- Нүүр
- Сайдын тушаал
- БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧИЛСАН ЗААВАР
БХБС-ын 2021 оны 01 сарын 06-ны өдрийн 3/49 албан тоот бичгээр УНС-с хасалт хийсэн.
Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2000 оны 95 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ БАРИЛГЫН НОРМ БА ДҮРЭМ
БҮС НУТГИЙН ХӨГЖЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ АРГАЧИЛСАН ЗААВАР
Нэг.Зорилго, нийтлэг үндэслэл.
1.1.Бүс нутгийн хөгжлийн төслүүдийн талаар захиалагч, гүйцэтгэгч, сонирхогч байгууллагууд нэгдсэн тодорхой ойлголттой болж зураг төслийн үе шатны ажлуудыг гүйцэтгүүлэхийн тулд зургийн даалгавар боловсруулах, гэрээ хэлэлцээр байгуулах, судалгааны материал бүрдүүлэх, төслийн үндсэн шийдэл гаргах, баталгаажуулах, хэрэгжүүлэх ажлыг боловсронгуй болгоход аргачилсан зааврын зорилго оршино.
1.2. Монгол улсын Үндсэн хуулийн "Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна..." гэсэн заалт нь хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн хөгжлийн бүх шатны төслийн үзэл баримтлал болно.
1.3. Бүс нутгийн хөгжлийн үндсэн шийдлийг боловсруулахдаа Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Хот байгуулалтын талаар төрийн бодлогын чиглэл, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хот байгуулалтын норматив, заавар, журам, дүрмийг баримтална.
1.4. Бүс нутгийн хөгжлийн төслийг боловсруулахдаа хотжих үйл явцаас үүдэн гардаг сөрөг үр дагаврыг хязгаарлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, тогтвортой хөгжлийн баталгааг хангах олон улсын болон үндэсний хөтөлбөрийн холбогдох заалтуудыг үндэс болгоно.
1.5. Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл нь үндсэн бүсүүдийн хөгжлийн төсөл боловсруулах, бүсийн хөгжлийн тулгуур болон дэд төвүүдийн хөгжлийг тодорхойлох, үндсэн бүсүүдийн хөгжлийн төсөл нь бичил бүс, тэдгээрийн төв, бүлэг суурин болон хот орчмын бүсийн хөгжлийг тодорхойлох үндэслэл болно.
1.6. Үндсэн бүсүүд, бичил бүс, аймгийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл нь тухайн нутаг дэвсгэрийн хот орчмын бүс, хот суурингийн хөгжлийн хэтийн төлвийг тодорхойлох үндэслэл болно.
1.7. Нийслэл хотын тухайд улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эзлэх байр суурь, гүйцэтгэх болон тэргүүлэх үүргийн хувьд экологийн даац, хот байгуулалтын багтаамжид тулгуурласан нутаг дэвсгэрийн зохистой бүтэц бүхий мужаар хөгжих чиглэлийг баримтална.
Хоёр.Төсөл боловсруулах ажлын зохион байгуулалт
2.1. Хүн амын нутагшилт, суурьшлын болон бүс нутгийн хөгжлийн төслийг Хот байгуулалтын асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авсан мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ.
2.2. Эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж нь төслийг батлагдсан зургийн даалгаврыг үндэслэн захиалагч байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр гүйцэтгэнэ.
2.3. Зургийн даалгаварт төсөл боловсруулах үндэслэл зорилго, хамрах хүрээ, газар нутгийн хэмжээ, хил хязгаар, төслийн үе шат, төлөвлөлтийн хугацаа, ашиглах материал, төлөвлөлтийн үндсэн шийдэл, техникийн нөхцөл, зураг төслийн бүрдэл, онцгой шаардлага, захиалагч болон гүйцэтгэгч байгууллага зэргийг тодорхой тусгана.
2.4. Зургийн даалгаврыг Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу төрийн захиргааны төв болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал батална.
2.5. Нутаг дэвсгэрийн хөгжлийн бүх үе шатны төслийн захиалагч, гүйцэтгэгч нарын хооронд байгуулах гэрээ нь ерөнхий зүйл, захиалагч болон гүйцэтгэгч байгууллагын хүлээх үүрэг, хоёр талын харилцан хүлээх хариуцлага, санхүүжилт, гэрээт ажлыг гүйцэтгэх хугацаа, гэрээт ажлын биелэлтийг дүгнэх үе шат, хугацаа, гэрээг цуцлах үндэслэл зэрэг үндсэн бүтэцтэй байна.
2.6. Захиалагч, гүйцэтгэгч байгууллагын холбогдох албан тушаалтан харилцан тохиролцож байгуулсан гэрээг захиалагч байгууллагын дарга (захирал) буюу эдийн засаг, санхүүгийн асуудал хариуцсан албан тушаалтан батална.
2.7. Төслийн захиалга боловсруулах, орон нутагт суурь судалгааны материалыг бүрдүүлэх, үнэлэлт дүгнэлт өгөх, төслийн шийдэл гаргах, баталгаажуулах үйл ажиллагаанд тухайн чиглэлийн мэргэжлийн болон хяналтын байгууллагын холбогдох албан тушаалтан мэргэжлийн хүмүүсийг оролцуулах шаардлагатай.
