A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ТҮР ХАДГАЛАХ, ЗАДЛАХ, ХУРААХ БОЛОН УСТГАХ ЖУРАМ /ЗТХС-ын 2020 оны А/75 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ЗТХС-ын 2020 оны А/75 дугаар тушаалаар хүчингүй болсон/
          Зам, тээвэр, аялал жуулчлалын
          сайдын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 30 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
 
ШУУДАНГИЙН ИЛГЭЭМЖИЙГ ТҮР ХАДГАЛАХ, ЗАДЛАХ, ХУРААХ БОЛОН  УСТГАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Шуудангаар үйлчлүүлэгчдийн захидал харилцааны мэдээллийн аюулгүй байдлыг ханган, нууцыг хадгалах, үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах, Шуудангийн тухай хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангахад энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журамд "Шуудангийн тухай" хуулийн 23.1-д зааснаас гадна гаалийн болон тээврийн байгууллагын аюулгүй байдлын шалгалтын явцад шуудангаар илгээхийг хориглосон зүйл агуулсан байж болзошгүй нь илэрсэн илгээмж хамаарна.
1.3. Энэ журмыг шуудангаар үйлчлэгч, түүний харьяа салбар, нэгжүүд дагаж мөрдөнө.
1.4. Энэ журмын 1.2-т хамаарах Улс хоорондын шуудангийн илгээмжтэй холбогдох харилцааг Олон улсын болон хоёр улсын үйлчлэгч хоорондын гэрээнд өөрөөр заасан бол тэрхүү гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
 
Хоёр. Илгээмжийг түр хадгалах
 
2.1. Энэхүү журамд хамаарагдах илгээмжийг түр хадгалах зорилгоор Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийн 12.5 дахь заалтын дагуу үйлчлэгчийн төв байгуулагын хадгалах газарт шилжүүлнэ.
2.2. Хадгалах газарт шилжиж ирсэн илгээмжийг анх хүлээн авсан өдрөөс хойш түүний хаягт эзнийг хайх, хаягийг дахин тодруулахад зарцуулсан хугацааг оролцуулан 3 сар хүртэл хугацаагаар хадгална.
2.3. Үйлчлэгчийн төв байгууллагын удирдлага хадгалалтын хугацаа нь дууссан илгээмжүүдийн жагсаалтыг холбогдох ажилтнаар гаргуулан нарийвчлан танилцаж, тэдгээрийг хаягт эзэнд нь, эсхүл явуулагчид хүргэх талаар "Шуудангийн тухай" хууль, холбогдох дүрэмд заасан боломжит бүх арга хэмжээг авсан эсэхийг нягтлан шалгасны үндсэн дээр уг илгээмжүүдийг задалж холбогдох арга хэмжээг авах комисс байгуулах тухай шийдвэр гаргана.
 
Гурав. Шуудангийн илгээмжийг задлах
 
3.1. Энэ журмын 2.2-т заасан хадгалалтын хугацаа нь дууссан илгээмжийг задалж, холбогдох арга хэмжээг авах үйл ажиллагааг комисс гүйцэтгэх бөгөөд комиссыг үйлчлэгч байгууллагын удирдлагын шийдвэрээр "Шуудангийн тухай" хуулийн 23.2.1 дэх заалтын үндэслэн байгуулна.
3.2. Шаардлагатай гэж үзвэл комиссын бүрэлдэхүүнд холбогдох мэргэжлийн байгууллагын ажилтныг оруулж болох бөгөөд комиссын гишүүд нь задалсан илгээмж болон түүнээс гарсан зүйлийн талаархи нууцыг чандлан хадгалах үүрэгтэй.
3.3 Комисс нь илгээмжийг задалсан үйл явцын талаар тэмдэглэл үйлдэж дараахь зүйлийг тусгана:
- илгээмжийн гадна байдлын талаархи тодорхойлолт ;
- задлахын өмнөх хүндийн жин ;
- илгээмжийг задлахад илэрсэн зүйлсийн нэр, төрөл, тоо, ширхэг,
бүрдэл, хүндийн жинг үзүүлсэн жагсаалт ;
- илгээмжийн сав, баглаа боодлын жинг нэг бүрчлэн бичнэ.
 
3.4. Комисс нь задалсан илгээмжээс гарсан зүйлсийн талаар "Шуудангийн тухай" хуулийн 23.2.3, 23.3, 23.4-т тус тус заасан арга хэмжээг 10 өдөрт багтаан авна.
3.5. Илгээмжийг задлахад гарсан, тусгай зориулалтын бус, тодорхой байгууллага, хүмүүст холбогдолгүй боловч хэрэгцээ хангахуйц бараа бүтээгдэхүүнийг зохих журмын дагуу үйлчлэгчийн мэдэлд шилжүүлнэ.
 
Дөрөв. Илгээмжийг устгах
 
4.1. Илгээмжийг задлахад гарсан, тусгай зориулалтын бус, тодорхой байгууллага, хүмүүст холбогдолгүй ямар нэгэн хэрэгцээ, шаардлага хангахгүй зүйлсийг устгаж, устгалын акт үйлдэн комиссын дарга, гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.2. Устгал хийх явцад комисс бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцах бөгөөд устгалыг хийсэн газар, арга, устгал бүрэн хийгдсэн талаар актад тодорхой тусгана.
                                
                                     Тав. Бусад
 
5.1. Үйлчлэгч нь энэхүү журмаар зохицуулагдах илгээмж болон түүнийг задлахад гарсан зүйлсийг нэг бүрчлэн бүртгэх маягтуудыг баталж мөрдүүлнэ.
5.2 Шуудангаар үйлчлэгч болон шуудангийн ажилтнууд эзэндээ олгогдоогүй илгээмж, түүнийг задлахад гарсан зүйлсийг комиссын шийдвэргүйгээр албаны болон хувийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
 
 
 
 
 
 
----------о0о----------