A

A

A

Бүлэг: 1979
ДБ-ийн сайдын 2001 оны 360 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт
 
ТӨСӨВЧДӨД МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГ ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.           Үндэсний инженерүүдэд тэдний төсөв, үнэ бүрдүүлэлтийн талаарх онолын мэдлэг, мэргэшлийн ур чадвар болон бүтээл, туршлагыг нь үнэлж мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлахтай холбогдсон үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.           Энэхүү журмын зорилго нь төсөвчдийн мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх, гүйцэтгэлийг хянах, үр дүнг тооцох ажлыг сайжруулах, улмаар хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн үндэслэлийг дээшлүүлэхэд оршино.
1.3.           Төсөвчний мэргэшлийн зэрэг нь мэргэшсэн, тэргүүлэх гэсэн хоёр шаттай байна.
1.4.           Зөвхөн зэрэг бүхий төсөвчин шинээр барих, угсрах болон өргөтгөл, шинэчлэлт, засвар хийх барилга байгууламж, тоног төхөөрөмжийн өртгийг тодорхойлох, төсөв-санхүүгийн тооцоо, гүйцэтгэлийн төсөв зохиох ажлыг бие даан хийх эрхтэй.
1.5.           Төсөвчдөд мэргэшлийн зэрэг олгох, сунгах, цуцлах ажиллагааг ДБЯ-ны дэргэдэх "Дэд бүтцийн салбарын магадлан итгэмжлэл, мэргэшлийн зэрэг олгох " орон тооны бус зөвлөл (цаашид Зөвлөл гэнэ) удирдаж хяналт тавина. Мөн мэргэжлийн холбогдох олон нийтийн байгууллагаас хяналт тавих, санал дүгнэлтээ Зөвлөлд оруулах зэргээр оролцож болно.
Хоёр. Зэрэг горилогчдод тавих шаардлага
2.1.           "Мэргэшсэн" зэрэг горилогч төсөвчин нь тухайн салбар, чиглэлээр инженерийн дээд (боловсролын бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй) боловсролтой, мэргэжлээрээ нийт 5-аас доошгүй жил ажилласан, зохих шатны сургалтаар төсөв зохиох мэдлэг эзэмшиж 3-аас доошгүй жил төсөв, үнэ бүрдэлтийн чиглэлээр ажилласан байна.
2.2.           "Тэргүүлэх" зэрэг горилогч төсөвчин нь дээд боловсролтой, мэргэшсэн төсөвчний зэрэг авснаас хойш 6-аас доошгүй жил төсвийн ажил эрхэлсэн байна.
Гурав. Зэрэг горилох хүсэлт тавих
3.1.           Горилогч нь зэрэг горилох хүсэлтээ Зөвлөлд албан ёсоор бичгээр тавина.
3.2.           Горилогч нь дараах баримт, материалыг бүрдүүлж зарласан хугацаанд багтаан Зөвлөлд ирүүлнэ. Үүнд:
•         Зэрэг горилохыг хүссэн хувийн өргөдөл
•         Хариуцлагатай ажилтны анкет (3x4 зурагтай)
•         Мэргэжлийн сургууль төгссөн дипломын хуулбар (баталгаажуулсан)
•         Ажил байдлын тодорхойлолт
•         Ажилласан хугацааны бүтээлийн тайлан, жагсаалт баталгаажуулсан)
•         Мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, баримтууд
•         Шалгаруулалтын төлбөрийг төлсөн баримт
3.3.           Горилогч нь ажил байдлын тодорхойлолтыг ажиллаж буй байгууллагаасаа авсан байна. Шаардлагатай бол харъяалах дээд байгууллага, мэргэжлийн холбооноос тодорхойлолт авч болно.
 
