A

A

A

Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын
2008 оны 1 дүгээр сарын 14 ны өдрийн
 22 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
 
 
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН СУРАХ БИЧИГ ХАНГАЛТЫН ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1   Энэхүү журмын зорилго нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчийг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын талаар баримтлах бодлого, бага, дунд боловсролын болон сурах бичгийн стандартын шаардлага хангасан, сургалтын төлөвлөгөөнд нийцсэн сурах бичгээр хангахад үүсэх харилцааг зохицуулахад  оршино.
 
1.2   Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зориулсан сурах бичгийг зарлах, бүртгэх, зохиох, сурах бичгийн эхэд дүгнэлт гаргах, зөвшөөрөл олгох, хэвлэх, түгээх, нөхөн хангахад энэхүү журмыг баримтална.
 
1.3   Сурах бичгийн эх зохиох, хэвлэлийн эх бэлтгэх, турших, хэвлэх, сурталчлах, түгээх, борлуулах, нөхөн хангах цогц үйл ажиллагааг зохиогчийн баг, түүнтэй гэрээ байгуулсан хэвлэлийн компанитай хамтран гүйцэтгэнэ.
 
1.4   Боловсролын стандарт өөрчлөгдөх бүрт сурах бичиг шинэчлэгдэнэ.
 
1.5   Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид "яам" гэнэ)-аас зөвшөөрөл олгоогүй сурах бичгийг ерөнхий боловсролын сургалтад ашиглахыг хориглоно.
 
Хоёр. Сурах бичгийг зарлах, бүртгэх
 
2.1   Яам жил бүр шинээр хэвлэх сурах бичгийн нэр, хэвлэлийн хуудас, тухайн сурах бичигт болон эх зохиох багийн бүрэлдэхүүнд тавих шаардлага, бүртгэх болон сурах бичгийн эхийг хүлээн авах хугацаа, өрөө, сурах бичгийн хамт ирүүлэх бусад материал (сурах бичгийн арга зүй, эх зохиох ажлын менежмент болон сурах бичиг зохиох төлөвлөгөө, график, хэвлэлийн компанитай байгуулсан гэрээ)-ыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэгээс доошгүй жилийн өмнө зарлана.
 
2.2   Зохиогчийн баг шинээр хэвлэх сурах бичгийн нэрийг нийтэд зарласнаас хойш хоёр сарын дотор хамтран ажиллах хэвлэлийн компанийг сонгон гэрээ байгуулан, сурах бичиг хангах үйл ажиллагаанд оролцохоо мэдэгдэж, албан ёсны маягтын дагуу яаманд бүртгүүлнэ.
 
2.3   Зохиогчийн баг, хэвлэлийн компаний хооронд байгуулах гэрээнд сурах бичгийн эх зохиох, хэвлэлийн эх бэлтгэх, турших, хэвлэх, сурталчлах болон түгээх, борлуулах ажлыг зохион байгуулах хэлбэр, нөхөн хангах үйл ажиллагааг гүйцэтгэх талаар хүлээх үүрэг, хариуцлагыг заавал тусгасан байна. Гэрээнд дээрх нөхцлүүдийн аль нэг нь тодорхойгүй тохиолдолд сурах бичиг хангах үйл ажиллагаанд бүртгэхгүй.
 
2.4   Энэхүү журмын 2.2 дугаар зүйлд заасан хугацаанд нэг ч зохиогчийн баг оролцохоор бүртгүүлээгүй тохиолдолд тухайн сурах бичгийн эхийг зохиох багийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно. 
 
Гурав. Сурах бичгийн эх зохиох, хүлээн авах
 
3.1   Сурах бичгийн эх, түүнийг зохиох үйл ажиллагаа нь "Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай" хууль, "Бага, дунд боловсрол" МNS 5420:2004 стандарт, "Сурагчийн хэвлэмэл сурах бичиг" МNS 5418:2004 стандартад нийцсэн байна.
 
3.2   Зохиогчийн баг сурах бичгийн эхийг, зохиогчийн эрхийн зөвшөөрөл (бусдын бүтээлээс ашигласан тохиолдолд), танилцуулгын хамт гурван хувь бэлтгэж, тусгай дугтуйд хийсэн сурах бичгийг худалдах үнийн саналын хамт товлосон хугацаанд яаманд ирүүлнэ.
 
3.3   Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний томилсон ажлын хэсэг сурах бичгийн эх болон холбогдох материалыг товлосон хугацаанд хүлээн авна.
 
