- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙГООС МОД БЭЛТГЭХ ЗААВАР
Байгаль орчны сайдын 2000 оны 91 дугаар тушаалын хавсралт
ОЙГООС МОД БЭЛТГЭХ ЗААВАР
Зааврын зорилго нь "Ойн тухай" Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,26 дугаар зүйлийн 1-3 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудыг хэрэгжүүлэх, мод бэлтгэлийн ажлыг журамлах, мод бэлтгэлийн ажилд төв орон нутгийн түвшинд тавих хяналтыг хүчтэй болгох, төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллага иргэн, аж ахуйн нэгжийн хоорондын харилцааг зохицуулахад оршино.
Нэг. Бэлтгэх модны хэмжээ
1."Ойн тухай" Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу төрийн захиргааны төв байгууллага жилд бэлтгэх модны дээд хэмжээг тогтооно.
2."Ойн тухай" Монгол Улсын хуулийн 25 дугаар зүйлийн 2,3 дахь заалтын дагуу аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нутаг дэвсгэртээ бэлтгэх модны дээд хэмжээг тус тус тогтооно.
Хоёр. Мод бэлтгэх шийдвэр
Ойг хамгаалах, нөхөн сэргээхэд зарцуулах хөрөнгийн хэмжээ, мод бэлтгэх техник, технологийн болон мод ашиглалтын түвшин, аймаг, холбогдох сумын Засаг даргын санал, дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага, ойн мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгүүлэх тухай шийдвэр гаргана.
Гурав. Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэхэд тавих шаардлага
1.Аж ахуйн нэгж,байгууллага төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга, аймгийн Засаг даргын томилсон ойн асуудал эрхэлсэн албан тушаалтантай үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх тухай гэрээ /Нэгдүгээр хавсралт/ байгуулан төлбөрийг төлсний дараа сумын Засаг даргаас мод бэлтгэх эрхийн бичиг авна.
2.Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх ажлыг ашиглалтын бүсийн ойд зөвхөн урьдчилан сонгож тусгаарласан талбайд явуулна.
З.Мод бэлтгэл явуулах талбайн хэмжээ модны төрөл, огтлолтын арга, технологиос шалтгаалан харилцан адилгүй хэмжээтэй байж болох боловч бүх төрлийн модонд талбайн дээд хэмжээ 50 га-аас хэтэрч болохгүй.
4.Мод бэлтгэх огтлолтын нас нь шилмүүст модонд 121, навчит модонд 61-ээс дээш жил байна.
5.Өмнөх жилийн ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөгөөт даалгаврыг ханган биелүүлсэн байна.
Дөрөв. Мод бэлтгэл явуулах арга , технологи
Ашиглалтын бүсийн ойд ойн бүс, ойн хэв шинж, гадаргын налуу, байрлал, салхины зонхилох чиглэл, бүрэлдэхүүн, өсвөр модны тоо, ойн өтгөрөл, насны бүтэц, ойн сэргэн ургалт, хөрс зэрэг үзүүлэлтийг харгалзан түүвэрлэх буюу аажим огтлох аргаар мод бэлтгэнэ.
А.Түүвэрлэх огтлолт
Түүвэрлэх огтлолтыг янз бүрийн насны модтой ойд хэрэглэх бөгөөд ойн өтгөрлийг 0.5-аас доош оруулахгүйгээр болц гүйцсэн бүдүүн модыг түүвэрлэн огтолно. Түүвэрлэх огтлолтыг сонгон түүвэрлэх, ойн аж ахуйн түүвэрлэх, үйлдвэрлэлийн түүвэрлэх гэж 3 ангилна.
1/Сонгон түүвэрлэх огтлолтын үед хөгжмийн зэмсэг, эмээл, гэрийн хана,унь гэх мэт тусгай зориулалтын сортиментийн шаардлага хангасан модыг түүвэрлэн огтолно. Огтлолтын эрчим 5-10 хувь байна.
2/Ойн аж ахуйн түүвэрлэх огтлолтыг yc зохицуулах, хөрс хамгаалалтын ойн болон эгц налуу газар, ногоон бүсийн ойд хэрэглэнэ.
