- Нүүр
- Сайдын тушаал
- АЙМАГ, ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРЫН ДҮРЭМ
Дэд бүтцийн сайдын 2001 оны 33 дугаар тушаалын хавсралт
АЙМАГ, ХОТЫН ЕРӨНХИЙ АРХИТЕКТОРЫН ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Архитектур, хот байгуулалтыг хөгжүүлэх талаар төр засгаас явуулах бодлого, чиглэл, хөтөлбөрийг тухайн аймаг, орон нутаг, хот суурингийн хэмжээнд хэрэгжүүлэхдээ байгаль орчныг хамгаалах, газрын харилцааг боловсронгуй болгох, хожих үйл явцаас үүдэн гарах сөрөг нөлөөллийг хязгаарлах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, тогтвортой хөгжлийг хангах болон эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх зэрэг харилцан уялдаа бүхий олон талт асуудлыг цогцолбороор авч үзэн мэргэжлийн удирдлагаар хангах, нийгэм эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн архитектур, хот байгуулалтын түвшинг үе шаттай дээшлүүлэх зорилгоор аймаг, хотын ерөнхий архитекторыг томилон ажиллуулна.
1.2. Аймаг, хотын ерөнхий архитектор нь хүн амын нутагшилт, хөгжлийн ерөнхий төслийн үндсэн шийдэлтэй уялдуулан боловсруулсан тухайн бүс нутаг, аймгийн нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавин, уялдуулан зохицуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
1.3. Аймаг, хотын ерөнхий архитекторыг Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авсны үндсэн дээр тухайн аймаг, хотын Засаг даргын /захирагчийн/ захирамжаар томилж ажиллуулна. Ерөнхий архитектор нь хот байгуулалт, зураг төслийн ажлын зохих дадлага туршлагатай, архитектур, хот байгуулалт, байгаль экологи, газрын харилцаа, техник технологийн харилцан уялдаа бүхий асуудлуудыг уялдуулан шийдвэрлэх чадвар бүхий архитектор мэргэжлийн дипломтой хүн байвал зохино.
1.4. Хот байгуулалтын үе шатны төсөл, төлөвлөгөө, хот тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг үндэслэл, тооцоотой, мэргэжлийн өндөр түвшинд шударгаар зохион байгуулж байх зорилгоор холбогдох мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийг тухай аймгийн /нийслэл/ Засаг даргын захирамжаар байгуулж ажиллуулна.
Аймаг, хотын хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийг ерөнхий архитектор толгойлно.
1.5. Нийслэл Улаанбаатар хотын ерөнхий архитектор нь энэ дүрмийн хүрээнд тусгайлан боловсруулан дүрэмтэй байж болно.
1.6. Улсын чанартай томоохон хотуудад /Дархан, Эрдэнэт, Чойбалсан зэрэг/ аймаг хариуцсан архитектороос гадна хотын ерөнхий архитекторыг томилон ажиллуулж болно.
1.7. Аймаг, хотын ерөнхий архитектор нь үйл ажиллагаандаа "Хот байгуулалтын тухай", "Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай", "Барилгын тухай", "Орон сууцны тухай", "Газрын тухай", "Байгаль орчныг хамгаалах тухай", "Кадастрын зураглал ба кадастрын тухай" багц хуулиуд тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан Засгийн газрын болон хот байгуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын шийдвэр, тэдгээрийн батлан гаргасан дүрэм, журам, заавар зэрэг эрх зүйн баримт бичгүүд, энэ дүрмийг мөрдлөг болгоно. Албан үүрэг, ажлын шууд холбогдолтой аливаа нэгэн зөрчил гаргасан нөхцөлд дээрх хуулиуд болон "Төрийн албан тухай" хуульд заасны дагуу хариуцлага хүлээнэ.
