- Нүүр
- Сайдын тушаал
- ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, УСТГАХ ЗААВАР
Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 тоот тушаалын хавсралт
Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах заавар
1. Ерөнхий зүйл
1.1. .Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежмент гэдэг нь хаягдал үүссэн цэгээс эхлээд түүнийг ангилах, ялгах, савлах, урьдчилан боловсруулах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, түр байршуулах, устгах үйл ажиллагаа юм.
1.2. Хүн амд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болон энэ чиглэлээр судалгаа, сургалт, үйлдвэрлэл, хяналтын ажил эрхэлдэг байгууллагуудаас гарах хий, шингэн, хатуу хаягдлыг эрүүл мэндийн байгууллагын "нийт" хог хаягдал гэнэ.
1.3. Эрүүл мэндийн байгууллагын албан тасалгаа, үйлчилгээний өрөө, агуулах, хонгил, орчны эдэлбэр газраас гарах ахуйн хаягдлыг ердийн хог хаягдал гэнэ.
1.4. Эрүүл мэндийн байгууллагын тусгай хог хаягдал гэж оношилгоо, эмчилгээ, үйлчилгээний явцад ялгарах хүн, амьтны бие, эрхтэн, эд, хэсэг, бичил биетийн өсгөвөр, хор, цус, бусад шингэн, ялгадас, эм, эмийн бүтээгдэхүүн; био бэлдмэл, зүү; тариур ирмэгтэй багаж хэрэгсэл, химийн болон цацраг идэвхт бодис зэрэг эрүүл мэндийн байгууллагын хаягдлын хэсгийг хэлнэ.
1.5. Эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж нь гарсан хаягдлаа ялгах, ангилах, цуглуулах, савлах, хадгалах, шаардлагатай бол халдваргүйжүүлэх, устгах, тээвэрлэх үйл ажиллагааг хариуцан гүйцэтгэнэ.
1.6. Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд нь хог хаягдлын менежментийн төлөвлөгөө боловсруулж, баг ажиллуулах бөгөөд үйл ажиллагаандаа дотоодын хяналт тавьж ажиллана.
1.7. Улсын төсвөөс санхүүждэг эрүүл мэндийн байгууллага нь хог хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авна.
2. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын ангилал
2.1. Эрүүл мэндийн байгууллагын нийт хог хаягдлыг ерөнхийд нь ердийн болон тусгай хаягдал гэж ангилна.
2.2. Тусгай хог хаягдлыг дотор нь дараах байдлаар ангилна.
2.2.1. Эмнэлгийн үйлчилгээний:
· Халдвартай /халдвартай эсвэл халдвартай байж болзошгүй хаягдал/
· Эмгэг /Эхэс, зулбадас, мэс ажилбар, хүн, амьтны задлан шинжилгээний явцад гарсан хавдрын ургацаг, тайрсан эд, эрхтэн, хэсэг/
· Хурц ирмэгтэй /зүү, тариур болон эмнэлэг-үйлчилгээнд хэрэглэгдэх бусад хурц ирмэгтэй багаж хэрэгсэл/
· Эмийн /хугацаа дууссан, бохирдсон, хэрэглэхийг хориглосон, хагарч гэмтсэн эм, биобэлдмэлийн хаягдал/
2.2.2. Цацраг идэвхт /оношилгоо, эмчилгээ, шинжилгээ судалгааны явцад гарах цацраг идэвхт шинж чанар бүхий хатуу, шингэн, хийн хаягдал/
2.2.3. Химийн /эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоо, шинжилгээ, цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэл, туршилт зэрэг үйл ажиллагаанаас гарсан хатуу, шингэн, хийн байдалтай аюултай болон аюулгүй бүх төрлийн химийн бодисын хаягдал/
2.2.4. Даралтат сав /хий агуулсан бортгон хэлбэртэй болон аэрозолтой, нэг удаа хэрэглэх зориулалтын хийтэй савнууд/.
3. Хог хаягдлыг ялгах, цуглуулах, савлах, түр хадгалах үйл ажиллагаа
3.1. Хаягдлыг гарсан цэгт нь төрлөөр ялгаж, зориулалтын уут, саванд цуглуулна.
3.2. Ердийн хаягдлыг ахуйн хог хаягдлын адил савлаж, цуглуулна.
3.3. Ердийн болон тусгай хог хаягдлуудыг холихыг хориглоно. Хэрэв хольсон тохиолдолд уг хаягдлыг тусгай хог хаягдалд тавигддаг шаардлагын дагуу савлаж, хадгална.
