- Нүүр
- Сайдын тушаал
- ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Сангийн сайдын 2008 оны 02 дугаар сарын 19-ний
өдрийн 73 тоот тушаалын хавсралт
ТАТВАРЫН ЗАРИМ ХУУЛЬ БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ
ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс өмнөх хугацаанд татварын хууль тогтоомжийн дагуу албан татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэгтэй байсан иргэн, аж ахуйн нэгжийг Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчөөр бүртгэх, албан татвар төлөгчөөр бүртгүүлэн татварын албатай тооцоо хийж байгаа боловч 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнөх хугацаанд олсон татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлээ нуун дарагдуулж байсан иргэн, аж ахуйн нэгж мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу татварын албанд мэдүүлэх, мэдүүлсэн орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлийн шинэчилсэн тайланг татварын төрөл тус бүрээр хүлээн авч бүртгэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу шинээр байгуулагдан, бүртгэх байгууллагад бүртгүүлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, татвар төлөгчөөр бүртгүүлэн үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжийн 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойшхи хугацаанд олсон албан татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлийг тайлагнаж, татварын тооцоо хийхэд энэ журам үл хамаарна.
1.3. Энэ журмыг 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
Хоёр. Албан татвар төлөгчөөр бүртгүүлэх
2.1. Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу татвар төлөгчөөр бүртгүүлэх иргэн, аж ахуйн нэгж нь улсын бүртгэлд болон татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13-20 дугаар зүйл, ҮТЕГ-ын даргын 2007 оны 75 дугаар тушаалаар батлагдсан Татвар төлөгчийг бүртгэх журмын 1, 2, 3, 5 дугаар зүйлийн заалтуудыг баримтлах, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2 дахь хэсгийг үндэслэн энэ журмын 2.2, 2.3-т заасан баримтыг бүрдүүлэн 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс 2008 оны 7 дугаар сарын 1-ний дотор харъяалах татварын албанд сайн дурын үндсэн дээр бүртгүүлнэ.
2.2. Аж ахуйн нэгжийн хувьд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4 заасан өөрийн хөрөнгийн хэмжээг илэрхийлсэн эхлэлтийн тайлан тэнцлийг Сангийн сайдын 2004 оны 248 дугаар тушаалаар батлагдсан санхүүгийн тайлангийн А маягтаар гаргасан байна. Энэ тайлангийн "Орлого үр дүнгийн тайлан"-д нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 10.0 сая төгрөг буюу түүнээс дээш төгрөгт хүрсэнийг нотолж тусгасан байна.
2.3. Иргэний хувьд Иргэний орлого татвар тодорхойлох хуудсаар бүртгүүлэхийн өмнөх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 10.0 сая төгрөг буюу түүнээс дээш төгрөгт хүрсэнийг нотолсон байна.
Гурав. Нуун дарагдуулсан албан татвар ногдох орлого, орлогоос
бусад албан татвар ногдох зүйлийг мэдүүлэх, бүртгүүлэх үйл ажиллагаа
3.1. Албан татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж нь Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн дагуу 2008 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө нуун дарагдуулсан татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлээ 2008 оны 1 дүгээр сарын 1-нээс 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор санхүүгийн болон татварын тайланг шинэчлэн гаргаж харъяалах татварын албанд үнэн зөвөөр мэдүүлнэ.
3.2. Иргэн, аж ахуйн нэгж нь татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлээ мэдүүлэхдээ дараахь баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
• Иргэний үнэмлэхийн хуулбар
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
• Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ
• Буу эзэмших гэрчилгээ
• Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн гэрчилгээ
• НӨАТ төлөгчийн гэрчилгээ
• Мэдүүлж буй татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ /хадгаламжийн дэвтэр болон дансны хуулбар/
• Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй үл хөдлөх хөрөнгийн хувьд түүний хаяг байршлыг тодорхойлсон баримт бичиг
3.3. Нуун дарагдуулж байсан албан татвар ногдох орлогын дүн, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нэмж мэдүүлэн тайлагнах, шинэчилсэн тайланг хүлээн авч бүртгэх, албан татвар ногдох орлогын дүн, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээг сайн дурын үндсэн дээр нэмж мэдүүлсэн татвар төлөгчийн хувьд орлогыг мэдүүлэх, мэдүүлсэн орлогыг бүртгэх үйл ажиллагааг дараах журмаар явуулна.