3.4   Ажлын хэсэг энэхүү журмын 3.3 дугаар зүйлд заасан материалыг албан ёсны маягтаар хүлээн авна. Талууд сурах бичгийн эхийг хүлээлцсэн тухай тэмдэглэл үйлдэж баталгаажуулсан байна.
 
3.5   Сурах бичгийн эхийг, холбогдох материалын хамт шинжээчийн багт хүлээлгэж өгснөөр ажлын хэсгийн үйл ажиллагаа дуусгавар болно.
 
Дөрөв. Сурах бичгийн эхэд үнэлгээ өгөх, дүгнэлт гаргах,
 
4.1   Сурах бичгийн шинжээчид (цаашид "шинжээч" гэнэ) тавих мэргэжил, ёс зүйн шаардлага, ажлын чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, эрх олгоно.
 
4.2   Сурах бичгийн эх тус бүрт дүгнэлт гаргах шинжээчийн багийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилж ажиллуулна.
 
4.3   Шинжээчийн баг нь сурах бичгийн эх, чанарт дараах гурван үе шат бүхий үнэлгээ, дүгнэлт хийнэ.
 
4.3.1      Сурах бичгийн эх "Бага, дунд боловсрол" МNS 5420:2004 стандарт, "Сурагчийн хэвлэмэл сурах бичиг" МNS 5418:2004 стандартад нийцсэн байдал болон сурах бичгийн агуулга, арга зүйн шийдэл нь сургалтад хэрэглэх боломжтой эсэхэд үнэлгээ өгч, түүнд үндэслэн "хамгийн сайн" нэг сурах бичгийг шалгаруулан дүгнэлт гаргаж яаманд өгнө.
 
4.3.2      Шалгарсан сурах бичгийг шинжээчийн багийн зөвлөмжийн дагуу сайжруулсан эсэх болон хэвлэлтэд шилжүүлэх тухай эцсийн дүгнэлт гаргана.
 
4.3.3      Сурах бичгийг хэвлэлтээс "Сурагчийн хэвлэмэл сурах бичиг" МNS 5418:2004 стандартын 8 дугаар зүйлд заасны дагуу хэвлэлтийн чанарт үнэлгээ хийж, хүлээж авна.
 
4.4   Яам сурах бичгийн эхэд шинжээчийн хийсэн үнэлгээ, дүгнэлт, зөвлөмжийг зохиогчийн багт албан ёсоор мэдэгдэнэ.
 
Тав. Сурах бичгийн эхийг сайжруулах, зөвшөөрөл олгох,
гэрээ байгуулах
 
5.1   Яам тухайн шалгарсан сурах бичгийн эхийг хэрхэн сайжруулах талаарх шинжээчийн багийн зөвлөмжийг албан ёсны маягтын дагуу зохиогчийн багт өгнө.
 
5.2   Зохиогчийн баг зөвлөмжийн дагуу сурах бичгийг сайжруулж, зөвлөмж хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан сурах бичгийн хэвлэх эхийг эцсийн байдлаар яаманд ирүүлнэ.
 
5.3   Шинжээчийн баг сурах бичгийн эхийг хэвлэх талаарх эцсийн дүгнэлтийг гаргана. Яам энэхүү дүгнэлтийг үндэслэн зохиогчийн багт хэвлэх зөвшөөрлийг өгнө.
 
5.4   Зохиогчийн баг хэвлэх зөвшөөрөл авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан сурах бичгийн эхийг электрон, ажлын 15 хоногт багтаан хэвлэмэл хэлбэрээр яаманд үнэ, төлбөргүй өгнө. Яам уг эхийг хэвлэх, түгээх эрх эдлэхгүй.
 
5.5   Зохиогчийн багийн хэвлэлийн компанитай байгуулсан гэрээг үндэслэн, яам  сурах бичгийн хэвлэлтийн чанар, түгээх, борлуулах хугацаа, нийлүүлэх тоо хэмжээ, үнийн талаар зохиогчийн багтай гэрээ байгуулна.
 
5.6   Энэхүү журмын 2.4-т дурдсан нөхцөл үүссэн тохиолдолд зохиосон сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, түгээх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
 
5.7   Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, гүйцэтгэгчийг сонгон дүгнэлт гаргана. Энэхүү дүгнэлтийг үндэслэн Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн зөвшөөрөл олгоно.
 
