A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
 
МАГИСТР, ДОКТОРЫН  СУРГАЛТ ЭРХЛЭХЭД БАРИМТЛАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
 
     Нэг. Нийтлэг үндэслэл
 
                                                        1.Журмын зорилт
 
1.1.Энэхүү нийтлэг журмын зорилго нь дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид "сургууль" гэнэ)-д дээд боловсролын магистр, докторын сургалт эрхлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2.Сургуулийн хэмжээнд баримтлах магистр, докторын сургалтын журам (цаашид "сургалтын журам" гэнэ)-ыг энэхүү журамд нийцүүлэн тухайн сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, сургуулийн захирал батална.
 
                                        2.Сургалтын агуулга
2.1.Магистр, докторын боловсролын агуулга нь суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм  шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр төвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд   чиглэнэ.
 
                                      3.Сургалт эрхлэх эрх
 
3.1.Зохих нөхцлийг хангасан сургууль нь магистр, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" болон "Боловсролын тухай" хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн дагуу боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас авна.
 
3.2.Магистр, докторын сургалт эрхлэх сургууль нь тухайн чиглэлээр 3-аас доошгүй жил суурь болон хавсарга судалгаа шинжилгээний ажлыг өөрийн мэргэшсэн, туршлагатай багш нарын хүчээр тасралтгүй явуулж үр дүнд хүрсэн, энэхүү судалгааны ажилд зохих хөрөнгө төсөвтөө тусган зарцуулдаг байна.
 
3.3.Сургууль нь магистр, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахаас өмнө магистрант, докторант элсүүлэх тухай нийтэд зарлах, сурталчлах, элсүүлэхээр тохиролцох, элсэлт авахыг хориглоно.
 
 
                                  Хоёр.Сургалтын орчны шаардлага
 
                                                             4.Удирдлага
 
4.1.Магистр, докторын сургалт эрхэлдэг сургууль нь энэ төвшний  сургалтын  ажил  хариуцсан удирдлагын нэгжтэй байна.  Энэхүү нэгжийн дарга (захирал, эрхлэгч)-нь удирдах ажил буюу багшлах ажлын 3-аас доошгүй жилийн туршлагатай, судалгаа шинжилгээний ажил хийдэг, докторын зэрэгтэй хүн байна.
 
       4.1.1. Энэхүү журмын 4.1.-д дурдсан нэгж нь сургуулийн хэмжээний магистр, докторын сургалтыг нэгдсэн удирдлагаар хангах, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавих, магистр, докторын зэрэг хамгаалах зөвлөл байгуулах ажлыг зохион байгуулах, холбогдох мэдээллийн сан бүрдүүлэх үүрэгтэй.
 
4.2.Сургууль  нь магистр, докторын зэргийн сургалтад хичээл заадаг багш нарт тухайн төвшний сургалтын онцлог, хөдөлмөр зарцуулалт болон тэдний мэргэжлийн ур чадварт дүйцсэн цалин хөлс олгоно.
 
4.3.Сургууль нь багш нараа  судалгаа шинжилгээний ажил эрхлэх боломж, нөхцөл бүрдүүлнэ.
 
4.4.Магистр докторын сургалтыг тухайн сургуулийн мэргэжлийн тэнхим буюу профессорын баг хариуцаж зохион байгуулна.
 
 5.Багш
 
5.1.Магистрын сургалтад мэргэжлийн хичээл заадаг багш, докторын сургалтад хичээл заадаг багш нь бүгд тухайн чиглэлээр докторын зэрэгтэй байх шаардлагатай.
 
5.2.Магистр, докторын сургалтад оролцдог бүх багш судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг байх ёстой.
 
                            6.Магистрант, докторантын удирдагч
 
6.1.Сургалтын байгууллага магистрант, докторантын элссэн улиралд багтаан суралцагч нэг бүрээр эрдэм шинжилгээний ажлын удирдагч (Цаашид "удирдагч" гэнэ) томилно. 
 
