- Нүүр
- Сайдын тушаал
- АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ЖУРАМ
Батлан хамгаалахын сайдын 2001 оны 370 дугаар тушаалын хавсралт
АХЛАГЧИЙН АЛБА ХААХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын иргэн хууль тогтоомжийн дагуу ахлагчийн алба хаах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журмыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээний агентлаг, байгууллагуудад дагаж мөрдөнө.
1.3. Ахлагчийн алба хаагч нь боловсрол, мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн зохих шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан байна.
Шалгуур үзүүлэлтийг Цэргийн удирдлагын төв байгууллага тогтооно.
1.4. Ахлагч нь Монгол Улсын хууль тогтоомж, цэргийн дүрмээр тогтоосон эрх, хангамжийг эдэлж, үүрэг хариуцлагыг хүлээнэ.
1.5. Ахлагчийн алба хаах иргэнтэй талуудын харилцан тэгш байх эрхийн зарчимд үндэслэн ахлагчийн алба хаах гэрээ байгуулна.
1.6. Ахлагчийн албаны эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Төрийн албаны тухай", "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай", "Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай", "Хөдөлмөрийн тухай", "боловсролын тухай" хуулиуд, "Цэргийн нийтлэг дүрмүүд" болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, энэ журам бусад эрхийн акт байна.
Хоёр. Ахлагчийн албан тушаал
2.1. Цэргийн мэргэжлийн чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэг бүхий удирдах болон гүйцэтгэх албан тушаалыг ахлагчийн албан тушаал гэнэ.
2.2. Салааны захирагч /тасаг, тоот, бүлгийн захирагч, дадлагын багш г.м/ тэдгээртэй адилтгах болон түүнээс дээших албан тушаалыг удирдах албан тушаал гэнэ.
2.3. Дээр дурьдсанаас бусад /радист, засварчин, нууц, бичиг хэргийн ажилтан г.м/ албан тушаалыг гүйцэтгэх албан тушаалд хамааруулна.
2.4. Ахлагчийн албан тушаалын ангилал, зэрэглэлийг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
Гурав. Ахлагчийн албанд авах
3.1.Ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага:
• Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх
• Мэргэжил, ур чадварын түвшин нь тухайн албан тушаалын ажлын байрны шалгуур үзүүлэлтийг хангасан байх
• Биеийн эрүүл мэндээр ахлагчийн албанд тэнцэх нь цэргийн эмч нарын комиссын дүгнэлтээр тогтоогдсон байх
• Төрийн албан хаагчийн ёс зүйн ерөнхий шаардлагыг хангасан байх
• Ял шийтгэлгүй байх
3.2. Ахлагчийн албанд энэ журмын 3.1-д заасан шаардлага, доорх болзлыг хангасан Монгол Улсын иргэнийг авна.
3.2.1. Дотоод, гадаадын ахлагч бэлтгэх болон хөгжмийн сургууль /дамжаа/ дүүргэсэн сонсогчид ахлагчийн цол олгож, албан тушаалд томилно.
3.2.2.Гэрээт цэргийн албыг үлгэр жишээ хаасан түрүүч, байлдагч нарт ахлагчийн цол олгож, гүйцэтгэх албан тушаалд томилж болно.
3.2.3.Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлага хангасан 30 хүртэлх насны хугацаат цэргийн алба хаасан эрэгтэй, 25 хүртэлх насны эмэгтэйг ахлагчийн гүйцэтгэх албан тушаалд энгийнээр авч ажиллуулж болно.
Ахлагчийн албан тушаалд энгийнээр томилогдсон иргэнийг ахлагчийн албанд шилжүүлэхдээ тухайн албан тушаалд 6 сар ажиллуулсны дараа анги, байгууллагын саналыг харгалзан цаашид ажиллах албан тушаалын шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэх талаарх мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн ахлагчийн дамжаанд элсүүлэн суралцуулна.
Ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллах хугацаа 1.5 жилээс хэтрэхгүй байна.