3.4. Хаягдлыг ялгасны дараа савлах уут, хайрцгийг өнгөөр ялгаж төрөлжүүлнэ. Үүнд:
а/. Ердийн хаягдлыг хар өнгийн уут, саванд хийнэ
б/.Эмнэлэг-үйлчилгээний хаягдлыг шар өнгийн уут, саванд хийж олон улсын
биологийн болон халдвартай хаягдлын таних тэмдгийг тавина.
в/. Хими5 цацраг идэвхтэй, эсэд хортой нөлөө үзүүлдэг хаягдлыг хүрэн
өнгийн уут, саванд хийж, тус тусын таних тэмдгийг тавина.
г/. Халдварын зэрэглэл өндөртэй хаягдлыг улаан өнгийн уут, саванд хийж, "Халдвартай" гэж бичнэ.
3.5. Эсэд хортой нөлөө үзүүлэх үйлчилгээтэй хаягдлыг бат бэх, шингэн нэвчихгүй саванд хийж, "эсэд хортой хог хаягдал" гэж тэмдэглэнэ.
3.6. Зөөлөн цагаан, мөнгөн ус болон бусад хортой хүнд металл сан хаягдлыг тусад нь цуглуулна. Мөнгөн ус агуулсан хаягдлыг асгасан тохиолдолд нүцгэн гараар барих, мөн алт мөнгөн эдлэл хэрэглэж болохгүй.
3.7. Даралтат сав нь шатах, дэлбэрэх, аюултай учраас тус тусад нь хадгална.
3.8. Хаягдлын уут саванд дараах шаардлага тавигдана.
3.8.1. Уут сав нь амархан цоорч гэмтэхгүй, шингэн нэвчихгүй, хуванцар. металл, полипропилен, полиэтилен, зузаан цаасан материалаар хийгдсэн байна.
3.8.2. Уут, саванд зориулалтын бус зүйл хийхийг хориглоно.
3.8.3. Уут, савны 2/3 хэмжээнд "анхаар" гэсэн тэмдэг тавьж, энэ хэмжээнээс дээш хог хийж болохгүй гэж сануулга бичнэ.
3.8.4. Уут тогтоогч нь өндөр нягтралтай полиэтиленээр хийгдсэн, таглаатай байна. Хэрэв тэр нь овор ихтэй бол дугуйтай байна.
3.8.5. Хаягдлын төрлөөс шалтгаалан уут тогтоогч шар, хүрэн, хар өнгөтэй байна.
3.8.6. Гарч байгаа хаягдлын хэмжээнээс хамаарч уут, савны багтаамж нь 10-250 л байх бөгөөд 2/3-т тэмдэглэсэн " Анхаар" гэсэн хэмжээнээс дээш хог хийж болохгүй.
3.9. Ердийн болон тусгай хог хаягдалтай уут, савыг тогтоосон газар байрлуулж, хаягдлыг ангилах, ялгах, талаар заавар, санамжийг бичиж тавьсан байна.
3.10. Үйлчлэгч эсвэл хог хаягдлыг цуглуулах үүрэгтэй ажилтан нь хаягдлыг битүүмжлэн гарсан цэгээс нь тухайн хэсэг, нэгжийн хог хаягдал түр хадгалах тогтоосон цэгт зөөж хүргэнэ.
3.11. Түр хадгалах цэгт цуглуулсан хаягдлын хэмжээ уут, савны 2/3-т хүрмэгц амсрыг сайтар битүүмжилж, байгууллагын хаягдал хадгалах байранд хүргэнэ.
4. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг тээвэрлэх, хадгалах
4.1. Байгууллага нь хог хаягдал хадгалах байр, түүнийг уг байр хүртэл тээвэрлэх оновчтой зам, маршрутыг тогтоох шаардлагатай.
4.2. Хог хаягдал хадгалах байр дараах шаардлага хангасан байна.
а/ Хүнс боловсруулах, хадгалах газар, олон нийтийн зам, талбайгаас 30 метрээс доошгүй зайтай, тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтрэх боломжтой байх;
б/ Бат, бөх хашаатай, хаалга нь цоожтой, шавьж, мэрэгч, шувуу бусад амьтан орох боломжгүй байх;
в/ Өрөөний талбай тухайн байгууллагаас ялгарах хог хаягдлын хэмжээнд тохирсон байх;.