6.1.1.Докторын ажил (Цаашид "диссертац" гэнэ)-ын сэдвийн онцлогийг харгалзан хамтарсан удирдагч томилж болно.
 
6.1.2. Удирдагч тухайн сургуулийн үндсэн багш байна. Тухайн сургуулийн магистр, докторын сургалтад хамтран оролцдог, энэхүү журмын 7.2.-т заасан үүргийг биелүүлэх боломжтой гадны байгууллагын судалгаа шинжилгээний  ажил эрхэлдэг ажилтныг удирдагчаар томилж болно. Энэ тохиолдолд тухайн салбар чиглэлээр удирдагчаар ажиллуулах үндсэн багш ба гадны байгууллагын хүмүүсийн тооны харьцаа 2:1 –ээс багагүй байна.
 
6.2.Удирдагч нь магистрын ажил, диссертацын сэдэв тодорхойлох, суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулах, судалгааны ажил хийх болон магистрын ажил, диссертац бичих явцад тодорхой хуваариар мэргэжлийн зөвлөгөө өгч, хяналт тавих, ажлын агуулгыг хэсэг бүрээр болон бүхэлд нь дүгнэх, удирдсан магистрын ажил, диссертацыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх, эрдэм шинжилгээний болон судалгааны семинар зохион байгуулж суралцагч уг семинарт судалгааны ажлынхаа үр дүнг илтгэн хэлэлцүүлж байх нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй.
 
6.3.Магистрын ажлын удирдагч нь докторын зэрэгтэй, тухайн чиглэлээр 5-аас цөөнгүй жил дээд боловсролын байгууллагад багшилсан буюу эрдэм шинжилгээний ажил эрхэлсэн, сүүлийн 5 жилд 3-аас цөөнгүй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шилж сонгож хэвлэдэг (реценз бүхий) мэргэжлийн хэвлэлд хэвлүүлсэн, докторын ажлын удирдагч нь энэ шаардлагаас гадна мөн тухайн чиглэлээр сүүлийн 3 жилд 1-ээс цөөнгүй ганц сэдэвт зохиол буюу эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлсэн байвал зохино.
 
 
6.4.Удирдагч томилох, нэг багшийн удирдах магистрант, докторантын тоог тогтоох асуудлыг тухайн сургуулийн сургалтын журамд заавал тусгана.  Магистрын ажил, диссертац удирдах нь багшийн ажлын үндсэн ачаалалд тооцогдоно.
 
        7.Номын сан, мэдээллийн бааз
 
            7.1.Сургуулийн номын сан нь магистр, докторын сургалт явуулж буй чиглэлүүдээр мэргэжлийн сэтгүүл захиалдаг, интернетэд холбогдсон, магистр, докторын сургалтын чиглэл бүрд хүрэлцэхүйц хэмжээний ном, сурах бичигтэй байхаас гадна мэргэжлийн сэтгүүл, ном зүйн лавлагаа, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний цувралын сантай байх ёстой.
 
            7.2.Номын сангийн чанарыг уншигчдад хүргэх мэдээллийн цар хүрээ, уг мэдээллийн шинжлэх ухааны төвшин, шинжлэх ухааны олон салбарыг төлөөлж чадахуйц эх сурвалж болж буй байдал, ном хэвлэлийн шинэлэг байдал зэрэг хүчин зүйлээр тодорхойлно.
 
            7.3.Номын сан нь магистрант, докторантад зориулсан уншлагын танхимтай байх ёстой.
 
7.4.Сургууль нь магистрант, докторантыг интернет байнга ашиглах боломжоор хангана.
 
7.5.Сургуулиуд жилд 1-ээс доошгүй удаа хэвлэдэг өөрийн эрдэм шинжилгээний  сэтгүүлтэй байна.
 