3.2.4.Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэнд, өөрийн хүсэлт, ар гэрийн гачигдлаар цэргийн албанаас халагдсан 35 хүртэлх насны эрэгтэй, 35 хүртэлх насны эмэгтэй бэлтгэл ахлагчийг 6 сараас доошгүй хугацаагаар ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллуулсны дараа ахлагчийн албан тушаалын "шалгуур үзүүлэлт"-ийн шалгалтад тэнцсэн нөхцөлд ахлагчийн албанд эгүүлэн авч, тухайн албан тушаалын цэргийн цолыг "Цэргийн цол олгох журам "-ын дагуу эдлүүлнэ.
3.3. Ахлагчийн албанд шинээр болон бэлтгэлээс эгүүлэн авах асуудлыг Цэргийн удирдлагын төв байгууллагын даргын тушаалаар шийдвэрлэнэ.
3.4. Ахлагчийн алба хаах хугацааг "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай" хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон ажлын үзүүлэлт, хүний нөөцийн байгууллагын санал, төрийн албаны салбар зөвлөл болон цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн нэг удаа сунгаж болно.
3.5. Ахлагчийн албан тушаалд ажиллаж байгаад сахилга, хариуцлага, ёс зүйн зөрчил гаргаж цэргийн албанд тэнцэхгүй халагдсан иргэнийг ахлагчийн албанд эгүүлэн авахгүй.
Дөрөв. Ахлагчтай гэрээ байгуулах
4.1.Хүний нөөцийн байгууллага нь мэргэжлийн газар, хэлтэстэй хамтран хүн нэг бүртэй биечлэн ярилцаж, харилцан тохиролцсоны үндсэн дээр ахлагчийн албанд шинээр авч буй иргэнтэй гэрээг бичгээр байгуулна.
4.2. Ахлагчийн алба хаах гэрээ дараах агуулгатай байна. Үүнд:
а. алба хаах хугацаа
б. тухайн албан тушаалд ажиллах хугацаа
в. ажиллах анги, байгууллага, албан тушаал
г. гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг
д. талуудын хүлээх хариуцлага
е. гэрээний хугацааг цуцлах, хугацааг сунгах, дуусгавар болгох үндэслэлүүд
4.3.Гэрээг тухайн албан тушаалтны харъяалах цэргийн анги байгууллагын дарга батална.
4.4. Гэрээ батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр болно.
4.5.Гэрээг 3 хувь үйлдэж, нэг хувийг хүний нөөцийн байгууллагад, бусад хувийг ажиллаж байгаа анги, байгууллага болон тухайн ахлагчид хадгалуулна.
4.6.Анги, байгууллагын удирдлага өөрийн анги, байгууллагын онцлог, нөхцөл байдалтай холбоотой асуудлаар гэрээнд нэмэлт заалт тусгаж болно.
4.7.Ахлагчийн алба хаах анхны гэрээг 5 жилийн хугацаагаар байгуулна. Цаашид дараагийн шатны дамжааг дүүргэн, мэдлэг боловсрол, ур чадвараа дээшлүүлсэн тохиолдолд хоёр тал харилцан тохиролцож, гэрээг 5 хүртэл жилээр сунгана.
4.8.Гэрээний үүргээ биелүүлээгүй буюу зөрчсөн тал хууль тогтоомж, гэрээний дагуу хариуцлага хүлээнэ.
4.9.Гэрээний биелэлтийг анги, байгууллагын удирдлага жил бүр дүгнэнэ. Харин талуудын аль нэгний шаардлагаар гэрээг хэдийд ч дүгнэж болно.
Тав. Ахлагчийн албан тушаалд томилох, дэвшүүлэх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах
5.1. Ажлын шаардлага, бүтэц, зохион байгуулалт, орон тооны өөрчлөлт, өөрийн хүсэлтийг харгалзан ахлагчийг нэг албан тушаалаас нөгөө албан тушаалд дэвшүүлэх, шилжүүлэх, сэлгэн ажиллуулах буюу адилтгах албан тушаалд томилж болно. Сэлгэн ажиллуулах хугацаа 2 жил хүртэл байна.
