшлогдсон болон хаагдсан эсэх;
4. хэвийн бус ажиллагаанаас шалтгаалж хөдөлгүүр унтарсан эсэх;
5. хөдөлгүүрийг төлөвлөгөөнөөс гадуур буулгасан эсэх;
6. эд ангийг төлөвлөгөөнөөс гадуур буулгасан эсэх;
7. эд ангийн гэмтэл;
8. зөрчлүүд;
9. MEL ашиглаж нислэг үйлдсэн эсэх.
121.69. Техник үйлчилгээний байгууллага
Гэрчилгээ эзэмшигч нь онгоц, түүний их бие, хөдөлгүүр, сэнс, тоноглол, аваарын тоног төхөөрөмж болон эд ангийн ТҮ-г:
1. ИНД-145-ын дагуу гэрчилгээжиж, ИНД-145-д заасан үйл ажиллагааны заавар болон энэ дүрмийн дагуу гүйцэтгэнэ; эсхүл
2. ИНД-145 -ын дагуу гэрчилгээжсэн байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлнэ.
121.70. Сургалт, мэдээллийн хөтөлбөр
ТҮ-гээ бие даан гүйцэтгэж байгаа гэрчилгээ эзэмшигч, эсхүл түүний ТҮ-г гэрээгээр гүйцэтгэж байгаа аливаа этгээд нь онгоцыг ТҮ-нээс гаргах эрх бүхий этгээдэд зориулагдсан сургалт, мэдээллийн хөтөлбөртэй байх ба энэ нь дараах зүйлийг бататгана:
1. ажлын аргачлал, журмуудын талаар болон шинээр ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн талаарх мэдээллээр бүрэн хангагдсан эсэх;
2. ТҮ-нээс гаргах мэдлэг, чадвартай эсэх.
121.71. Техник үйлчилгээний эрх олгох
Гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-г баталгаажуулах этгээд нь зохих сургалтад хамрагдаж, онгоцыг ТҮ-нээс гаргах эрх олгогдсон байна.
121.72. Техник үйлчилгээг хянах
ИНД-145-д заасны дагуу, ТҮ-нд хяналт тавих, эсхүл засвар үйлчилгээнд шийдвэр гаргах этгээдэд ТҮ-ний байгууллагын гэрчилгээ эзэмшигч эрх олгоно.
121.73. ТҮ-ний ажилтны ажлын цагийн хязгаарлалт
ТҮ-гээ өөрөө гүйцэтгэж байгаа гэрчилгээ эзэмшигч, эсхүл түүний ТҮ-г гэрээгээр гүйцэтгэж буй этгээд нь ТҮ-ний ажилтны ажлын цагийн хувьд дараах хязгаарлалтыг мөрдөнө:
1. хэрэв ажилтан нь дараалсан 24 цагийн дотор 16 цагаас дээш хугацаагаар ажил үүрэг гүйцэтгэх бол түүнийг ажлын 16 цаг дуусахаас өмнө, эсхүл дууссаны дараа 8-аас доошгүй цаг амраана;
2. ажилтныг дараалсан 7 хоногт, дараалсан 24 цагаас доошгүй хугацаагаар, эсхүл хуанлины нэг сарын дотор дээрхтэй адил харьцаатай хугацаагаар амраана.
121.74. Техник үйлчилгээг шалгах
(a) Гэрчилгээ эзэмшигч нь, онгоцны ТҮ-ний гүйцэтгэлийг шалгасан тухай тэмдэглэл үйлдэх бөгөөд хэрэв нислэг гүйцэтгэхийн өмнөх 12 сарын дотор ТҮ-ний гүйцэтгэлийг нь шалгаагүй бол тухайн онгоцоор нислэг үйлдэхгүй.
(б) Онгоцны ТҮ-ний гүйцэтгэлийг шалгах явцдаа гэрчилгээ эзэмшигч нь дараах зүйлийг бататгана:
1. тухайн онгоцны ТҮ хөтөлбөрт заагдсан цаг хугацаандаа хийгдсэн эсэх;
2. НТЧ-ын хүчин төгөлдөр бүх удирдамжууд /AD/ хийгдсэн эсэх;
3. ИНД-43-т заасан ТҮ-ний бичиг баримтад хөтлөгдсөн бүх дутагдлуудыг гэрчилгээ эзэмшигчийн зааврын дагуу засаж залруулсан, эсхүл хойшлуулсан эсэх;
4. ТҮ-нээс гаргах бүх ажиллагаа ИНД-43-ын дагуу хийгдсэн эсэх.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн чанарын дотоод баталгаажуулалтын хөтөлбөрийн байнгын мөрдөлтөд үндэслэн ТҮ-ний гүйцэтгэлийг шалгасан тухай тэмдэглэл үйлдэж болох ба хөтөлбөрт дараах зүйлүүд тусгагдсан байна:
1. шалгалтын явцад энэ зүйлийн (б)-д заагдсан бүх шаардлагууд хянагдсан байх;
2. ТҮ-ний гүйцэтгэлийн шалгалт нь онгоц бүрийн хувьд хийгдсэн байх.
(г) Гэрчилгээ эзэмшигчийн ТҮ-ний гүйцэтгэлийн шалгалт нь дараах шаардлагыг хангасан байна:
1. шалгалтыг, тухайн онгоцны маягийн хувьд дадлага туршлагатай, эрх бүхий этгээд гүйцэтгэнэ;
2. шалгалт гүйцэтгэсэн этгээд нь дараах тэмдэглэлийг хийсэн байна:
Энэхүү онгоцонд болон түүний тоног төхөөрөмжид хийгдсэн ТҮ-ний гүйцэтгэлийн шалгалт нь, тэдгээрийн НТЧ-ыг хадгалах зайлшгүй шаардлагын үүднээс, ИНБД-ийн шаардлагын дагуу гүйцэтгэгдсэн болно.
гарын үсэг ___________________ огноо ___________________
З БҮлэг. Багийн гишҮҮдэд тавиГДАх шаардлагууд
121.75. Ерөнхий зүйл
(а) Гэрчилгээ эзэмшигчийн агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцох багийн гишүүн бүр энэ дүрмийн И ба Н бүлэгт заасан шаардлагын дагуу бэлтгэгдсэн байна.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь үйл ажиллагаа явуулах онгоцны маяг бүрийн хувьд, багийн гишүүн бүрийн үйл ажиллагааны болон аюулгүй ажиллагааны үүрэг хариуцлагыг бичгээр тодорхойлсон байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь, нислэгийн онцгой үе шатанд онгоцны аюулгүй ажиллагаанд зайлшгүй шаардлагатайгаас бусад аливаа ажил үүрэг гүйцэтгэхийг багийн гишүүдээс шаардахгүй.
(г) Энэ зүйлийн (в)-д заасан нислэгийн онцгой үе шат гэдэгт нисэх багийн гишүүдийн хувьд, чиг шулуун нислэгээс бусад, онгоцыг чирэх, явгалах, хөөрөх болон ойртолт буултын үеийн үйл ажиллагаа болон 3000 метр (10000 фут)-ээс доош өндөр дэх нислэгийн үйл ажиллагааг хамааруулна.
121.76. Нисэх багийг ажилд томилох
(a) Гэрчилгээ эзэмшигч нь нислэгийн үйл ажиллагаанд оролцуулахаар нисэх багийн гишүүнээр томилогдсон этгээд нь дараах зүйлийг шаардлагыг хангана:
1. хүчин төгөлдөр үнэмлэх, томилогдсон ажлыг гүйцэтгэхэд тохирсон зэрэглэлтэй;
2. нисэх багийн гишүүний ажил үүргийн бүх шаардлагуудыг хангасан ;
3. үйлдэх гэж буй нислэгийн бүх чиглэл болон нисэх буудлын талаар мэдлэгтэй.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь нислэг бүрт дараах этгээдийг томилсон байна:
1. агаарын хөлгийн дарга;
2. хоёр буюу түүнээс дээш нисэгч шаардлагатай бол хоёрдугаар нисэгч;
3. онгоцны нислэг ашиглалтын зааварт тусгагдсан нисэх багийн хамгийн цөөн гишүүдээс гадна гүйцэтгэх гэж буй нислэгийн төрлөөс шалтгаалан багийн нэмэгдэл гишүүд.
121.77. Агаарын хөлгийн даргын дадлага туршлага
Агаарын хөлгийн даргаар томилогдох этгээд нь энэ дүрмийн И ба Н бүлэгт заасан сургалтад хамрагдахын өмнө дараах шаардлагыг хангасан байна:
1. нисэгчээр 1500-гаас доошгүй цагийн нислэг үйлдэхдээ:
(i) энэ дүрэмд хамаарах үйл ажиллагааны төрлөөр 500 цаг ниссэн;
(ii) 100 цагийн хэрэглэлийн нислэг үйлдсэн ба үүнээс 50-иас доошгүй цагийг нь агаарт үйлдсэн;
2. 100 цагийн шөнийн нислэг үйлдсэн дадлага туршлагатай.
121.78. Хоёрдугаар нисэгчийн дадлага туршлага
Агаарын тээврийн үйл ажиллагаанд хоёрдугаар нисэгчээр оролцох этгээд нь дараах шаардлагыг хангасан байна :
1. онгоцны маягийн хувьд тохирох сургалтад хамрагдсан;
2. агаарын хөлгийн дарга хөдөлмөрийн чадвараа алдсан үед:
(i) цаг агаарын тааламжгүй нөхцөлд онгоцыг аюулгүй удирдах;
(ii) хөлгийн даргыг орлох;
(iii) нисэн очих болон боломжит нөөц аэродромд онгоцыг буулгах ур чадвартай.
121.79. Нисэгчийн дадлага туршлага
(а) Агаарын хөлгийн даргаас гадна, нисэгчээр томилогдох аливаа этгээд нь энэ дүрмийн И ба Н бүлэгт заасан дадлагад хамрагдахаас өмнө дараах шаардлагыг хангасан байна :
1. нисэгчээр 500-гаас доошгүй цаг ниссэн, үүнээс 100-гаас доошгүй цагийн нислэгийг агаарын тээврийн үйл ажиллагаанд гүйцэтгэсэн;
2. 25-аас доошгүй цагийн шөнийн нислэг үйлдсэн дадлага туршлагатай;
3. хэрэглэлийн нислэгийн хүчин төгөлдөр зэрэглэлтэй.
121.80. Нисэгчийн нислэгийн хязгаарлалтууд
(а) Агаарын хөлгийн дарга нь энэ зүйлийн (б) заалтыг харгалзан үзсэний үндсэн дээр нислэгийн хөөрөлт, буултыг гүйцэтгэнэ.
