A

A

A

Бүлэг: 1979
Байгаль орчны сайдын 2008 оны
79  дугаар   тушаалын хавсралт
 
 
АН АМЬТАН АГНАХ, БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэхүү журмын зорилго нь ахуйн, үйлдвэрлэлийн болон  тусгай зориулалтаар ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2. Ан амьтан агнах, барих зөвшөөрөл олгохдоо ан агнуурын хууль тогтоомж, Монгол Улсын  Засгийн газар, Байгаль  орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилд агнах, барих ан амьтны тоо хэмжээг баримтлана.
 
Хоёр.  Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барихад тавигдах шаардлага
3. Ахуйн зориулалтаар ан амьтан агнах, барихад эрхийн бичиг олгоно. Эрхийн бичиг нь улсын хэмжээнд нэг загвартай байх бөгөөд уг загвар нь Байгаль орчны  сайдын тушаалаар  батлагдсан байна.
4. Ан амьтан агнах, барих эрхийн бичгийг  тухайн сумын Засаг даргын Тамгын газраас Засаг  даргын эрх олгосон албан тушаалтан олгоно.
5. Эрхийн бичиг олгохдоо эрхийн бичигт дурьдсан асуулт бүрийг тодорхой хариулж бичсэн байх бөгөөд олгосон хүн албан тушаал, нэрээ бичиж, гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулсан байна.
6. Эрхийн бичиг олгохдоо Ан агнуурын тухай хуулийн 10 дугаар зүйлд  дурьдсан агнах, барих ан амьтны тоо хэмжээ, хугацааг баримтлана.
7. Эрхийн бичиг олгох бүрдээ хууль тогтоомжинд заасан хураамжийг авч тухайн сумын санхүү татварын албанд  тушаана.
8. Эрхийн  бичгийг зөвхөн хувь хүнд олгох  бөгөөд аж ахуйн нэгж, байгууллагад олгохгүй.
9. Эрхийн бичгийг олгогч албан тушаалтан нь эрхийн бичгийн олголт, зарцуулалт, хураамжийн мөнгөний тайлан тооцоог улирал бүрийн сүүлийн арав хоногийн дотор гаргаж, тухайн сумын санхүү, татварын албанд өгнө.
 
Гурав. Үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барихад тавигдах шаардлага
10. Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барихдаа сумын Засаг даргатай гэрээ байгуулах бөгөөд дараахь  хууль, тогтоол, журмыг мөрдлөгө болгоно.
10.1. Ан агнуурын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр заалт болон 7,8,9 дүгээр зүйл;
10.2. Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулийн  3, 4, 5 дугаар зүйл;
10.3. "Үнэлгээ, хураамжийн  хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолын  2 дугаар хавсралт;
10.4. Байгаль орчны сайдын 1999 оны 103 дугаар  тушаалаар батлагдсан Тарвага агнах журмын 1 дүгээр зүйл, 2 дугаар зүйлийн 6 дугаар заалт, 3 дугаар зүйл;
10.5. Байгаль орчны сайдын 1999 оны 114 дүгээр  тушаалаар батлагдсан Загасны аж ахуй эрхлэх журам.
11. Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барих гэрээ байгуулахдаа агнах, барих ан амьтны төлбөр, хураамжийн орлогыг орон нутгийн төсөвт урьдчилан төлнө.
12. Аж ахуйн нэгж, байгууллага нь үйлдвэрлэлийн зориулалтаар ан амьтан агнах, барихдаа гэрээнд заасан хугацаа, газар, агнах, барих ан амьтны тоо хэмжээ бусад нөхцөлийг мөрдөж ажиллана.
 