5.2. Гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байгаа ахлагч сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд албан тушаалын дамжаанд элсүүлж, төгссөний дараа албан тушаалд дэвшүүлэн томилно.
Сонгон шалгаруулалт гэдэг нь хүний нөөцийн болон мэргэжлийн байгууллагууд хамтран гэрээний биелэлт, үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, сахилга, хариуцлагын байдал, албан тушаалын шалгуур үзүүлэлтийг хэрхэн хангаж байгаад өгсөн үнэлэлтийг хэлнэ.
Ахлагчийг сонгон шалгаруулалтад оруулахдаа анги, байгууллагын болон хүний нөөцийн байгууллагын саналыг үндэслэнэ.
Удирдах албан тушаалтан нь сонгон шалгаруулалтад 4 жил тутамд хамрагдана.
5.3.Ахлагчийн удирдах албан тушаалд ажиллаж буй ахлагчийг офицерын гүйцэтгэх албан тушаалд түр томилон ажиллуулж болно.
5.4. Ахлагчийг тухайн албан тушаалын шаардлага хангаагүй тохиолдолд ахлагчийн албанаас халах буюу өөрийнх нь хүсэлтээр албан тушаал бууруулан томилж, томилогдсон албан тушаалын цэргийн цолыг эдлүүлнэ.
5.5. Ахлагчийг дэвшүүлэх, сэлгэн ажиллуулах, бууруулах, шилжүүлэхдээ хүний нөөцийн байгууллагын саналыг үндэслэн Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, Цэргийн удирдлагын төв болон Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар тус тус томилно.
Зургаа. Ахлагчид цэргийн цол олгох, шагнах
6.1. Ахлагчид цэргийн цол олгохдоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан "Цэргийн цол олгох журам"-ыг баримтална.
6.2. Удирдах албан тушаал эрхэлж буй ахлагчийн дараагийн цолыг Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга, Цэргийн удирдлагын төв болон Иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга олгоно.
6.3.Ахлагчийг шагнах эрх зүйн үндэс нь Монгол Улсын "Төрийн албаны тухай хууль", Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Батлан хамгаалахын сайдын тушаалаар батлагдсан холбогдох журам, Цэргийн сахилгын дүрмийн заалтууд болно.
6.4. Ахлагчийн шагналын үндсэн шалгуурт үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ажлын амжилт, алба хаасан жил хамаарна.
6.5. Эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан ахлагчийг цэргийн болон иргэний их сургууль /академи/, коллеж /ахлагчийн сургууль/-д суралцах сургалтын зардлын эрхийн бичгээр шагнаж болно.
Долоо. Ахлагчийн сургалт
7.1. Ахлагчийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтыг яам, агентлагийн хүний нөөцийн байгууллага удирдан дараах шаттайгаар зохион байгуулна.
А. мэргэжлийн ахлагч бэлтгэх дамжаа
Б. мэргэшүүлэх дамжаа
В. хос мэргэжилтэн бэлтгэх дамжаа
Г. ахлагчийн сургууль /Удирдах албан тушаалтан бэлтгэнэ/
7.2. Цэргийн болон иргэний их сургууль /академи/, коллеж, ахлагчийн сургуульд элсэн орж байгаа ахлагчтай суралцуулах тухай захиалагч, сургууль, суралцагчийн гурвалсан гэрээг байгуулна.
7.3. Ахлагчийг сургууль, мэргэшүүлэх дамжаа төгссөнөөс хойш 3-аас доошгүй жил ажиллуулсны дараа дараагийн шатны сургалтад хамруулна.
7.4. Төрийн зардлаар гадаад, дотоодын цэргийн болон иргэний их сургууль /академи/, коллеж, ахлагчийн сургуульд суралцаж буй ахлагч сахилга, сурлагаар тэнцэхгүй сургуулиас хасагдсан, хуваарилсан газар, томилсон ажилд очоогүй буюу гэрээнд заасан хугацаанд ажиллаагүй бол суралцсан хугацааны зардлыг бүрэн хэмжээгээр нөхөн төлүүлнэ.