(б) Хоёрдугаар нисэгч дараах тохиолдолд хөөрөлт ба буулт гүйцэтгэж болно:
1. Агаарын хөлгийн дарга нь энэ дүрмийн 121.99, 121.100, 121.101-д заасан шаардлагыг хангасан; эсхүл
2. хоёрдугаар нисэгч нь энэ дүрмийн 121.93-ын шаардлагыг хангасан ба тухайн нислэг үйлдэж буй маягийн онгоцоор 75 удаагийн нислэг буюу 100-гаас доошгүй цагийн нислэгийг үйлдсэн; эсхүл
3. тухайн аэродром нь гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны зааварт ердийн ангиллын аэродром гэж заагдсан ба хөөрөлт, буултад нисэх багийн гишүүдэд өгөгдөх мэдээлэлд дараах зүйлс тусгагдсан бол:
(i) үүлний өндөр болон алсын барааны харагдац нь тухайн аэродромыг нөөц аэродромоор авч үзсэн үеийн хязгаарлалтаас дээгүүр;
(ii) ашиглах ХБЗ дээр, онгоцны үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх ус, цас, шалбааг, гадаргуугийн тэгш бус байдал буюу тэдгээртэй төстэй нөхцөл үүсээгүй;
(iii) ашиглах ХБЗ-ны хажуугийн бүрдүүлэгч салхины хэмжээ нь нислэг ашиглалтын зааварт зөвшөөрөгдсөн хэмжээний 50%-иас бага;
(iv) аэродром, түүний орчинд салхины шилжлэг ажиглагдаагүй.
121.81. САТ II, САТ III–аар ойртолт, багасгасан хязгаарлалтаар хөөрөлт үйлдэх
(a) САТ II буюу САТ III-аар ойртолт, багасгасан хязгаарлалтаар хөөрөлт үйлдэх нисэх багийн дарга болон хоёрдугаар нисэгч нь тухайн ойртолт, хөөрөлтийг үйлдэхэд бэлтгэгдсэн байна.
(б) Энэ зүйлийн (a)-гийн хувьд:
1. агаарын хөлгийн дарга нь зөвхөн идэвхтэй удирдлага гүйцэтгэх нисэгч /PF/- ээр бэлтгэгдсэн тохиолдолд бүх САТ II, САТ III-аар ойртолт, хөөрөлт гүйцэтгэнэ;
2. хоёрдугаар нисэгч нь зөвхөн туслах болон хянах нисэгч /PNF/-ээр бэлтгэгдсэн тохиолдолд агаарын хөлгийн дарга бүх САТ II, САТ III-аар ойртолт, хөөрөлт гүйцэтгэнэ.
121.82. Нисэх баг бүрдүүлэх хязгаарлалт
(a) Энэ дүрмийн И болон Н бүлэгт заасан сургалтын шаардлагыг биелүүлсэн нисэх багийн нэгээс илүүгүй гишүүн нь агаарын тээвэрлэлтэд ашиглах онгоцны маягийн хувьд дараах шаардлагыг хангасан байна:
1. энэ дүрмээр зохицуулагдах 75-аас дээшгүй цагийн нислэг үйлдсэн; эсхүл
2. энэ дүрмээр зохицуулагдах 75-аас дээшгүй удаа нислэг үйлдсэн.
(б) ИНЕГ-ын дарга Гэрчилгээ эзэмшигчийн хүсэлтээр, дараах тохиолдолд энэ зүйлийн (а)-д зааснаас өөр шаардлагыг хүлээн зөвшөөрч болох ба энэ тохиолдолд гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны тодорхойлолтод зохих нэмэлт оруулна:
1. шинээр гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-д заасан шаардлагыг хангасан нисэгчгүй бол; эсхүл
2. гэрчилгээ эзэмшигч өмнө нь үйл ажиллагаандаа тухайн маягийн онгоцыг ашиглаж байгаагүй бол.
121.83. Онгоцны үйлчлэгчийг томилох
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нислэг үйлдэх онгоцны үйлчлэгчийн тоог дараах шаардлагын дагуу тогтооно:
1. тухайн онгоцны үйлдвэрлэгчээс гаргасан, онцгой нөхцөл байдлын үед зорчигчдыг зорчигчдыг яаралтай гаргах журамд заасан үйлчлэгчийн тоо;
2. тухайн онгоцны загварын онцлогоор тогтоогдсон үйлчлэгчийн тоо;
3. онгоцны тасалгаа тус бүрт 1-ээс доошгүй үйлчлэгч байхаар;
4. хүснэгт 3-т заасан тооноос багагүй.
Хүснэгт 3
Зорчигчдын
тоо
|
Үйлчлэгчийн
тоо
|
15-аас 50
|
1
|
51-ээс 100
|
2
|
101-ээс 150
|
3
|
151-ээс 200
|
4
|
201-ээс 250
|
6
|
251-ээс 300
|
7
|
301-ээс 350
|
9
|
351-ээс 400
|
10
|
401-ээс 450
|
11
|
451-ээс 500
|
12
|
нэмэлт 50 зорчигч бүрд
|
Нэмэлт 1
|
(б) Гэрчилгээ эзэмшигч нь:
1. хоёр ба түүнээс дээш үйлчлэгч шаардлагатай нислэгт ахлах үйлчлэгчийг ;
2. зургаа ба түүнээс дээш үйлчлэгч шаардлагатай нислэгт ахлах үйлчлэгчийн орлогчийг тус тус томилно.
(в) Нислэгийн үед үйлчлэгч өвчилсөн, эсхүл бэртэж гэмтсэний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх үүднээс хүснэгт 3-т зааснаас 1-ээр цөөн үйлчлэгчтэйгээр нислэг үйлдэж болох бөгөөд энэ тохиолдолд дараах шаардлага хангагдсан байна:
1. энэ зүйлийн (а)-гийн 1/, 2/ ба 3/-т заасан шаардлага;
2. багасгасан бүрэлдэхүүнтэй үйлчлэгчид нь үйл ажиллагааг хэвийн явуулах чадвартай байх үүднээс гэрчилгээ эзэмшигчийн зааврын дагуу бэлтгэгдсэн;
3. буулт үйлдэх эхний нисэх буудалд энэ зүйлийн (а)-гийн 4/-т заасан шаардлагын дагуу үйлчлэгчийн тоог дахин нэмэгдүүлэх боломжтой байна.
И БҮлэг. Багийн гишҮҮдийн Сургалт дадлага
121.84. Ерөнхий зүйл
(а) Гэрчилгээ эзэмшигч нь энэ дүрмийн Н бүлэгт заасан мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт хамрагдаагүй нисэх багийн гишүүдийг сургах хөтөлбөртэй байна.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүдэд зориулсан сургалтын хөтөлбөртэй байна.
(в) Гэрчилгээ эзэмшигчийн сургалтын хөтөлбөр нь дараах сургалтуудаас бүрдэнэ:
1. танилцах сургалт;
2. шилжин сургалт;
3. мэргэшүүлэх сургалт;
4. давтан сургалт.
(г) Энэ зүйлийн (в)-д заасан сургалтын хөтөлбөр, хичээлийн төрлүүд нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөгдсөн байна.
(д) Хичээлийн төрөл, хуваарь нь энэ дүрмийн 121.91-д заагдсан сургалт, дадлагад бүрэн хамрагдсанд тооцоход тавигдах шаардлагад нийцэж байна.
(е) Сургалтын хөтөлбөр хариуцсан этгээд нь нислэгт шалгах зэрэглэлтэй байна.
(ж) Гэрчилгээ эзэмшигч нь :
1. сургалтын хөтөлбөрөө өөрөө хэрэгжүүлж болно; эсхүл
2. сургалтын хөтөлбөрөө хэрэгжүүлэх үүднээс ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн нисэхийн сургалтын байгууллагатай; эсхүл
3. ИНД-141-д заасантай адил стандарт шаардлагыг хангасан гадаадын сургалтын байгууллагатай гэрээ байгуулж болно.
(з) Гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн мэргэжил боловсролын талаар мэдээлэл хийж багийн гишүүн тус бүрд тэмдэглэл хөтөлнө.
121.85. Сургалтын тоног төхөөрөмж
(а) Нисэх багийн гишүүдийн сургалтын хөтөлбөр нь дараах зүйлийг ашигласан газрын болон нислэгийн бэлтгэл сургалтыг багтаасан байна.
1. сургалтын төхөөрөмж;
2. энэ зүйлийн (г)-д заасан нислэгийн дадлагажуур;
(б) Сургалтад ашиглагдах нислэгийн дадлагажуур болон сургалтын төхөөрөмжүүд нь гэрчилгээ эзэмшигчийн Үйл ажиллагааны зааварт тодорхойлогдсон байна.
(в) Сургалтын тоног төхөөрөмж бүрэн хангагдаагүй тохиолдолд гэрчилгээ эзэмшигч дараах арга хэмжээг авах үүрэгтэй:
1. сургалт, дадлага завсардахгүй байх;
2. сургалт, дадлагыг аюулгүй, бүрэн гүйцэтгэх орчинг бий болгох.
(г) Гэрчилгээ эзэмшигч нь энэ дүрмийн 121.84, 121.115-д шаардсан нисэх багийн гишүүдийн сургалтад, нислэг үйлдэх онгоцны тухайн маягт зориулагдсан нислэгийн дадлагажуур ашиглана.
121.86. Багийн гишүүдийн сургалтын хөтөлбөр
(а) Гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн сургалтын хөтөлбөрт дараах сургалтуудыг тусгасан байна :
1. гүйцэтгэх гэж буй нислэгийн үйл ажиллагаанд зориулан суурилагдсан тоног төхөөрөмж бүхий онгоцны маягийн хувьд хийгдэх сургалт;
2. нислэг гүйцэтгэх аэродром ба нислэгийн чиглэлийн талаарх сургалт;
3. багийн гишүүдийн ажил үүргийн хуваарилалт, үүрэг хариуцлагын талаарх сургалт;
4. нисэх багийн гишүүдэд зориулагдсан яаралтай үед хэрэглэх тоног төхөөрөмжийн байрлал, ашиглалтын талаарх сургалт;
5. хүчилтөрөгчийн тоног төхөөрөмжийн байрлал, ашиглалтын талаарх сургалт;
6. аврах гулсуур шат /slide/ бүхий ослын гарцууд, аврах олсыг багтаасан ердийн болон яаралтай үед ашиглах аврах гарцуудын байрлал, ашиглалтын талаарх сургалт;
7. гэрчилгээ эзэмшигчийн агаарын тээврийн үйл ажиллагааны бодлого болон журмын талаарх сургалт.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн дадлага болон жолоодлогыг онгоцон дээр, нисэх багийн гишүүдийн сургалтын хөтөлбөрийн дагуу гүйцэтгэж болно.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь сургалтын хөтөлбөрөө бодит нислэгээр хэрэгжүүлэх боломжгүй бол сургалтыг бүхэлд нь буюу хэсэгчлэн нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэнэ.
