- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХАЙГУУЛЫН ЗУРАГЛАЛ, ИНЖЕНЕРИЙН ТООЦООНЫ БОЛОН ТӨСВИЙН ПРОГРАМ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
БАРИЛГЫН ЗУРАГ ТӨСӨЛ, ХАЙГУУЛЫН ЗУРАГЛАЛ, ИНЖЕНЕРИЙН ТООЦООНЫ БОЛОН ТӨСВИЙН ПРОГРАМ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын хэмжээнд барилгын зураг төсөл, хайгуулын ажилд хэрэглэх зураглал, инженерийн тооцооны болон төсвийн програм /цаашид "програм" гэнэ/-ыг магадлан шалгаж тэдгээрийг хэрэглэхэд энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Програм зохиогч болон хэрэглэгч талуудын эрх ашгийг хамгаалах, барилгын зураг төсөл, хайгуулын ажлын чанар, найдвартай байдал, техникийн түвшинг дээшлүүлэх замаар барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг бүрдүүлж, иргэдийн аюулгүй ажиллаж амьдрах орчинг бүрдүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.3. Програмыг магадлан шалгаж зөвшөөрөл олгох болон түүнтэй холбогдсон аливаа асуудлыг Барилга, архитектурын газрын дэргэдэх Барилгын салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөл /цаашид "Зөвлөл" гэнэ/ шийдвэрлэнэ.
1.4. Энэхүү журамд барилгын зураг төсөл, хайгуулын ажилд хэрэглэх дотоод, гадаадын бүх төрлийн зураглалын, инженерийн болон төсвийн тооцооны програмууд хамрагдах бөгөөд бусад ерөнхий болон бичиг хэргийн зориулалттай програмууд хамрагдахгүй болно.
1.5. Хэрэглэх зөвшөөрөл бүхий програмд нэмэлт, өөрчлөлт хийж үргэлжлүүлэн хэрэглэхэд энэхүү журмыг нэгэн адил мөрдөнө.
Хоёр. Програмд тавигдах шаардлага
2.1. Барилгын зураг төсөл, хайгуулын ажилд хэрэглэх програм нь дор дурдсан шаардлагуудыг хангасан байна. Үүнд:
• Програм зохиогч болон итгэмжлэгдсэн худалдагчаас авсан албан ёсны баримт бичигтэй байх;
• Програм нь барилгын үндэсний норм ба дүрэм, улсын стандарт, барилгын төсөв, үнэ бүрдэлтийн арга зүйтэй нийцсэн байх бөгөөд олон улсын, эсвэл өндөр хөгжсөн орны барилгын зураг төсөл, хайгуулын ажлын норм, код, стандартын дагуу зохиогдсон бол түүнийг үндэсний норм, стандартад зохицуулах, эсвэл шууд хэрэглэх аргыг боловсруулсан байх;
• Програмыг туршиж хэрэглэсэн үр дүн, дүгнэлттэй байх;
• Програмд хэрэглэсэн арга, тооцооны ерөнхий алгоритм нь тодорхой байх;
• Програмд өгөгдөл бэлтгэх, түүнийг ажиллуулах, үр дүнг хэрхэн хэрэглэх заавартай байх.
2.2. Програм нь уг төрлийн бүтээгдэхүүнд тавигддаг нийтлэг шаардлага, зарчмуудыг хангасан байна.
2.3. Програмд хэрэглэсэн норм дүрэм, стандарт, бусад суурь баримт бичиг, нормативт нэмэлт, өөрчлөлт орох, эсвэл хүчингүй болсон тохиолдолд уг програм хүчингүйд тооцогдоно.
Гурав. Зөвшөөрөл авах хүсэлт тавих
3.1. Програм хэрэглэх зөвшөөрөл хүсэгч нь барилгын зураг төсөл, хайгуулын ажлын тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд байна.
