A

A

A

Бүлэг: 1979
Үйлдвэр, худалдааны сайдын 2008 оны 116  тоот тушаалын хавсралт
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ  
 
БҮЛЭГ 1
Нийтлэг үндэслэл
Нэгдүгээр зүйл. Зорилго
1. Энэхүү журмын зорилго нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг шударга, ил тод явуулахад оршино.
2. Ашигт малтмалын болон Иргэний хуульд нийцүүлэн боловсруулсан энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг олгоно.
3. Сонгон шалгаруулалтыг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
4.Сонгон шалгаруулалтыг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлнэ.
Хоёрдугаар зүйл.
Нэр томъёоны тайлбар
1.Энэхүү журамд орсон нэр томъёог дараах байдлаар ойлгоно:
1.1."Оролцогч" гэдэг нь тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцохоор санал ирүүлсэн хуулийн этгээдийг;
1.2."Санал авах эцсийн хугацаа" гэдэг нь энэхүү журмын дөрөвдүгээр зүйлийн 2.5-д заасан хугацааг;
1.3."Өдөр тутмын сонин" гэдэг нь Монгол Улсад нийтлэгддэг өдөр тутмын сонин;
1.4. "Сонгон шалгаруулалтын урилга" гэдэг нь энэхүү журманд заасан, өдөр тутмын сонинд нийтлэгдсэн зарыг;
1.5."Тусгай зөвшөөрөл" гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.14, 4.1.15-д заасан баримт бичгийг;
1.6."Шалгарсан оролцогч" гэдэг нь сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан, үнэлгээ тэнцсэн тохиолдолд түрүүлж санал ирүүлж бүртгүүлсэнд тооцогдох оролцогчийг;
1.7."Сонгон шалгаруулалт" гэдэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1, 24.2, 26.9, 49.7, 60.9-д заасны дагуу болон бусад үндэслэлээр дуусгавар болсон талбайд энэхүү журмаар тусгай  зөвшөөрөл олгох үйл ажиллагааг;
1.8."Сонгон шалгаруулалтын талбай" гэдэг нь сонгон шалгаруулалтын урилгад заасан талбайг;
1.9."Сонгон шалгаруулалтын санал" гэдэг нь геологи, уул, уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгууллагаас гаргасан маягтын дагуу бүрдүүлж ирүүлсэн, сонгон шалгаруулалтанд оролцох бичиг баримтыг;
1.10."Сонгон шалгаруулалтын комисс" гэдэг нь геологи уул, уурхайн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар баталсан, оролцогчдийг сонгон шалгаруулж, зөвлөмж гаргах эрх бүхий бүрэлдэхүүнийг;
1.11."Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага" гэдэг нь Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрыг хэлнэ.
 
