- Нүүр
- Сайдын тушаал
- АМЬТНЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОРИУЛАЛТААР БАРЬЖ, ТЭМДЭГЛЭХ ЖУРАМ
Байгаль орчны сайд, Шинжлэх ухааны
академийн Ерөнхийлөгчийн хамтарсан
2008 оны120/51 тоот тушаалын хавсралт
АМЬТНЫГ ШИНЖЛЭХ УХААНЫ ЗОРИУЛАЛТААР БАРЬЖ, ТЭМДЭГЛЭХ ЖУРАМ
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол улсад амьтныг шинжлэх ухааны зориулалтаар барьж, тэмдэглэн судлахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
1.2. Журмын "тэмдэглэх" гэдэгт амьтанд бүх төрлийн бөгж, ээмэг, хүзүүвч, микрочип (идэвхигүй бичил дамжуулагч), радио, акустик ба сансарын долгион дамжуулагч багаж, тусгай будагч бодис зэрэг бусад тэмдэг зүүх, тэмдэглэгээ хийх үйл ажиллагааг ойлгоно.
1.3. Журмын "шинжлэх ухааны зориулалтаар" гэдэгт гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, баг, эрдэмтэн, судлаачдын зүгээс амьтны биологи, экологийн судалгаа, хяналт шинжилгээ хийх, өвчин эмгэгийн тархалтыг хянах, популяцийн хөдлөл, нүүдэл, шилжилт хөдөлгөөн, зан төрхийг судлах, эзэмшил нутгийг тодорхойлох, тоо толгойн үнэлгээ хийх зэрэг судалгааны ажил хамаарна.
1.4. Аж ахуйн зорилгоор тэжээвэр амьтан барих тэмдэглэхэд энэхүү журам хамаарахгүй.
1.5. Тив, бүс нутгийн хэмжээнд хэрэглэдэг, хүлээн зөвшөөрсөн тэмдгийг Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр хэрэглэж болно.
Хоёр. Оролцогч талуудын хүлээх эрх, үүрэг
2.1. Оролцогч талууд гэдэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага, Биологийн хүрээлэн, хэрэгжүүлэгч этгээдүүд гэсэн 3 субъект хамрагдана.
2.2. Хэрэгжүүлэгч этгээд гэдэгт амьтан барьж, тэмдэглэх хүсэлт гаргаж, зөвшөөрөл авсан гадаад, дотоодын мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач байж болно.
2.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.3.1. Биологийн хүрээлэнгийн саналыг үндэслэн хэрэгжүүлэгч этгээдэд амьтан барьж, тэмдэглэх зөвшөөрөл олгох, эсвэл олгохоос татгалзах;
2.3.2. Шаардлагатай бол Биологийн хүрээлэн болон хэрэгжүүлэгч этгээдээс нэмэлт мэдээлэл гаргаж өгөхийг шаардах;
2.3.3. Энэ журмын 3-р зүйлд заасан амьтныг барьж, тэмдэглэх зааврыг батлаж, мөрдүүлэх;
2.4. Биологийн хүрээлэн нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.4.1. Амьтныг барьж, тэмдэглэх тухай хэрэгжүүлэгч этгээдээс тавьсан хүсэлтийг хүлээн авч, судлаж, хянаж нягтлаад ажлын 14 хоногт багтаан санал өгөх;
2.4.2. Амьтныг барьж тэмдэглэх талаар журмын 3 дугаар зүйлд заасан зааврыг боловсруулж, батлуулах;
2.4.3. Энэ журмын 2.3.1-д заасны дагуу зөвшөөрөл авсан хэрэгжүүлэгч этгээдтэй гэрээ байгуулж амьтны тэмдэг олгож зарцуулалтанд хяналт тавих;
2.4.4. Амьтныг барьж, тэмдэглэхтэй холбогдсон мэдээллийн санг энэхүү журмын 4.1-д заасны дагуу байгуулах, хөтлөх, нээлттэй, хүртээмжтэй байлгах;
