A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ТАЛААР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ БАТАЛГААНЫ ТУСГАЙ ДАНСНЫ ГҮЙЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Бүлэг: 1979

Байгаль орчны сайдын 2007 оны
1 дүгээр сарын 9-ны өдрийн 6
дугаар тушаалын хавсралт


ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ, НӨХӨН СЭРГЭЭХ ТАЛААР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ БАТАЛГААНЫ ТУСГАЙ ДАНСНЫ ГҮЙЛГЭЭНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Энэхүү журмаар ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын тухайн жилийн байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны тусгай дансны (цаашид баталгааны тусгай данс гэх) орлого, зарлагын гүйлгээнд хяналт тавих үйл ажиллагааг зохицуулна.
1.2. Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баталгааны тусгай данс нь Сангийн яамны төрийн санд байршина.
1.3. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн баталгааны тусгай данс нь сум, дүүргийн төрийн санд байршина.

Хоёр. Тусгай дансны орлогын бүрдүүлэлт

2.1. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгааны мөнгөн хөрөнгийг "Ашигт малтмалын тухай хууль"-ийн 39 дүгээр зүйлийн 1.9-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Байгаль орчны Яамны Төрийн сангийн тусгай данс, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 1.8-д заасны дагуу сум, дүүргийн Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлнэ.
2.2.Баталгааны мөнгөн хөрөнгө нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй бөгөөд тухайн жилд хүлээсэн үүргээ өөрийн хөрөнгөөр гүйцэтгэх баталгаа болно.
2.3. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг огт биелүүлээгүй, эсвэл бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга, Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, Мэргэжлийн хяналтын газар энэ журмын 2.1-т заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг нөхөн сэргээлт хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэхийг шаардах бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс Ашигт малтмалын тухай хуулийн 39.3-д заасны дагуу гаргуулна.
2.4. Энэхүү журмын 2.1-д заасан мөнгөн хөрөнгийг тухайн жилийн хайгуул, олборлолтын ажил эхлэхээс өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар Байгаль орчны яам, тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ.

Гурав. Тусгай дансны орлогын зарцуулалт

3.1. Тухайн жилд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид Байгаль орчны Яам болон сум, дүүргийн Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан тухай аймгийн байгаль орчны албаны актыг үндэслэн буцаан олгоно.
3.2 Тавин сая төгрөгөөс дээш хэмжээний баталгааны хөрөнгө төвлөрүүлсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлийн хэмжээгээр хэсэгчлэн буцаан олгож болно.
3.3. Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг гүйцэтгээгүй буюу дутуу гүйцэтгэсэн эсхүл өөрөө хүсэлт гаргасан тохиолдолд уг ажлыг байгаль орчны нөхөн сэргээлт хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж болох ба эхний ээлжинд Байгаль орчны Яам болон сум, дүүргийн Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгөөр санхүүжүүлнэ.
3.4. Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө бусдад шилжүүлсэн тохиолдолд тусгай дансанд төвлөрүүлсэн баталгааны мөнгөн хөрөнгийг байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажил бүрэн хийгдээгүй нөхцөлд буцаан олгохгүй бөгөөд нөхөн сэргээлтийн ажлыг тусгай зөвшөөрлийн эрх шилжүүлэхэд байгуулсан гэрээг үл харгалзан нөхөн сэргээлтийн асуудлыг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан этгээд хариуцна.
3.5. Тусгай дансанд төвлөрсөн хөрөнгийн орлогыг Байгаль орчны сайд, сум дүүргийн Засаг даргын эрх олгосон албан тушаалтаны гарын үсэгтэйгээр зориулалтын дагуу зарцуулна.

Дөрөв. Тусгай дансны гүйлгээнд хяналт тавих

4.1. Хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн эсэхийг тухайн сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны нөхөн сэргээлтийн комиссын нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан акт, жил бүрийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлтийн тайланг үндэслэн сум дүүргийн Засаг дарга баталгаажуулна.

4.2. Энэхүү журмын 3.2-т заасан нөхцөлөөр нөхөн сэргээлтийг гүйцэтгэсэн тохиолдолд ажлын гүйцэтгэлийг тухайн сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан комиссын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан акт, хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч, нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын хооронд хийсэн гэрээг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга баталгаажуулсан байна.

4.3. Нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй талбайд байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхдээ өмнөх нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг үндэслэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шинжээчийн дүгнэлт гаргуулан нөхөн сэргээлтийн төсөл боловсруулж, шаардагдах зардал, уг ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөг боловсруулан Байгаль орчны яамаар батлуулна.

4.4. Нөхөн сэргээлтийн эрх бүхий мэргэжлийн байгууллагын гүйцэтгэсэн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлд аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, байгаль орчны хяналтын улсын байцаагч хяналт тавина. Нөхөн сэргээсэн газрыг хүлээлгэн өгөхдөө хийсэн ажлын тайланг Байгаль орчны яаманд ирүүлэх бөгөөд нөхөн сэргээлтийг стандартын шаардлагын түвшинд хүртэл гүйцэтгэсэн эсэхэд сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч дүгнэлт, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны нөхөн сэргээлтийн асуудал хариуцсан комисс нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан акт гаргана.

4.5. Шаардлагатай тохиолдолд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн болон нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэхийг Байгаль орчны Яам, Улсын мэргэжлийн хяналтын газар, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын хамтарсан ажлын хэсэг гарган газар дээр нь очиж шалгана.

4.6. Энэхүү журмын 3.3-т заасан нөхцөл бүрдсэн тохиолдолд "Ашигт малтмалын тухай хууль"-ийн 49 дүгээр зүйлийн 4.5-д заасан Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн баталгааны мөнгөн хөрөнгийг төвлөрүүлсэн тухай баримт, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны нөхөн сэргээлтийн комиссын нөхөн сэргээлтийн ажлыг хүлээн авсан акт, тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн тайланг үндэслэл болгоно.

Тав. Бусад

5.1. Тусгай дансны орлогыг энэ журамд зааснаас өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

5.2. Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэхүү журмын 2.3 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

5.3. Тусгай дансны орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтын жил бүрийн тайланг Байгаль орчны Яамны Санхүү, эдийн засгийн хэлтсээс гаргаж тухайн жилийн 12 дугаар сард Сайдын зөвлөлийн хуралдаанд танилцуулж байна.

5.4. Сум, дүүргийн Төрийн сангийн тусгай дансны орлогын төвлөрүүлэлт, зарцуулалтын тайланг орон нутгийн байгаль орчны алба, газар, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд жил бүрийн 12 дугаар сард танилцуулж, дүнг Байгаль орчны Яаманд ирүүлж байна.




—— 000——