- Нүүр
- Сайдын тушаал
- “ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
ДБ-ийн сайдын 2001 оны 360 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
"ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТЭНД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Дэд бүтцийн салбарын дээд, тусгай дунд боловсролтой мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, түүнийг баталгаажуулж хяналт тавихтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Монгол Улсын Дэд бүтцийн салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг боловсрол, мэргэшлийн ур чадварын түвшин, өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх, тэдний бүтээл, туршлагыг үнэлэх, оюуны өмчийг нь баталгаажуулж, үүрэг хариуцлагыг нь өндөржүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.3. Мэргэжилтэнд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлах ажиллагааг удирдах, түүнд хяналт тавих ажлыг ДБЯ-ны дэргэдэх "Дэд бүтцийн салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох" орон тооны бус Зөвлөл (цаашид Зөвлөл гэнэ) эрхэлнэ.
1.4. 3асгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд болон захиалагч, гүйцэтгэгч байгууллагууд мэргэжилтний гаргасан алдааг Зөвлөлд тухай бүр мэдээлж байна. Энэ нь мэргэжилтний зэргийг олгох, сунгах, цуцлах үндэслэл болно.
1.5. Дээд боловсролтой мэргэжилтний зэрэг нь мэргэшсэн ба зөвлөх, тусгай дунд боловсролтой бол нэг ба хоёр дугаар гэсэн хоёр шатлалтай байна. Мэргэшсэн зэрэг нь дотроо шатлалтай байж болно.
1.6. Мэргэжил дээшлүүлэх сургалт, зэрэг олгох, сунгах шалгаруулалтын ажиллагаатай холбогдсон Зөвлөлийн шийдвэрийг Дэд бүтцийн ажилтны мэргэжил дээшлүүлэх институт (ДБАМДИ) хэрэгжүүлнэ.
Хоёр. Зэрэг горилогчид тавих шаардлага
2.1. Горилогч нь дараах болзлыг хангасан байна. Үүнд:
• Төрөөс баримтлах боловсролын стандартыг хангасан их, дээд сургууль,коллеж (техникум) төгсөж дээд (бакалавр, магистр, боловсролын доктор), тусгай дунд боловсрол (техникч, технологич, дипломын инженер) эзэмшсэн байна.
• Техникч (технологич) нь хоёрдугаар зэрэг горилж буй бол мэргэжлээрээ 3- аас доошгүй, нэгдүгээр зэрэг горилж буй бол 5-аас доошгүй жил тасралтгүй ажилласан байна.
• Мэргэшсэн зэрэг горилогч нь дээд боловсролын бакалавр зэрэг эзэмшиж мэргэжлээрээ 5-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жилийг нь үйлдвэрлэл дээр ажилласан, инженерийн ерөнхий мэдлэгийн шалгалтыг амжилттай давсан байна.
• Зөвлөх зэрэг горилогч нь мэргэжлээрээ 12-аас доошгүй жил, үүнээс мэргэшсэн зэрэг авснаас хойш 4-өөс доошгүй жил үр бүтээлтэй ажилласан байна.
• Бүтээл, мэргэжил дээшлүүлэх талаар зохих шаардлагыг хангасан байна.
• Мэргэжлийн болон ёс зүйн зохих шаардлагыг хангасан байна
Гурав. Зэрэг горилох хүсэлт тавих
3.1. Горилогч нь зэрэг горилох хүсэлтээ Зөвлөлд албан ёсоор бичгээр тавина.
3.2. Зэрэг горилогч нь дараах баримт, бичиг бүрдүүлж зарласан хугацаанд багтаан Зөвлөлд ирүүлнэ. Үүнд:
• Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл
• Хариуцлагатай ажилтны анкет
• Ажил байдлын тодорхойлолт
• 2 хувь зураг (3*4 хэмжээтэй)
• Боловсролын үнэмлэх, дипломын хуулбар (баталгаажуулсан)
• Мэргэжил дээшлүүлсэн талаарх үнэмлэх, баримтууд
• Бүтээлийн тайлан, жагсаалт (баталгаажуулсан)
• Шалгаруулалтын төлбөрийг төлсөн баримт
3.3. Горилогч нь ажил байдлын тодорхойлолтыг ажиллаж буй байгууллагаасаа авсан байна. Шаардлагатай бол харъяалах дээд байгууллага нь тодорхойлолт гаргаж болно.
3.4. Бүтээлийн тайлан, жагсаалтыг зөвлөх зэрэгтэй 2-оос доошгүй мэргэжилтэн, ажиллаж буй байгууллага хянаж баталгаажуулсан байна.
3.5. Бүтээлийг Зөвлөл хянан магадлах явцад бүтээлээ худал мэдүүлэх, эсвэл бусдын бүтээлийг буруу баталгаажуулсан байвал буруутай этгээдэд зэрэг олгохоос түдгэлзэх, урьд авсан зэргийг нь бууруулах эсвэл хүчингүй болгоно.