г/ Шаардлагатай материал хэрэгслээр хангагдсан байх /хоргүйжүүлэх, саармагжуулах бодис, уусмалууд, цэвэрлэгээний материал, хөргөх төхөөрөмж, хаягдал хадгалах зориулалтын сав г.м/;
д/ Сэрүүн, агааржуулалт, зохиомол гэрэлтүүлэг хүрэлцээтэй, угааж, цэвэрлэх боломжтой, шал нь бохир ус зайлуулах хоолой (дренаж) –той байна.
4.3. Байгууллага нь цэвэрлэх, халдваргүйжүүлэхэд хялбар, хаягдлыг "аюулгүй" ачиж буулгахад тохиромжтой хаягдал зөөх, тээвэрлэх хэрэгслээр хангагдсан байна.
4.4. Хог хаягдал хадгалах байр нь хөргүүргүй бол тусгай хог хаягдлыг хүйтний улиралд 72цаг, дулааны улиралд 48 цагаас дээш хугацаанд хадгалж болохгүй.
4.5. Өрх, сумын эмнэлэг зэрэг хүчин чадал багатай газруудад зохих уут саванд хийсэн тусгай хог хаягдлыг 7 хоногоос дээш хугацаагаар хадгалж болохгүй. Эмгэг хаягдлыг тухай бүр булах буюу шатаана.
5. Эрүүл мэндийн байгууллагаас гадагш хог хаягдлыг тээвэрлэх
5.1. Ердийн хог хаягдлыг ахуйн хаягдлын адил тээвэрлэж, орон нутгийн хог хаягдлын цэгт хаяна.
5.2. Тусгай хог хаягдлыг зөөж зайлуулахад зориулалтын таних тэмдэг бүхий тээврийн хэрэгслийг ашиглах бөгөөд бусад хаягдал хүн мал, амьтан, бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэхийг хориглоно.
5.3. Тээвэрлэгч тусгай хог хаягдлыг тээвэрлэж дууссаны дараа тээврийн хэрэгслийг аюулгүй, хоргүй, халдваргүй болгох арга хэмжээ авна.
5.4. Хаягдал гарсан цэгээс эцсийн цэг хүртэл аюулгүй байдлыг хангах, болзошгүй халдвар, сөрөг нөлөөллөөс сэргийлэх үүргийг тээвэрлэгч хүлээнэ.
6. Тусгай хог хаягдлыг устгах
6.1. Эрүүл мэндийн байгууллагаас гарсан тусгай хог хаягдлыг устгахад дараах аргуудын аль тохирохыг дангаар буюу хослуулан хэрэглэнэ.
а. Өндөр даралттай уураар халдваргүйжүүлэх
б. Хуурай халуунаар халдваргүйжүүлэх
в. Бичил долгионоор халдваргүйжүүлэх
г. Химийн аргаар халдваргүйжүүлэх, саармагжуулах, хоргүйжүүлэх
д. Булах, булшлах
е. Шатаах арга
6.2. Халдвартай хаягдлыг устгах
6.2.1. Олон улсын хөл хориот болон БГХӨ, ДОХ, тэмбүү, сүрьеэ, сахуу балнад зэрэг халдварт өвчтэй хүний цус, био шингэн хаягдлыг тухайн байгууллагын тасаг, нэгжид урьдчилан химийн аргаар эсвэл өндөр даралттай уураар халдваргүйжүүлсний дараа бохир усны шугамд нийлүүлэх буюу шаардлага хангасан бохирын цооногт хаяна.
6.2.2. Халдвартай шингэн ялгадсыг халдваргүйжүүлэхийн тулд гипохлорид кальци 1:5 хэмжээтэй хийж 1цаг, 3-5 хувийн хлорамин "Б" 2:1 хэмжээтэй хийж, 1-2 цаг байлгана. Өтгөн ялгадсыг 1 литрт 400 грамм хлорын шохой байхаар тооцож, 2 цаг байлгаж халдваргүйжүүлнэ.
6.2.3. Хаягдлыг химийн аргаар халдваргүйжүүлэхэд эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн бодисыг зохих заавар журмын дагуу хэрэглэнэ.
6.2.4. Нэг удаагийн хэрэглээний багаж хэрэгсэл, боолтын материалыг өндөр даралттай уураар халдваргүйжүүлж, зориулалтын багаж, хэрэгслээр буталж, жижиглэн ашиглах боломжгүй хэлбэрт оруулан ахуйн хогийн цэгт хаях, эсвэл зориулалтын зууханд шатааж устгана.