3.3.1. Энэ журмын 3.1-д заасны дагуу татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлээ нэмж мэдүүлсэн санхүүгийн болон Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан албан татварын шинэчилсэн тайланг энэ журмын 3.8-д заасан тайлбарын хамт гаргаж, татварын албанд тушаан, холбогдох тооцоог хийсэн байна.
3.3.2. Нуун дарагдуулж байсан татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлээ нэмж мэдүүлж буй аж ахуйн нэгжийн хувьд 2007 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд тусгасан хөрөнгө, хуримтлагдсан ашиг болон өөрийн хөрөнгийн дүнг нэмж мэдүүлсэн дүнгээр өсгөн өөрчлөлт оруулж тайлагнана. Шинэчилсэн тайланг аж ахуйн нэгжийн 2008 оны эхлэлтийн баланс гэж үзнэ. Нэмж мэдүүлсэн орлого нь "Орлого үр дүнгийн тайлан"-д тусгагдан баталгаажсан байна.
3.3.3. Ажиллагсдад олгож байсан цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлого, түүнд ногдох татварыг нэмж мэдүүлсэн аж ахуйн нэгжийн хувьд ажиллагсдын тоо болон цалингийн талаарх мэдээллийг гаргаж өгнө. Нэмж мэдүүлсэн хувь хүний орлогын албан татвар ногдох орлого болон татварыг 2007 оны 4 дүгээр улирлын "Суутган – 1" тайланд нэмж тусган шинэчлэн тайлагнана.
3.3.4. Иргэний орлого татвар тодорхойлох хуудас /ИОТТХ/-аар хувь хүний орлогын албан татварын тооцоо хийдэг иргэний хувьд нуун дарагдуулж байсан орлогын дүн, орлогоос бусад татвар ногдох зүйлийн хэмжээг нэмж тайлагнасан ИОТТХ-ыг татварын албанд ирүүлнэ.
3.3.5. Мал бүхий иргэний орлогын албан татварын хувьд мал тооллогоос нуусан малаа малын төрөл, тоо толгойгоор гаргаж харъяалагдах татварын албанд ирүүлнэ.
3.4. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаас бусад, Иргэний хуулийн 84.3-д заасан үл хөдлөх хөрөнгөө шинээр мэдүүлэх, түүнийг бүртгэх үйл ажиллагааг дараах журмаар явуулна.
3.4.1. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэгдэж гэрчилгээ авсан үл хөдлөх хөрөнгийн хувьд бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээ аваагүй үл хөдлөх хөрөнгийн хувьд түүний хаяг байршлыг тодорхойлсон сум, хорооны Засаг даргын тодорхойлолтыг татварын албанд ирүүлж бүртгүүлнэ.
3.5. Татвараас нуун дарагдуулж байсан буу, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг мэдүүлэхдээ эрх бүхий байгууллагаас олгосон бүртгэлийн гэрчилгээг татварын албанд авчирч бүртгүүлнэ.
3.6. Энэ журмын 3.3, 3.4, 3.5-д заасны дагуу бүртгүүлсэн хөрөнгө /татвар ногдох зүйл/ түүнд ногдох татварыг 2007 оны тухайн төрлийн татварын жилийн эцсийн тайланд нэмж тусган тайлагнана.
3.7. Орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний хувьд тухайн ажил, үйлчилгээ эрхлэн явуулж буй нутаг дэвсгэрийнхээ татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ТМ-06, ТМ-07 гэрчилгээ авснаар орлогоо мэдүүлсэнд тооцогдоно.
3.8. Татвар төлөгч нь энэ журмын 3.3 – 3.7-т заасны дагуу нэмж мэдүүлсэн албан татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн талаарх тайлбараа бичгээр гаргаж өгнө.
Дөрөв. Нуун дарагдуулж байсан албан татвар ногдох орлого,
орлогоос бусад албан татвар ногдох зүйлийг бүртгэх
татварын албаны үйл ажиллагаа
4.1. Энэ журмын дагуу хийгдэх ажлыг зохион байгуулахтай холбогдуулан ҮТЕГ-ын даргын тушаалаар ҮТЕГ-т ажиллах төв болон татварын алба тус бүр дээр салбар комиссын бүрэлдэхүүнийг батлах бөгөөд комисс дор дурьдсан ажлыг гүйцэтгэнэ.