2.5. Хэрэгжүүлэгч этгээд нь дараах эрх, үүрэгтэй байна. Үүнд:
2.5.1. Ямар амьтныг, хэзээ, хаанаас, хэдийг, ямар арга зүйгээр барих, уг амьтнаас ямар төрлийн, хэдий хэмжээний дээж авах, ямар тэмдэг тавих, ажлын үр дүнг хэрхэн тайлагнах зэргийг дэлгэрэнгүй дурдсан төсөл, хүсэлтээ Биологийн хүрээлэнд хүргүүлэх;
2.5.2. Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрсөн нөхцөлд 2.4.3-д заасан гэрээ байгуулах;
2.5.3. Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас олгосон зөвшөөрөлд дурдагдсан тоо хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр амьтныг барьж, тэмдэглэх;
2.5.4. Амьтныг барьж, тэмдэглэх ажлыг гүйцэтгэхдээ журмын 3-д заасан зааврыг мөрдөх;
2.5.5. Амьтныг барьж, тэмдэглэхтэй холбогдон бий болсон мэдээллийг журмын 4.1-д заасны дагуу мэдээллийн санд оруулах, шаардлагатай тохиолдолд оролцогч талуудтай мэдээллээ солилцох;
Гурав. Амьтныг барьж, тэмдэглэх заавар
3.1. Амьтныг барьж, тэмдэглэх заавар нь амьтантай энэрэнгүй харьцах, түүнд гэмтэл, үхэл учруулахгүйгээр барьж, тэмдэглэх, буцаан тавих, тэмдэглэгдсэн амьтнаас холбогдох мэдээллийг авахтай холбогдсон үйл ажиллагааны болон менежментийн арга хэмжээг тусгасан баримт бичиг юм.
3.2. Амьтныг барьж, тэмдэглэх заавар нь дараах агуулгыг багтаасан байна. Үүнд:
3.2.1. амьтан барих зөвшөөрөгдсөн болон хориотой арга, хэрэглэх бодис, ан амьтантай хэрхэн харьцах, зүүх ээмэг, бөгж, хүзүүвч зэргийг тодорхойлох;
3.2.2. Биологийн хүрээлэн, хэрэгжүүлэгч этгээдийн хооронд байгуулах гэрээний загвар, ажлын үр дүнг хэрхэн тайлагнах;
3.2.3. Амьтанд хэрэглэх тэмдэг дээр ямар мэдээлэл оруулж болох зэргийг бүрэн тусгасан байна.
Дөрөв. Мэдээллийн сан
4.1. Амьтныг барьж, тэмдэглэхтэй холбогдон бий болсон мэдээллийн санд дараах мэдээлэл багтсан байна. Үүнд:
4.1.1 Амьтанд зүүсэн тэмдэгний төрөл, дугаар, тэмдэглээний хэлбэр;
4.1.2. Тэмдэглэсэн амьтны зүйлийн нэр, нас, хүйс, морфологийн болон бусад хэмжилтийн үзүүлэлт;
4.1.3. Амьтныг барьж, тэмдэглэсэн огноо, цаг, минут, газар нутгийн нэр, солбилцол, өндөршил, ландшафтын төрөл;
4.1.4. Тэмдэглэсэн амьтны бүртгэгдсэн дохиолол, түүний давтамж, байршил, шилжилт хөдөлгөөн, нүүдлийн зам, биологи, экологийн холбогдолтой мэдээлэл;
4.1.5. Тэмдэг зүүсэн, олсон, зураг авсан хүний талаарх мэдээлэл зэрэг болно.
4.2. Мэдээллийн сан гадаад, дотоодын мэргэжлийн баг, байгууллага, эрдэмтэн, судлаачдад нээлттэй, хүртээмжтэй байна.
Тав. Ан амьтанд зүүх тэмдэгийг өмчлөх
5.1. Амьтанд зүүх тэмдгийг өмчлөх асуудлыг Биологийн хүрээлэн, хэрэгжүүлэгч этгээдийн хооронд байгуулсан гэрээг үндэслэн Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.
5.2. Улс, орон нутгийн төсөв, Байгаль хамгаалах сан, олон улсын байгууллагын санхүүгийн дэмжлэгээр хийлгэсэн тэмдэг төрийн өмч байна.
Текст томруулах
A
A
A