- Нүүр
- Сайдын тушаал
- АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, АН АМЬТНЫ ХОЛБОГДОЛТОЙ СУДАЛГААНЫ АЖЛЫН СОРЬЦ, ДЭЭЖИЙГ ГАДААД УЛСАД ГАРГАХ ЖУРАМ /БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/
/БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчны сайдын 2007 оны 292 тушаалын 1 дүгээр хавсралт
АН АМЬТАН, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, АН АМЬТНЫ ХОЛБОГДОЛТОЙ СУДАЛГААНЫ АЖЛЫН СОРЬЦ, ДЭЭЖИЙГ ГАДААД УЛСАД ГАРГАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1. Хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагсад, шавьж болон /цаашид "ан амьтан" гэх/ тэдгээрийн гаралтай түүхий эд, амьтны холбогдолтой судалгааны сорьц, дээжийг аливаа зориулалтаар гадаад улсад гаргахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээжийг гадаад улсад гаргах зөвшөөрлийг олгоход "Амьтны аймгийн тухай хууль", "Ан агнуурын тухай хууль", "Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хууль", "Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоол болон Байгаль орчны сайдын 2001 оны 32 дугаар тушаалаар батлагдсан "Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгох, хяналт тавих журам"-ыг мөрдлөг болгоно.
1.3. Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, олон улсын болон гадаадын байгууллага, Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүс энэхүү журмыг нэгэн адил мөрдөнө.
Хоёр.Ан амьтныг гадаад улсад гаргах
2.1. Нэн ховор ан амьтныг гадаад улсад гаргах зөвшөөрлийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
2.2. Нэн ховор ан амьтнаас бусад ан амьтныг амьдаар нь гадаад улсад гаргах зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон тоо хэмжээнд багтаан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгоно.
2.3. Ан амьтныг гадаад улсад гаргах зөвшөөрлийг нэг загварын, нэгдсэн дугаар бүхий хэвлэмэл тусгай маягтаар олгоно. Зөвшөөрөл олгох нэгж, албан тушаалтныг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
Гурав. Ан амьтаны гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах
3.1. Ан амьтны гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч уг түүхий эд, сорьц, дээжийн гарал үүсэл, тоо хэмжээ, чанар байдал, тэдгээрийг хэзээ, хаанаас ямар зөвшөөрлөөр хэрхэн бэлтгэсэн, эсвэл худалдан авсан, уг зүйлийг бэлтгэхтэй холбогдсон төлбөр, хураамжийн барагдуулалт, энэхүү экспортын үйл ажиллагаа нь олон улсын холбогдох гэрээ, конвенц, Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нарийвчлан хянана.
3.2. Ан амьтны гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь дор дурдсан баримтыг бүрдүүлсэн байна.
а/ тухайн түүхий эд, сорьц дээжийг бэлтгэхийн тулд ан амьтныг агнаж, барихад эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;
б/ агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтныг агнах, барих зөвшөөрлийн хураамжийг төлсөн тухай баримт;
в/ тухайн түүхий эдийг худалдан авсан бол энэ тухай хоёр талын хамтран үйлдсэн тэмдэглэл байхын зэрэгцээ энэ журмын 3.2-ын а,б-д заасан баримт бичгийг хавсаргасан байх;
г/ судалгаа, шинжилгээний ажил хийж сорьц, дээж авах тухай гадаад, дотоодын байгууллагатай хийсэн гэрээ, хэлэлцээ, судалгааны ажлын удирдамж, уг сорьц, дээжийг гадаад улсад гаргах зөвшөөрөл хүсэх тухай албан бичиг;
д/ боловсруулаагүй тарвага зурамны арьс, тарвага зурамнаас авч бэлтгэсэн түүхий эд, сорьц, дээжинд ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэсэн тухай байгалийн голомтод халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагын тодорхойлолт.
3.3. Гадаад улсад гаргах зориулалтаар ан амьтныг агнах, барихдаа "Ан агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дугаар заалт, 2 дахь хэсгийн 5 дугаар заалт, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалт болон "Жагсаалт, үнэлгээ, төлбөр хураамжийн хувь хэмжээг тогтоох тухай" Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтыг үндэслэн ан амьтан барих төлбөр, хураамжийг тухайн амьтныг барих зөвшөөрөл авахдаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллалад төлөх бөгөөд уг байгууллага нь мөн хуульд заасан хувь хэмжээгээр төлбөр хураамжийн мөнгийг улсын төвлөрсөн төсөв болон холбогдох сумын төсөвт шилжүүлнэ.
Дөрөв.Гадаад улсад гаргахыг хориглох ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд
4.1. Монгол улсын ан агнуурын хуулиар агнах, барихыг хориглосон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг гадаад улсад гаргахыг хориглоно.
4.2. Зохих журмын дагуу бэлтгэгдсэн бугын цусан ба ясан эвэр, холбогдох зөвшөөрөлтэйгөөр гадаадын анчдын агнасан ангийн олзворын зүйл /эвэр, арьс, шир г.м/ энэ зүйлийн 1-д хамаарахгүй.
Тав. Бусад зүйл
5.1. Ан амьтныг хамгаалах зорилгоор зарим ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, судалгааны сорьц, дээжийг гадаад улсад гаргахыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн14 дүгээр зүйлийн 2 дахь, 15 дугаар зүйлийн 4 дэх заалтын дагуу бүрэн буюу тодорхой хугацаагаар хориглоно.
5.2. Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенци /CITES/-ийн I ба II хавсралтад орсон амьтан, тэдгээрийн гаралтай эд зүйлийг гадаад улсад гаргах зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Конвенцийн Монголын талын Удирдан зохицуулах зөвлөлийн дарга олгоно.
5.3. Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол улсын холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
------------оОо----------
Текст томруулах
A
A
A