Хоёр. Ерөнхий архитекторын үүрэг
Ерөнхий архитектор нь дор дурдсан үүрэг хүлээнэ:
2.1. Хот байгуулалттай холбогдолтой бүх шатны зураг төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, газар, техникийн нөхцөл олгох, барилгажилт, архитектур, тохижилт, гоо зүйн асуудлыг уялдуулан зохицуулж, мэргэжлийн удирдлагаар хангах;
2.2. Хот, суурин газруудын ерөнхий төлөвлөгөөг нийгэм эдийн засгийн хөгжлийн нийтлэг шаардлага, эрэлт хэрэгцээний дагуу шинэчлэн боловсруулах, зохих тодотгол өөрчлөлт оруулах ажлыг тухай бүр нь зохион байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээ авах;
2.3. Тухайн аймаг, хотын нутаг дэвсгэрийн хөгжил, хот, суурингийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилгажилт, зам талбай, тохижилт, цэцэрлэгжилт, инженерийн шугам сүлжээний асуудлыг иж бүрнээр шийдвэрлэж байх;
2.4. Хот байгуулалтын үе шатны төслүүдийг хэрэгжүүлэхдээ тухайн аймаг, хот, тосгоны хөгжилд шийдвэрлэх үүрэг бүхий зам тээврийн болон инженерийн шугам сүлжээ, түүнчлэн ус, холбоо, цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэрүүдийг эхний ээлжид барьж байгуулах өргөтгөх, шинэчлэх чиглэлийг баримтлах;
2.5. Хот тосгоны хөгжлийн батлагдсан ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тооцоо судалгаатай хандаж, жижүүрийн бүртгэл, зураглалыг хот, тосгон тус бүрээр /газар эдэлбэр, барилгажилт, инженерийн шугам сүлжээний төрлөөр/ хөтлөх ажлыг удирдан зохион байгуулах;
2.6. Тухайн хот, тосгоны ", Хот байгуулалтын кадастр", хөтлөх, "Амьдрах орчны чанар"-ын тухай зураглал, мэдээллийн нэгдмэл санг холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагуудын оролцоотойгоор бүрдүүлж, дүн шинжилгээ хийн холбогдох арга хэмжээ авах;
2.7. Нутаг дэвсгэрийн болон хот, тосгоны дэвсгэр газрын бүх масштабын газрын зураглал, инженер геологийн судалгаа, газар зохион байгуулалт, хилийн цэсийн баталгаат баримт бичгүүд, геодезийн цэг тэмдгүүд, нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл түүнчлэн хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нууцын зэрэглэлтэй болон бусад хэсэгчлэн хийсэн зураглал, барилгажилт, инженерийн шугам сүлжээ, тохижилтын зураглал зэрэг архивын эх материалуудын иж бүрэн судалгаа, бүртгэл хөтөлж, ашиглах журам тогтоон тодотгол, шинэчлэлт хийх ажлыг зохион байгуулж, хяналт тавих;
2.8. Хот, тосгонд шинээр барих барилгын эдэлбэр газрын байршлыг ерөнхий төлөвлөгөөний дагуу сонгож, газар олголтын схем, архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулан өгч, газар олголт, техникийн нөхцөлд зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг мэргэжлийн албадын үйл ажиллагааг хот байгуулалтын орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай уялдуулан зохицуулах;
2.9. Хот, тосгонд баригдах барилгуудыг тухайн орон нутгийн онцлог, оршин суугчдын зан заншил, үндэсний архитектурын уламжлал, орчны барилгажилт, орон зайн харьцаа, зайлшгүй хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тухайлан боловсруулсан зураг төслөөр бариулах, тохижилт, зам талбай, реклам чимэглэл, архитектурын жижиг хэлбэрүүдийг иж бүрнээр гүйцэтгэх арга хэмжээг зохион байгуулах;
2.10. Тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд газрын нэгдмэл сан, бүртгэлийг хөтөлж, хөдөө аж ахуйн, тусгай хамгаалалтын, аялал жуулчлалын, хот, суурингийн, тусгай зориулалтын зэрэг харилцааг зохицуулж хяналт тавих үндсэн үүрэг бүхий газрын харилцааны алба, газар зохион байгуулагчидтай харилцан уялдаатай ажиллах;
2.11. Аймаг, хот, орон нутгийн удирдлагад мэргэжлийн туслалцаа үзүүлж, аймгийн хөгжлийн төсөл болон хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, шинэчлэх үндэслэл, даалгавар боловсруулах, баталгаажуулах шатанд санал дүгнэлт гаргах ажлыг удирдан зохион байгуулах;
2.12. Нутаг дэвсгэрийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон нутагт шийдвэрлэх ойрын болон хэтийн зорилтын талаар нийт иргэдэд өргөн сурталчилж, тэдний санал хүсэлтийг сонсож, холбогдох арга хэмжээ авах;
2.13. Хот байгуулалтын асуудал хариуцсан яам, агентлаг болон Монголын архитекторуудын эвлэлтэй байнгын холбоотой ажиллаж тэдний шугамаар гардаг мэдээллийг бүрэн ашиглаж, бодлогын чиглэлээр болон мэргэжлийн туслалцаа дэмжлэг авч байх;
2.14. Аймаг, хотын ерөнхий архитектор нь ажлынхаа тайланг хагас, бүтэн жилээр гаргаж орон нутгийн удирдлагад танилцуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн газарт дараа сарын 15-ны дотор ирүүлнэ.