Эхний ээлжинд гэмтэл согогтой бүдүүн модыг огтолно. Огтлолтын эрчим 12-15 хувь бол 7-8 жил, 16-20 хувь бол 10-15 жилийн давтамжтайгаар огтлолтыг хийнэ.
З/Үйлдвэрлэлийн түүвэрлэх огтлолтыг ашиглалтын бүсийн ойд үйлдвэрлэлийн зориулалтаар мод бэлтгэхэд хэрэглэнэ. Энэ огтлолтоор ойн өтгөрлийг 0.5-аас бууруулахгүйгээр тухайн талбайн ойн нөөцийн 20-40 хүртэл хувийг бэлтгэж,20-30 жилийн давтамжтайгаар модыг жигд сийрүүлэн огтолно.
Түүвэрлэх огтлолтын үед мод бэлтгэх талбайг дундажаар 30-35 м өргөн булхайн хэсгүүдэд хувааж, тэдгээрийн голоор 4-5 м цагаалгын зам гаргана. Булхайн хэсэг дээрхи модыг цагаалгын замын дагуу 5-35 хэмийн өнцөгөөр үзүүрээр нь зам pyy чиглүүлж унагаад мөчирлөсний дараа цагаална.
Б.Аажим огтлолт
Аажим огтлолтыг ижил насны модтой ойд сэргэн ургалтыг дэмжих, хөрс, yc хамгаалах чанарыг алдагдуулахгүй байхаар хийх бөгөөд 2-3 удаагийн давтамжтайгаар бүх модыг огтолж авна. Аажим огтлолтын аргаас манай орны нөхцөлд жигд аажим огтлох, бүлгээр аажим огтлох хувилбарыг голчлон хэрэглэнэ.
1.Жигд аажим огтлолтыг бэлтгэл, үндсэн, эцсийн гэсэн 3 шатаар явуулна.
а/Бэлтгэл огтлолтын үед шигүү ойг 0.6-0.7 өтгөрөлтэй болтол сийрүүлж, гэрлийн нөхцөлийг сайжруулан, модны үр өгөлт, үрийн соёололтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ. Эхний огтлолтоор мод цагаалгын замыг оролцуулан огтлолтын эрчим 25-30 хувь байна. Тухайн ойн өтгөрлөөс хамаарч огтлолтын эрчим нь өөр байж болно. Дараачийн огтлолтыг 5-7 жилийн дараа хийнэ. Гэхдээ ойд өсвөр модны тооллого явуулж, үнэлэлт өгсний үндсэн дээр дараагийн огтлолт хийх хугацааг нарийвчлан тогтооно. Ойн өтгөрөл 0.7-аас илүүгүй бол бэлтгэл огтлолт хийх шаардлагагүй.
б/үндсэн огтлолтын зорилго нь мод ургах чөлөөтэй орон зайг нэмэгдүүлж, олон тооны өсвөр мод ургах, өсөж бойжих нөхцөлийг бүрдүүлэх явдал юм. Ойн өтгөрлийг 0.4-0.5-аас бууруулахгүйгээр ойн нөөцийн 20-25 хувийг огтолж авах боловч ойн өтгөрлөөс хамаарч огтлох эрчим өөр байж болно.
Бэлтгэл огтлолт хийгээгүй ойд цагаалгын замыг оруулан огтлолтын эрчим 40 хувь хүртэл байж болох бөгөөд огтлолтын дараахь өтгөрөл 0.5-аас багагүй байна.
Дараагийн огтлолтыг 6-8 жилийн дараа нэг га талбайд жижиг өсвөр мод 4000-5000, дунд, том хэмжээний өсвөр мод 2500-3000, том хэмжээний өсвөр мод 1500-2000 ширхэгээс цөөнгүй, ургасан тохиолдолд хийнэ.
Ойн сэргэн ургалт байхгүй үед ойн байгалийн сэргэн ургалтыг дэмжих арга хэмжээ авна.
в/Эцсийн огтлолтоор өсвөр болон залуу модыг гэмтээхгүйгээр болц гүйцсэн бүх модыг огтолж авна.