2.8. Төсөлд хамрагдаж буй нутаг дэвсгэр дээр урьд өмнө хийгдсэн эрдэм шинжилгээ, хайгуул судалгаа, зураг төслийн түүнчлэн эдийн засаг, нийгэм соёл, байгаль экологи, дэд бүтцийн хөгжилтэй холбоотой тайлан төлөвлөгөө төслийн материалыг холбогдох байгууллагууд харьяалал үл харгалзан гүйцэтгэгч байгууллагад тогтоогдсон журмын дагуу гаргаж өгөх үүрэг хүлээнэ.
2.9. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл, бүс нутгийн бүх үе шатны ( аймгийн хөгжлийн, бичил бүсийн хөгжлийн, хот орчмын бүсийн хөгжлийн ) төслүүдийг батлуулахын өмнө төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргуулна.
2.10. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл болон бүс нутгийн үе шатны төслүүд тусгайлсан бүс (эдийн засгийн чөлөөт бүс, аялал жуулчлал, амралт сувиллын хөгжлийн төсөл )-ийн төслүүдийг батлахад Хот байгуулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг дагаж мөрдөнө
2.11. Төслийг баталгаажуулахад захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд харилцан адил үүрэг хариуцлага хүлээнэ.
2.12. .Нутаг дэвсгэрийн хөгжлийн төслүүдийг боловсруулах ажил нь Хот байгуулалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн холбогдох заалтын дагуу санхүүжигдэнэ.
Гурав Төслийн үе шат бүрдэл
3.1. Нутаг дэвсгэрийн хөгжлийн үндсэн төслүүд нь дараах үе шатуудтай байна. Үүнд:
а. Хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл ( улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд)
б. Хэд хэдэн аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан үндсэн бүс нутгийн хөгжлийн төсөл
в. Аймгийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл
г. Нийслэлийн нутаг дэвсгэр (Улаанбаатар муж )-ийн хөгжлийн төсөл
д. Хот орчмын бүс ( дагуул хотуудын тогтолцоо )-ийн хөгжлийн төсөл
е. Сум дундын нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл
3.2. Нутаг дэвсгэрийн хөгжлийн тусгайлсан төслүүд нь дараах үндсэн чиглэлүүдтэй байна.Үүнд:
а. Дэд бүтэц ( зам тээвэр, эрчим хүч, холбоо мэдээлэл )-ийн ерөнхий төслүүд
б. Аялал жуулчлал хөгжүүлэх төсөл
в. Байгаль орчныг хамгаалах төсөл
г. Салбарын хөгжил (хөдөө аж ахуй, хүнсний хангамж, үндэсний аж үйлдвэр, барилга, барилгын материал)-ийн төсөл
д. Эдийн засгийн чөлөөт бүсийн төсөл
е Бусад чиглэлийн төсөл
3.3. Нийт нутаг дэвсгэрийн хөгжлийн үндсэн төслүүдийн төлөвлөлтийн хугацааг 20 жил, эхний ээлжийн төлөвлөлтийн хугацааг 5-10 жилээр төлөвлөнө.
3.4. Нутаг дэвсгэрийн тусгайлсан төслийн тухайд хэрэгжүүлэх хугацаа, хөрөнгө санхүүжилтийн эх үүсвэртэй холбоотойгоор төлөвлөлтийн хугацааг аль болох богино хугацаанд үр дүнд хүрэх бодит боломжийг харгалзан тогтооно.
3.5. Нутаг дэвсгэрийн хөгжлийн болон тусгайлсан чиглэлийн төсөл нь зураглалын болон бичиглэлийн баримт бичгээс бүрдэнэ.
3.6. Зураглалын баримт бичиг нь:
а) Нутаг дэвсгэрийн одоогийн байдал
б) Иж бүрэн үнэлгээ
в) Хөгжлийн хэтийн төлөв гэсэн үндсэн зургуудаас гадна судалгаа, иж бүрэн үнэлгээний шатанд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, газрын харилцаа , байгаль, цаг уурын нөхцөл, хот суурингийн байршил, үүргийн, ялгаа, хот байгуулалтын үнэлгээ ( барилгын уур амьсгалын мужлал, газар хөдлөлт, мөнх цэвдэг, усан хангамж, дэд бүтцийн сүлжээ, эрдэс түүхий эдийн байршил нөөц) хүн амын нутагшилт, суурьшлын тогтолцоо, амралт сувилал, аялал жуулчлал байгаль орчны хамгаалал, түүх соёлын дурсгал зэрэг хавсарга тодотгол зургуудыг тухайн төслөөр шийдвэрлэх асуудлын хүрээ, шаардлагыг харгалзан үнэлгээ дүгнэлт өгөх, харьцуулалт дүн шинжилгээ хийх, хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлох үндэслэлийг тодруулах зорилгоор гүйцэтгэнэ.
Зураглалын баримт бичгийг хувилбараар боловсруулж болно.
3.7. Бичиглэлийн баримт бичиг нь:
Суурь судалгаа, үнэлгээ дүгнэлт, харьцуулалт, тооцоо, үндсэн шийдлийг хамарсан тайлбар бичиг, товч тайлбар бичгээс бүрдэнэ. Тайлбар бичигт төсөл боловсруулах үндэслэл, зургийн даалгавар, зохиогчийн бүрэлдэхүүн, төсөлд оролцсон эрдэм шинжилгээ, зураг төсөл, холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалт, шүүмж дүгнэлт, санал, баталгаажуулсан баримт бичгийг хавсаргана. Товч тайлбар бичгийг төсөл батлагдах шатанд санал авах, шүүмж дүгнэлт гаргуулах зорилгоор холбогдох үндсэн зураглалын хавсралттайгаар гүйцэтгэнэ.
