- Нүүр
- Сайдын тушаал
- “ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЗӨВЛӨЛ”-ИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ
ДБ-ийн сайдын 2001 оны 360 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
"ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ, МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЗӨВЛӨЛ"-ИЙН АЖИЛЛАХ ДҮРЭМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Монгол улсын ДБЯ-ны дэргэдэх "Дэд бүтцийн салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох" зөвлөлийн (цаашид Зөвлөл гэнэ) үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна.
1.2. Зөвлөл нь ДБ-ийн сайдын тушаалаар батлагдах бөгөөд орон тооны бус байна.Зөвлөлийн бүрэлдэхүүн нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд дотроо төрөлжсөн ажлын хэсэгтэй байж болно.
1.3. Зөвлөлийн зорилго нь дэд бүтцийн салбарт хамаарах сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, салбарын мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох ажлыг удирдан зохион байгуулах, энэхүү тогтолцоог цаашид тасралтгүй сайжруулж боловсронгуй болгоход оршино.
1.4. Зөвлөл нь Дэд бүтцийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт (ДБАМДИ) дээр төвлөрч ажиллана.
1.5. Зөвлөлийн үйл ажиллагаанд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг горилогчдын төлбөр болон бусад орлогоо гаргана.
Хоёр.Зөвлөлийн үйл ажиллагаа
2.1. Зөвлөл нь магадлан итгэмжлэх, мэргэшлийн зэрэг олгох ажлыг холбогдох журмын дагуу удирдан зохион байгуулах, үүнтэй холбогдсон асуудлуудыг судлах, хэлэлцэж шийдвэрлэх ажлыг гүйцэтгэнэ.
2.2. Зөвлөл нь холбогдох асуудлыг хурлаараа хэлэлцэж эцсийн шийдвэр гаргана.
2.3. Зөвлөл нь мэргэжил дээшлүүлэх, мэргэшлийн зэрэг олгох сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж батална.
2.4. Зөвлөл нь магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг горилогчдоос шалгалт авах журмыг боловсруулж батална.
2.5. Зөвлөлөөр хэлэлцэх, шийдвэрлэх асуудалтай холбогдуулж тухайн хуралд оролцох зөвлөлийн гишүүдийг зөвлөлийн орлогч дарга сонгож оролцуулах ба зөвлөлийн хурал нь сонгосон гишүүдийн 80 ба түүнээс дээш хувийн ирцтэйгээр хуралдана.
2.6. Зөвлөлийн шийдвэр нь нууц санал хураалтаар хуралд оролцож буй гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн санал авсан тохиолдолд хүчинтэй болно.
2.7. Зөвлөлийн хурлаас гаргасан тэмдэглэлийг үндэслэн Зөвлөлийн шийдвэрийг зөвлөлийн дарга бөгөөд Дэд бүтцийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулна.Шаардлагатай тохиолдолд зөвлөлийн зэрэг олгох эцсийн шийдвэрээс бусад шийдвэрийг тус зөвлөлийн орлогч дарга бөгөөд ДБАМДИ-ийн Захирлын тушаалаар баталгаажуулж болно
Гурав.Зөвлөлийн эрх
3.1. Зөвлөлийн магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох хүрээ, эрхлэх ажил үйлчилгээний чиглэлийг баталж мөрдүүлнэ.
3.2. Зөвлөл нь магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг горилогчдоос шалгалт авах комиссыг томилно.Комиссын дарга нь тус зөвлөлийн орлогч дарга бөгөөд ДБАМДИ-ийн захирал байна.Шалгалтын комиссын гишүүдэд тухайн салбарын тэргүүлэх мэргэжилтэн, шинжээчид, эрдэмтэд, их дээд сургуулийн профессор багш нарыг Зөвлөлийн гишүүдээс санал авч сонгоно.
3.3. Зөвлөл нь шаардлагатай тохиолдолд шалгалтын комиссын шийдвэрийг хүчингүй болгох, комиссыг дахин шинээр томилох эрхтэй.
Дөрөв.Зөвлөлийн үүрэг, хариуцлага
4.1. Зөвлөлийн гишүүд нь зөвлөлийн үйл ажиллагаанд оролцохдоо холбогдох дүрэм, журмыг чанд баримтлан авилгалгүйгээр үнэнч шударга ажиллана.
4.2. Зөвлөл нь шалгаруулалтын бүх л үе шатыг аль болох хөндлөнгийн нөлөөгүй, тусгаар шалгаруулалтын зарчмыг баримтлан зохион байгуулж хяналт тавина.
4.3. Зөвлөл нь шалгаруулалт явуулж дууссанаас хойш 14 хоногийн дотор магадлан итгэмжлэл, зэрэг олгосон, сунгасан болон цуцалсан шийдвэрийг гаргаж нийтэд зарлана.
4.4. Зөвлөл нь горилогчийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авч барагдуулна.
4.5. Зөвлөл нь энэхүү журамд заагдаагүй асуудлыг шийдвэрлэх бол Монгол улсын хууль тогтоомж, бусад эрх зүйн актыг баримтална.
Тав.Зөвлөлийн үйл ажиллагаанд тавих хяналт
5.1. Зөвлөл нь үйл ажиллагаагаа жилд нэг удаа Дэд бүтцийн сайдын Зөвлөлд тайлагнана.
5.2. Зөвлөлийн үйл ажиллагаанд зохих хяналтын байгууллагууд хяналт тавина.
Текст томруулах
A
A
A