- Нүүр
- Сайдын тушаал
- ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
БСШУЯ-ны 2017.01.27-ны өдрийн 2/789 тоот албан бичгээр хасалт хийсэн
Гэгээрлийн сайдын 1999 оны 130 дугаар тушаалын гуравдугаар хавсралт
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬ, ТЕХНИКИЙН БОЛОН МЭРГЭЖЛИЙН СУРГУУЛИЙН СУРАЛЦАГЧИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг зүйл
1.1. Ерөнхий боловсролын сургууль, техникийн болон мэргэжлийн сургуулийн суралцагч сургалтын ажилдаа энэхүү дүрмийг мөрдөнө.
1.2. Эрүүл чийрэг бие бялдар, оюуны зохих чадавхитай, хуулийг дээдлэн сахидаг, хүмүүнлэг ёс суртахуун, гоо зүйн мэдрэмж, таашаал олж, бие даан сурч амьдрах чадвартай иргэн болон төлөвшихийн төлөө хичээнгүйлэн суралцана.
1.3. Хүн төрөлхтний болон өөрийн ард түмний дэвшилтэд зан заншил, өв уламжлалаас байнга суралцаж, хүмүүнлэг ёсыг эрхэмлэнэ.
1.4. Багш, эцэг эх, ахмад хүмүүс, найз нөхдөө хүндэтгэж, тэдний зөвөлгөө, сургамжийг сонсоно.
1.5. Хууль ёсыг хүндэтгэн биелүүлж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, тамхи татах зэрэг нийгмийн сөрөг үйлийг цээрлэнэ.
1.6. Бие бялдараа байнга чийрэгжүүлэн ариун цэвэр, өдрийн дэглэмээ баримтлан чөлөөт цагаа зөв, зохистой ашиглаж, биеэ дайчлан өөрийгөө тасралтгүй хөгжүүлнэ.
1.7. Сургуулийнхаа дотоод журмыг чанд биелүүлнэ.
1.8. Суралцагч нь Боловсролын тухай хуулийн 38-ын 1-д заасан эрхийг эдэлж, 38-ын 2-т заасан үүргийг биелүүлнэ.
1.9.Сургууль нь энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн боловсруулсан өөрийн дотоод журамтай байж болно.
Хоёр. Сурч, амьдрах орчиндоо мөрдөх дэг.
2.1. Суралцагчийн хичээлд ирэхдээ баримтлах дэг:
а/. Хичээлд ирэхдээ цэвэр үзэмжтэй хувцаслаж, тухайн өдрийн хичээлийн бэлтгэлийг бүрэн хангаж, хичээлийн хонх дуугарахаас 5 доошгүй минутын өмнө ирсэн байна.
б/. Хичээлийн хонх дуугармагц хичээллэх анги, танхимдаа орж суудлаа эзэлнэ.
в/. Суралцагч ямар нэг шалтгаанаар хичээлд ирээгүй бол энэ тухай шалтгаанаа ангийн багшдаа мэдээлж, шаардлагатай магадлагааг ирүүлнэ.
2.2. Суралцагчийн хичээл, сургууль дээрээ баримтлах дэг:
а/. Хүндэтгэх шалтгаанаар ээлжит хичээлд орох боломжгүй бол энэ тухайгаа сургуулийн дотоод журамд заасны дагуу холбогдох хүмүүст мэдэгдэн зөвшөөрөл авна.
б/. Завсарлагаанаар хичээлээс хожимдох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд хичээл зааж буй багшаас зөвшөөрөл авна.
в/. Хичээлд анхааралтай, идэвхитэй оролдож, багш болон нөхөдтэйгөө хамтран ажиллаж, хичээлийн агуулгыг бүрэн эзэмшихийн төлөө чармайна.
г/. Сургуулийн болон ангийн эд хогшил, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг зөв, ариг гамтай хэрэглэнэ. Сургуульдаа дүрэмт хувцас өмсөнө.
д/. Сурах бичиг, ном, дэвтэр, хичээлийн хэрэглэлээ цэвэр гамтай эзэмшиж, сургуулийн номын сангаас авсан ном, сурах бичгийг хугацаанд нь бүрэн бүтэн буцааж өгнө.
е/. Өөрийн авъяас сонирхол, хэрэгцээнд тулгуурлан хичээлээс гадуурхи дугуйлан, секцэд суралцаж, сургуулийн захиргаа, суралцагчдийн байгууллагаас зохион байгуулж буй үйл ажиллагаанд сургуулиас баталсан хуваарийн дагуу идэвхитэй оролцоно.
2.3. Суралцагчийн гэртээ баримтлах дэг:
а/. Өдөр бүр хичээлээ давтаж, гэрийн даалгаварыг чанартай, бүрэн гүйцэтгэж, бие даан суралцах арга барилаа тасралтгүй хөгжүүлнэ.
б/. Эцэг эх, эмээ өвөө, ах эгч, дүү нараа хүндэтгэн шаардлагатай бол тэднээс дэмжлэг тусламж авч, сурч мэдсэн шинэ зүйлийнхээ тухай тогтмол ярилцаж, дүү нараа асран хамгаалж, тэдэнд зөв үлгэр дуурайл үзүүлж, гэрийн ажилд туслана.
в/. Сургууль, багшаас эцэг эхэд хандсан буюу эцэг эхээс сургуульд хандсан асуудлыг зөв, шуурхай танилцуулна.
2.4. Суралцагчийн гудамж, талбай, олон нийтийн газарт баримтлах дэг:
а/. Гудамж талбай, олон нийтийн газарт хууль ёсыг хүндэтгэн биелүүлж, нийгмийн хэв журмыг чанд сахина.
б/. Хараал хэлэх, хуурч мэхлэх, бусдын юмыг зөвшөөрөлгүй авахыг цээрлэнэ.
в/. Нийтийн эзэмшлийн хөрөнгө болох хөшөө дурсгал, орон сууц, нийтийн тээврийн хэрэгсэл, цэцэрлэгт хүрээлэн, талбай, зүлэг, модыг бохирдуулж, гэмтээхгүй байна.
г/. Гудамжинд замын хөдөлгөөний дүрмийг баримтлан нийтийн тээврийн хэрэгслээр зөв зорчино.
-----------оОо----------
Текст томруулах
A
A
A