3.6. Энэ журмын 2.1-д заасан хугацааг дараах тохиолдолд горилогчийн бичгээр тавьсан хүсэлтийг үндэслэн Зөвлөл хэлэлцэж багасгаж болно. Үүнд:
• Мэргэшсэн чиглэлээрээ магистр зэрэг хамгаалсан
• Онцгой бүтээлтэй ажилласан
3.7. Дараах тохиолдлуудад зөвлөх зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн Зөвлөл хэлэлцэж мэргэжлийн шалгалтаас чөлөөлж болно.Үүнд:
• Мэргэжлийн дагуу дагнаж 25 жилээс дээш хугацаагаар тасралтгүй, үр бүтээлтэй ажилласан
• Онцгой бүтээлтэй ажилласан (төсөл, хөтөлбөр, ном, хууль эрх зүйн акт, норм, норматив удирдан боловсруулсан, хэрэгжүүлсэн г.м)
• Мэргэжлийн чиглэлээр боловсролын болон шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан
Дөрөв. Зэрэг олгох ажиллагаа
4.1. Зөвлөл нь шалгаруулалтыг мэргэжилтний мэдлэг боловсролын түвшин ба мэргэшлийн ур чадвар, бүтээл, туршлагыг магадлан үнэлэх замаар гүйцэтгэнэ. Мэргэжилтний мэдлэг боловсролын түвшин, мэргэшлийн ур чадварыг шалгалтаар, бүтээл, туршлагыг тодорхойлолт, бүтээлийн жагсаалтыг магадлан шалгах замаар тодорхойлно.
4.2. Шалгалт нь техникчдэд болон мэргэшсэн зэрэг горилогчид хоёр, зөвлөх зэрэг горилогчид гурав хүртэл үе шаттайгаар явагдана. Үүнд:
• Нэгдүгээр шат. Ерөнхий мэдлэгийн шалгалт өгөх
• Хоёрдугаар шат. Мэргэжлийн шалгалт өгөх
• Гуравдугаар шат. Сэдвийн хамгаалалт, ярилцлага хийх
4.3. Ерөнхий мэдлэгийн шалгалтыг их дээд сургууль, коллежийн сургалтын бүрэн програмын хэмжээнд хураангуй байдлаар тестээр авна. Тэнцэх онооны хэмжээг комисс хэлэлцэж Зөвлөлд санал оруулж тогтооно.
4.4. Техникч (технологич) нь хоёрдугаар зэрэг горилж буй бол мэргэжлийн шалгалтад авбал зохих нийт онооны 70 ба түүнээс дээш хувийг, нэгдүгээр бол 80 ба түүнээс дээш хувийг авсан байна.
4.5. Мэргэшсэн зэрэг горилогч нь мэргэжлийн шалгалтад авбал зохих нийт онооны 70 ба түүнээс дээш хувийг авбал шалгалтад тэнцсэнд тооцно.
4.6. Мэргэжлийн шалгалтад авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийг авсан зөвлөх зэрэг горилогч нь Зөвлөлөөс зөвшөөрсөн сэдвээр илтгэлийн хураангуй (реферат) бичиж шүүмжлүүлэн мэргэжлийн шалгалтын комисст сэдвийн хамгаалалт хийнэ. Энэ шатанд комисс нь мөн горилогчийн бүтээл, туршлагыг ярилцлага хийж цугт нь үнэлнэ. 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн тохиолдолд тэнцсэнд тооцно.
4.7. Мэргэжлийн шалгалт, сэдвийн хамгаалалтыг Зөвлөлөөс томилсон комисс авна. Шалгалтын комисс болон зэрэг горилогч нь Зөвлөлөөс баталсан шалгалтын журмыг баримтална.
4.8. Шалгалтын комисс нь горилогчийн шалгалтын дүн, бүтээл, туршлагад үндэслэн зэрэг олгох саналаа Зөвлөлд оруулна.
4.9. 3эрэг олгох болон зэргээ сунгуулах шалгаруулалтад хүндэтгэх шалтгааны улмаас орж чадаагүй бол уг шалтгааныг нотолсон баримт бичгийг бүрдүүлж Зөвлөлд өгч шийдвэрлүүлнэ.
4.10. Горилогч нь шалгаруулалтын талаарх гомдол, саналаа Зөвлөлд бичгээр тавьж шийдүүлнэ.
4.11. Зөвлөл нь шалгаруулалт дууссанаас хойш 14 хоногийн дотор зэрэг олгох эсэх шийдвэрийг гаргаж ДБЯамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулна. Шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдэгдэнэ.
4.12. 3эрэг горилогч нь шалгалтад тэнцээгүй бол нэг жилээс доошгүй хугацааны дараа шалгалтыг дахин өгөх хүсэлтийг Зөвлөлд бичгээр тавьж шийдүүлнэ.