2.Бүлгээр аажим огтлох аргыг өсвөр болон залуу мод хэсэг бүлгээр тархсан ойд хэрэглэнэ. Нэг га талбайд өсвөр модтой 4-5 жижиг талбайг сонгон авч, тэдгээрийг тодорхой радиусаар 3-4 удаа тэлж огтлох, хооронд нь нийлүүлэх замаар мод бэлтгэнэ.
Эхний удаагийн огтлолтыг ойн талбайн 25 хувьд, хоёр дахь удаагийн огтлолтыг 3-5 жилийн дараа ойн талбайн 50 хувьд, гурав дахь удаагийн огтлолтыг 6-8 жилийн дараа ойн талбайн 75 хувьд тус тус явуулна.
Харин дөрөв дэх удаагийн огтлолтыг 5-7 жилийн дараа хийж, үлдсэн болц гүйцсэн модыг огтолно.
З.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага түүвэрлэх болон аажим огтлолтын аргаар мод бэлтгэхдээ ойн экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, хөрсийг эвдрэлээс хамгаалах, ойн нөхөн сэргээлтийг хангахуйц технологийн карт, зураг хийж аймгийн Засаг даргын Тамгын газрын ойн асуудал эрхэлсэн ажилтнаар баталгаажуулан мөрдөж ажиллана.
4.Мод бэлтгэлийн технологийн карт, зурагт мод унагах чиглэл, мод цагаалах гол, туслах замын байршил, ачих талбай, өсвөр мод хамгаалах, ой цэвэрлэх арга хэмжээ зэргийг тусгана.
Тав. Ахуйн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэх
1.Ойн орчныг цэвэршүүлэх зорилгоор хатсан, хөнөөлт шавьж өвчинд нэрвэгдсэн, өтөлж хөгширсөн модыг арчилгаа, цэвэрлэгээний огтлолтоор бэлтгүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн хэрэглээний мод, түлээний хэрэгцээг хангана.
2.Энэ зорилгоор хэрэглээний мод, түлээ бэлтгэхдээ Байгаль орчны сайдын 199 7 оны 166 дугаар тушаалаар батлагдсан "Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журам", "Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх технологийн заавар"-ыг мөрдөнө.
З.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ахуйн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан Сумын Засаг дарга, түлээ бэлтгэх эрхийн бичгийг тухайн нутаг дэвсгэр хариуцсан байгаль хамгаалагч тус тус олгоно.
4.Эрхийн бичигт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, бэлтгүүлэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх, тээвэрлэх хугацаа, газрын нэрийг заана/Хоёрдугаар хавсралт/.
5.Сумын Засаг дарга, байгаль хамгаалагч нар ойгоос үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичгийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгохдоо төлбөрийг урьдчилан өлүүлсэн байна.
Зургаа. Байгаль хамгаалагч, мод бэлтгэгчийн үүрэг
1.Байгаль хамгаалагч үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар мод бэлтгэх талбайг тусгаарлах, мод бэлтгэл явуулах арга, технологийг сонгох, гэрээ, эрхийн бичгийн биелэлтийн явцад хяналт тавих, мод бэлтгэсэн талбайг хүлээн авах ажлыг зохион байгуулж, зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авна.
Байгаль орчны байцаагч болон хууль хяналтын байгууллагад зөрчил, дутагдлын талаар мэдээлж, шаардлагатай бол гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэнэ.
2.Мод бэлтгэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үүргийг хүлээхийн зэрэгцээ мод бэлтгэлийн ажлын явцтай холбогдсон дараах арга хэмжээг авсан байна:
1/Иргэн,аж ахуйн нэгж, байгууллага бэлтгэсэн модны хэмжээ, төлбөрийн байдлыг cap бүр нарийвчлан гаргаж, байгаль хамгаалагчид мэдээлж байна.
2/Мод бэлтгэлийн ажил дууссаны дараа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага төлбөрийн тооцоо хийж, талбайг цэвэрлэж байгаль хамгаалагчид актаар хүлээлгэн өгнө.
------оОо----
Текст томруулах
A
A
A