A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • “САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ХҮНДЭТ ТЭМДЭГ, ЯАМНЫ ШАГНАЛААР ШАГНАХАД МӨРДӨХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 18 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
 "САЛБАРЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" ХҮНДЭТ ТЭМДЭГ, ЯАМНЫ  ШАГНАЛААР ШАГНАХАД МӨРДӨХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.       Эрүүл мэндийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст  амжилт гарган үр бүтээлтэй ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан ажиллагсад, биеийн тамир спортыг  хөгжүүлэхэд болон спортын төрлүүдэд өндөр амжилт гаргасан хүмүүсийг Салбарын тэргүүний ажилтан ("Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан") хүндэт тэмдэг болон яамны шагналаар шагнахад энэхүү журмыг мөрдөнө.
 
            Хоёр. Шагналын төрөл
 
2.1.     Эрүүл мэнд, биеийн тамир спортын салбарын шагнал Засгийн газрын 1997 оны 52, 53 дугаар тогтоолд заасны дагуу  дор дурдсан төрөлтэй байна.
 
2.1.1. Засгийн газрын шагнал:
·         "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг;
·         "Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг;
 
2.1.2. Эрүүл мэндийн яамны шагнал:
·         Яамны "Хүндэт дэвтэр"-т бичиж дурсгалын гэрчилгээ олгох;
·         Яамны "Хүндэт тэмдэг"-ээр шагнах;
·         Яамны "Жуух бичиг"-ээр шагнах;
·         Мөнгөн шагнал, үнэ бүхий зүйл дурсгах;
 
Хоёр. Шагналд нэр дэвшүүлэх
 
2.2.  Шагналд нэр дэвшүүлэх санаачлаыгыг үндсэн байгууллага (төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага)-ын хамт олон гаргана. Шаардлагатай тохиолдолд харьяалах Төрийн захиргааны төв байгууллага буюу асуудал эрхэлсэн Сайд санаачилж болно.
 
2.3.     Салбарын тэргүүний ажилтан буюу хүндэт тэмдэг, яамны шагналаар шагнуулах сумын эмнэлгийн ажилтныг салбарын эрхлэгч, (ерөнхий эмч), аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилтныг ерөнхий эмч, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн эрхлэгч, ерөнхий эмч тус тусын хамт олны хурлаас нэр дэвшүүлж аймгийн Эрүүл мэндийн газарт, нийслэлийн харьяа хувийн болон төрийн эрүүл мэндийн байгууллагуудынхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт тус тус уламжилна. Аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ журмын 2.6-д заасан материалуудыг бүрдүүлж Эрүүл мэндийн яаманд уламжилна.
 
2.4.     Эрүүл мэндийн  яамны газрын дарга, харьяа байгууллагын болон агентлагийн даргыг Төрийн нарийн бичгийн дарга; яамны ажилтныг тухайн газрын дарга хамт олон; харъяа байгууллагын ажилтныг байгууллагын дарга хамт олон; бусад яам, агентлаг байгууллагын харьяа эмнэлгийн ажилтныг тухайн эмнэлгийн удирдлага тус тус нэр дэвшүүлнэ. Биеийн тамир спортын тэргүүний ажилтанд спортын клуб, сургуулийн хамт олны хурлаас нэр дэвшүүлж аймаг, нийслэлийн спортын хороогоор уламжлан  энэ журмын 2.6-д дурдсан материалуудыг бүрдүүлэн Биеийн тамир спортын улсын хороонд уламжилна.
 
2.5.     Эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан биеийн тамир, спортыг хөгжүүлэх, спортын төрлүүдэд өндөр амжилт гаргасан, төрийн болон хувийн хэвшилд ажиллагсад,  гадаадын иргэнд эдгээр шагналыг олгож болно.
 
2.6.     Шагналд тодорхойлохдоо дор дурдсан материалыг бүрдүүлнэ. Үүнд:
 
2.6.1.    Хамт олны хурлын тэмдэглэл
2.6.2.    Энэхүү журмын хавсралтаар батлагдсан анкет
2.6.3.    Ажил байдлын тодорхойлолт
2.6.4.    Шагнуулах тухай эрх бүхий албан тушаалтны гарын үсэгтэй албан бичиг
2.6.5.    Урьд шагнагдсан бол түүний хуулбар
2.6.6.    Онцгой амжилт гаргасан бол түүнийг гэрчлэх баримт бичиг, шийдвэрийн 
                    хуулбар
2.6.7.   Холбогдох дээд байгууллагын санал (дээд шатны байгууллагын удирдах     буюу зөвшилцөх нэгжийн шийдвэрийг үндэслэн харьяалах аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын зөвлөлийн хурлын шийдвэр)
 
2.7.     Шагнуулах хүмүүсийн тодорхойлолтыг энэ журмын 4.2-т заасан тэмдэглэлт өдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Эрүүл мэндийн яаманд ирүүлнэ.
 