3.8. График зураглалын өнгөт эх хувийг захиалагч байгууллагад хоёр хувь тайлбар бичгийн хамт шилжүүлнэ. Тайлбар бичгийг 4 хувь үйлдэж нэг хувийг тогтоосон журмын дагуу зураг төслийн архивт шилжүүлж нэг хувь нь гүйцэтгэгч байгууллагын архивт үлдэнэ.
Дөрөв. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төслөөр шийдвэрлэх үндсэн асуудлууд
4.1. Нутаг дэвсгэрийн хөгжлийн бүх үе шатны төсөл:
• Одоогийн байдлын судалгаа дүгнэлт
• Нутаг дэвсгэрийн иж бүрэн үнэлгээ
• Төслийн үндсэн шийдэл
• Хэрэгжүүлэх арга хэмжээ гэсэн үндсэн бүтэцтэй байна.
4.2.Байгалийн нөхцөл нөөцийн судалгааг нутаг дэвсгэрийн хэмжээ байгалийн бүс бүслүүр, био уур амьсгал, геоморфлогийн нөхцөл, геологийн тогтоц, хөрс, ургамлын бүрхэвч ан амьтан, уур амьсгал, хур тунадас, нар салхины нөлөөлөл, нөөц, ус, нуур, гол мөрний нөөц, эрдсийн түүхий эдийн нөөц зэрэг сэргээгдэх болон үл сэргээгдэх нөөц гэсэн чиглэлүүдээр нарийвчлан гаргана.
4.3. Аялал жуулчлал, амралт сувилал хөгжүүлэх нөөцөд байгалийн үзэсгэлэн газрууд, түүх соёлын дурсгалт газрууд, рашаан ус, эмчилгээний шавар болон бусад нөөц ан амьтан, ургамал, байгалийн сонин үзэгдэл, тусгай хамгаалалттай газрууд, нуур цөөрөм, гол горхи, хүрхрээ говийн элсэн манхан, баян бүрд зэрэг өвөрмөц тогтоц бүхий газар нутаг хамаарна. Амралт сувилал, аялал жуулчлалын нөөцийн үнэлгээний үр дүн нь тухайн нутаг дэвсгэрийн түвшинд үүргийн чиглэлийг нийтийн амралт, сувилал, аялал жуулчлал хөгжүүлэхэд тохиромжтой, аялал жуулчлал хөгжүүлэхэд хязгаарлагдмал тохиромжтой, уулын спорт, байгалийн аяллын, орон нутгийн амралт, аялал жуулчлалын, аялал жуулчлал амралтад тохиромжгүй зэрэг ангиллаар зэрэглэл тогтооход оршино.
4.4.Хөдөө аж ахуйн судалгаа, үнэлгээнд газар эдэлбэрийн байдал, газрын баланс, хөдөө аж ахуйн эдэлбэр газрын ангилал хуваарилалт (бэлчээрийн, тариалангийн,хадлангийн г.м ), бэлчээрийн ачаалал, даац, тэжээлийн нөөц, малын тоо толгой төрөл бүрээр гаргана.
4.5. Хот байгуулалтын үнэлгээг хот, суурин тус бүрээр дараах үзүүлэлтүүдээр гаргана. Үүнд:
• -Далайн түвшнээс дээш өргөгдсөн байдал
• -Барилгын уур амьсгалын аль бүсэд хамаарах
• -Эдэлбэр газрын гадаргуугийн налуугийн процент
• -Yep, yc, салхи шуурга, элсний нөлөөнд автагдах байдал
• -Хөрсний усны түвшин
• -Ул хөрсний төрөл
• -Олон жилийн цэвдэг хөрсний тархалт
• -Газар чичирхийллийн балл ( бичил мужлалаар )
• -Усан хангамжийн эх үүсвэр
• -Тухайн газар орны онцлогоос хамаарах бусад нөлөөлөл:
4.6. Хот байгуулалтын судалгааны үр дүн нь хот, суурин тус бүрээр тохиромжтой, хязгаарлагдмал тохиромжтой, тохиромжгүй гэсэн үнэлгээгээр тодорхойлогдоно.
4.7. Дээрх судалгаа, дүгнэлт, үнэлгээнд тулгуурлан байгалийн нөхцөл нөөц болон хүний үйл ажиллагаанаас хамаарах хүчин зүйлүүдийн нийлбэр утгаар нутаг дэвсгэрийн иж бүрэн үнэлгээ тодорхойлогдоно.
Нутаг дэвсгэрийн иж бүрэн үнэлгээнд хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хот байгуулалт, хүн амын төвлөрлөөс үүдэн гарах сөрөг нөлөөлөл ( хөрс, ус, агаарын бохирдол, цөлжилт, хөрсний эвдрэл, бэлчээрийн дутагдал )-ийн талаар чиглэл тус бүрээр тодорхой дүгнэлт, үнэлгээ өгнө.