Төрийн зардал гэдэгт улсын төсвийн хөрөнгө, түүний оролцоотой бүрдүүлсэн төрөл бүрийн сан, төрийн өмчийн ба төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн хөрөнгө, гадаад орны зээл тусламж, Монгол улстай тохиролцсоноор хүлээн авч байгаа гадаад орны болон Олон улсын байгууллагаас санхүүжүүлсэн зардлууд хамаарагдана.
7.5. Цэргийн боловсролыг ахиулах сургалт, мэргэшүүлэх дамжаанд зөвхөн ахлагчийн алба хаагчийг хамруулна.
7.6. Зэвсэгт хүчний ахлагчийн албан тушаалд энгийнээр ажиллаж байгаа ажилтанг их сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, дамжаанд байгууллагын зардлаар сургахгүй.
Найм. Ахлагчийн амралт, чөлөө
8.1. Ахлагчид "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуульд зааснаар ээлжийн амралтыг олгож, биеэр эдлүүлнэ.
8.2. Ахлагчийн албанд шинээр орж буй ахлагчид иргэний байгууллагад ажилласан хугацааг нь харгалзан ээлжийн амралтын нэмэгдэл хоногийг 6-10 жилд 3 өдөр, 11-15 жилд ажлын 5 өдөр, 16-20 жилд ажлын 7 өдөр, 21-25 жилд ажлын 9 өдөр, 26-31 жилд ажлын 11 өдөр, 32 түүнээс дээш жилд ажлын 14 өдрөөр тооцож олгоно.
8.3. Ахлагчид хууль, тогтоомжийн дагуу дор дурдсан чөлөө олгоно.
а. Өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөө
Өвчний болон рашаан сувилалд эмчлүүлэх чөлөөг цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн анги, байгууллагын захирагч, дарга нар олгох бөгөөд эмчлүүлэх хугацаа 13 долоо хоногоос илүүгүй байна. Харин хорт хавдар болон сүрьеэгээр анх удаа өвчлөхөд эмчлүүлэх хугацаа 26 долоо хоногоос илүүгүй байна.
Энд зааснаас илүү хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд цэргийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн ахлагчийн албанаас бэлтгэлээр хална.
б. Суралцах чөлөө
Монгол Улсын "Боловсролын тухай "хуульд заасны дагуу ахлагчийг орой, эчнээ, зайн сургалтад суралцахаар элсэлтийн, анги дэвших, төгсөх, шалгалт өгөх, сургуулиас тогтоосон хугацаанд нь тухайн анги, байгууллагын захирагч дарга нарын тушаалаар ажлаас түр чөлөөлж, цалингаар хангана. Эрдэм шинжилгээний болон бүтээлийн цалинтай чөлөө олгож болно.
в. Хүүхэд асрах чөлөө
Эмэгтэй ахлагчид жирэмсний, амаржсаны дараах болон хүүхдээ 2 нас хүртэл нь асрах чөлөө олгоно. Ахлагчийн эхнэр нь эрүүл мэндийн байдлаас хүүхдээ асрах чадваргүй боох нь эмнэлгийн магадалгаагаар тогтоогдсон эсвэл нас барсан тохиолдолд хүүхдийг 2 нас хүртэл асрах чөлөөг эцэгт нь олгож болно.
г. Ар, гэрийг дэмжих чөлөө
Ахлагчийн ар гэр амьдралд тохиолдсон гачигдлыг нь харгалзан ар гэрт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор анги, байгууллагын захирагч /дарга/-ын тушаалаар хуанлийн 15 хоног хүртэл цалинтай, 2 сар хүртэл цалингүй чөлөө олгож болно.
Ес. Ахлагчийг цэргийн албанаас халах, чөлөөлөх
9.1. "Төрийн албаны тухай", "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай" хуулиудад заасныг үндэслэн ахлагчийг цэргийн жинхэнэ албанаас өөрийн нь хүсэлтээр эсвэл захиргааны санаачилгаар хална.
