A

A

A

Бүлэг: 1979
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хүнс хөдөө аж ахуйн

сайдын хамтарсан 2007 оны 140/80 дугаар тушаалын хавсралт

 

 

АЛДУУЛ МАЛЫГ БҮРТГЭХ, МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

 

1.1.Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд мал хулгайлах гэмт хэрэг ихээр үйлдэгдэх болсон, түүнчлэн малчид, мал бүхий иргэдээс мал сүрэгтээ тавих анхаарал, хяналт хангалтгүй байгаа, алдуул, буюу хулгайлагдсаны аль нь болох нь мэдэгдэхгүй мал олон тоотой байгааг зааглан тодруулах үндсэн дээр сум, баг, дүүрэг, хороо бүрт алдуул малын нэгдсэн тоо бүртгэлтэй болгох, түүнийг мэдээлэх асуудлыг нэг мөр болгоход энэхүү журмын зорилго оршино.

1.2.Алдуул мал гэж ямар нэг хариулгагүй, эзэн тодорхой бус байдлаар өөр аймаг, сумын нутагт бэлчээрээр яваа малыг хэлнэ.

1.3.Алдуул малыг хойшлуулшгүй тохиолдолд 24 цагийн дотор, бусад тохиолдолд 3 хоногийн дотор баг, хорооны Засаг дарга түүний албанд уг малын нас, хүйс, зүс, им тамга, содон тэмдгийг үнэн зөвөөр тодорхойлж /хавсралт хүснэгтээр/ бүртгүүлнэ. Баг, хороо нь бүртгэсэн алдуул малын тухай сум, дүүргийн ЗДТГ-т 24 цагийн дотор мэдэгдэнэ.

Харин алдуул мал олсон этгээд нь энэ тухай мэдээллийг 3 хоногийн дотор сумын Засаг даргын Тамгын газар болон, баг, хорооны Засаг дарга, сумын хэсгийн төлөөлөгчид заавал мэдэгдэж тэмдэглүүлнэ.

1.4.Алдуулд бүртгэгдсэн малын тухай мэдээллийг зэргэлдээ сум, баг, аймагт аль болох богино хугацааны дотор мэдээлж эрэн сурвалжлуулах арга хэмжээг тухайн сум, баг, хороо, дүүргийн захиргааны байгууллагаас шуурхай авна.

1.5.Алдагдсан мал нь гэмт халдлагад өртсөн ул мөр, гэрч байгаа бол сум, хорооны цагдаагийн хэсгийн төлөөлөгчид яаралтай мэдэгдэж бүртгүүлнэ.

Ингэхдээ малын эзэн хүсвэл асуудлыг шалгуулахаар бичгээр өргөдөл гарган цагдаагийн байгууллагад өгч болно. Хэсгийн төлөөлөгч болон, тухайн сум орны Засаг дарга, түүний Тамгын газраас хулгайлагдсан малын тухай аймаг, дүүргийн цагдаагийн газар, хэлтэст шуурхай мэдээлнэ.

1.6.Олон тооны буюу өндөр ашиг шимтэй, онцгой үүлдэр угсааны, хурдан, жороо зэрэг малыг алдсан болон хулгайлагдсан тохиолдолд аймаг орон нутаг, улсын хэмжээнд эрэн сурвалжлах, зарлах ажлыг малаа алдсан малчны дэмжлэгтэйгээр орон нутгаас зохион байгуулж болно.

1.7.Алдуул малыг өөрийн эзэмшилд байлган маллаж байсан этгээдэд уг малын хариулгын хөлсийг алдуул малын эзэн /малчид, мал бүхий иргэд, байгууллага/-ээс уг алдагдсан малын зах зээлийн үнийн дүнгийн 10-20 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг гаргуулан олгож болно.

Үүнээс гадна алдуул малыг хадгалан, арчилж байсан этгээдэд Иргэний хуулийн дагуу зохих урамшил олгож болно.

1.8.Алдуул малын арчилгаа, маллагаа, эмчилгээнд орон нутгийн төр захиргаа, хууль хяналтын байгууллагаас зохих хяналт тавьж, алдуул малыг олсон этгээдэд хадгалагдсан өдрөөс эхлэн нийтэд зарлаж, эздэд нь олж өгөх ажлыг зохион байгуулна.

1.9.Алдуул малыг олсон этгээдэд хадгалагдсанаас хойш 1 жилийн дотор уг малын эзэн гараагүй алдуул малыг тухайн сум, дүүргийн ИТХ-ын шийдвэрээр хариуцагч малчны эзэмшилд шилжүүлж болно.

1.10.Алдуулд бүртгэгдсэнээс хойш нэг жилийн дотор олдоогүй буюу, сураг нь гараагүй малыг алдуул малын бүртгэлээс хасч байхыг орон нутгийн ЗДТГ хариуцана.

1.11.Энэхүү журмын дагуу алдуул малын бүртгэлийг жил бүрийн мал тооллогын улсын дүн гарсны дараа аймаг, нийслэлийн ЗДТГ-т нэгтгэж, нэгдсэн дүнг дараа оны 1 дүгээр сарын 30-ны дотор ХХААЯ, Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөлд тус тус ирүүлнэ.

1.12.Алдуул малыг бүртгэх, мэдээлэх, дүн мэдээ гаргах ажлыг баг, хорооны Засаг дарга, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын шийдвэрээр тусгайлан хариуцсан ажилтан эрхлэн гүйцэтгэнэ.

1.13.Энэхүү журмын дагуу алдуул малыг бүртгэх мэдээлэх ажилд хариуцлагагүй хандсан малчин, мал бүхий иргэн болон баг, хорооны Засаг дарга сум, дүүрэг, аймаг, нийслэлийн захиргааны ажилтны талаар гомдол гаргаж болно.