4.8. Одоогийн байдлын судалгаа дүгнэлт, нутаг дэвсгэрийн иж бүрэн үнэлгээний шатанд төсөлд хамрагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалт, хот суурингийн байршил, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, дэд бүтцийн сүлжээ, хүн амын хөдөлмөрийн нөөц, ажил эрхлэлт, ядуурлын түвшин, хөдөө аж ахуй, хүнсний хангамж, аж үйлдвэр, барилга, нийгмийн дэд бүтэц (орон сууц, соёл ахуйн үйлчилгээ, сургууль, эмнэлэг)-ийн талаар статистик мэдээ болон орон нутагт явуулсан нарийвчилсан судалгаанд тулгуурлан хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлно.
4.9. Одоогийн байдлын судалгаа, дүгнэлт, иж бүрэн үнэлгээний үр дүн нь төсөлд хамрагдах нутаг дэвсгэрийн хэмжээнд нөлөөлөх гол хүчин зүйл, үнэмлэхүй давуу буюу харьцангуй давуу талууд түүнчлэн сөрөг нөлөөллүүдийг үндэслэлтэй тогтооход оршино
4.10. Тухайн нутаг дэвсгэрийн нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх хүчин зүйлүүдийн харилцан шүтэлцээг харгалзан нөхцөл нөөцдөө түшиглэн харьцангуй бие дааж хөгжих, бүс нутгийн хөгжлийн ялгааг жигдрүүлэх замаар алс хэтийн хараатай, нийгмийн баримжаатай, тогтвортой хөгжлийн үндэслэлийг тодорхойлоход төслийн үндсэн шийдэл чиглэгдэнэ.
4.11. Төслийн үндсэн шийдлийг гаргахдаа хүн амын нутагшилт, суурьшлын түүхэн уламжлал, үндэсний онцлог, хүн ам, газар нутаг, байгаль уур амьсгалын өвөрмөц байдал, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт, хот, суурингийн хөгжлийн хурдац, төвлөрөл, шилжих хөдөлгөөн, нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийн үеийн сэтгэхүй, шинэлэг шаардлага, ахуйн соёлын түвшин, орчин цагийн шинжлэх ухаан техникийн ололт зэрэг олон талт асуудлыг харьцуулан дүгнэлт хийх шаардлагатай.
4.12. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд болон хэсэгчилсэн байдлаар түүнчлэн хот, суурингийн хөгжлийн чиглэлээр урьд өмнө хийгдсэн зураг төсөл, хайгуул судалгаа, тусгайлсан төслүүдийн хэрэгжилт, харилцан уялдаанд дүгнэлт өгч, зарим суурь судалгааны материалыг аль болохоор ашиглах нь хугацаа, өртөг зардлыг хэмнэх төдийгүй судалгааны үндэслэл, бүрдэл талаасаа илүү үр дүнтэй байж болох боломжийг харгалзах нь зүйтэй.
4.13. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд хийсэн судалгаа, дүгнэлт, иж бүрэн үнэлгээ, давуу болон сөрөг талуудын харьцуулалт, харгалзах нөлөөллүүдэд тулгуурлан хөгжлийн тэргүүлэх болон хавсраг чиглэлүүдийг тодорхойлно.
4.14. Төслийн үндсэн шийдэлд нутаг дэвсгэрийн нөхцөл нөөцөө аль болох бүрэн илүү үр дүнтэй ашиглах замаар хүрээлэн буй байгаль орчинтойгоо харилцан уялдаатай, хүн амын нутагшилт, нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын боловсронгуй тогтолцоог бүрдүүлэх чиглэлийг баримтална.
Харьцангуй өргөн уудам нутагтай, хүн ам цөөн, хот, суурингийн байршил нь хоорондоо алслагдсан монгол орны нөхцөлд улсын болон тухайн бүс нутгийн нийгэм эдийн засгийн хөгжлийг тэтгэх дэд бүтэц (зам тээвэр, эрчим хүч, холбоо мэдээлэл)-ийн үндсэн сүлжээг бүрдүүлэх нь нутаг дэвсгэрийн хөгжлийн шийдлийн гол гогцоо асуудал мөн.
4.15. Улсын болон бүсийн чанартай дэд бүтцийн сүлжээг бүрдүүлэх зарчим нь одоо байгаа болон цаашдаа бий болох магадлалтай зам тээвэр, эрчим хүч, холбоо мэдээллийн сүлжээнд түшиглэн бүс нутгийн төвшинд хөрш зэргэлдээ орнуудтай зах зээлийн нэгдсэн гарцтай байх, үйлчилгээний хувьд аль болох хүртээмж, үр ашигтай зохистой хүрээг хамарсан байх чиглэлийг баримтална.
4.16. Нутаг дэвсгэрийг бүсчлэн хөгжүүлэх зарчим нь дэд бүтцийн үндсэн болон орон нутгийн сүлжээний үйлчилгээний зохистой хүрээ ( аль болох ойроос түргэн шуурхай бүх төрлийн үйлчилгээ авах, хөрөнгө зардал, цаг хэмнэх боломж )-нд нөхцөл нөөцөө бүрэн дүүрэн илүү үр дүнтэй ашиглах, харилцан бие биенээ тэтгэх замаар харьцангуй бие дааж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, улмаар тодорхой орон зайд орчиндоо зохицсон тогтвортой хөгжлийг хангахад оршино.