6.2.5. Лабораториос ялгарсан халдварын зэрэглэл өндөртэй хаягдлыг өндөр даралттай уураар халдваргүйжүүлсний дараа төвлөрсөн бохир ус зайлуулах шугамд буюу шаардлага хангасан бохирын цооногт хаяна.
6.3. Эмгэг хаягдлыг шатаах буюу булах аргаар устгана. Халдвартай болон халдварын сэжигтэй эмгэг хаягдлыг химийн аргаар халдваргүйжүүлж, булна.
6.4. Нэг удаагийн хэрэглээний зүү тариурыг хэрэглэсний дараа шууд аюулгүй хайрцагт цуглуулж, зориулалтын зууханд шатаах эсвэл өндөр даралттай уураар халдваргүйжүүлж, зориулалтын багаж, хэрэгслээр буталж, жижиглэн ашиглах боломжгүй хэлбэрт оруулан ахуйн хогийн цэгт хаяна.
6.5. Эм, био бэлдмэлийн хаягдлыг дараах аргаар устгана.
6.5.1. Маш бага хэмжээний шингэн болон хагас шингэн хаягдлыг их хэмжээний усаар шингэрүүлж бохир усны шугамд хаяна.
6.5.2. Хаягдлыг цемент, элс зэргээр чигжиж /хаягдал 65 хувь, шохой 15 хувь, цемент 15 хувь, ус 5 хувь тус тус байна/, бүрхүүлдсэний дараа булна.
6.5.3. Эсэд хортой нөлөөтэй хаягдлыг ханган нийлүүлэгчид нь буцааж өгөх, эсвэл зориулалтын зууханд өндөр хэмд /1000-1200°С/ шатааж устгана.
6.6. Химийн хаягдлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан дүрэм, зааврын дагуу устгана.
6.7. Цацраг идэвхт хаягдлыг Монгол улсын "Цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын тухай хууль /16, 20-р зүйл/" болон холбогдох дүрэм, зааварт заасны дагуу устгана.
6.8. Даралтат сав нь тэсрэх аюултай тул эмнэлэг үйлчилгээний хаягдалтай хольж шатааж болохгүй бөгөөд ханган нийлүүлэгчид буцааж өгөх эргүүлж ашиглах, бүрэн хоосолсны дараа ердийн хаягдалтай хаях аргаар устгана.
7. Хаягдал шингэн зайлуулах
7.1. Эрүүл мэндийн байгууллагын барилга байгууламж нь төвлөрсөн буюу хэсгийн бохир ус зайлуулах шугамд холбогдсон бол хаягдлыг урьдчилан хоргүйжүүлж, саармагжуулж, халдваргүйжүүлсний дараа шугамд нийлүүлнэ.
7.2. Хэрэв бохир ус зайлуулах шугамд холбогдоогүй бол бие засах газаp, бохирын цооног нь хөрс, газрын доорхи усыг бохирдуулахгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан байх бөгөөд тэдгээрийг тогтмол хугацаанд халдваргүйжүүлэх шаардлагатай.
8. Хийн хаягдлыг цэвэрлэх
8.1. Лаборатори, эмийн сан, химийн бодис болон цогцос, бусад эмгэг материал хадгалах өрөө зэрэг нь аюултай, хортой хийг шүүх төхөөрөмжтэй байх бөгөөд агаар дахь хорт бодисуудын агууламж эрүүл ахуйн шаардлага хангасан байна.
9. Бусад
9.1. Эрүүл мэндийн байгууллага, аж ахуйн нэгж нь хаягдал тээвэрлэсэн, устгасан тухай тэмдэглэл хөтөлнө. Тэмдэглэлд тээврийн хэрэгслийн дугаар, хаягдал устгасан арга, он cap өдөр, хугацаа, хүний нэр, албан тушаалыг тодорхой бичнэ.
9.2. Тусгай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, устгах үйл ажиллагааг гүйцэтгэж байгаа ажилчид нь хөдөлмөр хамгааллын хувцастай байна.
9.3. Эрүүл мэндийн байгууллагын тусгай хаягдлыг эрх бүхий байгууллагаас тогтоосон цэгт устгана. Уг цэгийн орчинд хаалт, хамгаалалт хийж таних тэмдэг тавьсан байна.
9.4. Эрүүл мэндийн байгууллагын ажиллагсдад тусгай хаягдлыг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах талаар тогтмол сургалт явуулна.
9.5. Энэхүү журмын биелэлтэд эрүүл мэнд, байгаль орчны хяналтын улсын байцаагчид хөндлөнгийн хяналт тавьж, журам зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцно.
Текст томруулах
A
A
A