- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМНЭЛГҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦЫН АРГААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд,
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын
2007 оны 193,194,77 тоот хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ЭМНЭЛГҮҮДИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАГЦЫН АРГААР ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГААС САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1. Эмнэлгүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын санхүүжилтийн аргаар Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын санхүүжилтийн арга нь тусламж, үйлчилгээг өртөг ойролцоо оношийн бүлгээр ангилан, түүний дагуу эмнэлгийг санхүүжүүлэх хэлбэр юм. Өртөг ойролцоо оношийн бүлгийн ангилал нь эмнэлзүйн болон тусламж үйлчилгээнд ашиглагдаж буй нөөцийн хувьд ижил төстэй шинж байдлаар нь ангилсан өвчний оношийн бүлгүүд юм.
Хоёр. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцын санхүүжилтийн арга
3. Эмнэлгүүдийг Эрүүл мэндийн сайдын 2006 оны 279 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан нэмэлт тусламж үйлчилгээний багцын хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний 5-аас 22 бүлэг, өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээний 5-аас 13 болон 16-аас 22 дугаар бүлэг, амбулаторийн тусламж үйлчилгээний 1-ээс 2 дугаар бүлгийг өртөг ойролцоо оношийн бүлгийн аргаар тус тус санхүүжүүлнэ.
4. Эмнэлгүүд тусламж үйлчилгээний нийт тохиолдлын тоог гаргахдаа үйлчлүүлэгч хэвтүүлэн эмчлүүлсэн бол хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний нэг тохиолдолд, өдрийн эмчилгээ авсан бол өдрийн эмчилгээний нэг тохиолдолд, амбулаториор үйлчлүүлсэн бол амбулаторийн нэг тохиолдлоор тус тус тооцно.
4.1 Үйлчлүүлэгч тухайн оны тухайн сард үйлчлүүлж буй эмнэлгийнхээ амбулаторийн үзлэгийн зөвхөн 1 кабинетад өвчний онош тогтоолгож тусламж үйлчилгээ авсан тохиолдолыг амбулаторийн 1 тохиолдол хэмээн үзнэ. Хэрэв амбулаториор үйлчлүүлэгч тухайн эмнэлгийн амбулаториор тусламж үйлчилгээ авахдаа тухайн сардаа болон тухайн өдөр үзлэгийн өөр кабинетуудаар үйлчлүүлж өвчний ялгаатай онош тогтоолгон амбулаторийн тусламж үйлчилгээг авсан тохиолдлыг амбулаторийн үзлэгийн тохиолдолд бүртгэн энэ өвчний учир үзүүлсэн удааг "анх" хэмээн үзнэ.
4.2 Үйлчлүүлэгч хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээг авсан тохиолдол бүрийг хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний 1 тохиолдол хэмээн үзнэ.
5. Хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, амбулаторийн тусламж үйлчилгээний зардлыг гүйцэтгэлээр нь тооцон 2007 оны батлагдсан төсөвт нь багтаан санхүүжүүлнэ.
6. Эрүүл мэндийн нэмэлт тусламж үйлчилгээ авсан даатгуулагчийн өөрөө хариуцах зардлыг суурь тарифаас тооцно.
7. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг даатгуулагчийн хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээний санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагуудад олгохдоо нийт зардлаас даатгуулагч өөрөө хариуцах зардлыг хасаж олгоно.
8. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний үзлэг, оношлогоо шинжилгээнд хамрагдсан даатгуулагчийн зардлын санхүүжилтыг ЭМД-ын сангаас урьдчилан олгож, гүйцэтгэлээр тооцно.
9. Зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчний үзлэг, оношлогоо шинжилгээг зохион байгуулах журмыг НХХЯ-ны саналыг харгалзан ЭМСайдын тушаалаар баталж мөрдүүлнэ.
Гурав. Бусад
10. Сум дундын эмнэлэг "Эрүүл мэндийн нэмэлт тусламж үйлчилгээний багц"-ын гэмтэл, мэс заслын өвчний тусламж үйлчилгээ үзүүлбэл хэвтүүлэн эмчилсэн тохиолдлын тоогоор тавдугаар хавсралтанд заасан тарифын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт авна.
Текст томруулах
A
A
A