4.17. Монгол орныг бүсчлэн хөгжүүлэх үйл ажиллагаа нь үндэсний түвшинд Хүн амын нутагшилт суурьшлын ерөнхий төслөөр хэд хэдэн аймгийг хамарсан үндсэн бүсүүд болон бүсийн хөгжлийн тулгуур төвүүдийг тогтоох, үндсэн бүсүүдийн түвшинд сум дундын бүсчлэл, тэдгээрийн төвийг тогтоох замаар тодорхой үе шатаар хэрэгжинэ.
4.18. Үндсэн бүсүүдийн хөгжлийн тулгуур төвийг улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тэтгэх дэд бүтцийн гол ( хэвтээ ) тэнхлэг, бүсүүдийн хөгжлийг тэтгэх дэд бүтцийн босоо тэнхлэгийн огтлолцолд харилцан шүтэлцээтэйгээр авч үзсэн нь бүсчлэлийн талаарх орчин цагийн онолын хандлага, тэдгээр хотуудын түүхэн хөгжлийн явцад гүйцэтгэж ирсэн үүрэг, нийгмийн шинэчлэлтийн шинэлэг нөхцөлд гүйцэтгэх үүр| ийн хувьд нийцэж байгаагаараа нилээд оновчтой шийдэл юм. Бүсүүдийн тулгуур хотуудыг түлхүү хөгжүүлж, тэнд шинжлэх ухаан боловсролын салбарууд, эрүүл мэндийн томоохон төвүүдийг байгуулснаар нийслэл хотын хэт төвлөрөл, их нүүдлийн эрч саарч бүсүүдийн тэнцвэртэй хөгжлийг хангах нөхцөл бүрдэнэ.
4.19. Тухайн бүс нутгийн хөгжилд хот, суурингийн тэргүүлэх болон гүйцэтгэх үүргийг тодорхойлж бүсийн дэд төвүүд, бичил бүсийн төвүүд, шинээр бий болох хот сууринг тогтоож, тэдгээрийн зэрэглэл, ангилал харилцан уялдаа хөгжлийн хандлагыг төслийн үндсэн шийдэлд нарийвчлан тусгана.
4.20. Нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд үндсэн бүсүүд болон бичил бүсийн тогтолцоог бүрдүүлэхдээ засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийг боловсронгуй болгох, нийгмийн шинэчлэлт өөрчлөлтийн шинэлэг шаардлагын дагуу нийгэм эдийн засгийн хөгжилд нөлөөлөх нөхцөл нөөцийн хувьд ижил төстэй нөхцөлийг бүрдүүлэх, засаг захиргааны харилцан уялдаа султай, хэт жижгэрсэн, үүрэг функц нь давхардсан зохион байгуулалтаас эдийн засгийн харилцааны нийтлэг шаардлагыг хангахуйц тийм эрүүл орон зайг бүрдүүлэх чиглэлийг баримтална.
4.21. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох чиглэлийг тодорхойлохдоо засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь өөрчлөгдөж ирсэн түүхэн үйл явц, уламжлалт нүүдлийн болон суурьшмал амьдралын хэв шинж, тэдгээрийн харилцан уялдаа, хотжих үйл явцын хурдац, хөгжлийн хандлага, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, хөрш зэргэлдээ орнуудын хамтын ажиллагаа болон олон улсын түвшинд глобалчлал, интеграцчлалын чиглэлээр гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг гадаад, дотоод хүчин зүйлүүдийг харгалзан үзнэ.
4.22. Төслийн үндсэн шийдлийн хүрээнд тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хөгжлийг тэтгэх дэд бүтцийн сүлжээг бүрдүүлэх, бүсийн хөгжлийн тулгуур төвийг түлхүү хөгжүүлэх, бүсийн дэд төв, бичил бүсийн төвүүдийн хөгжил, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх талаар эхний ээлжид хэрэгжүүлэх арга хэмжээ, дарааллыг тогтоож, хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулна.
Тав .Төслийн үндсэн шийдлийн бүлгүүдийн бүтэц
5.1. Төслийн хамрах нутаг дэвсгэрийн хэмжээнд одоогийн байдлын судалгаа, дүгнэлт, нутаг дэвсгэрийн үнэлгээнээс гадна төслийн шийдлийн хүрээнд хүн ам, хөдөлмөрийн нөөц, улс ардын аж ахуйн салбарууд, нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалт, хүн амын нутагшилт, хот байгуулалтын, инженерийн дэд бүтэц, амралт сувилал, аялал жуулчлал, хүрээлэн буй орчин, түүх соёлын дурсгалын талаар бүлэглэж хэтийн хөгжлийн төлвийг нарийвчлан тодорхойлно.
5.2. Хүн ам, хөдөлмөрийн нөөцийн судалгааг нийт хүн ам, хот хөдөөгийн хүн ам, шилжих хөдөлгөөн, нас, хүйсний ялгавар, хөдөлмөрийн нас, тэтгэврийн нас, өрхийн тоо, ажил эрхлэлт, ядуурлын түвшин зэрэг нарийвчилсан үзүүлэлтээр сүүлийн 3 жилийн байдлаар гаргаж дүн шинжилгээ хийж, хэтийн төлвийг эхний ээлж, төлөвлөлтийн хугацаагаар ангилан тодорхойлно.