Дөрөв. Тусгай зориулалтаар ан амьтан агнах, барих үйл  ажиллагаа
13. Тусгай зориулалтаар ан амьтан агнах,  барих гэдэгт Монгол улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар болон гадаадын иргэн  тусгай төлбөртэйгээр ан амьтан агнах, барихтай холбогдсон үйл ажиллагаа хамаарна.
14. Соёл урлагын зориулалтаар ан амьтан агнах, барих гэдэгт музей, үзэсгэлэн, бүх шатны сургуульд үзүүлэн бэлтгэх, эсвэл сургалт танин мэдэхүй, уран сайхны кино,  видео, фото зураг авах зорилгоор ан амьтан агнах, барих үйл ажиллагааг ойлгоно.
15. Эмчилгээний зориулалтаар ан амьтан агнах шаардлага гарсан иргэн  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тухайн  жилд ахуйн зориулалтаар агнах агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан зохих төлбөр, хураамжийг төлж тухайн сумын Засаг даргаас ан агнах тусгай зөвшөөрөл  авч болно.
16. Судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар ан амьтан  агнах, барихад тавигдах шаардлага
16.1. Монгол улсын иргэн судалгаа шинжилгээний зориулалтаар ан амьтан агнах, барихдаа өөрийн ажилладаг эрдэм шинжилгээний байгууллагаар ажлын удирдамжаа батлуулж   Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад  хүсэлтээ хүргүүлсэн байна.
16.2. Гадаад улсын иргэн судалгаа шинжилгээний зориулалтаар ан амьтан агнах, барих бол гүйцэтгэх судалгаа шинжилгээний ажлын талаар мэргэжлийн эрдэм шинжилгээний байгуулага болох ШУА-ийн Биологийн болон Геоэкологийн хүрээлэнгээс санал авч,  дүгнэлт гаргуулсан байна.
16.3. Соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар ан амьтан агнах, барих иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь  агнуурын ховор ан амьтан барих, агнах бол үндэслэл, зорилгоо тодорхой тусгасан хүсэлтээ  Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, бусад ан амьтан агнах, барих бол үндэслэл, зорилгоо тодорхой тусгасан  хүсэлтийг тухайн сумын Засаг даргад тавина.
16.4. Судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар ховор ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас  олгох бөгөөд бусад ан амьтныг тухайн жил Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан сумын Засаг дарга олгож болно.
16.5.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь судалгаа шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар  ан амьтан агнах, барихад "Үнэлгээ, хураамжийн хувь хэмжээ батлах тухай" Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасан төлбөр, хураамжийг төлнө.
17. Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр ан амьтан  агнуулах, бариулахад тавигдах шаардлага
17.1. Тухайн жилд  Засгийн газраас тогтоосон тоо хэмжээнд багтаан гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр ан амьтан агнах, барих зөвшөөрлийг Байгаль  орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны  төв байгууллага олгоно.
17.2. Аж ахуйн нэгж, байгууллага нь гадаадын иргэнд  тусгай төлбөртэйгээр ан амьтан агнуулах, бариулах  үйл ажиллагаа эрхлэх хүсэлтээ жил бүрийн 5 дугаар сарын 10-ны дотор багтаан ирүүлсэн байна.
17.3.  Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр ан амьтан агнуулах, бариулах ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна. Үүнд:
17.3.1.Аялал жуулчлал эсхүл агнуурын үйл ажиллагаа 3-аас доошгүй жил эрхэлж байгаа, мэргэжлийн боловсон хүчин, материалаг бааз, хөрөнгийн чадавхитай, орон нутагт анчин хүлээн авах бие даасан отог ажиллуулдаг байх;
17.3.2.Ан амьтны нөөц байршил, тоо толгойг судлан тогтоох, хамгаалах талаар эрдэм шинжилгээний болон мэргэжлийн байгууллага, аймаг, сумын  Засаг даргын Тамгын газар, байгаль хамгаалах иргэний нөхөрлөлтэй хамтран ажилладаг, энэ чиглэлээр орон нутагт тодорхой ажил гүйцэтгэсэн байх;
 17.3.3.Ан агнуурын чиглэлээр олон улсын хэмжээнд зохион байгуулагдаж буй үзэсгэлэн худалдаа, хурал зөвлөлгөөн, гэрээ хэлэлцээрт оролцдог, Монгол орны ан амьтны баялаг,  ан хийх  журамаа танилцуулдаг,  өөрийн  байгууллагын талаархи сурталчилгааг жил бүр хийдэг байх;
 17.3.4. Байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн зөрчилгүй, гадаадын анчдад агнуулсан ангийн төлбөр, хураамжийн орлогын тооцоог хугацаанд нь хийж гүйцэтгэдэг байх.