121.87. Танилцах сургалт
(а) Аль нэг онгоцон дээр нисэх багийн гишүүнээр бэлтгэгдээгүй болон нислэгийн үйл ажиллагаанд нисэх багийн гишүүнээр оролцоогүй багийн гишүүн бүр танилцах сургалтад дараах байдлаар хамрагдана:
1. төлөвлөгөөний дагуу;
2. 121.84-ийн (г)-д шаардсан сургалтын хөтөлбөр, хичээлийн төрлүүдийн дагуу.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь дараах тохиолдолд 121.84-ийн (д)-д шаардсан сургалтын хөтөлбөр, хичээлийн төрлүүдийг өөрчилж болно:
1. өөрчлөлт нь багийн гишүүний сургалт дадлагын тайланд бичигдэх бол;
2. нисэх багийн гишүүдийн сургалт дадлагын тайланд бичигдэх өөрчлөлт, түүний шалтгааныг гэрчилгээ эзэмшигч баталгаажуулах бол.
121.88. Шилжин сургалт
(а) Нислэгийн үйл ажиллагаанд нисэх багийн гишүүнээр оролцож байгаа болон бэлтгэгдсэн багийн гишүүн бүр нь дараах тохиолдолд 121.84–ийн (г)-д шаардсан сургалтын хөтөлбөр, хичээлийн төрлүүдийн дагуу шилжин сургалтад хамрагдсан байна:
1. нэг маягийн онгоцноос өөр маягийн онгоц руу шилжих бол;
2. ашиглаж байгаа онгоцны маягийн хувьд шинэ журам гарсан, эсхүл шинэ тоног төхөөрөмж ашиглагдах бол.
(б) Шилжин сургалтад дараах зүйлийг анхаарах шаардлагатай:
1. тухайн онгоцны маягт нийцсэн журмууд, аюулгүй ажиллагааны болон авран хамгаалах тоноглолуудын ашиглалт;
2. нислэг үйлдэж байгаа онгоцны маягийн хувьд гарсан шинэ журам, эсхүл шинэ тоног төхөөрөмжүүд.
121.89. Мэргэшүүлэх сургалт
(а) Багийн гишүүн нь тухайн маягийн онгоцон дээр илүү хариуцлага бүхий ажилд шилжин томилогдох бол 121.84-ийн (г)-д шаардсан сургалтын хөтөлбөр, хичээлийн төрлүүдийн дагуу мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.
(б) Мэргэшүүлэх сургалт нь тухайн онгоцон дээр багийн гишүүдийн ажил үүрэгт хамаарах заавар, аюулгүй ажиллагааны болон аврах тоног төхөөрөмжийн ашиглалтад чиглэсэн байхаас гадна дараах сургалтуудыг багтаасан байна:
1. багийн гишүүдийн ажил үүргийн өвөрмөц ялгаатай талыг онцлон харуулсан хүний хүчин зүйл болон CRM -ийн сургалт;
2. удирдах, хянах арга барилын сургалт.
121.90. Давтан сургалт
(a) Багийн гишүүд нь ажил үүрэг гүйцэтгэх онгоц бүрийн хувьд болон багийн гишүүдийн ажил үүрэг, нислэгийн төрлийн хувьд тохирох сургалтад хамрагдсан, дадлага туршлагатай байна.
(б) Багийн гишүүн бүр давтан сургалтад, сургалтын хөтөлбөрийн дагуу дараах байдлаар хамрагдана:
1. төлөвлөгөөт арга хэмжээний дагуу;
2. 121.84-ийн (г)-д шаардсан сургалтын хөтөлбөр, хичээлийн төрлүүдийн дагуу.
121.91. Сургалт, дадлагад бүрэн хамрагдсанд тооцох
(a) Багийн гишүүдийг, дараах дадлага туршлагыг эзэмшсэн тохиолдолд сургалт, дадлагад бүрэн хамрагдсанд тооцно гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгана:
1. ажлын дадлага:
(i) нисэгчийн хувьд 121.92-т шаардсан;
(ii) үйлчлэгчийн хувьд 121.96-д шаардсан;
2. үйлдвэрлэлийн нислэгийн цаг:
(i) нисэгчийн хувьд 121.93-т шаардсан;
(ii) нисэх инженерийн хувьд 121.94-т шаардсан.
121.92. Нисэгчийн дадлага туршлага
(а) Гэрчилгээ эзэмшигчийн нислэгийн үйл ажиллагаанд оролцож буй нисэгч нь ИНД-61-ийн дагуу нисэгчийн үнэмлэх, зэрэглэлтэй байхын зэрэгцээ дараах дадлагыг эзэмшсэн байна:
1. танилцах сургалтын хувьд:
(i) турбинт сэнст олон хөдөлгүүрт онгоцонд - 20 цаг ба 10 удаагийн хөөрөлт, буулт;
(ii) тийрэлтэт хөдөлгүүрт онгоцонд - 25 цаг ба 10 удаагийн хөөрөлт, буулт;
(iii) энэ зүйлийн (a)-гийн 1/-гийн (i), (ii)-ыг хамруулан, бүх онгоцны хувьд – 10 удаагийн нислэгийн 6-гаас доошгүйг тухайн нисэгч бие даан /PF-ээр/ гүйцэтгэсэн байх;
2. шилжин сургалт, эсхүл мэргэшүүлэх сургалтын хувьд:
(i) турбинт сэнст олон хөдөлгүүрт онгоцонд - 12 цаг ба 8 удаагийн хөөрөлт, буулт;
(ii) тийрэлтэт хөдөлгүүрт онгоцонд - онгоцны даргын хувьд 20 цаг ба 10 удаагийн хөөрөлт, буулт, 2-р нисэгчийн хувьд 10 цаг ба 8 удаагийн хөөрөлт, буулт;
(iii) энэ зүйлийн (a)-гийн 2/-ын (i), (ii)-ыг хамруулан, бүх онгоцны хувьд 6 -гаас доошгүй удаагийн нислэгийг тухайн нисэгч бие даан /PF-ээр/ гүйцэтгэсэн байх.
(б) Энэ зүйлийн (a)-д заасан дадлагыг онгоцны зохих маяг дээр дараах байдлаар эзэмшсэн байна:
1. тухайн маягийн онгоцны газрын болон нислэгийн, мөн нисэх багийн кабины дадлагыг ИНД-61-д заасны дагуу бүрэн гүйцэтгэсэн;
2. 121.100-гийн шаардлага хангасан багш нисэгч шалгасан;
3. нислэгийн дадлагыг :
(i) тухайн маягийн онгоцны нислэгийн дадлагажуур дээр, эсхүл
(ii) тухайн маягийн онгоцон дээр гүйцэтгэсэн байна.
(в) энэ зүйлийн (а)-гийн нөхцөлийг хангахад шаардагдах нийт цагийг тооцохдоо энэ зүйлийн (б)-гийн 3/-ын (i)-ийн дагуу нислэгийн дадлагажуур дээр ниссэн аливаа цагийг дараах нөхцөлүүдэд 1.3 -аар үржүүлэн нэмж тооцож болно:
1. дадлагажуур дээр зөвшөөрөгдөөгүй нислэгийн аливаа үйлдэл, маневруудыг онгоцон дээр гүйцэтгэсэн;
2. онцгой тохиолдлын үеийн үйл ажиллагааны журам болон сургалтын хөтөлбөрт заагдсан бүх журам, ур чадвараа шалгуулсан;
3. тухайн онгоц болон багийн гишүүний ажил үүргийн хувьд зохих сургалтуудыг амжилттай дүүргэсэн.
(г) Энэ зүйлийн (б)-гийн 3/-ын (ii)-ын шаардлагын үүднээс багш нисэгч нь:
1. нислэгийн бүх хугацааны турш агаарын хөлгийн даргаар ажилласан байна;
2. агаарын хөлгийн даргаар бэлтгэгдэж байгаа нисэгчийг дараах нөхцөлийг хангах хүртэл нисэгчийн суудлаас хянан ниснэ:
(i) нисэх багийн даргаар бэлтгэгдэж байгаа тухайн маягийн онгоцоор 2-оос доошгүй удаа хөөрөлт буулт үйлдсэн;
(ii) тухайн маягийн онгоцны хувьд агаарын хөлгийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэх чадвараа багш нисэгчид амжилттай шалгуулсан;
(iii) агаарын хөлгийн даргаар бэлтгэгдэж байгаа нисэгч танилцах ба мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа тохиолдолд нислэгийн нэг бүтэн үеийн турш ажил үүрэг гүйцэтгэх чадвараа шалгах нисэгчид шалгуулсан.
(д) агаарын хөлгийн даргаар бэлтгэгдэж нисэгч энэ зүйлийн (г)-гийн 2/-т заасан шаардлагуудыг хангасан үед багш нисэгч нь хянагчийн суудлаас зааварчилга өгч болно.
121.93. Нисэгчийн үйлдвэрлэлийн нислэгийн цаг
(а) Нисэгч бүр нь сургалтын хөтөлбөрийн дагуу шилжин сургалт буюу танилцах сургалтыг дүүргэсний дараа 121.101-д заасан шаардлагыг хангасан багш нисэгчийн хяналт дор, энэ зүйлийн (б)-д шаардсан үйлдвэрлэлийн нислэгийн цагийг нисэж гүйцээсэн байна.
(б) 121.91-д шаардсан дадлагын болон үйлдвэрлэлийн нислэгийн нийт цаг нь:
1. нислэгийн 100 цаг буюу 75-аас доошгүй удаагийн нислэгийг багтаасан байна;
2. танилцах сургалт, эсхүл шилжин сургалтаас хойш 120 хоногийн дотор хангагдсан байх ба дараах тохиолдолд 30 хүртэл хоногоор сунгаж болно:
(i) нисэгч нь сургалтын хөтөлбөрийн дагуу бусад шаардлагуудыг үргэлжлүүлэн хангаж байгаа;
(ii) багш буюу шалгах нисэгчийн хяналтын дор хийгдэх үйлдвэрлэлийн нислэгийг, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн давтан сургалтыг тухайн 120 хоногийн дотор амжилттай дуусгасан.
(в) Нисэгч нь, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн давтан сургалтыг амжилттай дуусгаагүй бол үйлдвэрлэлийн нислэгийн дадлагын хугацаанд зөвхөн тухайн маягийн онгоцон дээр нислэг үйлдэнэ.
121.94. Нисэх инженерийн үйлдвэрлэлийн нислэгийн цаг
(а) Нисэх инженер, сурагч, багш, шалгах нисэх инженерийн ажил үүрэг гүйцэтгэх аливаа этгээд нь ИНД-63-ын дагуу үнэмлэх, зэрэглэл эзэмшсэн байна.
(б) Сурагч нисэх инженер нь 120 хоногийн дотор нислэгийн 100-гаас доошгүй цагт, эсхүл 75-аас доошгүй удаагийн нислэгт нисэх инженерийн үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд сургалт, дадлагын бэлтгэлийг бүрэн хангасанд тооцно.
(в) Нисэх инженер нь багш, эсхүл шалгах нисэх инженерийн хяналтын дор хийгдэх үйлдвэрлэлийн нислэг, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн шинэчилсэн сургалтын аль нэгийг 120 хоногийн дотор амжилттай дуусгасан бол энэ зүйлийн (б)-д шаардсан сургалт, дадлагын бэлтгэлийг бүрэн хангах хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.
(г) Нисэх инженер нь, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн давтан сургалтыг амжилттай дуусгаагүй бол үйлдвэрлэлийн нислэгийн дадлагын хугацаанд зөвхөн тухайн маягийн онгоцон дээр нислэг үйлдэнэ.
121.95. Үйлчлэгчийн сургалт
(а) Агаарын тээврийн үйл ажиллагаанд үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэх аливаа этгээд нь багийн гишүүний ажил үүрэг ба онгоцны маягийн хувьд, газрын ба нислэгийн зохих сургалтад амжилттай дуусгасан байна.
(б) Үйлчлэгчийн сургалт нь дараах зүйлд чиглэсэн байна:
1. багийн гишүүдийн эрх үүргийн дараалал, зохион байгуулалт;
2. гэрчилгээ эзэмшигчийн Зорчигч үйлчилгээний зааварт тусгагдсан, тусгай ангиллын зорчигчдод үйлчлэх журам болон онцгой тохиолдлын үед ажиллах журам;
3. зорчигчдод өгөх мэдээлэл;
4. бүхээгийн тоног төхөөрөмжийн ашиглалт;
5. ИНБД, холбогдох бусад бичиг баримт;
6. гэрчилгээ эзэмшигчийн бичиг баримт ба заавар журмууд.
121.96. Үйлчлэгчийн дадлага туршлага
(а) Үйлчлэгч нь ажлын дадлагын хувьд дараах шаардлагыг хангасан байна:
1. 121.95-д заасан сургалтад оролцсон;
2. танилцах буюу шилжин сургалтын явцад үндсэн төрөл, загварын онгоц дээр үйлдвэрлэлийн 5 цагийн нислэгт 2-оос доошгүй удаа үйлчлэгчийн үүрэг гүйцэтгэсэн байна.
(б) Энэ зүйлийн (a)-гийн 2/-ын шаардлагыг хангахын тулд 2.5 цагийг бүрэн хэмжээний бодит сургалтын төхөөрөмж дээр гүйцэтгэж болно.
(в) Энэ зүйлийн (а)-д шаардсан дадлага туршлагыг дараах байдлаар эзэмшинэ:
1. ИНЕГ-аас зөвшөөрсөн сургалтын хуваарийн дагуу газрын сургалтыг амжилттай дүүргэсэн байна;
2. ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн дадлага туршлагатай, онгоцны үйлчлэгчийн зохих бэлтгэлийг хангасан сургагчийн хяналтын дор бэлтгэгдсэн байна.
121.97. Дадлагажуурт гүйцэтгэх шаардлагатай маневрууд
Дадлага сургалт, эсхүл ур чадварыг шалгах үед хийгдэх дараах хэвийн бус буюу онцгой тохиолдлын үеийн маневрыг нислэгийн дадлагажуур ашиглан гүйцэтгэнэ:
1. буруу үйлдэл хийснээс онгоц, багийн гишүүд болон гурав дахь этгээдэд аюул учруулж болзошгүй үе; эсхүл
2. газар буюу усанд ойртох тохиолдол; эсхүл
3. сургалтад зориулан онгоцон дээр бодитоор үүсгэх нь онгоц, багийн гишүүд ба гурав дахь этгээдэд аюул учруулж болох, онгоцны системийн дутагдал; эсхүл
4. 121.18-ын (г)-гийн 4/-т шаардсан, онгоцон дээр бодитоор гүйцэтгэх боломжгүй аливаа журам.
121.98. Багийн гишүүдийн сургалтын тайлан, тэмдэглэл
Гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн шаардлагатай бүх дадлага, сургалтын үнэн зөв тайлан, тэмдэглэлийг хадгална.
121.99. Шалгах нисэгчийн дадлага туршлагад тавигдах шаардлагууд
Аливаа маягийн онгоцны хувьд, энэ дүрмийн дагуу боловсруулсан хөтөлбөрөөр нисэгчийн нислэгийн ур чадварыг дүгнэх, онгоц буюу дадлагажуур дээр шалгах нисэгчийн үүрэг гүйцэтгэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
1. тухайн маягийн онгоцны даргаар ажиллахад шаардлагатай ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн;
2. багш нисэгчийн зэрэглэлтэй;
3. шалгах нисэгчийн зэрэглэлтэй;
4. дараах дадлага туршлагатай:
(i) тодорхой маягийн онгоцон дээр багш нисэгчээр 200 цаг ниссэн; эсхүл
(ii) энэ дүрэмд хамаарах өөр маягийн онгоцон дээр шалгах нисэгчийн зэрэглэл эзэмшиж 100 цагийн шалгах нислэг үйлдсэн;
5. энэ бүлгийн дагуу танилцах болон давтан сургалтын шаардлагууд, эсхүл энэ дүрмийн Н бүлгийн дагуу анхан шатны болон мэргэшүүлэх сургалтын шаардлагуудыг хангасан.
121.100. Багш нисэгчийн дадлага туршлагад тавигдах шаардлагууд
Энэ дүрмийн дагуу боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр, онгоц буюу дадлагажуур дээр багш нисэгчийн үүрэг гүйцэтгэх аливаа этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
1. тухайн онгоцны маягийн хувьд, онгоцны даргаар ажиллахад шаардлагатай сургалтыг амжилттай дүүргэсэн;
2. багш нисэгчийн зэрэглэлтэй;
3. дараах зүйлийг багтаасан 3000-аас доошгүй цагийн нислэг үйлдсэн:
(i) тухайн онгоцны маягийн хувьд 500 цагийн үйлдвэрлэлийн нислэг үйлдсэн дадлага туршлагатай; эсхүл
(ii) энэ бүлэгт хамаарах өөр маягийн онгоцон дээр багш нисэгчээр 100 цагийн нислэг үйлдсэн;
4. энэ бүлгийн дагуу танилцах болон давтан сургалтын шаардлагыг, эсхүл энэ дүрмийн Н бүлгийн дагуу анхан шатны болон мэргэшүүлэх сургалтын шаардлагыг хангасан.
121.101. Хяналт гүйцэтгэхэд тавигдах шаардлагууд
(a) Энэ дүрмийн дагуу боловсруулсан сургалтын хөтөлбөрөөр явагдах сургалтад тавих хяналтыг онгоцны болон дадлагажуурын багш нисэгч гүйцэтгэнэ.
(б) Хяналтын үүрэг гүйцэтгэх багш нисэгч дараах шаардлагыг хангасан байна:
1. онгоцны даргаар ажиллахад шаардлагатай сургалтыг амжилттай дүүргэсэн;
2. дараах зүйлийг багтаасан 2000-аас доошгүй цагийн нислэгийн үүрэг гүйцэтгэсэн:
(i) тухайн онгоцны маягийн хувьд 200 цагийн үйлдвэрлэлийн нислэг үйлдсэн дадлага туршлагатай; эсхүл
(ii) энэ бүлэг болон Н бүлгүүдэд хамаарах өөр маягийн онгоцон дээр багш нисэгчээр 100 цагийн нислэг үйлдсэн;
3. багш нисэгчийн зэрэглэлтэй ;
4. энэ бүлгийн дагуу танилцах болон давтан сургалтын шаардлага, эсхүл энэ дүрмийн Н бүлгийн дагуу анхан шатны болон мэргэшүүлэх сургалтын шаардлагыг хангасан.
121.102. Дадлагажуурын багш болон шалгах нисэгчид тавигдах шаардлагууд
(a) Нислэгийн дадлагажуур дээр багшлах, ур чадварын шалгалт авах этгээд нь:
1. 121.99 буюу 121.100-ын шаардлагуудыг хангасан байна;
2. энэ дүрмийн К бүлэгт шаардсан стандарт болон давтамжид нийцүүлэн нислэгийн дадлагажуур дээр онгоцны даргын үүрэг гүйцэтгэсэн байна;
3. сургалтын тоног төхөөрөмжийг ашиглах сургалтад оролцсон байна.
(б) Багш нисэгч буюу шалгах нисэгч нь зохих зэрэглэлгүй, эрүүл мэндийн гэрчилгээгүй тохиолдолд 121.99-ын 4/ буюу 121.100-ын 3/-т заасан шаардлагыг дараах нөхцөлд хангасан гэж үзнэ:
1. багийн гишүүнээр ажил үүрэг гүйцэтгэхдээ :
(i) үйлдвэрлэлийн нислэгийн цагийг тухайн маягийн онгоцонд зориулагдсан нислэгийн дадлагажуур дээр гүйцэтгэсэн;
(ii) 121.84-ийн (в)-д шаардсан хөтөлбөрийн дагуу сургалтад хамрагдсан;
2. ИНД-61, эсхүл ИНД-63-ын дагуу багш нисэгчийн, эсхүл шалгах нисэгчийн зэрэглэл эзэмших сургалтын шаардлагыг хангасан.
К БҮлэг. багийн гишҮҮдийн ур Чадварт тавиГДАх шаардлагА
121.103. Ерөнхий зүйл
(a) Гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүдийн нислэгийн үйл ажиллагааны ур чадварт үнэлгээ өгөх хөтөлбөртэй байх ба хөтөлбөр нь ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдсөн байна.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (a)-д заасан хөтөлбөрийг:
1. бие даан хэрэгжүүлж болно; эсхүл
2. ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн байгууллагаар гүйцэтгүүлж болно; эсхүл
3. ИНД-141-тэй адил төстэй стандартыг хангасан, багийн гишүүдийн ур чадварт үнэлгээ өгөх хөтөлбөртэй гадаадын байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
(в) Хөтөлбөрийн дагуу ур чадварт үнэлгээ өгөх этгээд нь шалгах нисэгчийн зэрэглэлтэй байна.
121.104. Хөтөлбөрийн хэрэгжилтэд хариуцлага хүлээх
(a) Гэрчилгээ эзэмшигч нь багийн гишүүдийн ур чадварт үнэлгээ өгөх хөтөлбөрийн хэрэгжилтэд бүрэн хариуцлага хүлээнэ.
(б) Багийн гишүүн бүр хөтөлбөрийн дагуу ур чадвараа үнэлүүлсэн байна.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь зохих сургалт дадлагад хамрагдсан, тухайн үйл ажиллагааг гүйцэтгэх чадвартай этгээдийг нислэгийн үйл ажиллагаанд оролцуулна.
121.105. Нисэх багийн гишүүдийн ур чадварыг шалгах
(a) Гэрчилгээ эзэмшигч нь дараах шаардлагыг хангана :
1. нисэх багийн дарга бүр нь өмнөх 12 сарын хугацаанд шалгах нисгэгчийн хяналтан дор аэродромын болон нислэгийн чиглэлийн шалгалтуудыг амжилттай өгсөн; мөн:
(i) нислэгийн нэг чиглэлд, нэг удаа нислэг үйлдэх ба ашиглагдах аэродромуудад 1-ээс дээш буулт үйлдсэн;
(ii) нислэгийн үйл ажиллагаанд агаарын хөлгийн даргын үүргийг гүйцэтгэх чадвараа хангалттай харуулсан;
2. ИХНЖ-ээр нислэг үйлдэж байгаа нисэгч бүр нь өмнөх 12 сарын хугацаанд шалгах нисгэгчийн хяналтан дор, онцгой тохиолдлын үед мөрдөх журам болон бусад журмууд, тухайн онгоцны маягийн хувьд мөрдөх нислэгийн хэвийн үйл ажиллагаа зэргийг багтаасан, ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн;
3. ХНЖ-ээр нислэг үйлдэж байгаа нисэгч бүр нь өмнөх 6 сарын хугацаанд ХНЖ-аар нислэг үйлдэх онгоцны нисэгчийн үүрэг гүйцэтгэж байсан бол шалгах нисэгчийн хяналтан дор ур чадварын шалгалтыг амжилттай өгсөн бөгөөд шалгалт нь:
(i) тухайн онгоцны тоноглол болон тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагаанд нийцсэн, онцгой тохиолдлын үед ажиллах журам болон бусад журмуудыг багтаасан;
(ii) тухайн нисэгчийн нислэг үйлдэж байгаа онгоц, эсхүл тухайн маягийн онгоцны нислэгийн дадлагажуур дээр явагдсан;
4. нисэгч бүр нь өмнөх 12 сарын дотор дараах онолын шалгалтуудыг амаар, эсхүл бичгээр өгсөн:
(i) ИНБД-үүд болон гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тодорхойлолт, үйл ажиллагааны заавруудын талаарх мэдлэг;
(ii) тухайн нисэгчийн нислэг үйлдэж байгаа онгоц, түүний системүүд, нислэг техникийн үзүүлэлтүүд, нислэгийн журмууд болон зөвшөөрөгдсөн нислэг ашиглалтын зааврын талаарх мэдлэг;
(iii) навигаци, НХУ, цаг уурын мэдлэг;
(iv) тухайн нислэгийн төрөлд хамааралтай тусгай нислэгийн талаарх мэдлэг;
(v) шинэ тоноглол болон журмууд, арга ажиллагаа;
5. нисэх инженерийн хувьд, өмнөх 12 сарын дотор шалгах зэрэглэлтэй нисэх инженерийн хяналтан дор дараах шалгалтыг амжилттай өгсөн:
(i) тухайн онгоцны тоноглол болон тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагаанд нийцсэн, онцгой тохиолдлын үед ажиллах журам болон бусад журмуудыг багтаасан шалгалт;
(ii) тухайн нисэх инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа онгоц, эсхүл тухайн маягийн онгоцны нислэгийн дадлагажуур дээр явагдах шалгалт;
6. нисэх инженерийн хувьд, өмнөх 12 сарын дотор дараах онолын шалгалтыг амаар, эсхүл бичгээр амжилттай өгсөн:
(i) ИНБД болон гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тодорхойлолт, үйл ажиллагааны заавруудын талаарх мэдлэг;
(ii) тухайн нисэх инженерийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа онгоц, түүний системүүд, нислэг техникийн үзүүлэлтүүд, нислэгийн журмууд болон зөвшөөрөгдсөн нислэг ашиглалтын зааврын талаарх мэдлэг;
(iii) тухайн нислэгийн төрөлд хамааралтай тусгай нислэгийн талаарх мэдлэг;
(iv) шинэ тоноглол болон журмууд, арга ажиллагаа;
7. дотоод хяналтын дагуу дараах байдлаар баталгаажилт хийгдсэн:
(i) шалгах нисэгч нь энэ зүйлийн 1/, 2/, 3/, ба 4/-т заасан үзлэг шалгалтуудын үр дүнг тухайн нисэгчийн сургалт, дадлагын тайланд тэмдэглэсэн;
(ii) шалгах зэрэглэлтэй нисэх инженер нь энэ зүйлийн 5/, 6/-д заасан үзлэг шалгалтуудын үр дүнг тухайн нисэх инженерийн сургалт, дадлагын тайланд тэмдэглэсэн байна.
121.106. Багш нисэгчийн ур чадварын шалгуур
Багшлах, эсхүл шалгах зэрэглэлтэй этгээд нь дараах зүйлд нийцсэн зааварчилга авсан, мөн зохих ур чадвартай байна:
1. аливаа маягийн онгоцны нислэгийн үйл ажиллагаа, аюулгүй ажиллагааны талаар зааварчилга өгөх аргачлал;
2. буруу үйлдэл, хэвийн бус болон онцгой тохиолдлын үеэс хэвийн нөхцөлд шилжих аргачлал;
3. ашиглагдаж буй нислэгийн дадлагажуур буюу онгоц, тоног төхөөрөмжийн хэвийн, хэвийн бус ба онцгой тохиолдлын үеийн ажиллагаа, журам, үйлдлүүд.
121.107. Агаарын хөлгийн үйлчлэгчийн ур чадвар
Өмнөх 12 сарын дотор агаарын хөлгийн үйлчлэгчээр томилогдоогүй, мөн анхан шатны болон давтан сургалтын үнэлгээгээр дараах төрлүүдээр мэдлэг, ур чадварыг эзэмшээгүй гэж тодорхойлогдсон бол гэрчилгээ эзэмшигч нь тухайн этгээдийг агаарын хөлгийн үйлчлэгчээр томилохгүй:
1. агаарын хөлгийн даргын эрх;
2. аюулгүй ажиллагаанд нөлөөлж болохуйц, зорчигч болон бусад зорчигчдод зориулагдсан үйлчилгээний журмуудыг мөрдөх чадвар;
3. аврах ажиллагааны үед бусдын дэмжлэг туслалцаа шаардлагатай зорчигчдод тусламж үзүүлэх ажиллагааг гүйцэтгэх чадвар;
4. зорчигчдод мэдээлэл өгөх, танилцуулга хийх ур чадвар ;
5. бүхээгийн тоноглол ашиглах чадвар;
6. аврах тоног төхөөрөмжийн байрлал, ашиглалт;
7. хүчилтөрөгчийн тоног төхөөрөмжийн байрлал, ашиглалт;
8. ердийн болон аврах гарц, тэдгээрт байрлах гулсах шат болон олсны байрлал, ашиглалт;
9. эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ур чадвар;
10. агаарын хөлгийн ахлах үйлчлэгч болон түүний орлогчийн хувьд, бусад үйлчлэгчийг хянах чадвар.
121.108. Ур чадварын болон шалгалтын тайлан, тэмдэглэл
Гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн ур чадвар болон онолын мэдлэгийг шалгасан тайлан, тэмдэглэлийг хадгална.
Л БҮлэг. Нисэх багийн гишҮҮдийн АЖЛЫН ЦАГИЙН ЗОХИЦУУЛАЛТ
121.109. Агаарын тээвэрлэгчийн хүлээх хариуцлага
(а) Агаарын тээвэрлэгч нь дараах шаардлага хангагдаагүй тохиолдолд агаарын тээвэрлэлтийн үйл ажиллагаа гүйцэтгэхгүй:
1. тээвэрлэгчийн нислэгийн үйл ажиллагаанд нийцсэн, дараах зүйлийг багтаасан нисэх багийн гишүүдийн нислэгийн болон ажлын цагийн зохицуулалтыг үзүүлсэн хуваарь:
(i) нислэгийн өмнөх амралтын хугацаа;
(ii) цагийн зөрөөнд дасан зохицох ;
(iii) цагийн бүс;
(iv) шөнийн нислэг;
(v) нислэгийн хамгийн их тоо;
(vi) нэг нисэгчтэй нислэг;
(vii) хоёр нисэгчтэй нислэг;
(viii) хоёр нисэгч болон нисэх багийн нэмэлт гишүүд;
(ix) нисэх багийн гишүүдийн мэргэшил;
(x) хамтатгасан ажил үүрэг;
(xi) нисэгч, үүрэг гүйцэтгэхийн өмнө буюу дараа зорчигчийн журмаар аялах;
(xii) нөөц болон бэлэн үе;
(xiii) нислэг дэх ажил үүргийн үе;
(xiv) нислэгийн үед амрах;
(xv) нислэгийн төрөл;
(xvi) ажлын нийт цаг;
(xvii) нислэгийн нийт цаг;
(xviii) ажлын ба нислэгийн цагийг нэмэгдүүлж болох хувилбар;
(xix) биоритм /circadian rhythm/;
(xx) амралтын өдрүүд;
(xxi) бүртгэлийн хадгалалт;
2. энэ зүйлийн (1)-д заасан хуваарь нь ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдөөгүй бол.
(б) Нисэгч, нислэгийн явцад ядрах бодит шалтгаан байгаа бөгөөд энэ нь нислэгийн аюулгүй ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэж үзвэл Тээвэрлэгч тухайн нисэгчийг нислэгийн үйл ажиллагаанд оролцохыг зөвшөөрөхгүй.
(в) Тээвэрлэгч нь нисэх багийн гишүүдийн нислэгийн цагийн үнэн зөв бүртгэлийг, бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгална.
121.110. Нисэх багийн гишүүний хариуцлага
(а) Нисэх багийн гишүүн нь ядарснаас болон өөр бусад нөхцөл байдлын улмаас тухайн нислэгийг аюулгүй гүйцэтгэх боломжгүй гэж үзсэн тохиолдолд нислэгийн үйл ажиллагаанд оролцохгүй.
(б) Нислэгт томилогдох үед 121.109–ийн (а)-гийн 1/-д заасан нислэгийн цагийн хязгаарлалт нь хэтрэхээр бол нисэх багийн гишүүн тухайн нислэгийн үйл ажиллагаанд оролцохгүй.
(в) Нисэх багийн гишүүн, 121.109-ийн (а)-гийн 1/-д заасан хязгаарлалт нь түүний хувьд хэтрээгүй гэдгийг бататгаагүй тохиолдолд нислэгийн үйл ажиллагаанд оролцохгүй.
(г) Нисэх багийн гишүүний өмнөх болон төлөвлөсөн нислэгийн нийт цаг дор зааснаас хэтэрсэн тохиолдолд нислэгийн үйл ажиллагаанд оролцохгүй:
1. тухайн нислэг үйлдэх өдрийг оролцуулаад өмнөх дараалсан 28 өдрийн нислэгийн нийт цаг нь 100-аас хэтэрсэн; эсхүл
2. тухайн нислэг үйлдэх өдрийг оролцуулаад өмнөх дараалсан 365 өдрийн нислэгийн нийт цаг нь 1000-аас хэтэрсэн.
М БҮлэг. Заавар болон нислэгийн дэвтэр, ТАЙЛАН ТЭМДЭГЛЭЛ
121.111. Үйл ажиллагааны мэдээлэл
(а) Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны зааврын, нисэх багийн гишүүдийн ажил үүрэгт хамааралтай хүчин төгөлдөр хэсэг нь нислэгийн өмнөх төлөвлөлтийн үед болон нислэгийн үед ашиглах боломжтой байна.
(б) Агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцогчдын дагаж мөрдөх шаардлагатай мэдээлэл АИП-д тусгагдсан бөгөөд хүчин төгөлдөр байна.
(в) Гадаад улсын хүснэгт, бичиг баримтыг нислэгт ашиглах тохиолдолд тэдгээр нь ИНЕГ-аас тухайн төрлийн бичиг баримтад тавигддаг шаардлагыг хангасан байхыг Гэрчилгээ эзэмшигч хариуцна.
(г) Агаарын тээврийн үйл ажиллагаанд оролцож байгаа этгээд нь, тэдгээрт зориулагдсан бичиг баримтад хийгдэж буй аливаа нэмэлтүүд зохих журмын дагуу хийгдсэн, хүчин төгөлдөр гэдгийг бататгана.
121.112. Агаарын хөлгийн бүхээгт байх бичиг баримтууд
(a) Нислэгийн үед дараах бичиг баримтууд, агаарын хөлгийн бүхээгт байна:
1. нислэгийн төлөвлөгөөний дэлгэрэнгүй мэдээлэл;
2. нислэгт шаардлагатай НОТАМ мэдээ болон аэронавигацийн бусад бичиг баримтууд;
3. цаг агаарын мэдээ;
4. ачааллын хуудас;
5. аюултай ачааны талаарх мэдээ;
6. нислэгийн зураг, схемийн хувь, хуулбар;
7. тогтмол нислэгт, нислэгийн чиглэл ба ашиглагдах нөөц аэродромыг заасан маршрутын лавлах.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (а)-гийн 7/-д заасан бичиг баримтыг нисэгч тус бүрт бэлдэж ашиглуулна.
121.113. Нислэгийн тайлан
Гэрчилгээ эзэмшигч нь гүйцэтгэсэн нислэг бүрийн хувьд дараах тайланг тогтмол үйлдэнэ:
1. нислэгийн төлөвлөлт;
2. нислэгийн гүйцэтгэлийн тайлан.
121.114. Бүртгэл, тайланг хадгалах
(а) Гэрчилгээ эзэмшигч нь дараах бүртгэл, тайланг тэдгээрийг үйлдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгална:
1. нислэгийн тайлан;
2. ачааллын хуудас;
3. аюултай ачааны талаарх мэдээ, тэмдэглэл.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн нислэгийн болон ажлын цагийн бүртгэлийг сүүлчийн бүртгэл хийгдсэн өдрөөс хойш 12 сарын хугацаанд хадгална.
(в) Гэрчилгээ эзэмшигч нь нисэх багийн гишүүдийн бэлтгэл сургууль, дадлага, шалгалтын тэмдэглэлүүдийг тухайн этгээд нислэгийн үйл ажиллагаанд оролцохоо больсноос хойш 12 сар хүртэл хугацаагаар хадгална.
Н БҮлэг. МэргЭШҮҮЛЭХ хӨтӨлбӨр
121.115. Ерөнхий зүйл
(а) Гэрчилгээ эзэмшигч бүр энэ дүрмийн И бүлгийн дагуу сургалтын хөтөлбөр, мөн энэ бүлгийн дагуу мэргэшүүлэх хөтөлбөртэй байна.
(б) Мэргэшүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд хариуцлага хүлээсэн этгээд нь шалгах нисэгчийн зэрэглэлтэй байна.
(в) Энэ бүлэгт хамаарах аливаа этгээдийн хувьд хөтөлбөрийн бүх шаардлагуудыг дагаж мөрдөнө гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгана.
(г) Мэргэшүүлэх хөтөлбөр нь дараах ажлын байруудад хамаарна:
1. нисэх багийн гишүүд;
2. багш нисэгч;
3. шалгах нисэгч;
4. үнэлгээ өгөгчид.
(д) Агаарын хөлгийн үйлчлэгч болон нислэгийн үйл ажиллагаанд оролцогч бусад этгээд нь мэргэшүүлэх хөтөлбөрт хамаарагдана.
121.116. Хөтөлбөрт өөрчлөлт, засвар оруулах
(а) Мэргэшүүлэх хөтөлбөр шинээр боловсруулж, эсхүл өөрчилж буй гэрчилгээ эзэмшигч нь тухайн төлөвлөгөөг ИНЕГ-аас хүлээн зөвшөөрөх хүртэл энэ дүрмийн З, И, К бүлгийн шаардлагыг хангана.
(б) Гэрчилгээ эзэмшигч хөтөлбөрийн шаардлагыг хангахгүй тохиолдолд ИНЕГ-аас дараах зүйлийг гэрчилгээ эзэмшигчээс шаардана :
1. ИНЕГ-ын даргаас зөвшөөрсөн аргачлалын дагуу хөтөлбөртөө өөрчлөлт хийх; эсхүл
2. мэргэшүүлэх хөтөлбөрийг энэ дүрмийн И, К бүлгийн шаардлагыг хангасан сургалтын хөтөлбөрөөр солих.
121.117. Мэргэшүүлэх хөтөлбөрт тавигдах шаардлага
(а) Гэрчилгээ эзэмшигчийн мэргэшүүлэх хөтөлбөр нь :
1. энэ бүлгийн шаардлагыг хангасан;
2. ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдсөн байна.
(б) Хөтөлбөрийн сэдэв бүр нь дараах шаардлагыг хангасан байна:
1. ИНД-61, эсхүл энэ дүрмийн И, К бүлгийн шаардлагыг тусгасан;
2. аюулгүй байдлын түвшин нь ИНД-61, эсхүл ИНД-121 -ийн И, К бүлгийн шаардлага бүрийн хувьд адил түвшинд тавигдсан;
3. ИНД-61, эсхүл энэ дүрмийн И, К бүлгийн шаардлагыг хангасан;
4. дараах зүйлийг тусгасан:
(i) онгоцны маяг, загвар, үйлдвэрлэл, төрөл;
(ii) нисэх багийн гишүүд болон бусад этгээдүүдийн ажлын байр.
121.118. Сургалтын чиглэл
(а) Мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр нь анхан шатны, мэргэшүүлэх болон мэргэшүүлэх давтан сургалтын хэсгүүдээс бүрдэнэ.
(б) Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд оролцож байгаа, мэргэшээгүй аливаа этгээд нь анхан шатны сургалтаар дараах зүйлтэй танилцсан байна:
1. гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаа, бодлого;
2. үйл ажиллагааны ерөнхий мэдлэг;
3. тухайн этгээдийн ажлын байранд зайлшгүй шаардлагатай аэронавигацийн ерөнхий мэдлэг, тусгай мэдээлэл.
(в) Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд бэлтгэгдэж мэргэшээгүй болон ажил үүрэг гүйцэтгэж байгаа аливаа этгээд нь техникийн сургалт дадлагад зайлшгүй оролцож, үнэлгээ тогтоолгосон байна.
(г) Гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагаанд оролцож байгаа болон бэлтгэгдэж мэргэшсэн аливаа этгээд нь өөрийн ажил үүргээ стандарт шаардлагын дагуу гүйцэтгэхийн тулд тогтмол үечлэлийн дагуу сургалт дадлагад оролцоно.
121.119. Танилцуулах сургалт
Танилцуулах сургалтад оролцогчид дараах чиглэлээр мэдлэг эзэмшсэн байна:
1. гэрчилгээ эзэмшигчийн бодлого ба үйл ажиллагааны талаарх ерөнхий мэдлэг;
2. нисэх багийн гишүүдийн хувьд энэ зүйлийн 1/-д зааснаас гадна, аэронавигацийн ерөнхий мэдлэг;
3. багш нисэгчийн хувьд энэ зүйлийн 1/-д зааснаас гадна:
(i) заах ба сургах арга барилын суурь зарчим;
(ii) багшлах онол, арга зүй;
(iii) агаарын хөлөг, нислэгийн сургалтын төхөөрөмж, нислэгийн дадлагажуур, мэргэшүүлэх сургалтын бусад тоног төхөөрөмжүүдийг ашиглахад шаардлагатай мэдлэг.
4. шалгах нисэгч болон үнэлгээ өгөгчийн хувьд энэ зүйлийн 1/-д зааснаас гадна батлагдсан хөтөлбөрт заагдсан дүгнэлт өгөх шаардлагууд, багийн гишүүд ба нислэгийн үйл ажиллагаанд оролцогчдыг дүгнэх арга.
121.120. Мэргэшүүлэх сургалт
Мэргэшүүлэх сургалт нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:
1. энэ сургалтад оролцох этгээд нь дараах мэдлэгийг эзэмшсэн байна:
(i) төлөвлөсөн сургалтын хугацаа, дүгнэлт ба хяналтын үед олж авах ажлын туршлага;
(ii) шаардлагатай тохиолдолд, хүн бүрийн ажлын байрны онцлогт хамаарах мэргэшүүлэх болон үнэмлэхжүүлэх үйл ажиллагаа, сургалт дадлагын жагсаалт;
(iii) шаардлагатай тохиолдолд, хүн бүрийн ажлын байрны онцлогт хамаарах мэргэшүүлэх болон үнэмлэхжүүлэх үйл ажиллагаа, сургалт дадлагын тодорхой заалтууд.
2. энэ сургалтад оролцох нисэх багийн гишүүд болон нислэгийн үйл ажиллагаанд оролцох бусад этгээд нь энэ зүйлийн 1/-д зааснаас гадна нэмэлт болгон дараах зүйлийг нарийвчлан судалсан байна:
(i) аливаа этгээдийг гүйцэтгэх ажил үүрэгтэй нь уялдаатайгаар, онгоцны тодорхой маяг,загвар дээр агаарын хөлөг ба тоног төхөөрөмжийн онцлогт тохируулан бэлтгэх, үнэлэх ба гэрчилгээжүүлэх ажиллагаа;
(ii) мэдлэгт тавигдах шаардлагууд, сургалтын материал, ажлын ур чадвар, мөн сургалт хийгдэж, үнэлгээ өгөгдөх журам, маневрууд;
(iii) хяналтын үед олж авах ажлын туршлагыг тодорхойлсон жагсаалтууд ба ИНД-61-ийн шаардлагад нэмэлт болох, эсхүл түүнийг орлох дадлагын шалгуур шаардлагууд;
3. энэ сургалтад хамаарах багш нисэгч нь энэ зүйлийн 1/-д зааснаас гадна нэмэлт болгон, онгоцны тодорхой маягийн хувьд аюулгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг гүйцэтгэх зааварчилгааг хэрхэн өгөх талаар мэргэшүүлэх сургалт ба үнэлгээ;
4. энэ сургалтад хамаарах шалгах нисэгч ба үнэлгээ өгөгчийн хувьд, энэ зүйлийн 1/-д зааснаас гадна нэмэлт болгон, онгоцны тодорхой маягийн хувьд аюулгүй ажиллагааг хангах, үйл ажиллагааг гүйцэтгэх этгээдийг сургах, үнэлгээ өгөх, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааны жагсаалт.