9.2.Ахлагчийн алба хаах гэрээний хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болон албан тушаалын шаардлага хангахгүй байгаа ахлагч нь албан тушаал бууруулан ажиллуулах тухай саналыг хүлээн аваагүй тохиолдолд түүнийг цэргийн жинхэнэ албанаас захиргааны санаачилгаар бэлтгэлээр хална.
9.3. Ахлагчийн алба хаагч нь улс төрийн сонгуульд нэр дэвшин оролцох, улс төрийн албан тушаал эрхлэх, иргэний их сургууль, коллежийн үндсэн ангид элсэн суралцах тохиолдолд цэргийн жинхэнэ албанаас эргэж орох нөхцөлтэйгөөр бэлтгэлээр хална.
9.4.Халагдах болон тэтгэвэр чөлөөндөө гарах ахлагчид анги, байгууллага нэг сарын өмнө урьдчилан мэдэгдэх хуудас өгнө. Энэ хугацаанд тухайн офицер нь ажил, амралт, өмч хөрөнгийн тооцоог анги, байгууллагатайгаа бүрэн хийх үүрэгтэй.
9.5.Халагдах болон тэтгэвэр чөлөөндөө гарах ахлагч нь анги, байгууллагатайгаа эрхэлсэн ажил, хариуцсан зэвсэг техник, эд хөрөнгийн тооцоог бүрэн хийж дуусгасны эцэст холбогдох баримт бичгээ авна.
9.6.Халагдаж байгаа ахлагч эрхэлж байсан ажил, албан тушаалын болон өмч, хөрөнгийн тооцоо хийхээс зайлсхийсэн тохиолдолд хохирлыг шүүхээр шийдвэрлүүлнэ.
Арав. Хувийн хэрэг, тоо бүртгэл, хувийн баримт бичиг
10.1. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 1995 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг, бүртгэлийг хөтлөх журам "-ын дагуу цэргийн жинхэнэ албаны ахлагчийн хувийн хэргийг хүний нөөцийн байгууллага эрхлэн нээж, жил бүр баяжилт, хөдөлгөөн хийж хадгална.
10.2. Ахлагчийн хувийн хэрэг нь түүний төрийн тусгай алба хаасан тухай болон үйл ажиллагаа, мэргэжлийн түвшингийн үнэлгээ, ажил байдлын тодорхойлолт, холбогдох судалгааг багтаасан байна.
10.3. Ахлагчийн хувийн хэрэг нээгдмэгц ахлагчийн үнэмлэх олгоно. Ахлагчийн үнэмлэх нь цэргийн жинхэнэ алба хааж байгаа иргэнийг батлах үндсэн баримт бичиг болно.
10.4. Цэргийн албанаас халагдаж байгаа ахлагчийн үнэмлэхэнд халагдсан тухай тэмдэглэл хийж хувийн хэрэгт нь хадгална. Цэргийн жинхэнэ албанд эргэж орсон ахлагчид үнэмлэхийг дахин олгоно.
10.5. Бэлтгэлээр халагдсан ахлагчид бэлтгэл ахлагчийн үнэмлэх олгоно.
10.6. Ахлагч нь үнэмлэхээ гээж үрэгдүүлбэл хүчингүйд тооцсон тухай хэвлэлээр зарлуулж, төлбөртэйгөөр дахин үнэмлэх авна.
10.7. Ахлагч нь өөрийн хувийн хэрэгтэйгээ жил тутамд танилцаж амьдрал, ам бүлийн талаар гарсан өөрчлөлтийг тодотгож байх үүрэгтэй.
10.8. Ахлагчийг хувийн хэрэгтэйгээ танилцахад нь хяналт тавих, өөрчлөлт тодотгол хийх ажлыг тухайн асуудал хариуцсан ажилтан биечлэн гүйцэтгэнэ.
- - - - о О о - - - -
Текст томруулах
A
A
A