4.13. Шалгаруулалтын үйл ажиллагаанд холбогдох мэргэжлийн олон нийтийн байгууллагуудаас хяналт тавих, зөвлөлд санал дүгнэлт оруулах зэргээр оролцож болно.
4.14. Энэхүү журамд заагдаагүй нөхцөл байдал үүсвэл Зөвлөл бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэж шийдвэрлэнэ.
Тав. Зэргийг сунгах, цуцлах
5.1. Нэг, хоёрдугаар болон мэргэшсэн зэрэгтэй мэргэжилтэн нь 3, зөвлөх зэрэгтэй мэргэжилтэн нь 5 жил тутамд тус тус зэргээ сунгаж баталгаажуулна. Зэргээ сунгуулах хүсэлтийг энэ хугацаанд хийсэн ажлын болон мэргэжил дээшлүүлсэн талаарх тайлан, тодорхойлолтын хамт Зөвлөлд бичгээр тавина.
5.2. 3эргээ сунгуулах шалгаруулалтад 80 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн мэргэжилтний зэргийг сунгах саналыг комисс Зөвлөлд оруулж шийдүүлнэ.
5.3. Дараах тохиолдлуудад Зөвлөл хэлэлцэж зэргийг бууруулах, эсвэл цуцлах шийдвэр гаргаж болно. Үүнд
• Зэргээ бууруулах, эсвэл цуцлуулах хүсэлтийг өөрөө гаргасан
• Тайлант хугацаанд мэргэшсэн чиглэлээрээ ажил үйлчилгээ явуулаагүй
• Шалгаруулалтад хугацаандаа ороогүй
• Шалгаруулалтад зохих үнэлгээ авч чадаагүй
• Хууль эрх зүйн зөрчил гаргасан
• Мэргэжлийн алдаа дутагдал гаргасан
• Ёс зүйн доголдол гаргасан
• Гэмт хэрэгт шийтгүүлсэн
5.4. 3эргийг сунгасан, цуцалсан шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
5.5. Зэрэг нь буурсан, цуцлагдсан мэргэжилтэн зэргээ сэргээх, дахин горилох хүсэлтээ Зөвлөлд тавьж шийдүүлнэ.
5.6. 3эрэгтэй мэргэжилтэн бүрээр зэрэг хамгаалахаар бүрдүүлсэн материал, илтгэлийн хураангуй(реферат) бусад холбогдох баримт бичгээс бүрдсэн хувийн хэргийг ДБАМДИ нээж хөтөлнө.
Зургаа. Зэрэгтэй мэргэжилтний эрх
6.1. 3өвлөх мэргэжилтэн нь Зөвлөлөөс баталсан загвар бүхий гэрчилгээ, хувийн тэмдэгтэй байна. Гэрчилгээ, тэмдэгт эзэмшигчийн нэр, бүртгэлийн дугаарыг заасан байна. Тэмдгийн эх загварын дардасны нэг хувийг Зөвлөл болон хяналтын байгууллагад хадгалуулсан байна.
6.2. 3эрэгтэй мэргэжилтэн нь мэргэшсэн хүрээндээ Зөвлөлөөс баталсан чиглэлийн ажил үйлчилгээг эрхэлнэ.
6.3. Зөвлөх мэргэжилтэн нь зөвхөн өөрөө гүйцэтгэсэн, оролцсон эсвэл удирдсан, хянаж зөвлөсөн ажлын гүйцэтгэлийн тайлан, техникийн акт, баримт бичиг, төсөл зэрэгт гарын үсэг зурж хувийн тэмдгээ дарна.
6.4. Мэргэшлийн зэрэг авсан мэргэжилтэн нь мэргэжлээрээ ажиллаж буй нөхцөлд тухайн байгууллагатайгаа хөдөлмөрийн гэрээгээр тохирч цалингийн нэмэгдэл авч болно.
Долоо. Зэрэгтэй мэргэжилтний үүрэг, хариуцлага
7.1. 3эрэгтэй мэргэжилтэн нь ажил, үйлчилгээг холбогдох хууль тогтоомж, норм стандартын шаардлагын дагуу техник технологийн зохих түвшинд, хариуцлагатай, чанартай, аливаа авилгалгүйгээр гүйцэтгэнэ.
7.2. 3эрэгтэй мэргэжилтнүүд нь өөрийн бие дааж болон удирдан хийлгэсэн, зөвлөж, хянаж баталгаажуулсан ажлын үр дүн, чанарыг бүрэн хариуцах ба өөрийн буруугаас учирсан хохирол, хариуцлагыг холбогдох хуулийн дагуу хүлээнэ.
7.3. 3эрэгтэй мэргэжилтнүүд нь жил тутамд хийсэн ажлынхаа тайланг Зөвлөлд өгч хувийн хэргээ баяжуулж байна.
7.4. Зэргээ цуцлуулсан мэргэжилтэн Зөвлөлд хувийн тэмдэг, гэрчилгээгээ хураалгана.
Текст томруулах
A
A
A