БҮЛЭГ 2
Сонгон шалгаруулалт явуулах нөхцлийг бүрдүүлэх
Гуравдугаар зүйл. Засаг даргад сонгон шалгаруулалтын саналыг мэдэгдэх
1. Геологи уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Сонгон шалгаруулалтын комиссын зөвлөмжийг үндэслэн тухайн талбайд сонгон шалгаруулалтын журмаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.3-т заасны дагуу тухайн талбай орших Аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг авна .
2.Засаг дарга нь тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох эсхүл татгалзах тухай санал бүхий хариугаа геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 болон 19.5-д заасны дагуу өгнө.
БҮЛЭГ 3
Сонгон шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх
Дөрөвдүгээр зүйл. Сонгон шалгаруулалтын урилга
1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү журмын нэгдүгээр зүйлийн 1-д заасан үндэслэлийн дагуу сонгосон талбайд тусгай зөвшөөрөл олгох зорилгоор сонгон шалгаруулалтын урилга гаргаж зарлана.
2.Сонгон шалгаруулалтын урилгад дараах мэдээллийг тусгасан байна.
2.1. Сонгон шалгаруулалтын талбай байрлах аймаг, сум, талбайн нэр
2.2. Талбайн солбицол
2.3. Талбайн хэмжээ, гектараар
2.4. Сонгон шалгаруулалтын санал,  бичиг баримтыг ирүүлэх хаяг
2.5. Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаа
2.6. Сонгон шалгаруулалтын саналыг нээх хугацаа, газар.
2. Сонгон шалгаруулалтын санал, бичиг баримтыг хүлээн авах эцсийн хугацаа нь өдөр тутмын сонинд сонгон шалгаруулалтын урилга нийтлэгдсэнээс хойш хуанлийн 30 хоногоос доошгүй байна .
Тавдугаар зүйл. Сонгон шалгаруулалтанд оролцогчдыг бүртгэх, бичиг баримтанд тавигдах шаардлага
1.Сонгон шалгаруулалтын саналыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу бүрдүүлж 2 хувь ирүүлнэ.
2.Оролцогч нь маягтын дагуу бүрдүүлсэн материалыг сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурдсан хаягаар, битүүмжлэн ирүүлнэ.
3.Оролцогч нь дараах бичиг баримтыг сонгон шалгаруулалтын саналд хавсарган ирүүлнэ. Үүнд :
3.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцоход Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан баримт бичгийг,
3.2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцоход Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-7 дахь хэсэгт заасан баримт бичгийг.
3.3.Оролцогч өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан эсэх талаарх /маягтын дагуу/ мэдээллийг.
4.Оролцогчийн битүүмжилсэн саналыг аж ахуйн нэгж, компани, байгууллагын захирал, дарга эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хүргүүлнэ, шуудангаар илгээсэн саналыг сонгон шалгаруулалтын нээлтэнд задлалгүйгээр оролцогчид буцаана,
5.Сонгон шалгаруулалтын эцсийн хугацаанаас өмнө ирүүлсэн саналыг Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хүлээн авч бүртгэн санал ирүүлсэн дугаар, огноо, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг тухайн оролцогчид  өгнө.
6.Оролцогч, сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтанд ирүүлсэн санал түүнд хавсаргасан бичиг, баримтдаа өөрчлөлт оруулбал, анх санал ирүүлж бүртгүүлсэн дугаар нь хүчингүй болох бөгөөд, Геологи уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрчлөлт оруулж санал ирүүлсэн дугаар, огноо, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг тухайн оролцогчид  өгнө.
7.Өөрчлөлт оруулж санал ирүүлсэн дугаар, огноо, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолт нь тухайн оролцогчийн хувьд хүчин төгөлдөр бүртгэлийн дугаар болно.
БҮЛЭГ 4
Сонгон шалгаруулалтыг явуулах
Зургаадугаар зүйл. Сонгон шалгаруулалтын комисс
1.Сонгон шалгаруулалтыг Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт нийцүүлэн нээлттэй хэлбэрээр явуулна.
2.Сонгон шалгаруулалт зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар батална.
3. Геологи уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сонгон шалгаруулалт явуулах талбайг ялган багцалж, талбайн хэлбэр хэмжээ болон солбилцлыг хуулийн шаардлагад нийцүүлэн сонгон шалгаруулалтын комисст гаргаж өгөх ба шаардлагатай тохиолдолд тухайн талбайн мэдээллийг үнэлж, оролцогчдод хүргэх үйл ажиллагааг зохион байгуулна.
4.Тухайн талбайн мэдээллийг үнэлж, оролцогчдод хүргэх хэлбэр, үйл ажиллагааны аргачлалыг геологи уул, уурхайн асуудал эрхэлсэн сайдын тушаалаар тогтооно.
5.Сонгон шалгаруулалтын комисс нь шалгаруулалттай холбоотой бүхий л  асуудлыг хариуцна.
6.Комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 9 буюу түүнээс цөөнгүй бүрэлдэхүүнтэй байна .
7.Комиссын гишүүн бүр нэг саналын эрхтэй байна,
8.Комисс нь дараах үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:
8.1.Сонгон шалгаруулалтыг эхлүүлж, сонгон шалгаруулалт явуулах талаар гарсан шийдвэрийг танилцуулах;
8.2.Сонгон шалгаруулалттай холбогдсон асуудлаар оролцогчдоос ирүүлсэн асуултад тайлбар өгөх. 
8.3.Сонгон шалгаруулалтыг товлосон газар, хугацаанд нь эхлүүлэх;
