- Нүүр
- Сайдын тушаал
- ДАДЛАГАЖИГЧ ЭМЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2006 оны
227 дугаар тушаалын нэгдүгээр
хавсралт
ДАДЛАГАЖИГЧ ЭМЧИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
1.Нийтлэг үндэслэл
1.1. Эмчлэх зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа дадлагажигч эмч, /цаашид дадлагажигч гэх/-ийн үйл ажиллагаа явуулахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Дадлагажигч гэх Анагаах ухааны боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрөл бүхий сургуулийг хүний эмч мэргэжлээр, баклаврын зэрэгтэй төгссөн, мэргэжлийн эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахаар ажиллаж байгаа мэргэжилтнийг хэлнэ.
1.3. Дадлагажигчаар ажиллах хугацаанд үүсэх харилцааг Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журам /цаашид журам гэх/-аар зохицуулна.
1.4. Дадлагажигч нь сум, сум дунд, өрхийн эмнэлэгт хоёроос доошгүй жил ажиллана.
2. Дадлагажигчийн захиалга, хуваарлилт
2.1. Аймаг нийслэлийн эрүүл мэндийн газар /ЭМГ/-ууд сум, сум дунд, өрхийн эмнэлэгт ажиллуулах дадлагажигчийн захиалгаа тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-ны Төрийн захиргааны удирдлагын газар /ТЗУГ/-т ирүүлнэ.
2.2. Анагаах ухааны боловсрол эзэмшүүлэх сургуулиуд дадлагажигчаар ажиллах эмчийн орон тоог оны эхний улиралд багтаан ЭМЯ-ны ТЗУГ-т ирүүлнэ.
2.3. Аймаг, нийслэлийн ЭМГ-аас дадлагажигч ажиллуулахаар ирүүлсэн захиалга, дадлагажигчийн санал хүсэлтийг үндэслэн ЭМЯ аймаг, нийслэлийн ЭМГ-т хуваарилна.
2.4. Аймаг, нийслэлийн ЭМГ-ууд хуваарлигдаж очсон дадлагажигчтай гэрээ байгуулан сум, сум дунд, өрхийн эмнэлэгт ажиллуулна.
2.5. Уламжлалт анагаах ухааны ерөнхий мэргэжлээр төгсөгчдийг сум, сум дундын эмнэлэгүүд болон аймгийн нэгдсэн эмнэлэгийн уламжлалт анагаах ухааны тасагт хуваарлин ажиллуулна.
2.6. Аймгийн ЭМГ нь нийслэлээс аймагт очих унааны зардлыг хариуцна.
3. Дадлагажигчийг ажилуулах байгууллагын эрх, үүрэг
3.1. Дадлагажигч ажиллуулах захиалгаа харьяа ЭМГ-т өгч, цалинг төсөвтөө тусган батлуулах.
3.2. Дадлагажигчийг сум,сум дунд өрхийн эмнэлэгт 3-аас доошгүй жил ажилласан дадлага туршлагатай, эмчлэх эрх бүхий эмчийг /цаашид дадлагажуулагч гэх/ дагалдуулан ерөнхий мэргэжлийн эмчээр ажиллуулах.
3.3. Дадлагажигчийг ажиллах нөхцөл, орон сууцаар хангах
3.4. Дадлагажигчид засгийн газрын тогтоосон цалингийн сүлжээг үндэслэн цалин олгох.
3.5. Дадлагажигчийн ажлыг улирал, жилээр дүгнэн үнэлгээ өгөх.
3.6. Дадлагажигчийн байгууллагатай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний тайланг хагас жил тутам харьяа Эрүүл мэндийн газарт ирүүлэх
3.7. Гэрээт хугацаа дууссан дадлагажигчид аймаг, нийслэлийн ЭМГ-аас сум, сум дунд, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээний тайлан, ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримтыг үндэслэн Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвд тодорхойлолт ирүүлэх.
3.8.Дадлагажуулагч эмчид хариуцлагын нэмэгдэл олгож, жилд 4 багц цаг тооцно.
4. Дадлагажуулагчийн эрх, үүрэг
4.1. Дадлагажигчийн ажилд хяналт тавин мэргэжлийн заавар зөвлөгөө өгч эмнэлэгийн тусламж үйлчилгээний өдөр тутмын үйл ажиллагаанд тогтмол оролцуулах
4.2. Шаардлагатай бол тухайн дадлагажигчийг ажиллуулахгүй байх, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эсэхийг хойшлуулах асуудлыг дээд шатны Эрүүл мэндийн байгууллагад тавих
4.3. Дадлагажуулагч нь дадлагажигчийн мэргэжлийн алдаа гаргахаас сэргийлэх ба хариуцлагыг хамтран хүлээнэ.
5. Дадлагажигчийн эрх, үүрэг
5.1. Эмнэл зүйн болон эмнэлэгийн тусламжтай холбоотой тулгарсан аливаа асуудлаар дадлага туршлагатай эмч нараас зөвлөгөө, тусламж авах
5.2. Үйлчлүүлэгчид мэргэжлийн зөвлөгөө өгөх, эрүүл мэндийн боловсрол олгох арга барилд сургах
5.3. Дадлага туршлагатай эмч болохын тулд бүх боломжоо дайчлан ажиллах
5.4. Оношлогоо, эмчилгээний гардан хийх үйлдэлд суралцах, туршлага хуримтлуулах
5.5. Ажиллаж буй эмнэлэгийн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглах
5.6. Дадлагажигч хуваарийн дагуу гэрээт газар очиж эмч, эмнэлэгийн ажилтны ёс зүйн хэм хэмжээг чанд мөрдөн ажиллах
5.7. Дадлагажуулагч түр хугацаагаар эзгүй үед дадлагажигч нь асуудлыг бие даан өөрийн эрх үүргийн хэмжээнд шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд асуудлыг дээд шатны байгууллагад тавьж зааварчилга авч ажиллах
5.8. Үйлчлүүлэгчийн оношлогоо, эмчилгээний талаар эмчлэгч эмчийн хэмжээнд шийдвэр гарган дадлагажуулагч эмчид танилцуулах
5.9. Эмнэлэгийн бичиг баримт, өвчний түүхийг журмын дагуу хөтөлж дадлагажуулагч эмчээр хянуулж байх
5.10. "Зонхилон тохиолдох өвчин эмгэгийн оношлогоо эмчилгээний удирдамж", "Эрүүл мэндийг хамгаалах технологи, эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдэлийн стандарт" болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой бусад стандарт, тушаал шийдвэрүүдийг баримтлан ажиллах.
Текст томруулах
A
A
A