5.3. Аж үйлдвэрийн салбарт, уул уурхай, эрчим хүч, өнгөт металл, хөнгөн хүнс, хими, барилга, ой мод зэрэг ангиллаар тэдгээрийн байршил, нөөц, тухайн нутаг дэвсгэрийн хөгжилд эзлэх байр суурь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалт.зах зээлийн баталгаажилт зэрэг үзүүлэлтээр судалгаа явуулж, хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлно.
5.4. Хүн амын өсөн нэмэгдэж байгаа зах зээлийн хэрэгцээг хангах зорилгоор оюуны багтаамж сайтай, боловсронгуй технологитой, экспортын чиглэлтэй жижиг дунд үйлдвэрүүдийг орон нутгийн нөөц бололцоонд түшиглэн өмчийн олон хэлбэрээр байгуулах, ялангуяа мал аж ахуйн гаралтай түүхийн эдийн анхан шатны боловсруулалтыг хамгийн ойр цэгт эхлэн хийж улмаар дэлхийн зах зээлд өрсөлдхүйц хэмжээний эцсийн бүтээгдэхүүн гаргах талаар энэ бүлэгт тодорхой тусгах шаардлагатай.
5.5. Хөдөө аж ахуй, хүнсний хангамжийн бүлэгт хөдөө аж ахуйн эдэлбэр газрын бүтцийг боловсронгуй болгох, үр өгөөжийг дээшлүүлэх, малын тоо толгойн өсөлтийг бэлчээрийн, даацад түшиглэн тогтоох, ашиг шимийг нэмэгдүүлэх замаар хүн амын хүнсний хангамжийг сайжруулах арга хэмжээг гурил, мах сүү, ногоо бусад чиглэлүүдээр нарийвчлан гаргаж, хэрэгжүүлэх арга зам, удирдлага менежментийн чиглэлийг тусгана.
5.6. Нийгмийн дэд бүтцийн бүлэгт соёл боловсрол, эрүүл мэнд, биеийн тамир, спорт, худалдаа нийтийн хоол, орон сууц, ахуйн үйлчилгээний хүрэлцээ хангамж, түвшний судалгаанд түшиглэн төлөвлөлтийн болон эхний ээлжийн хугацаанд шаардах хүчин чадал, байршлыг тогтоож, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлно.
5.7. Нутаг дэвсгэрийн бүтэц, зохион байгуулалтын бүлэгт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтэц бүрэлдэн тогтсон түүхэн үйл явц, нийгэм эдийн засгийн хөгжлийн түвшин, улс ард аж ахуйн салбаруудын харилцан уялдаа, тухайн нутаг дэвсгэр нь улсын хэмжээнд болон хөрш зэргэлдээ бүс нутгийн хөгжлийн уялдаа холбоо зэрэг судалгаа, үнэлэлт, дүгнэлтэд түшиглэн хөгжлийн хэтийн төлвийг чиглэл тус бүрээр тодотгосны үндсэн дээр хөгжлийн тэргүүлэх болон хавсарга чиглэлүүдийг тодорхойлж нутаг дэвсгэрийн хөгжлийн иж бүрэн арга хэмжээг төлөвлөнө.
5.8. Хүн амын нутагшилт, суурьшлын, хот байгуулалтын бүлэгт тухайн үйл явц төлөвшин тогтсон түүхэн үйл явц нөлөөлсөн гол хүчин зүйлүүд өнөөгийн хөгжлийн төвшин, эерэг болон сөрөг талууд, тулгамдсан зорилтуудад түшиглэн хүн амын нутагшилт хот байгуулалтын оновчтой тогтолцоог бүрдүүлэх цогцолбор арга хэмжээг төлөвлөнө. Одоо байгаа болон шинээр бий болох хотуудын хүн ам гүйцэтгэх үүрэг, зэрэглэл ангилал, нягтрал, хэтийн төлвийг тодорхойлж, бүлэг суурингийн тогтолцоо, тэдгээрийн харилцан уялдааны талаар тодорхойлолт өгнө
Хот хөдөөгийн хүн ам, хотжих хандлага, хотын бөөгнөрөл, хотжих үйл явцаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг хязгаарлах, тогтвортой хөгжлийг хангах талаар тодорхой чиглэлүүдийг тусгана.
5.9. Инженерийн дэд бүтцийн бүлэгт зам тээвэр, эрчим хүч, холбоо мэдээллийн сүлжээний түүхэн хөгжил, бүрэлдэн тогтсон үйл явц, одоогийн байдал, тулгамдсан зорилтуудад дүн шинжилгээ хийж хэтийн хөгжлийн төлвийг чиглэл тус бүрээр эх үүсвэр, хүчин чадал, сүлжээний тогтолцоогоор тодорхойлж хэрэгжүүлэх арга зам, хугацаа, хөрөнгө оруулалтын эхний ээлжийн хөтөлбөрийг боловсруулна.
Энэ бүлэгт тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний болон хот, суурингийн усны нөөц, усан хангамжийн талаар дэд бүлэг болгон нөөц ашиглалтын байдал, эх үүсвэр, хүчин чадал, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харьцуулсан хувилбар, тооцоо судалгаа, дүгнэлт гаргана. Түүнчлэн шинээр бий болох хот суурин томоохон барилга байгууламж, тухайлбал дулааны болон усан цахилгаан станц, авто болон төмөр зам, гүүр, далан суваг, олон улсын хэмжээний онгоцны буудал зэргийг барьж байгуулахад шаардагдах инженерийн бэлтгэл арга хэмжээг энэ бүлэгт тусгана.