                              Гурав.Сургалтын үйл ажиллагаа
    8.Магистрант, докторант элсүүлэх
 
8.1.Магистрантурт элсэх хүн бакалаврын, докторантурт элсэх хүн магистрын  зэрэгтэй байна.
 
8.1.1.Иргэн  өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр дараагийн шатны магистрын зэргийн сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад  шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөн үзнэ. Ийнхүү үзсэн хичээлийг магистрын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.
 
8.1.2.Иргэн  өмнө эзэмшсэн магистрын зэрэг хамгаалсан чиглэлээс өөр чиглэлээр дараагийн шатны докторын зэргийн сургалтад хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад  шаардагдах зөрүү гарсан хичээлийг нөхөн үзнэ. Ийнхүү үзсэн хичээлийг докторын зэрэг олгох үндсэн хичээлд хамааруулахгүй.
 
8.2.Сургууль нь магистр, докторын боловсрол эзэмших хүмүүсийг элсүүлэхэд тавих шаардлагыг сургуулийн дүрэм эсхүл сургалтын журамдаа тодорхой тусгана.  Сургууль нь элсэгчдийн өмнө нь эзэмшсэн боловсрол болон бусад шаардлагыг тусгасан тусгай нөхцөл тавьж болно. Магистрант, докторант элсүүлэх ажил нь тухайн төвшний сургалтад амжилттай суралцаж чадах хүмүүсийг сонгон шалгаруулж элсүүлэх уралдаант шалгалт байна.
 
8.3.Ижил чиглэлээр  сонгон шалгаруулах шалгалтыг холбогдох сургуулиуд хамтран зохион байгуулж болно. Шалгаруулалтын нэг хэсэг болгон төвшин тогтоох шалгалтыг үнэлгээний ажлаар мэргэшсэн хөндлөнгийн байгууллагаар төвлөрсөн байдлаар зохион байгуулж болно.
 
8.4. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага элсэгчдийн тоог холбогдох сургуулийн тусгай зөвшөөрлийн нөхцөл, саналыг үндэслэн тогтооно.
 
8.5.Магистрант, докторантыг сургалт эрхлэх зөвшөөрөл авсан хөтөлбөрөөр сургахаар элсүүлнэ.
 
8.6.Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтад хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар   хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэлцээрт заасан нөхцлийг баримтална.
 
8.7.Магистрант, докторантаар суралцуулах тухай захирлын тушаал гарснаар иргэнийг тухайн сургуульд элссэнд тооцно. Тушаалд сургалтын чиглэл, сургах хэлбэрийг тодорхой заасан байна.
 
8.8.Магистрант, докторант элсүүлэх ажлыг хичээлийн улирал эхлэхээс 10-аас доошгүй хоногийн өмнө дуусгасан байхаар зохион байгуулна.
 
9.Суралцагчийг бүртгэх, шилжилт хөдөлгөөн
 
9.1.Суралцагчийг бүртгэх, чөлөө олгох, сургуулиас хасах, чөлөөлөх, шилжиж ирсэн суралцагчийн хувьд дүйцүүлэн тооцож болох багц цагийн дээд хэмжээ, үргэлжлүүлэн сургах асуудлыг сургуулийн сургалтын журамд нарийвчлан тусгана. Шилжин ирсэн суралцагчийн бусад сургуульд судалсан хичээлээс дүйцүүлэн тооцож болох багц цагийн хэмжээ магистрантурын тухайд 10, докторантурын тухайд 20 багц цагаас ихгүй байна.
 
                  10.Хичээлийн жил, улирал, сургалтын хугацаа
 
10.1.Магистр, докторын сургалтын хичээлийн жил 15-аас доошгүй долоо хоног бүхий хоёр улирлаас тогтоно.
 
10.2.Өдрийн хэлбэрээр суралцагч (бүрэн ачаалалтай суралцагч)-ийн нэг улирлын ачаалал  9-12 багц цаг байна.
 
10.3.Өдрийн бус хэлбэрээр суралцагчийн нэг улирлын ачаалал  нэг улиралд 6- багц цагаас ихгүй байна.
 