2.8.     Шаардлагатай гэж үзвэл Эрүүл мэндийн болон биеийн тамир спортын салбарын албад, байгууллагын тэмдэглэлт ой, улсын хэмжээний чуулга уулзалт, их, бага хурал, тив, дэлхий, олон улсын тэмцээнийг тохиолдуулан шагнаж болно.
 
2.9.     Шагналын материалыг хугацаа хожимдуулж ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй, тодорхойлолтыг тухайн байгууллагад нь буцаана.
 
2.10. Шагнуулахаар ирүүлсэн материалыг хуурамчаар бүрдүүлсэн тохиолдолд шагнал олгохгүй.
 
 
Гурав. Шагнал олгох болзол
 
3.1.     Шагналыг шат дараалан олгох бөгөөд ажлын амжилт, бүтээл нь өмнөх түвшингээс ахисан нөхцөлд дараагийн шагналд нэр дэвшүүлнэ. Шагналын хоорондох зай 3-аас доошгүй жил байна.
 
3.2.     Онцгой гавъяа байгуулсан тохиолдолд Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр шагнах болзол харгалзахгүй олгож болно.
 
3.3.     Эрүүл мэндийн салбарт 15-аас (сум, багт 10-аас) доошгүй жил идэвх санаачилгатай, үр бүтээлтэй ажилласан, байгууллага, орон нутгийн түвшинд тэргүүний, шилдэг ажилтнаар шалгарсан, мэргэжлийн туршлага, дадлага, ур чадвартай, ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй эрүүл мэндийг ажилтныг  "Эрүүлийг  хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр;
                   Биеийн тамир спортын салбарт 15-аас доошгүй жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан ажилтан, биеийн тамир спортыг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан хүмүүсийг, олон улс, тив, дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд тогтвортой амжилт гаргасан, тив, дэлхий, улсын рекордыг шинэчлэн тогтоосон тамирчдыг /хугацаа харгалзахгүй/, "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгээр тус тус шагнана.
 
3.4.           Яамны шагнал
 
3.4.1.   Монгол улсын хөдөлмөрийн баатар,  ардын болон гавъяат цол, төрийн шагнал хүртсэн хүмүүсийг "Хүндэт дэвтэр"-т бичиж, дурсгалын гэрчилгээ олгоно. "Хүндэт дэвтэр"-т нэг хүнийг давхардуулж бичихгүй байвал зохино.
 
3.4.2.   Эрүүл мэндийн яамны аппаратад олон жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан, мөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагыг олон жил удирдан зохион байгуулсан, ахмад настан Монгол Улсын иргэн, Монгол Улсын Эрүүл мэндийн байгууллагыг хөгжүүлэх, бэхжүүлэх, эрүүл мэндийн ажилтныг сургах, эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангахад бодит хувь нэмрээ оруулсан гадаадын иргэнийг ЭМЯ-ны "Хүндэт тэмдэг"-ээр шагнана.
 
3.4.3.   Эрүүл мэндийн салбарт 10-аас (сум, багт 5-аас) доошгүй жил идэвх санаачлагатай, үр бүтээлтэй ажилласан, байгууллага, орон нутгийн түвшинд шилдэг тэргүүний, мэргэжлийн туршлага, дадлага, ур чадвартай, хамт олныхоо дунд ажил үйлсээрээ тэргүүлж хүндлэгддэг, ёс зүйн зөрчил, мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаагүй эрүүл мэндийн ажилтныг  "Жуух бичиг"-ээр шагнана.
 
3.4.4.   Яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг шинэчлэх, сурталчлахад бодитой хувь нэмэр оруулж идэвхи зүтгэл үр бүтээлтэй ажиллан хагас, бүтэн жилийн ажлын үзүүлэлтээр тэргүүн байрт шалгарсан аппаратын албан хаагчийг хамт олны өмнө сайшааж үнэ бүхий зүйл дурсгах буюу 150000 хүртэл төгрөгөөр шагнаж  урамшуулна.
 
Дөрөв. Шагнах асуудлыг шийдвэрлэх 
 
4.1.     "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан", "Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгүүд нь Монгол улсын Засгийн газрын шагнал бөгөөд Засгийн газрын 1997  оны 52 дугаар тогтоолын дагуу Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр олгоно. ЭМЯ-ны "Хүндэт тэмдэг", "Жуух бичиг"-ийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар, "Хүндэт дэвтэр"-т бичсэн тухай дурсгалын гэрчилгээг Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тус тус олгоно.
 