Зургаа. Сурах бичгийг хэвлэх, түгээх, борлуулах, нөхөн хангалт хийх
 
6.1   Сурах бичгийн хавтас дээр яамнаас зөвшөөрсөн тухай бичиглэл, сурах бичигт шинжээчээр ажилласан хүмүүсийн нэрийг бичиж хэвлэнэ.
 
6.2   Эмзэг бүлгийн өрхийн хүүхдэд олгох сурах бичгийг "Сургуулийн номын санд" гэсэн бичиглэл хийж, үнийг бичихгүй. Зөвхөн борлуулах сурах бичигт үнийг бичиж хэвлэнэ.
 
6.3   Эмзэг бүлгийн өрхийн хүүхдэд олгох сурах бичгийн түгээлтийг яам хариуцна.
 
6.4   Зохиогчийн баг гэрээ байгуулсан хэвлэлийн компанитай хамтран хэрэглэгчдэд сурах бичгийг худалдан авах боломжтой хэлбэрээр түгээлтийг зохион байгуулж, гэрээнд заасан үнээр борлуулна.
 
6.5   Ерөнхий боловсролын сургуулийн захиалгын дагуу өмнө хэвлэсэн сурах бичгийг дахин хэвлэх, нөхөн хангалт хийж байх үүргийг зохиогчийн баг хүлээнэ.
 
6.6   Сурах бичгийг зөвхөн гэрээт борлуулагч борлуулж, түгээнэ. Гэрээт борлуулагч нь боловсролын байгууллагын ажилтан байж болохгүй.
 
6.7   Сурах бичгийн түгээлт, борлуулалт, ашиглалтын байдалд яам, аймаг, нийслэлийн Боловсролын газар хяналт тавьж ажиллана.
 
Долоо. Эмзэг бүлгийн өрхийн хүүхдэд сурах бичиг олгох
 
7.1   Яам эмзэг бүлгийн өрхийн хүүхдэд сургуулийн номын сангаар дамжуулан олгох сурах бичгийн хяналтын тоог статистик мэдээнд үндэслэн аймаг, нийслэл, дүүргээр тогтоож, аймаг, нийслэлийн Боловсролын газарт хүргүүлнэ.
 
7.2   Яамнаас баталсан хяналтын тоог үндэслэн аймаг, нийслэлийн Боловсролын газар сургуулийн номын санд үнэ төлбөргүй олгох сурах бичгийг сургууль тус бүрээр тогтоон жил бүрийн 3 дугаар сард багтаан яам болон ерөнхий боловсролын сургуулиудад хүргүүлнэ.
 
7.3   Сургууль нь номын санд хуваарилсан сурах бичгийг үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авна.
 
Найм. Хүлээх хариуцлага
 
8.1           Сурах бичгийг хугацаанд нь нийлүүлээгүй буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зохиогчийн баг, хэвлэлийн компани дараа жилийн сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх үйл ажиллагаанд оролцох эрхгүй байна.
 
8.2           Энэхүү журмын заалтыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
 
Ес. Гомдол, маргааныг хянан шийдвэрлэх
 
9.1   Энэхүү журмын хэрэгжилттэй холбоотой гомдлыг яам 30 хоногийн дотор шийдвэрлэж хариу өгнө.
 
9.2   Яамны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандаж болно.
 
Арав. Журамд шилжих зохицуулалт
 
10.1       Энэхүү журмын 2.1 дугаар зүйл нь 2008-2009 оны хичээлийн жилд шинээр хэвлэх сурах бичигт хамаарахгүй бөгөөд дээр дурдсан хичээлийн жилд хэвлэх сурах бичгийн эх зохиох багийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
 
10.2       Шалгарсан сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, түгээх ажлын гүйцэтгэгчийг тус журмын 5.6, 5.7 дугаар зүйлд заасан нөхцлөөр сонгон шалгаруулна.
 
Арван нэг. Бусад
 
11.1       Сурах бичгийн эхэд үнэлгээ хийж, дүгнэлт гаргах болон сургуулийн номын санд худалдан авах сурах бичгийн зардлыг төр хариуцна.
 
11.2       Сурах бичгийг дахин хэвлэх, борлуулах эрх тухайн сурах бичгийн зохиогчийн багт хадгалагдана.
 
11.3       Зохиогчийн баг нь сурагч, багш, эцэг эх, эрдэмтэн судлаачдын саналыг үндэслэн сурах бичгийн агуулга, арга зүй, хэл найруулга, дизайныг сайжруулж байх үүрэг хүлээнэ.
 
---  о О  о  ----