121.121. Мэргэшүүлэх давтан сургалт
(а) Гэрчилгээ эзэмшигчийн мэргэшүүлэх давтан сургалт нь дараах шаардлагыг хангасан давтагдах үеүд /цикл/-д үндэслэгдэнэ :
1. энэ сургалтад хамрагдах этгээд нь мэргэшүүлэх давтан сургалтын үе бүрийн явцад сургалт дадлагад оролцож, үнэлэлт дүгнэлт авсан байна;
2. энэ сургалтад хамаарах нисэх багийн гишүүд нь ИНД-61.19-д заасан дадлага туршлагад тавигдах шаардлагуудыг хангасан байна.
(б) Мэргэшүүлэх давтан сургалт нь хуанлины 24 сараас дээшгүй хугацаанд давтагдах бөгөөд энэ хугацааг ИНЕГ-аас зөвшөөрсөн тохиолдолд, хуанлины 3 сараас хэтрэхгүй байхаар сунгаж болно.
(в) Мэргэшүүлэх давтан сургалтын хөтөлбөрт, давтан сургалтад хамрагдаагүй нисэх багийн гишүүд, агаарын хөлгийн диспетчер, нислэгийн ажиллагаанд оролцогч бусад этгээдийг хамруулна гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгана.
Мэргэшүүлэх давтан сургалтад үнэлгээ өгөх үе
(г) Мэргэшүүлэх давтан сургалтын үе шат нь үнэлгээ өгөх үетэй байх ба мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах хүн бүр нэгээс доошгүй удаа ур чадварын үнэлгээ авсан байна гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгана.
(д) Энэ зүйлийн (г)-д заасан үнэлгээ өгөх үе нь хуанлины 12 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд хэрэв ИНЕГ-аас зөвшөөрсөн тохиолдолд хуанлины 3 сараас хэтрэхгүй байхаар сунгаж болно.
Үнэлгээ өгөх үеийн дадлага
(е) Энэ зүйлийн (г)-д заагдсан үнэлгээ өгөх үе нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн үечлэл бүхий дадлагыг агуулсан байх ба дадлагын явцад дараах зүйлийг сурч мэдсэн байна:
1. агаарын хөлгийн дарга, хоёрдугаар нисэгч, нисэх инженер, багшлах ба үнэлгээ өгөгч этгээдийн хувьд дараах зүйлийг оролцуулсан үндсэн сэдвүүд болон бүх тохиолдолд хийгдэх дадлагууд:
(i) ерөнхий ур чадвар ба мэдлэгийг сэргээхэд чиглэсэн газрын дадлага;
(ii) шинээр боловсруулагдсан аюулгүй ажиллагааны мэдээлэл болон журмын талаарх шинэчилсэн мэдээлэл;
2. нисэх багийн гишүүд, агаарын хөлгийн диспетчер, багшлах болон үнэлгээ өгөгч этгээд, нислэгт оролцох бусад этгээдийн хувьд, үндсэн мэргэшил олгоход шаардлагатай, онгоц ба дадлагажуур дээр хийгдэх, онцгой тохиолдлын үеийн нислэгийн үйл ажиллагаа болон маневр зэргийг багтаасан, ур чадварын дадлагыг оролцуулсан үндсэн сэдвүүд болон бүх тохиолдолд хийгдэх дадлагууд;
3. нислэгийн дадлагажуур дээр багшлах болон үнэлгээ өгөгч этгээдийн хувьд, дараах зүйлүүдийг оролцуулсан үндсэн сэдвүүд болон бүх тохиолдолд хийгдэх дадлагууд:
(i) сургалтын тоног төхөөрөмжийг ажиллуулахтай хамааралтай нислэгийн дадлагажуур дээр хийгдэх ур чадварын дадлага;
(ii) хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын үеийн үйл ажиллагаа болон маневрууд;
4. сургалтын тоног төхөөрөмж дээр багшлах болон үнэлгээ өгөгч этгээдийн хувьд, дараах зүйлүүдийг оролцуулсан үндсэн сэдвүүд болон бүх тохиолдолд хийгдэх дадлагууд:
(i) сургалтын тоног төхөөрөмжийг ажиллуулахтай хамааралтай нислэгийн дадлагажуур дээр хийгдэх ур чадварын дадлага;
(ii) хэвийн, хэвийн бус, онцгой тохиолдлын үеийн үйл ажиллагаа болон маневрууд;
Үнэлгээний үе шатанд ур чадварыг үнэлэх
(ж) Энэ үе шатанд хийгдэх дадлага нь дараах зүйлийг багтаасан байна :
1. хөтөлбөрийн энэ хэсэгт хамрагдах хүн бүрийн хувьд, мэргэшил олгоход шаардлагатай үндсэн сэдвүүдээр ур чадварын үнэлэлт өгөх;
2. хөтөлбөрийн энэ хэсэгт хамрагдах агаарын хөлгийн дарга болон багийн бусад гишүүдийн хувьд, үйлдвэрлэлийн нислэгийн цагийн үнэлгээ өгөх;
(з) Ур чадварын үнэлгээг дараах зүйлүүдийг ашиглан өгнө гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгана:
1. хөтөлбөрийн энэ хэсэгт хамрагдах агаарын хөлгийн дарга, хоёрдугаар нисэгч, нисэх инженерийн хувьд, гэрчилгээ эзэмшигчийн сургалтын хуваарийн дагуу онгоц, нислэгийн дадлагажуур, эсхүл сургалтын тоног төхөөрөмж;
2. хөтөлбөрийн энэ хэсэгт хамрагдах бусад этгээдүүдийн хувьд, тэдгээрийн гүйцэтгэх ажил үүрэгт шаардлагатай ур чадварыг үнэлэх хэрэгсэл.
Үйлдвэрлэлийн нислэгийн цагийн үнэлгээ
(и) Хөтөлбөрийн энэ хэсэгт хамрагдах агаарын хөлгийн дарга нь жилд нэг удаа дараах байдлаар үйлдвэрлэлийн нислэгийн цагийн үнэлгээ авсан байна:
1. агаарын тээврийн үйл ажиллагаа гүйцэтгэж буй онгоц, эсхүл үзүүлэх болон техникийн нислэг үйлдэж буй онгоцон дээр;
2. үнэлгээ өгөх хугацааны дунд үед, хуанлины нэг сарын хугацаанд ;
(к) Үйлдвэрлэлийн нислэгийн цагийн үнэлгээний явцад агаарын хөлгийн дарга, хоёрдугаар нисэгч, тухайн нислэгийн нисэх инженерийн үүргийг гүйцэтгэж байгаа этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
1. тухайн төрлийн нислэгийн үйл ажиллагаа, гүйцэтгэх ажил үүрэг, онгоцны хувьд хангалттай бэлтгэгдсэн байх;
2. нисэх багийн гишүүний хувьд шаардлагатай мэдлэг, ур чадвартай байх.
(л) Үйлдвэрлэлийн нислэгийн цагийн үнэлгээг шаардлагатай гэж үзсэн өдрөөс хойш нэг сарын дотор авсан бол шаардлага хангасан гэж үзнэ.
(м) Агаарын хөлгийн дарга ба хоёрдугаар нисэгч, нисэх инженер нь ИНД-61, эсхүл ИНД-63-т заасан дадлага туршлагад тавигдах шаардлагыг хангасан гэдгийг гэрчилгээ эзэмшигч бататгана.
121.122. Нисэх багийн ажлын оновчтой зохион байгуулалт /CRM/
(а) Танилцуулах, мэргэшүүлэх болон мэргэшүүлэх давтан сургалтын сэдэв бүр нь дараах зүйлийг багтаасан байна:
1. CRM-ын сургалт явуулах шаардлагатай ажлын байр;
2. нисэх багийн гишүүн бүрийн CRM-ын хэрэгжүүлэх ур чадварын сургалт, сургалтад оролцсон этгээдийн ур чадварт үнэлэлт дүгнэлт өгөх;
3. нислэгийн бодит буюу дуураймал нөхцөлд нисэх багийн гишүүдийн нислэгийн болон техникийн ур чадварын дадлага, тэдэнд өгөх үнэлэлт дүгнэлт.
(б) Нисэх багийн гишүүдийн хувьд энэхүү дадлага болон үнэлэлт дүгнэлт өгөх ажиллагаа нь нислэгийн дадлагажуур, эсхүл сургалтын тоног төхөөрөмж дээр хийгдэнэ.
121.123. Мэдээлэл цуглуулах
Гэрчилгээ эзэмшигч нь, хөтөлбөр бүрэн хэмжээгээр хангагдсан гэж тодорхойлох боломжтой бүх мэдээллийг нисэх багийн гишүүд, багшлах болон үнэлгээ өгөгч этгээдүүдээс цуглуулсан байна.
121.124. Үнэмлэхжүүлэлт
Дараах тохиолдолд аливаа этгээд коммерийн болон агаарын тээвэрлэгчийн нисэгчийн үнэмлэх, нисэх инженерийн үнэмлэх, эсхүл бусад зэрэглэл эзэмших эрхээр хангагдана:
1. энэ хөтөлбөрийн дагуу эзэмшсэн мэдлэг, ур чадварын дадлага, үнэлгээ нь ИНД-61, эсхүл ИНД-63 -д заасан шаардлагыг хангаж байгаа;
2. мэргэшүүлэх сургалтын хуваарийн дагуу амжилттай суралцсан;
3. техникийн мэдлэг чадвар болон CRM-ын талаар дадлага туршлагатай гэдгээ харуулсан;
4. ИНД-61, эсхүл ИНД-63 -ын холбогдох шаардлагуудад тохирч байгаа.
121.125. Сургалт явуулах зөвшөөрөл
(a) Гэрчилгээ эзэмшигч нь энэ бүлгийн шаардлагыг хангасан, ИНД-141–ийн дагуу гэрчилгээжсэн байгууллагатай гэрээ байгуулж болно.
(б) Гэрчилгээ эзэмшигч нь ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн байгууллагатай гэрээ байгуулан сургалт зохион байгуулахдаа дараах зүйлийг бататгана :
1. ИНД-141-ээр гэрчилгээжсэн байгууллагын багшлах болон үнэлгээ өгөгч этгээд нь гэрчилгээ эзэмшигчийн ажиллагсдад мэргэшүүлэх болон мэргэшүүлэх давтан сургалт явуулах бүх шаардлагыг хангасан, мөн гэрчилгээ эзэмшигчийн үйл ажиллагааны тухай зохих мэдлэгтэй байх;
2. ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн байгууллага нь энэ бүлгийн шаардлагын дагуу сургалтад оролцож мэргэшин үнэмлэх авсан этгээдүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, тайланг хөтөлж хадгална.
Хавсралт А. Эд анги ба тоног төхөөрөмж, Нислэгт тэнцэх Чадварын маЯгийн стандарт
Энэ дүрмийн Е бүлэгт шаардсан хэрэглэл, тоног төхөөрөмж нь дараах шаардлагад нийцсэн байна.
А.1. Амьсгал хамгаалах төхөөрөмж /PBE/
(а) Амьсгал хамгаалах төхөөрөмж нь :
1. АНУ-ын TSO C99 болон TSO C116-ийн шаардлага хангасан байх;
2. амьсгалах хийгээр хангах систем нь доор заагдсан үеүдэд аюулгүй байх:
(i) систем өөрийнхөө хувьд;
(ii) түүнийг ажиллуулах аргачлалын хувьд;
(iii) бусад эд ангиудад үзүүлэх нөлөөллийн хувьд.