4.1.1. Энэ журмын 2 дугаар зүйлд заасны дагуу шинээр бүртгэгдэж буй аж ахуйн нэгжийн хувьд харьяалах татварын алба УБ-03, УБ-04 маягтын, иргэний хувьд харьяа татварын алба УБ-04 маягтын, нэмэгдсэн өртгийн албан тавар төлөгчийн хувьд ТББ-01 маягтын зүүн дээд хэсэгт Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуульд зааснаар шинээр бүртгүүлж буйг баталж "ТЗХНДХХХ" гэсэн бичиглэл хийн, комиссын дарга татварын улсын байцаагчийн тэмдэг дарж, гарын үсэг зурна.
4.1.2. Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шинэчилсэн тайланг энэхүү журмын дагуу баталгаажуулан хүлээн авч, тайлангийн зүүн дээд хэсэгт "ТЗХНДХХХ" гэсэн бичиглэл хийж, комиссын дарга татварын улсын байцаагчийн тэмдгээ дарж, гарын үсэг зурна.
4.1.3. Татвар ногдох орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлээ мэдүүлж ирсэн татвар төлөгчийн шинэчилсэн тайланг комисс болон нэг цэгийн үйлчилгээний байцаагч /нэг цэгийн үйлчилгээ нээгдээгүй албадад татвар хураалтын байцаагч/ нар энэ журмын 3 дугаар зүйлд заасан баримтын хамт хүлээн авч, холбогдох програмын дагуу боловсруулалт хийнэ.
4.1.4. Комисс энэ журмын дагуу шинээр бүртгүүлсэн иргэн, аж ахуйн нэгжийн нэрс, мэдүүлсэн орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлийн бүртгэл, шинэчилсэн тайлангийн нэгтгэлийг хийх бөгөөд ажлын явц байдлын талаарх танилцуулгыг 2008 оны 5 дугаар сарын 1-нд, эцсийн танилцуулгыг, дүнгийн хамт 2008 оны 8 дугаар сарын 1-ний дотор ҮТЕГ-т ирүүлэн, нэгдсэн дүнг 2008 оны 8 дугаар сарын 15-ны дотор Сангийн яаманд ирүүлнэ.
4.1.5. Комисс Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан татвар төлөгчдөд уг хууль болон энэ журмыг сурталчлан таниулж, Татварын ерөнхий хуулийн 22 дугаар зүйл болон Татварын улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллана.
4.2. Төв комисс нь салбар комиссуудыг удирдан, тэднийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, хяналт тавих, дүн мэдээг тогтоосон хугацаанд салбар комиссоор гаргуулан авч нэгтгэн, ҮТЕГ-ын даргын зөвлөлд танилцуулах зэрэг ажлыг хийнэ.
4.3. Энэ журмын 3 дугаар зүйлд заасны дагуу нуун дарагдуулсан орлого болон орлогоос бусад татвар ногдох зүйлийн Татварын зарим хууль болон нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан шинэчилсэн тайланг Сангийн сайдын 2004 оны 248 дугаар тушаалаар батлагдсан санхүүгийн тайлангийн А маягтаар, татварын шинэчилсэн тайланг Татварын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан тайлангийн маягтаар гаргуулж авна.
4.3.1. Татвар төлөгчийн шинэчилсэн тайлан, энэ журмын 3.8-т заасан тайлбарын хамт комисс болон нэг цэгийн үйлчилгээний байцаагч /нэг цэгийн үйлчилгээ нээгдээгүй албадад татвар хураалтын байцаагч/ нар хүлээн авна.
4.3.2. Хүлээн авсан тайланг татварын албаны мэдээллийн системд шивж боловсруулах, тайлангийн үлдэгдлийг тулгах ажлыг татварын албанд мөрдөж буй журмын дагуу гүйцэтгэнэ.
4.3.3. Татвар төлөгчийн шинэчилсэн тайланг зөвхөн цаасан хэлбэрээр хүлээн авна.
------------- о О о -----------
Текст томруулах
A
A
A