10.4.Тэнхмийн зөвшөөрлийг үндэслэн суралцагч авъяас чадвар, бэлтгэлээсээ хамааруулан нэг улиралд 3 хүртэл  багц цагийн хичээл нэмж үзэж болно.
 
10.5.Магистр, докторын сургалтын норматив хугацааг сургуулийн сургалтын журамд тусгана. Магистрын ажил, диссертацаа судалгааны ажлын төлөвлөгөөнд заасан норматив хугацаанд гүйцэтгэж өргөн бариагүй буюу магистрын ажил, диссертацаа хамгаалж чадаагүй суралцагчийн суралцах хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно. Ийнхүү сунгасан хугацаанд сургалтаа дүүргээгүй суралцагчийг сургуулиас хасна.
 
            11.Мэдлэг, чадварыг дүгнэх
 
11.1.Суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэхдээ A, B, C, D, F гэсэн үсгэн дүн, 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн болон процентон дүн хэрэглэнэ. Үсгэн, процентон болон  тоо (оноо)-н дүнгүүдийг дараах жишгээр нэгээс нөгөөд шилжүүлнэ.
 
Үсгэн дүн
Тоон дүн
Процентон дүн
A
4.0 
90-100
B
3.0
80-89
C
2.0 
70-79
D
1.0
60-69
F
0    
0-59
 
11.2.Сургууль суралцагчийг зарим хичээлд С буюу түүнээс дээш дүн авсан байх шаардлага тавьж болно.
                                   
                                12.Агуулга, сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр
 
            12.1.Дээд боловсрол эзэмшүүлэх магистрын сургалт 30, докторын сургалт 60 багц цагаас тус тус доошгүй байна.
 
12.2.Магистр, докторын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий сургалтын байгууллагын захирал  өөрийн сургууль дээр мөрдөх магистр, докторын үлгэрчилсэн сургалтын төлөвлөгөөг сургалтын чиглэл бүрээр Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн батална.
 
12.3.Энэхүү дүрмийн 12.2-д дурдсан үлгэрчилсэн сургалтын төлөвлөгөөг үндэслэн суралцагч бүр удирдагчтайгаа зөвшилцөн ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулна. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах, батлах, өөрчлөлт оруулах асуудлыг сургуулийн сургалтын журамд тусгана.
 
12.4.Сургалтын төлөвлөгөөн дэх хичээл бүрийн хөтөлбөр нь уг хичээлийн зорилго, багтаамж, судлагдахуун, ашиглах сурах бичиг, ном зохиол, лавлах зэргийг заавал багтаасан байна.
    
12.5.Магистрантурын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүд судалгааны арга зүй, англи хэл, мэргэжлийн болон мэргэших хичээл, магистрын ажил гэсэн бүтэцтэй байна. Мэргэших хичээл 15 багц цагаас багагүй, магистрын ажил 6 багц  цагийн багтаамжтай байна.
 
12.6.Докторын сургалтын төлөвлөгөөн дэх хичээлүүд эрдэм шинжилгээний арга зүй, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээл, эрдэм шинжилгээний ажил, диссертац   гэсэн бүтэцтэй байна. Эрдэм шинжилгээний арга зүйн хичээл нь сургалтын чиглэлийн онцлогоос хамаарч нэг буюу хэд хэдэн хичээлээс бүрдэх бөгөөд агуулгад нь тоон болон чанарын судалгааны арга зүйн асуудлуудыг тусгана. Мэргэшүүлэх хичээл нь докторантын сургалтын нарийн чиглэл, диссертацын судалгааны чиглэлд хамаатай байх бөгөөд нийтдээ 30 багц цагаас багагүй байна. Эрдэм шинжилгээний ажил нь докторант сонгосон сэдвийнхээ чиглэлээр удирдагчийн удирдлагын дор зохион байгуулалттай, системтэй, батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж буй судалгааны ажил байх бөгөөд нийт багтаамж нь 6 хүртэл багц цаг байна.  Диссертац  12 багц цагийн багтаамжтай байна.
 