Гурав. Ерөнхий архитекторын эрх
3.1. Хот байгуулалтын бодлогын хүрээнд хот байгуулалтын үе шатны төслүүдэд тусгагдсан арга хэмжээ түүнчлэн хот байгуулалтын холбогдолтой хуулиудыг хэрэгжүүлэх талаар тодорхой асуудал боловсруулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын холбогдох шийдвэр гаргуулах;
3.2. Хот байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэх явцад орон нутгийн өвөрмөц онцлог, цаг үеийн шаардлагаас зайлшгүй өөрчлөлт, тодотгол оруулахаар бол үндэслэл, судалгааг бүрдүүлж, холбогдох байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;
3.3. Хот байгуулалтын нэгдсэн бодлогын хүрээнд байгаль орчныг хамгаалах, газар зохион байгуулалт, орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, инженерийн шугам сүлжээний эх үүсвэрүүдийн найдвартай ажиллагааны талаар холбогдох тооцоо, судалгаа, мэдээлэл гаргуулж, амьдрах орчны чанарын тухай нэгдсэн дүгнэлт өгч, хот байгуулалтын сөрөг үр дагаврыг хязгаарлах арга хэмжээ авах;
3.4. Хот байгуулалтын талаарх тулгамдсан зорилт, цаг алдалгүй шийдвэрлэх асуудлын талаар холбогдох яам, газар, орон нутгийн удирдлагад танилцуулж шийдвэрлүүлэх;
3.5. Холбогдох хууль, тогтоомж, хот байгуулалт, барилгажилтын норм, стандарт, дүрэм, журам, батлагдсан ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн барилгын байршил, зураг төслийг өөрчлөх, хүчингүй болгох, барилгын ажлыг зогсоох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх;
3.6. Эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгжийн хийсэн зураг төсөлд дүгнэлт өгч, газар олголт, техникийн нөхцөлд зөвшөөрөл өгөх;
3.7. Бүс нутгийн хөгжлийн төсөл, хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, бусад үе шатны зураг төсөл боловсруулахад зохиогчийн бүрэлдэхүүнд буюу зөвлөхөөр оролцох;
3.8. Хот байгуулалтын болон бүх шатны зураг төсөлд санал дүгнэлт гаргах орон нутгийн ажлын хэсгийг толгойлох;
3.9. Хот байгуулалтын чиглэлээр гадаад, дотоодын зохион байгуулагдах сургалт, семинар, хурал, зөвлөгөөн зэрэг арга хэмжээнд оролцох;
3.10. Архитектур, хот байгуулалтын талаар гарсан зөрчлийг байгууллагын эрх хэмжээ, өмчийн хэлбэрийг үл харгалзан хуулийн хүрээнд арга хэмжээ авах, гарсан хохирлыг нөхөн төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлэх асуудлыг эрх бүхий байгууллагын оролцоотойгоор цаг алдалгүй шийдэж байх..
Текст томруулах
A
A
A