17.4. Энэ журмын 17.2, 17.3-д заасан шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, тухайн жилд Засгийн газраас  тогтоосон  тоо хэмжээнд багтаан ямар аж ахуйн нэгж, байгууллагад, хичнээн толгой ховор ан амьтан агнуулах, бариулах хуваарийг Байгаль орчны асуудал  эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
17.5. Хуваарьт орсон  аж ахуйн нэгж, байгууллага нь нутаг дэвсгэрт нь гадаадын  иргэнээр ан амьтан агнуулах, бариулах сумын Засаг даргатай  гэрээ байгуулж, уг гэрээг аймгийн Засаг даргаар батлуулж, гэрээний хувийг Байгаль орчны асуудал  эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
17.6. Энэ журмын 17.4, 17.5-д заасан  хуваарь ба гэрээг үндэслэн  гадаадын иргэнд ан амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага олгож байна.
17.7. Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр ан амьтан агнах, барих нэг удаагийн зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 20 хүртэл хоног байна.
17.8. Энэ журмын 17.7-д заасан хугацаанд нэг анчны нэг удаагийн зөвшөөрлөөр барих загас, агнах шувууны тоо хэмжээг тогтоохдоо Ан агнуурын тухай хуулийн 10.4-д заасан тоо хэмжээг баримтлана.
17.9. Тул загасыг зөвхөн нэг салаа сэтгүүртэй, үзүүртээ сэртэнгүй дэгээг ашиглаж, хиймэл өгөшөөр гэмтээлгүй барьж, буцаан усанд нь тавина.
17.10. Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр загас бариулахад зөвхөн дамарт /спининг/ болон ердийн уурга /удочка/-аар бариулахыг зөвшөөрөх. /Энэ хэсэгт 2008 оны 213 тоот тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/
17.11. Гадаадын иргэнд тусгай төлбөртэйгээр загас бариулахад тор, бамбар, тэсрэх дэлбэлэх бодис, хүчтэй гэрэлтүүлэгч зэрэг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл ашиглах, тусгай зөвшөөрөлд нэр  дурьдагдсан гадаадын  иргэнийг дагалдан яваа болон түүнд үйлчлэх ажлаар яваа иргэд нь ан амьтан барих, агнахыг тус тус хориглоно.
17.12. Гадаадын иргэнийг хүлээн ан амьтан агнуулах, бариулах ажил  үйлчилгээ эрхэлж буй  аж ахуйн нэгж, байгууллага нь "Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай" Засгийн газрын 2001 оны 264 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан төлбөр, хураамжийн орлогыг  агнаж, барьсан ан амьтны тоогоор тооцож,  Монгол банк дахь Байгаль орчны яамны 3332414 тоот дансанд төвлөрүүлнэ. /Энэ хэсэгт 2008 оны 213 тоот тушаалаар орсон өөрчлөлтийг тусгав/
 17.13. Энэ журмын 17.12-д заасан төлбөр, хураамжийн орлогыг Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах барих зөвшөөрлийн  хураамжийн тухай хуулийн дагуу төлбөрийн орлогыг улсын төвлөрсөн төсөвт, хураамжийн орлогыг ан амьтан агнуулж, бариулсан сумын Засаг даргын Тамгын  газрын  нэхэмжлэлийг үндэслэн  тухайн сумын төсөвт жил бүрийн 12 дугаар сарын 25-ны дотор багтаан тус тус шилжүүлнэ.
 
Тав. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад болон  аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газрын үүрэг
18. Амьтны аймгийн тухай, Ан агнуурын тухай, Агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах барих зөвшөөрлийн хураамжийн тухай хуулиуд болон энэхүү журмын биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах, аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг хууль тогтоомжийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авахуулах;
19. Ан амьтны байршил нутагт ахуйн, үйлдвэрлэлийн болон тусгай зориулалтаар ан амьтан барих, агнах бүс тогтоолгох, анхааруулга санамж бүхий пайз, тэмдэгтэй болгох арга хэмжээ авах;
20. Ахуйн, үйлдвэрлэлийн, тусгай зориулалтаар ан амьтан агнуулах, бариулах ажил үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих ажлыг зохион байгуулах, аймгийн нутаг дэвсгэртээ ан амьтны нөөц, байршил, зүйлийн бүрэлдэхүүн, сүргийн бүтцийн судалгааг хийлгүүлэх арга хэмжээг холбогдох  журмын дагуу авч хэрэгжүүлэх;
21. Ан амьтны нөөц баялгийг хамгаалах, өсгөж үржүүлэх, зохистой ашиглахтай холбогдсон үйл ажиллагааг журамлах чиглэлээр саналаа Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлэх.