- Нүүр
- Сайдын тушаал
- ИНД-11 “ДҮРЭМ БОЛОВСРУУЛАХ, ДҮРМИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ” /ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 02 дугаар сарын 29 –ны
өдрийн 42 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
ИНД-11 "ДҮРЭМ БОЛОВСРУУЛАХ, ДҮРМИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ"
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 11.1. Зорилго
Иргэний нисэхийн дүрэм боловсруулах, дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.
Дүрэм боловсруулах гэж иргэний нисэхийн дүрэм шинээр боловсруулах болон батлагдсан дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ажиллагаа;
Дүрмийн бүртгэл гэж дүрэм боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх өргөдөл, хүсэлт болон тэдгээрийн шийдвэрлэлтийг бүртгэх ажиллагаа;
Дүрмийн мэдээллийн эмхтгэл гэж хүчин төгөлдөр мөрдөж буй дүрэм, тэдгээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд, дүрмийн шаардлагаас чөлөөлөгдсөн шийдвэрийг мэдээлэх зорилгоор ИНЕГ-аас гаргадаг товхимол;
Дүрмийн шаардлагаас чөлөөлөх гэж хүчин төгөлдөр дүрмийн шаардлагаас чөлөөлөх тухай ИНЕГ-ын даргын шийдвэрийг тус тус ойлгоно.
(а) Дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт болон дүрмийн холбогдолтой бусад мэдээлэл нь Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх) -ын Дүрмийн бүртгэл хариуцсан нэгжид бүртгэгдэнэ.
(б) Энэ зүйлийн (а)-д дурьдсан бүртгэлд дараах бичиг баримт багтана:
1/ дүрэм боловсруулах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх өргөдөл;
2/ дүрэм боловсруулах, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах болон дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл, тайлбар;
3/ өргөдөл, хүсэлтийн хариу;
4/ дүрэм боловсруулахтай холбогдуулж цуглуулсан санал;
5/ дүрмийн шаардлагаас чөлөөлөх тухай шийдвэр, түүнд хамаарах нөхцлүүд.
11.4. Зөвлөмжийн цуврал
(а) ИНЕГ-аас Иргэний нисэхийн багц дүрмийн хэрэглээ болон дүрмийг хэрэгжүүлэх талаарх тайлбарыг агуулсан Зөвлөмжийн цувралыг гаргана.
Б БҮЛЭГ. ДҮРЭМ БОЛОВСРУУЛАХ 11.5. Дүрэм боловсруулах өргөдөл
(а) Иргэн, хуулийн этгээд нь агаарын зайг хуваарилах, ашиглах дүрэм болон нислэгт тэнцэх чадварын удирдамж (AD)-аас бусад дүрэм боловсруулах, хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хүчингүй болгох тухай өргөдөл хүсэлтээ ИНЕГ-11/01 маягтын дагуу гаргана.
(б) Өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ шинээр дүрэм боловсруулах шаардлага, үндэслэл;
3/ нэмэлт, өөрчлөлт оруулах холбогдох дүрмийн заалтууд;
3/ өргөдөл гаргагчийн хүсэлтийг дэмжсэн аливаа мэдээлэл, санал, баримт нотолгоо.
11.6. Өргөдлийг шийдвэрлэх
(а) ИНЕГ-ын дарга дүрэм боловсруулах тухай өргөдлийг судалсны үндсэн дээр шаардлагатай гэж үзвэл шинээр дүрмийн төсөл боловсруулах, эсхүл дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах тухай шийдвэр гаргана.
11.7. Дүрмийн төсөл боловсруулах
(а) ИНЕГ-ын Дүрмийн бүртгэл хариуцсан нэгж нь дүрэм боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах тухай ИНЕГ-ын даргын шийдвэрийг үндэслэн шинэ дүрмийн болон дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ дүрмийн 11.9-ийн шаардлагад нийцүүлэн боловсруулж ИНЕГ-ын даргад танилцуулна.
(б) Дүрмийн төсөл боловсруулахтай холбогдон гарах зардлыг ИНЕГ хариуцна.
11.8. Дүрмийн төсөлд тавигдах шаардлага
(а) Дүрмийн төсөл дараах шаардлагыг хангасан байна:
1/ иргэний нисэхийн тухай олон улсын гэрээ, Иргэний нисэхийн тухай хууль болон бусад дүрмийн заалтуудтай уялдаатай байх;
2/ тухайн дүрмээр зохицуулах асуудлыг аль болох бүрэн тусгасан байх;
3/ Иргэний нисэхийн тухай хууль, бусад дүрэмд хэрэглэсэн нэр томъёог хэрэглэх, нэг нэр томъёогоор өөр өөр ойлголтыг илэрхийлэхгүй байх, нэр томъёог үндсэн болон нийтээр хүлээн зөвшөөрсөн утгаар хэрэглэх;
4/ дүрмийн заалт нь Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ИКАО)-аас гаргасан аюулгүй ажиллагааны минимум стандарт, зөвлөмжийн шаардлагыг бүрэн хангасан байх.
(б) Дүрмийн төсөлд, ИНД-1-д тусгагдаагүй шинэ нэр томъёо хэрэглэсэн бол нэр томъёоны тайлбар хийнэ.