4.2.     Шагналыг жил бүрийн Сар шинийн баяр, Улсын их баяр наадам, Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр, Шинэ жилийн баярыг тохиолдуулан олгоно.
 
4.3.     Төрийн дээд цол, одон медаль, хүндэт өргөмжлөл, Засгийн газрын болон яамны шагналд нэр дэвшүүлсэн хүмүүсийн материал, холбогдох баримт бичгийн бүрдэлт, агуулгыг Төрийн захиргааны удирдлагын газраас судлан үзэж шаардлага хангасан бол Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн дарга нараас бүрдсэн "Удирдлагын зөвлөл"-ийн хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргана.
 
4.4.     "Удирдлагын зөвлөл"-ийн хурлаас гарсан дүгнэлтийг Эрүүл мэндийн сайдад танилцуулан, холбогдох байгууллагад хүргүүлнэ.
 
4.5.     Яамны "Хүндэт дэвтэр"-т бичих шийдвэрийн төслийг Төрийн захиргааны удирдлагын газрын асуудал хариуцсан мэргэжилтэн боловсруулж, Төрийн нарийн бичгийн даргад танилцуулан шийдвэрлүүлнэ.
 
Тав. Шагнал гардуулах, мэдээлэх
 
5.1.      "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, "ЭМЯ-ны хүндэт тэмдэг"-ийг үнэмлэхийн хамт, яамны "Жуух бичиг"-ийг Сайд болон Эрүүл мэндийн яамны удирдах ажилтнууд, аймаг орон нутагт Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн байгууллагын дарга, эмнэлгийн удирдлага ёслол төгөлдөр гардуулна.
 
5.2.     "Биеийн тамир спортын тэргүүний ажилтан" хүндэт тэмдгийг үнэмлэхийн хамт Сайд болон БТСУХ-ны дарга, удирдах ажилтнууд, аймаг орон нутагт Эрүүл мэндийн сайдын шийдвэрийг үндэслэн аймаг, нийслэлийн Биеийн тамир спортын хороо, нийгэмлэгийн удирдлага ёслол төгөлдөр гардуулна.
 
5.3.     Яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн тухай гэрчилгээг Эрүүл мэндийн сайд (Дэд сайд) Төрийн нарийн бичгийн дарга Эрүүл мэндийн яамны ёслолын танхимд хүндэтгэлтэйгээр гардуулж, баяр хүргэнэ. 
 
5.4.     Засгийн газраас тогтоосон дагалдах мөнгөн шагнал (Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, "ЭМЯ-ны хүндэт тэмдэг" 30000 төгрөг, "Жуух бичиг" 10000 төгрөг)-ыг тодорхойлсон байгууллага, яамны "Хүндэт дэвтэр"-т бичигдсэн гэрчилгээ, дагалдах мөнгөн шагнал (20.000 төг), амьд цэцгийн баглааны зардлыг Яам хариуцна. Гадаадын иргэнд дагалдах мөнгөн шагнал олгохгүй.
 
5.5.     Засгийн газрын Салбарын тэргүүний ажилтан тэмдэг болон яамны шагналаар шагнасан, гардуулсан тухай хэвлэл, радио, телевизээр мэдээлж болно.
 
Зургаа. Хүндэт тэмдэг, үнэмлэхийг солих, нөхөн олгох
 
6.1.     Хүндэт тэмдэг, түүний үнэмлэх, гэрчилгээ, "Жуух бичиг"-ийг нөхөж, сольж авахыг хүсвэл үрэгдүүлсэн, гэмтээсэн нөхцөл шалтгааныг тодорхой бичсэн хүсэлт өргөдөл, үнэмлэхийг хүчингүй болгож зарласан баримт, шагнасан шийдвэрийн хуулбар, үнийг төлсөн баримт, гэмтсэн зүйлсийн хамт Төрийн захиргааны удирдлагын газарт ирүүлнэ.
 
6.2.     Хүндэт тэмдэг, түүний үнэмлэх, гэрчилгээ, "Жуух бичиг"-ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд энэ журмын 6.1-д засан баримтыг үндэслэн Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газраас  шагналын тэмдэг, үнэмлэхийг хэвлүүлсэн зардлыг 3 нугалсан хэмжээний төлбөрийг байгууллага, иргэнээс гаргуулж нөхөн олгоно.
Долоо. Шагналын мэдээллийн сан
 
7.1.      Яам нь шагнагдсан хүмүүсийн цахим мэдээллийн сантай байна. Санг шагналын төрөл, орон нутаг, байгууллага, оноор төрөлжүүлэн бүрдүүлнэ.
 
7.2.      Мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжилт хөдөлгөөнийг яамны шагнал урамшууллын асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцна.
 
 
 
 
 
 
 
 
------------- ооо --------------