5.10. Амралт сувилал, аялал жуулчлалын бүлэгт улсын хэмжээний болон бүс нутаг, орон нутгийн чиглэлээр ашиглагдаж байгаа амралт, рашаан сувиллын болон аялал жуулчлалын газрууд тэдгээрийн байршил, хүчин чадал, шинээр ашиглах нөхцөл, нөөцөд тулгуурлан дэд бүтцийн сүлжээ, олон улс, бүс нутгийн чанартай онгоцны буудал, аялал жуулчлалын маршруттай харилцан уялдаатайгаар хэтийн хөгжлийн төлвийг чиглэл тус бүрээр тодорхойлно.
Улс орны болон бүс нутаг, орон нутгийн түвшинд тухайн нутаг дэвсгэрийн нийгэм эдийн засгийн хөгжилд ихээхэн түлхэц болохуйц аялал жуулчлал хөгжүүлэх нөөц байгааг үр дүнтэй хэрэгжүүлэх үндэслэл, арга замыг тодорхойлоход энэ бүлгийн зорилт оршино.
5.11. Хүрээлэн буй байгаль орчин, түүх соёлын дурсгалын бүлэгт байгаль орчны тэнцвэрт байдал, сөрөг нөлөөллийн талаарх одоогийн байдлын тодорхойлолт, хөрс, ус, агаарын бохирдолтын түвшин хот, суурин газрууд болон байгалийн эрдэс баялгийг олборлох, боловсруулах чиглэлээр ашиглахад хүний үйл ажиллагаагаар бий болж байгаа сөрөг үр дагаврууд одоо байгаа болон шинээр бий болох тусгай хамгаалалттай газрууд, тэдгээрийг ашиглах, хамгаалах арга зам, цөлжилт, хөрсний элэгдэл, хүлэмжийн хий, элсний нүүлт зэргээс хамгаалах чиглэлүүдийг нутаг дэвсгэрийн хөгжлийн олон талт асуудлуудтай харилцан уялдаатайгаар авч үзэж хэтийн хөгжлийн төлвийг тодорхойлно.
5.12. Түүх соёлын дурсгалын хэсэгт улс, аймаг орон нутгийн хамгаалалтад байгаа түүх соёлын дурсгалын байршил, төлөв байдлыг нутаг дэвсгэрийн харьяаллаар нь төрөл, чиглэлээр нь ангилан тодруулж шинээр хамгаалалтад авах, хамгаалалтын бүс тогтоох, сэргээн засварлах, олон түмэнд танилцуулах, түүнчлэн үндэсний өв уламжлалыг сэргээх зориулалтаар ашиглах чиглэлүүдийг тодорхойлно.
5.13. Төслийн үндсэн шийдлийг хэрэгжүүлэх арга хэмжээний бүлэгт үндсэн шийдлийн гол гол зорилтууд тэдгээрийг хэрэгжүүлэх арга замыг эхний ээлж болон төлөвлөлтийн хугацаагаар ялган тодорхойлж, эхний ээлжид хэрэгжүүлэх арга хэмжээний хөрөнгө оруулалтын хөтөлбөр боловсруулж, төлөвлөлтийн эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг (маягтын дагуу) гаргаж хавсаргана.
Зургаа. Төслийн хэрэгжилт
6.1. Төслийн үндсэн шийдлийг бүс нутгийг хөгжүүлэх бодлогын үндэс болгон аймгуудын Засаг даргын мөрийн хөтөлбөр, аймаг хөгжүүлэх төсөл төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх
6.2. Бүсийн нийгэм, эдийн засгийн хөгжилд тэргүүлэх үүрэгтэй зам тээвэр, эрчим хүч, холбоо мэдээллийн сүлжээг хөрөнгө оруулалтын хөтөлбөр, бусад хөтөлбөр төслүүдтэй харилцан уялдаатайгаар эхний ээлжид хэрэгжүүлэх, гадаад зээл тусламжийг дэд бүтцэд чиглүүлэх арга хэмжээ авах.
6.3. Төслийн хүрээнд хамрагдах бүс нутгийн төв, орон нутгийн бүлэг суурингуудын тулгуур төвүүдийг хөгжүүлэх нийгмийн баталгааг хангах (шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх):
6.4. Бүс нутагт харъяалагдаж буй аймаг, сумуудын хэмжээнд үйлдвэрлэлийг дагнах, хослуулах нөөц бололцоогоо харилцан уялдаатай илүү үр дүнтэй ашиглах, хамтран ажиллах амьжиргаа бизнесийн таатай орчин бүрдүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авах:
6.5. Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, газар тариалан, туслах аж ахуйн үр өгөөжийг дээшлүүлэх, өндөр бүтээмжтэй шинэ технологи нэвтрүүлэх:
6.6. Байгалийн баялаг, эрдэс түүхийн эдийн нөөцийн ашиглалтыг сайжруулах, байгаль орчныг хамгаалах арга хэмжээг бодлого чиглэлтэйгээр дэс дараатай хэрэгжүүлэх:
6.7. Тухайн бүс нутгийн онцлогт тохирсон тэргүүлэх чиглэлүүдийг хөгжүүлэх замаар ажлын байр нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах ажлыг эрчимжүүлэх:
6.8. Орон нутгийн нөхцөл, нөөц, онцлогт тохирсон аялал жуулчлалыг хөгжүүлэх:
6.9. Тухайн бүс нутгийн хөгжлийн үндсэн шийдэлд тусгагдсан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцийг боловсронгуй болгох арга хэмжээг өргөн сурталчилж орон нутгийн санаачилга, дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх.