13.Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт
 
13.1.Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа гадаад хэлний шалгалт өгнө. Энэ шалгалтыг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна.
 
13.2.Докторант хичээлээр авах багц цагийг гүйцээсний дараа гадаад хэлний болон мэргэжил, мэргэших чиглэлээрх мэдлэг, диссертац бичихэд шаардлагатай бие даасан судалгаа явуулах чадварыг нотлох зорилго бүхий нэгдсэн шалгалтыг тус тус өгнө. Эдгээр шалгалтыг гурваас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй комисс зохион байгуулна.
 
13.3.Гадаад хэлний болон нэгдсэн шалгалт авах журмыг сургуулийн сургалтын журамд тусгана.
 
13.4.Гадаад хэлний шалгалтад хангалттай дүн авч чадаагүй  (Тухайн сургуулийн шаардлагыг хангаагүй) суралцагч гадаад хэлний зохих сургалтад хамрагдан дахин шалгалт өгнө. Энэхүү сургалтын хугацаа болон багтаамж сургалтын норматив хугацаа, багтаамжид тооцогдохгүй.
 
14.Сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөө
 
14.1.Магистрант нийт судлах хичээлийн 2/3-ыг үзсэний дараа магистрын ажлын сэдэв, судалгаа хийх төлөвлөгөөг тус тус батлуулна.
 
14.2.Докторант энэхүү журмын 13.2-д заасан шалгалтуудыг өгсний дараа диссертацын сэдэв, судалгаа хийх төлөвлөгөөг тус тус батлуулна. Судалгааны ажлын төлөвлөгөө нь зорилго, энэ зорилгыг тодорхойлох хүртэл хийсэн онолын судалгааны тойм, судалгааны арга, суралцагчийн хийх судалгааны төлөвлөгөөг багтаасан байна.
 
14.3.Магистрын ажил, диссертацын сэдэв, судалгааны ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах процедур, суралцагчийн судалгааны ажлын төлөвлөгөө, магистрын ажил, диссертацид тавих сургуулийн хэмжээний нийтлэг шаардлагыг сургуулийн сургалтын журамд тусгана. 
 
14.4.Докторант судалгааны ажлын төлөвлөгөөгөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 187 дугаар тушаалаар баталсан "Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрэм"-ийн 3.3-д заасан Зөвлөх комиссын хуралдаанаар заавал хэлэлцүүлнэ.
 
                                                        15.Магистрын ажил
 
15.1.Магистрын ажлыг Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. Магистрын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
 
15.2.Магистрын ажлыг  тухайн сургуулиас баталсан загвар, шаардлагын дагуу бичнэ.
 
15.3.Магистрын ажилд судалгааны  шинэ үр дүнг тусгана. Магистрын ажлын судалгааг (диссертацын ажлын нэгэн адилаар) системтэй, шинжлэх ухааны аргаар явуулна.
 
15.4.Магистрын ажлыг хамгаалалтад хамгаалалтад оруулах зөвшөөрөл өгөх журмыг сургуулийн сургалтын журамд тусгана.
 
16.Диссертац
 
16.1.Диссертацыг Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд хамгаална. Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн дүрмийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална.
 
16.2.Диссертацид дараахь шаардлага тавина:
 
        16.2.1.харгалзах салбарын мэдлэгт холбогдол бүхий зорилтыг шийдсэн эсхүл улс орны нийгэм, эдийн засагт холбогдолтой практик асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй (арга, аргачлалын дагуу нотлон)-гээр шийдсэн байх;
        16.2.2.горилогч дэвшүүлж буй шинэ шийдлийн үндэслэлээ нарийвчлан нотолсон, урьд өмнө хийгдсэн мэдэгдэж  буй бусад шийдлүүдтэй харьцуулж, шүүмжлэлтэйгээр шинэлэг талыг нээн харуулсан байх;
        16.2.3.зохих загвар шаардлагыг баримталсан, дотоод нэгдэлтэй, шинжлэх ухааны судалгааны хэлний хэм хэмжээний дагуу бичсэн байх.
 