(в) Дараах тохиолдолд нэр томъёог гадаад хэл дээр хэрэглэж болно:
1/ уг нэр томъёог олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэж хэвшсэн бол;
2/ уг нэр томъёог иргэний нисэхийн тухай олон улсын гэрээнд хэрэглэж байгаа бол.
11.9. Дүрмийн төсөлд санал өгөх
(а) ИНЕГ нь шинээр боловсруулсан дүрмийн төслийг сонирхож буй аливаа этгээдийг дүрмийн төсөлд санал өгөх бололцоогоор хангана.
(б) Дүрмийн төслийг сонирхож буй аливаа этгээд төслийн тухай саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр ирүүлж болно.
(в) Тухайн дүрмийн зохицуулалт үйл ажиллагаанд нь шууд хамааралтай аливаа этгээдийн саналыг заавал авсан байна.
(а) ИНЕГ нь дүрмийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны дараа түүнийг батлуулахаар Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
(б) Батлагдсан дүрмийг Иргэний нисэхийн дүрмийн бүртгэлд бүртгэж, дүрмийн мэдээллийн эмхтгэлд нийтэлж, ИНЕГ-ын веб сайт-д байрлуулна.
В БҮЛЭГ. ДҮРМИЙН ШААРДЛАГААС ЧӨЛӨӨЛӨХ 11.11. Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх тухай өргөдөл
(а) Дүрмийн тухайн заалтыг заавал биелүүлэхээр тусгайлан заагаагүй бол аливаа этгээд дүрмийн аль нэг шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхөөр хүсэж товлосон хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө ИНЕГ-11/02 маягтын дагуу гаргаж ИНЕГ-т ирүүлнэ.
(б) Өргөдөлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөх үндэслэл, шаардлага, хугацаа;
3/ чөлөөлөгдөх дүрмийн заалтын цар хүрээ, өргөдөлд хамрагдсан бие хүн, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн, аэродром, нисэхийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээний тухай танилцуулга, тайлбар болон тухайн хүсэлтийг дэмжсэн аливаа мэдээлэл, санал, баталгаа.
4/ холбогдох бусад зүйл.
11.12. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх
(а) Хууль болон дүрэмд тусгайлан заагаагүй бол, дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан бичиг баримтыг сайтар судалсны үндсэн дээр ИНЕГ-ын дарга нь өргөдөл гаргагчийг аливаа дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэр гаргаж болно.
(б) ИНЕГ-ын даргын шийдвэрт дүрмийн шаардлагаас чөлөөлөгдсөн хугацаанд аюулгүй ажиллагааны талаар өргөдөл гаргагчийн мөрдөж ажиллах нөхцөлийг тодорхой заасан байна.
(в) Хэрэв дүрмийн шаардлагаас чөлөөлснөөр нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзвэл ИНЕГ-ын дарга нь тухайн этгээдийг дүрмийн шаардлагаас чөлөөлөхөөс татгалзаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр мэдэгдэнэ.
(г) Дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийн талаар ИНЕГ-ын даргын гаргасан шийдвэрийг Дүрмийн мэдээллийн эмхтгэлээр мэдээлэх ба мэдээлэлд дараах зүйлийг тусгасан байна:
1/ өргөдөл гаргагчийн нэр, хаяг;
2/ чөлөөлөгдөхийг хүссэн дүрмийн заалт;
3/ дүрмийн шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийн товч танилцуулга;
4/ ИНЕГ-аас гаргасан шийдвэр (зөвшөөрсөн/татгалзсан), түүний үндэслэл.
(д) Энэ зүйлийн (в) заалт нь ИНД-67 (Эрүүл мэндийн стандарт, гэрчилгээ)-ын шаардлагаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдөлд хамаарахгүй.
11.13. Дүрмийн шаардлагаас чөлөөлөх хугацаа
(а) ИНЕГ-ын дарга нь аливаа этгээдийг дүрмийн шаардлагаас 12 сар хүртэл хугацаагаар чөлөөлнө.
(б) Энэ зүйлийн (а) –д заасан хугацааг сунгуулахаар өргөдөл гаргагч нь хүсэлт тавьсан тохиолдолд ИНЕГ-ын даргын шийдвэрээр 3 сар хүртэл хугацаагаар нэг удаа сунгаж болно.
11.14. Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн шийдвэрийг мөрдөх
(a) Аливаа бие хүн, агаарын хөлөг, түүнд хамаарах бүтээгдэхүүн, аэродром, нисэхийн үйл ажиллагаанд хамаарах үйлчилгээг дүрмийн шаардлагаас чөлөөлсөн тухай ИНЕГ-ын даргын шийдвэр нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчинтэй байна.
(б) Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн тухай ИНЕГ-ын даргын шийдвэрийг мөрдөж эхлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө холбогдох үндэслэл, тайлбарын хамт Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
(в) Дүрмийн шаардлагаас чөлөөлсөн тухай ИНЕГ-ын даргын шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь шийдвэрийг цуцлах талаар ИНЕГ-т мэдэгдэнэ.
- - - о О о - - -
Текст томруулах
A
A
A