6.10. Орон нутагт сэргээгдэх эрчим хүчний нөөцөд түшиглэсэн бага оврын төхөөрөмж, биотехнологийг нэвтрүүлэх замаар үндэсний жижиг үйлдвэрлэлийг дэмжих.
Бүс нутгийн хөгжлийн төслийн Техник-эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
Д/д Үзүүлэлтүүд Хэмжих нэгж Одоогийн байдал Эхний ээлж Төлөвлөлтийн хугацаа
A 1 2 3 4
1 Нутаг дэвсгэр мян.км2
а) Хөдөө аж ахуйн газар. Үүнээс га
• Тариалангийн талбай
• Хадлан
• Бэлчээр
б) Хот тосгон бусад суурингийн газар га
в) Зам шугам сүлжээний газар га
г) Ойн сан бүхий газар га
д) Усан сан бүхий газар га
е) Нөөц газар га
2 Хүн ам бүгд мян.хүн
• Хотын хүн ам мян.хүн
• Нийт хүн амд эрхлэх хувь %
• Сумын төв, суурингийн хүн ам мян.хүн
• Нийт хүн амд эзлэх хувь %
• Хөдөөгийн хүн ам мян.хүн
• Нийт хүн амд эзлэх хувь %
3 Өрхийн тоо бүгд тoo
үүнээс: Хотод тoo
• Сумын төв, бусад сууринд тoo
• Хөдөөд тoo
4 Хүн амын насны ангилал
• Сургуулийн өмнөх насны хүүхэд хүн
• Сургуулийн насны хүүхэд хүн
• Хөдөлмөрийн насны хүн ам хүн
• Тэтгэврийн насны хүн ам хүн
5 Орон сууцны хангамж
а). Орон сууц айл
• Нийт талбай м2
• Амьдарч буй хүний тоо хүн
• Хүн амд эзлэх хувь %
• Амьдарч буй өрхийн тоо тoo
• Нэг оршин суугчид ноогдох талбай м2
б) Хувийн сууц тоо
• Нийт талбай м2
• Амьдарч буй хүний тоо хүн
• Хүн амд эзлэх хувь %
• Амьдарч буй өрхийн тоо тoo
• Нэг оршин суугчид ноогдох талбай м2
в) Гэр
• Гэрийн тоо тoo
• Гэрт амьдарч буй хүний тоо хүн
• Хүн амд эзлэх хувь %
• Гэрт амьдарч буй өрхийн тоо тoo
г). Гэр орон сууцгүй хүний тоо өрх/хүн
6 Нийт төв суурин газрын тоо
үүнээс: - Хот тoo
• Хөдөөгийн суурин тoo
• Хот маягийн суурин тoo
• Шинээр үүсэх хот суурин тoo
7 Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн сая.төг
8 ХАА-н нийт бүтээгдэхүүн сая.төг
9 Нийт малын тоо мян.тол
10 Нийт малын тоог хонин толгойд шилжүүлснээр мян.тол
11 Бэлчээрийн багтаамж (хонин толгойд шилжүүлснээр) га/мян.тоо
12 Зам тээвэр
а)Авто замын урт км
үүнээс: - Улсын чанартай зам км
• Бүсийн чанартай зам км
• Хатуу хучилттай зам км
б). Төмөр замын урт км
в) Усан замын урт км
г) Гүүрний тоо тoo
үүнээс: -Төмөр бетон тoo
• Модон тoo
13 Цах, эрчим хүчний хангамж
Эрчим хүчний хэрэглээ мян.квт/ц
Цах. дамжуулах шугамын урт км
үүнээс: 6 кв км
35 кв км
110 кв км
220кв км
14 Усан хангамж
Усны хэрэглээ мян.м3/хон
Усны нөөц
үүнээс: гадаргуугийн мян.м3
Гүний мян.м3
15 Дулааны хангамж
Нийт хэрэглээ мян.Гкл
16 Холбоо
АТС-ын багтаамж
1000 хүнд ноогдох холбооны
Цэгийн тоо тоо
17 Бүс нутгийн чанартай объектууд:
а) Шинжлэх ухааны байгууллага Объект/тоо
Их дээд сургууль Тоо/оюутан
Эмнэлэг Too / op
б) Томоохон үйлдвэрийн газрууд
18 Байгаль орчныг хамгаалах арга хэмжээ
а) Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэр Too / га
-Дархан цаазат газар Too / га
-Байгалийн цогцолборт газар Too / га
-Байгалийн дурсгалт газар Too / га
б) Хамгаалалтад авсан түүх соёлын дурсгалт зүйлс TOO
19 Амралт сувиллын газар, аялал жуулчлалын бааз
-Амралтын газар Too / op
-Рашаан сувилал Too / op
-Хүүхдийн сувилал Too / op
-Жуулчдын байр Too / op
20 Хөрөнгө оруулалт ( Бүсийн чанартай томоохон объектуудаар) Сая / төг
Текст томруулах
A
A
A