16.3.Диссертацыг  монгол хэлээр бичнэ. Диссертацын тухай товч танилцуулгыг англи хэл дээр 3 хуудаст багтаан бичиж, диссертацын эцэст  хавсаргана.
 
16.4.Горилогчийн хүсэлт, Докторын зэрэг хамгаалуулах Зөвлөлийн бүрэлдэхүүний дийлэнх олонхийн зөвшөөрснөөр диссертацыг ажлыг англи хэл дээр бичүүлж, хамгаалалтыг англи хэл дээр явуулж болно.
 
16.5.Диссертацыг хамгаалалтад оруулах зөвшөөрөл олгох журмыг сургалтын журамд тусгана.
 
                        17.Магистрын ажил, диссертацид  иш татахад тавих
                                               шаардлага
 
17.1.Горилогч Магистрын ажил, диссертацид  ашигласан материал буюу тодорхой үр дүнгийн зохиогч ба эх сурвалжийг заавал иш татна. Энэхүү иш татах шаардлага нь өөрөө дангаар болон бусадтай хамтран хийсэн эрдэм шинжилгээний ажлын хувьд ч мөн хамаарна.
 
17.2. Магистрын ажил, диссертацын ном зүй гэсэн хэсэгт  зөвхөн уг ажилд иш татсан бүтээлүүдийг  тусгана.
 
                                    18.Судалгааны үр дүнг хэвлүүлэх
 
18.1.Докторант судалгааны ажлын төлөвлөгөөний дагуу хийсэн өөрийн судалгааны ажлын үр дүнгийн талаар тухайн чиглэлийн дотоодын мэргэжлийн үнэлгээнд үндэслэн шилж сонгон хэвлэдэг мэргэжлийн эрдэм шинжилгээний бие даасан сэтгүүлүүдэд 2-оос доошгүй өгүүлэл заавал хэвлүүлсэн байна. Тухайн сургууль гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл бичиж хэвлүүлэх шаардлага тавьж болно.
 
18.2.Энэхүү журмын 18.1-д заасан шаардлагыг докторант хангаагүй бол диссертацыг Докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэхгүй.
 
                        19.Магистрын ажил, диссертац тушаах
 
19.1.Зохих шаардлагыг ханган бүрэн эцэслэсэн магистрын ажил, диссертацын 2-оос доошгүй хувь дээр удирдагч, хамгаалуулах зөвлөлийн гишүүд гарын үсэг зурна. Эцэслэсэн магистрын ажил, диссертацыг хэдэн хувь бэлтгэж тушаахыг сургуулийн сургалтын журамд тусгана. Зохиогч диссертацынхаа хувийг Үндэсний номын сан, Мэдээллийн технологийн үндэсний парк, түшиглэсэн болон суралцагчийн суралцсан сургуулийн номын санд, магистрын ажлын хувийг тухайн сургуулийн номын санд заавал хүлээлгэн өгнө.
 
19.2.Сургууль магистрын ажил, диссертацыг электрон хэлбэрээр авч болно.
 
                        20.Магистр, докторын зэрэг олгох шийдвэр гаргах
 
20.1.Сургалтын хөтөлбөрийг дүүргэсэн, сургуулиас тогтоосон голч дүнгийн шаардлага хангасан, магистрын ажил, диссертацаа амжилттай хамгаалсан, магистрын ажил, диссертацаа  хянан засварлаж эцэслэн холбогдох этгээдэд тушаасан болон сургуулийн бусад шаардлагыг  хангасан магистрант, докторантад захирлын тушаалаар магистр, докторын зэрэг олгохоор шийдвэрлэнэ.
 
                                         ооооооОооооооо