3.2. Зөвшөөрөл хүсэгч тал нь дараах материалуудыг бүрдүүлж Барилга, архитектурын газарт ирүүлнэ. Үүнд:
• Албан ёсны өргөдөл;
• Програмыг зохиогчийн итгэмжлэгдсэн худалдагчаас авсан баримт, зохиогчийн эрх, хэрэглэх лиценз, эсвэл эдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар;
• Уг програмыг туршилтын журмаар хэрэглэсэн үр дүн, түүнд гадаад, дотоодын зарим итгэмжлэгдсэн зөвлөл, байгууллага, экспертийн өгсөн үнэлэлт, дүгнэлт;
• Програмын тухай танилцуулга;
• Хүсэгч өөрөө хүсвэл програмын хувь байж болно.
•
Дөрөв. Програм хэрэглэх зөвшөөрөл олгох
4.1. Барилгын салбарын шинжлэх ухаан, техник, эдийн засгийн зөвлөл нь зөвшөөрөл хүсэгчээс ирүүлсэн материалыг үндэслэн тухайн програмыг магадлан шалгах мэргэжлийн комиссыг томилон ажиллуулна.
4.2. Мэргэжлийн комисс магадлан шалгах ажиллагаандаа тухайн програмд тохирох шалгалтын тест хэрэглэнэ.
4.3. Зөвшөөрөл хүсэгч нь мэргэжлийн комисст уг програмыг ажиллуулж үзүүлэх бөгөөд програмтай холбогдолтой нэмж тодруулах шаардлагатай мэдээллээр хангана.
4.4. Програм хэрэглэх зөвшөөрөл олгох асуудлыг албан ёсоор хүсэлт тавьснаас хойш ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
4.5. Зөвлөл нь зөвшөөрөл хүсэгчээс ирүүлсэн материал болон магадлан шалгасан мэргэжлийн комиссын ажлын санал, дүгнэлтийг хэлэлцэж шийдвэр гаргана. Зөвлөлийн шийдвэр гарах хуралд зөвшөөрөл хүсэгч буюу түүний албан ёсны төлөөлөгч биечлэн оролцоно.
4.6. Програмд зөвшөөрөл олгосон, түүнийг сунгасан, хүчингүй болгосон Зөвлөлийн хурлын шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.
4.7. Зөвшөөрөл авч буй этгээдэд Зөвлөлөөс баталсан загвар бүхий зөвшөөрлийн гэрчилгээг олгоно. Гэрчилгээнд програмын нэр, зохиогч, зөвлөгч, өмчлөгчийн нэр болон програмын зориулалт, хэрэглэх хүрээ, зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа болон бусад шаардлагатай зүйлүүдийг бичиж зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Тав. Програм хэрэглэх зөвшөөрлийг сунгах, хүчингүй болгох
5.1. Програм хэрэглэх зөвшөөрлийг 3 жил тутам шинэчлэн сунгуулах бөгөөд дор дурдсан материалуудыг бүрдүүлж Барилга, архитектурын газарт ирүүлнэ. Үүнд:
• Албаны ёсны хүсэлт;
• Програмын зөвшөөрөл, зохиогчийн эрх, хэрэглэх лиценз, эсвэл эдгээрийн нотариатаар батлуулсан хуулбар;
• Зөвшөөрөл авснаас хойш програмыг хэрэглэсэн тухай тайлан, түүнд хийсэн мэргэжлийн байгууллага, экспертийн үнэлэлт, дүгнэлт;
• Програмын тухай товч танилцуулга.
5.2. Барилга архитектурын газар нь зөвшөөрөл сунгуулахаар ирүүлсэн материалтай танилцаж шаардлагатай зүйлсийг магадлан зөвшөөрлийг сунгах асуудлыг Зөвлөлийн хуралд оруулан шийдвэрлүүлнэ.