3.4.           Бүтээлийн тайлан, жагсаалтыг зэрэгтэй хоёроос доошгүй төсөвчин, ажиллаж буй байгууллага хянаж баталгаажуулсан байна. Бүтээлийг Зөвлөл хянан магадлах явцад бүтээлээ зориуд худал мэдүүлэх, эсвэл бусдын бүтээлийг буруу баталгаажуулсан бол буруутай этгээдэд зэрэг олгохоос түдгэлзэх, зэргийг нь хүчингүй болгох хүртэл арга хэмжээг авна.
Дөрөв. Төсөвчдөд зэрэг олгох шалгаруулалтын ажиллагаа
4.1.           Төсөвчний зэрэг горилогч нарт зориулсан богино хугацааны сургалт, шалгаруулалтыг ДБАМДИ зохион байгуулна. ДБАМДИ нь уг сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг Зөвлөлөөр батлуулсан байна.
4.2.           Зэрэг горилогчдоос шалгалт авах комиссыг Зөвлөлийн орлогч даргын шийдвэрээр томилно. Шалгалтын комисс болон зэрэг горилогч нь Зөвлөлөөс баталсан шалгалтын журмыг баримтална.
4.3.           Шалгалтын комисс нь мэргэшсэн зэрэг горилогчоос тестээр шалгалт авна. Сургалтад оролцсон байдал, явцын шалгалт, дадлагын амжилтаас хамааруулан горилогчийг шалгалтад оруулах эсэхийг шйиднэ. Авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийг авсан горилогчийг шалгалтад тэнцсэнд тооцно.
4.4.           Тэргүүлэх зэрэг горилогч нь тестээр шалгалт өгч нийт онооны 90 ба түүнээс дээш хувийг авсан тохиолдолд шалгалтын комиссоос өгсөн төсөвт экспертизийн дүгнэлт гаргаж шалгуулна. Шалгалтын энэ шатанд мөн 90 ба түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн горилогчийг шалгалтад тэнцсэнд тооцно.
4.5.           Мэргэшсэн зэрэг горилогч нь шалгалтад тэнцээгүй бол нэг жилээс доошгүй хугацааны дараа дахин шалгалт өгөх хүсэлтээ Зөвлөлд тавьж болно.
Тав. Зэрэг олгох ажиллагаа
5.1.           Шалгалтын комисс нь горилогчийн шалгалтын дүн, бүтээл, туршлагад үндэслэн зэрэг олгох саналаа Зөвлөлд оруулна.
5.2.           Зөвлөл нь зэрэг олгох асуудлаар нууц санал хураалт явуулан гишүүдийн 75 ба түүнээс дээш хувийн санал авсан горилогчид төсөвчний зэрэг олгож ДБЯ-ны төрийн нарийн бичгийн даргын тушаалаар баталгаажуулна.
Зургаа. Зэргийг сунгах, цуцлах
6.1.           Мэргэшсэн зэрэгтэй төсөвчид 3, тэргүүлэх зэрэгтэй төсөвчид 5 жил тутамд зохих шалгаруулалтад хамрагдаж зэргээ сунгуулна.

6.2.           Шалгалтын комисс нь мэргэшлийн зэргээ сунгуулах төсөвчдөөс тестээр болон төсөвт экспертиз хийлгэж дүгнэлт гаргуулж шалгана. Мөн сунгалтын хугацаанд төсөвчний зохиосон төсөв, гаргасан бүтээл болон ажилдаа нэвтрүүлсэн шинэлэг санаа, туршлагуудыг нэмж дүгнэнэ.
6.3.           Шалгалтын комисс зохих үзүүлэлтүүдээр үнэлгээ өгөх бөгөөд тэдгээрийн дундаж нь авбал зохих нийт онооны 80 ба түүнээс дээш хувийг авсан төсөвчний зэргийг сунгах саналыг Зөвлөлд оруулна.
6.4.           Дараах тохиолдлуудад Зөвлөл хэлэлцэж шаардлагатай гэж үзвэл төсөвчний зэргийг цуцлаж хүчингүй болгоно. Үүнд:
•        Шалгаруулалтад хугацаандаа ороогүй
•          Шалгаруулалтад зохих үнэлгээг авч чадаагүй Мэргэшсэн чиглэлээрээ ажил, үйлчилгээ явуулаагүй
•          Зохиосон төсөвтөө алдаа гаргасан
•          Гэмт хэрэгт шийтгэгдсэн
•          Ёс зүйн доголдол гаргасан
Долоо. Зэрэгтэй төсөвчний эрх
7.1.           Зэрэгтэй төсөвчин нь Зөвлөлөөс баталсан загвар бүхий гэрчилгээ, хувийн тэмдэгтэй байна. Гэрчилгээ, тэмдэгт эзэмшигчийн овог нэр, бүртгэлийн дугаарыг заасан байна.
7.2.           Зэрэгтэй төсөвчин нь зөвхөн өөрийн зохиосон, удирдсан, оролцсон төсвийн баримт бичигт гарын үсгээ зурж хувийн тэмдгээ дарна.
7.3.           Тэргүүлэх зэрэгтэй төсөвчин нь төсөв зохиохын зэрэгцээ бусдын зохиосон төсвийг шалгах, экспертиз хийх эрх эдэлнэ.
7.4.           Төсөвчин нь шалгаруулалтын талаарх гомдол, санал хүсэлтийг Зөвлөлд бичгээр тавьж болно.
Найм. Төсөвчний үүрэг, хариуцлага
8.1.           Зэрэгтэй төсөвчин нь төсөв болон түүнтэй холбогдох бусад тооцоо судалгааг мэргэжлийн өндөр түвшинд зохих журам заавар, эрхийн актын дагуу авилгалгүйгээр үнэн зөв гүйцэтгэнэ.
8.2.           Төсөвчин нь өөрийн гүйцэтгэсэн, оролцсон, хянасан бүх төсвийг тухай бүр Зөвлөлд зохих баримттайгаар мэдээлж баталгаажуулна. Мөн засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлагууд болон захиалагч, гүйцэтгэгч, санхүүжүүлэгч байгууллагууд төсөвчний гаргасан алдааг Зөвлөлд тухай бүр мэдээлж байна.
 
8.3.           Зөвлөл зэргийг нь цуцалсан тохиолдолд төсөвчин нь хувийн тэмдгээ хураалгана.