3. хараа хязгаарлахааргүй, хамгаалалттай байх;
4. нисэх багийн гишүүдэд зориулагдсан дараах нөхцөл хангагдсан байх:
(i) хүчилтөрөгчийг химийн аргаар үүсгэх генераторыг ашиглаагүй бол хийгээр хангах хэсэг бүр нь амьсгалах хийн хэмжээг заагчтай байх;
(ii) хамгаалалтаа алдахгүй, хараанд сөргөөр нөлөөлөхгүй шилийг ашиглах;
(iii) онгоцны дотоод холбоог ашиглах боломжтой байх;
5. нисэх баг онгоцны радиог ашиглан холбоо барих боломжтой байх;
6. 2400 метр (8000 фут)-ийн өндөрт 15 минутын туршид амьсгалах хийгээр хангах.
(б) Амьсгал хамгаалах төхөөрөмж нь хүчилтөрөгчийн тоноглолын стандартыг хангаж байгаа тохиолдолд ИНД-91-д зааснаар хүчилтөрөгчийн нэмэгдэл тоноглолын шаардлагын дагуу ашиглаж болно.
А.2. Яаралтай үед ашиглах эмнэлгийн хэрэгсэл /EMK/
Яаралтай үед ашиглах эмнэлгийн хэрэгсэл нь:
1. дараах байдлаар бэхлэгдэж байрласан байна:
(i) ослын үед гэмтэж, үрэгдэхээргүй байх;
(ii) онгоцонд байрлаж буй хүмүүст аюул учруулахааргүй байх;
2. уг хэрэгсэл байгаа газрыг заасан тэмдэглэгээтэй байх;
3. зөвхөн эмнэлгийн мэргэжсэн этгээд ашиглах тухай санамж тэмдэглэгээтэй байх;
4. наркотик бодис агуулж байгаа үед, мөн хэрэглэгдээгүй үед түгжээтэй байна.
А.3. Зорчигчдод мэдээлэл дамжуулах систем
(а) Зорчигчдод мэдээлэл дамжуулах систем нь:
1. гар микрофон, чихэвч, микрофон, сонгох залгуурууд болон дохиоллын хэрэгслээс бусад нь энэ дүрмийн 121.61-ийн 2/-т шаардсан нисэх багийн гишүүдийн дотоод холбооны системээс тусдаа ажиллагаатай байна;
2. нисэх багийн гишүүдийн хоёр байрлалаас нэг зэрэг ашиглах боломжтой байна;
3. шалны түвшинд байрлах аврах гарц бүрийн ойролцоо сууж байгаа агаарын хөлгийн үйлчлэгч суудлаасаа ашиглах боломжтой микрофонтой байна;
4. зорчигчдын бүхээгийн аль нэг хэсгээс агаарын хөлгийн үйлчлэгч 10 секундийн хугацаанд очиж ажиллуулах боломжтой ажлын байранд суурилагдсан байна;
5. үйлчлэгчийн ажлын байр, үйлчлэгчийн суудал, ариун цэврийн өрөө болон зорчигчдын аль ч суудлаас цэвэр, ойлгомжтой сайн сонсогддог байна.
(б) Энэ хэсгийн (а)-ын 3/-т заасан шаардлагад хамааралтайгаар, аврах гарцын ойролцоо сууж байгаа агаарын хөлгийн үйлчлэгчид хоорондоо хөндлөнгийн тусламжгүй ярилцаж холбоо тогтоон харьцах боломжтой тохиолдолд нэгээс илүү аврах гарцын дунд нэг микрофон байж болно.
А.4. Нисэх багийн гишүүдийн дотоод холбооны систем.
Нисэх багийн гишүүдийн дотоод холбооны систем нь:
1. гар микрофон, чихэвч, микрофон, сонгох залгуурууд болон дохиоллын хэрэгслээс бусад нь энэ дүрмийн 121.61-ын 1/-д шаардсан, зорчигчдод мэдээлэл дамжуулах системээс тусдаа ажиллагаатай байна;
2. нисэх багийн бүх гишүүдийн хооронд хоёр талын холбоо барих боломжтой байна;
3. нисэх багийн бүхээг болон зорчигчдын бүхээг бүрийн хооронд хоёр талын холбоо барих боломжтой байна;
4. нисэх багийн гишүүдийн хоёр байрлалаас нэг зэрэг ашиглах боломжтой байна;
5. зорчигчдын бүхээг дэх үйлчлэгчийн ажлын байрнаас холбоо барих боломжтой байна;
6. зорчигчдын бүхээг дэх үйлчлэгчийн ажлын байранд суурилагдсан микрофоноос 10 секундийн хугацаанд холбоо барих боломжоор хангагдсан байна;
7. ажлын байранд байгаа холбоог ашиглах үедээ зорчигчдын бүхээгийн шалны түвшинд байрлах аврах гарцуудыг хянах боломжтой газар суурилагдсан байна;
8. анхааруулах дараах системтэй байна:
(i) нисэх багийн аливаа гишүүн ашиглуулж болох дуут, эсхүл ил харааны дохиолол;
(ii) хэвийн болон яаралтай дуудлагын аль нь болохыг ялгах дохиолол;
9. дараах тохиолдолд онгоцны хоёр нисэгч нэг зэрэг газрын үйлчилгээний ажилтантай хоёр талын холбоо барих боломжтой байна:
(i) онгоц газарт байрлаж байх үед;
(ii) нисэх багийн бүхээгээс харж тодорхойлох боломжгүй аливаа саадыг газрын үйлчилгээний ажилтантай холбоогоор харилцаж тодорхойлох үед.
А.5. Бүхээгийн дуу чимээ бичигч
Бүхээгийн дуу чимээ бичигч нь :
1. АНУ-ын техникийн стандартын TSO С84 ба TSO С123 бүлгийн шаардлагад нийцсэн байна;
2. АНУ-ын техникийн стандартын TSO С121 бүлгийн шаардлага хангасан, усан дороос байрлалаа дохиологч хэрэгслээр тоноглогдсон байна;
3. нислэгийн сүүлчийн 30 минутаас багагүй хугацааны завсаргүй, үргэлжилсэн бичлэг хийх чадвартай байна.
А.6. (R) Нислэгийн өгөгдөхүүн бичигч (flight data recorder)
Нислэгийн өгөгдөхүүн бичигч нь:
1. Чикагогийн конвенцийн Хавсралт 6-гийн I хэсгийн "Attachment D"-ийн шаардлагад нийцсэн байна,
2. АНУ-ын техникийн стандартын TSO C121 бүлгийн шаардлагыг хангасан, усан дороос байрлал дохиологчтой байна,
3. нислэгийн 25 цагийн мэдээллийг тоон хэлбэрээр бичиж хадгалах ба мэдээлэл нь арчигдах боломжгүй байна.
А.7. Нэмэлт авиагоризонт
Нэмэлт авиагоризонт нь:
1. үндсэн авиагоризонтын системээс тусдаа ажилладаг байна;
2. цахилгааны бие даасан тусдаа системээс тэжээгдэнэ;
3. цахилгаан тэжээлийн системд гэмтэл гарснаас хойш 30 минутын хугацаанд үргэлжлэн ажиллах чадвартай байна;
4. цахилгаан тэжээлийн системд гэмтэл гарсан тохиолдолд цахилгаан тэжээлийн шилжүүлэг хийлгүй ажилладаг байна;
5. ажиллагааны бүхий л үед зохих гэрэлтүүлгээр хангагдсан байна.
А.8. Радио локатор
Радио локатор нь АНУ-ын техникийн стандартын TSO С63 бүлгийн шаардлага хангасан байна.
А.9. (R) Газар ойртолтыг анхааруулах систем (GPWS)
GPWS нь АНУ-ын Техникийн стандартын TSOC92-ын шаардлагыг хангасан, дараах тохиолдлуудад анхааруулах дохио өгөх чадвартай байна:
1. өндөр алдалтын босоо хурд хэт их үед;
2. газартай хэмжээнээс илүү хурдтай ойртох үед;
3. хөөрөлт, хоёрдугаар тойрогт гарсны дараа хэмжээнээс хэтрэн өндөр алдах үед;
4. дараах нөхцөлүүдээр агаарын хөлөг буултын конфигурацид ороогүй байхад аюулгүй өндөр хадгалагдаагүй бол:
i. дугуй бууж түгжээнд ороогүй;
ii флапс буултын байрлалд буулгагдаагүй;
5. ILS ойртолт, буултын үед глиссадаас тодорхой хэмжээгээр доогуур нисвэл.
Хавсралт Б. Зурвас
Б.1. ХБЗ-ны хамгийн бага өргөнийг тодорхойлох
Онгоцны ARC-ыг тодорхойлсон тохиолдолд, тухайн ХБЗ-ны өргөнийг зохих тоон код, үсгэн код хоёрын огтлолцлоор тодорхойлно. Жишээ нь, хэрэв онгоцны ARC нь 2С бол шаардлагатай зурвасын өргөн нь 30м байна.
Хүснэгт 2. ХБЗ-ны өргөн
|
Үсгэн код
|
||||
Тоон код
|
A
|
B
|
C
|
D
|
E
|
1
|
18м
|
18м
|
23м
|
-
|
-
|
2
|
23м
|
23м
|
30м
|
-
|
-
|
3
|
30м
|
30м
|
30м
|
45м
|
-
|
4
|
-
|
-
|
45м
|
45м
|
45м
|
Онгоцны маяг тус бүрийн хувьд нислэгийн талбайн хамгийн бага өргөнийг Хүснэгт 3-ын дагуу тодорхойлно.
Хүснэгт 3. Нислэгийн талбайн өргөн
Тоон код
|
ХБЗ-ны төрөл |
Талбайн өргөн
|
3 эсхүл 4
|
нарийн хэмжилтэт /Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх олон улсын нисэх буудал дахь ХБЗ
|
300м
|
3 эсхүл 4
|
нарийн хэмжилтэт /Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх ХБЗ
|
220м
|
1 эсхүл 2
|
нарийн хэмжилтэт /Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх ХБЗ
|
150м
|
3 ба 4
|
нарийн хэмжилтгүй /Non-Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх эсхүл хэрэглэлийн бус ойртолттой ХБЗ
|
150м
|
3 ба 4
|
зөвхөн өдрийн цагаар хэрэглэлийн бус ойртолттой, 22700 кг-аас ихгүй хөөрөлтийн хүндтэй онгоцонд зориулагдсан
|
90м
|
1 ба 2
|
нарийн хэмжилтгүй /Non-Precision/ хэрэглэлээр ойртолт үйлдэх ХБЗ
|
150м
|
2
|
хэрэглэлийн бус ойртолт үйлдэх ХБЗ
|
80м
|
1
|
хэрэглэлийн бус ойртолт үйлдэх ХБЗ
|
60м
|
Текст томруулах
A
A
A