5.3. Зөвшөөрлийг доорх тохиолдолд хүчингүй болгоно. Үүнд:
• Програмд тооцооны үр дүн, хэрэглэх хүрээг өөрчлөх томоохон хэмжээний засвар өөрчлөлтийг нэмж оруулсан;
• Зөвшөөрлийн гэрчилгээнд бичигдсэн үзүүлэлт, хэрэглэгдэх хүрээ өөрчлөгдөх шаардлагатай болсон;
• Програмыг зөвлөлийн хурлаар хүчингүй болгохоор шийдвэрлэсэн;
• Програмыг зохиогч, эзэмшигч нь цаашид хэрэглэхээс татгалзаж Зөвлөлд албан ёсоор мэдэгдсэн бол;
• Зөвлөлөөс олгосон зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш үргэлжлүүлэн ашигласан бол;
• Холбогдох норм норматив, стандарт, техник, технологи өөрчлөгдсөн;
• Програмыг удаа дараа буруу ашигласан буюу үр дүн нь алдаатай гарсан.
5.4. Хүчингүй болсон зөвшөөрлийн гэрчилгээг Зөвлөлийн шийдвэрээр Барилга, архитектурын газар хурааж авна.
Зургаа. Програм эзэмшигчийн эрх, үүрэг, хариуцлага
6.1. Програм эзэмшигч нь барилгын зураг төсөл, хайгуулын зураглал, инженерийн болон төсвийн тооцоог захиалагчийн хүсэлтийг үндэслэн холбогдох өгөгдлүүд дээр тулгуурлан норм, дүрмийн дагуу үнэн зөв гүйцэтгэж үр дүнг бүрэн хариуцна.
6.2. Инженерийн болон төсвийн тооцоо, төсөлд хэрэглэсэн програмын өгөгдөл, үр дүнг он, сар, өдөртэй нь хэвлэж тухайн програмыг эзэмшигч эрх бүхий байгууллага нь тэмдэг дарж баталгаажуулна.
6.3. Зөвлөлийн болон мэргэжлийн комиссын магадлан шалгах үеийн ажилд тусалж тэдгээрийн шаардсан бизнесийн болон хувийн нууцад хамаарахгүй мэдээ, баримтыг гаргаж өгнө.
6.4. Зөвшөөрөл бүхий програмаар үйл ажиллагаа явуулж буй этгээд нь зөвшөөрлийн гэрчилгээг ажлын байрандаа захиалагч, үйлчлүүлэгчид харагдахуйц газар байрлуулж шаардлагатай тохиолдолд тэдэнд үзүүлнэ.
6.5. Програмд хэрэглэсэн барилгын норм ба дүрэм, улсын стандарт, төсөв үнэ бүрдэл, арга зүйд өөрчлөлт орсон буюу хүчингүй болсон өдрөөс эхлэн програм эзэмшигч уг програмыг хэрэглэхийг зогсооно.
6.6. Энэхүү журмын 6.5-д заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд програмд нэмэлт, өөрчлөлт, засвар оруулах асуудлыг зохиогч буюу итгэмжилсэн худалдагчид тавьж энэ тухайгаа Барилга, архитектурын газарт заавал мэдэгдэнэ.
6.7. Програмд нэмэлт, өөрчлөлт оруулж, засвар хийгээд хэрэглэх болсон тохиолдолд гэрчилгээндээ зохих нэмэлт бичлэгийг хийлгэнэ.
6.8. Програм эзэмшигч нь магадлан шалгаж зөвшөөрөл олгох буюу сунгахтай холбогдуулан баримт бичиг бүрдүүлэх, боловсруулах, хэвлэх, турших, магадлан шалгах мэргэжлийн комисс ажиллуулах, гэрчилгээ хэвлүүлэх зорилгоор Зөвлөлийн шийдвэрээр тогтоосон үйлчилгээний хөлсийг төлнө.
6.9. Програм хэрэглэх зөвшөөрөл олгох, сунгах ажиллагаатай холбогдсон санал, гомдлоо Барилга, архитектурын газарт албан ёсоор бичгээр тавина.
Текст томруулах
A
A
A