8.4.Сонгон шалгаруулалтын дүнг зөвлөмж хэлбэрээр гарган Төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх ,
9. Сонгон шалгаруулалт зарласан талбайд санал ирүүлээгүй бол сонгон шалгаруулалт явагдаагүй тухай тэмдэглэл үйлдэн тухайн талбайд тусгай зөвшөөрөл олгох асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд заасан ердийн журмаар шийдвэрлэх зөвлөмж гаргана .
10.Сонгон шалгаруулалтын үйл явцыг нэг бүрчлэн үнэн зөв, бүрэн тэмдэглэх.
11.Сонгон шалгаруулалтын комисс нь "Төрийн нууцын тухай" хууль, "Байгууллагын нууцын тухай" хууль, "Хувь хүний нууцын тухай" хуульд зааснаас бусад тохиолдолд нууц мэдээллийг задлах, нийтлэх буюу тараахыг хориглоно.
Долоодугаар зүйл . Сонгон шалгаруулалтын саналыг олон нийтэд зарлах
1.Сонгон шалгаруулах комисст ирүүлсэн саналыг сонгон шалгаруулалтын урилгад заасан газарт, дурдсан хугацаанд нээнэ.
2.Саналыг нээх үед:
2.1.Сонгон шалгаруулалтын санал ирүүлсэн аж ахуйн нэгж, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийг оролцуулна,
2.2.Төлөөлөл нь хүрэлцэн ирээгүй саналыг сонгон шалгаруулалтанд оролцуулахгүйгээр нээлгүй буцаана,
2.3.Олон нийтийн төлөөлөгчид байлцах эрхтэй.       
2.4.Сонгон шалгаруулалтын саналыг нээх үед тухайн санал нэг бүрт баримт бичгийн бүрдлийг шалган нийтэд мэдээлж дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөж, бүрдэл дутуу саналыг сонгон шалгаруулалтаас хасч оролцогчид нь буцааж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
            Наймдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын саналд үнэлгээ өгөх
1.Санал авах эцсийн хугацаа өнгөрсний дараа сонгон шалгаруулах комисс зохих ёсны дагуу ирүүлсэн сонгон шалгаруулалтын санал тус бүрт үнэлгээ өгнө.
2.Эхний ээлжинд сонгон шалгаруулах комисс ирүүлсэн санал нь 5 дугаар зүйлийн шаардлагыг хангаж байгаа эсэхийг тогтооно.
3.Тухайн санал шаардлага хангахгүй байгаа тохиолдолд сонгон шалгаруулах комисс уг саналаас шууд татгалзан, татгалзсан шалтгааныг холбогдох этгээдэд бичгээр мэдэгдэнэ. 
4.Сонгон шалгаруулах комисс нь дараахь зүйлсийг шалгуур үзүүлэлт болгон авч үзнэ:
4.1.Тусгай зөвшөөрлөөр олгох талбай дээр хийж гүйцэтгэх ажлын төсөл, хэрэгжүүлэх хугацаанд 0-20 оноо
4.2 Оролцогчийн хууль, журмын мөрдөлт, мэргэжлийн ажилтануудын ур чадварт  0-15 оноо
4.3. Санхүүгийн чадамж техник, тоног төхөөрөмжид 0-10 оноог тус тус өгнө.
5.Энэ зүйлийн 4 -т заасан шалгуур үзүүлэлтийг маягтаар тогтооно.
6.Сонгон шалгаруулалтын үнэлгээг ажлын 10 хоногт багтаан гүйцэтгэнэ.
7.Энэ зүйлийн 4.2-т заасан "Оролцогчийн хууль, журам мөрдөлт" гэдэг нь тухайн сонгон шалгаруулалтанд оролцогчийн дараах заалтыг хангасан, эсэхийг хэлнэ:
7.1.Ашигт малтмалын тухай хууль болон уг хуулийн дагуу гаргасан баримт, бичиг,
7.2.Ашигт малтмал хайх болон олборлохтой холбогдолтой Монгол Улсын хуулиуд тэдгээртэй нийцүүлэн гаргасан баримт, бичгийг мөрдлөг болгосон байдал.
8.Сонгон шалгаруулалтын саналыг илүү нарийн үнэлэх үүднээс сонгон шалгаруулах комисс тухайн саналд байгаа аливаа мэдээллийг тодруулахыг оролцогчоос хүсэж болно.
9.Санал тус бүрт үнэлгээ өгсний дараа сонгон шалгаруулах комисс нь:
9.1.Нэгээс дээш тооны санал энэ зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасан нөхцлийг хангаж, үнэлгээний оноо тэнцсэн тохиолдолд тухайн оролцогчдын ирүүлсэн саналыг харьцуулж үнэлнэ.
Есдүгээр зүйл. Сонгон шалгаруулалтад оролцогчдын эрх, үүрэг
1.Сонгон шалгаруулалтад оролцогчид нь дараахь эрхтэй:
1.1.Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтанд ирүүлсэн санал түүнд хавсаргасан бичиг, баримтдаа өөрчлөлт оруулах.
1.2.Сонгон шалгаруулалтын урилгаар зарласан хэдэн ч талбайн сонгон шалгаруулалтанд  оролцох,
2.Сонгон шалгаруулалтанд оролцогчид нь дараахь үүрэгтэй:
2.1.Сонгон шалгаруулах журамтай танилцсан байх.
2.2.Сонгон шалгаруулалтанд ирүүлсэн саналын материалыг үнэн зөв мэдээлэх,
2.3.Сонгон шалгаруулалтын журмыг баримтлах  
2.4.Сонгон шалгаруулалтын санал хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө сонгон шалгаруулалтанд ирүүлсэн санал түүнд хавсаргасан бичиг, баримтдаа өөрчлөлт оруулбал, санал ирүүлж бүртгүүлсэн дугаар нь өөрчлөлт орсон огноогоор дахин бүртгэгдэнэ.
Аравдугаар зүйл. Сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч
1.Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авч сонгон шалгаруулалтын комиссоор дэмжигдсэн, үнэлгээ тэнцсэн тохиолдолд, түрүүлж саналаа ирүүлж бүртгүүлсэнд тооцогдох оролцогч нь тухайн талбайн сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч болно.
            Арван нэгдүгээр зүйл. Сонгон шалгаруулалтын дүнг зарлах
1.Сонгон шалгаруулалтын дүн гарсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор сонгон шалгаруулах комисс нь:
            1.1.Сонгон шалгаруулалтын дүнг зөвлөмж хэлбэрээр төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
            1.2.Шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай бичгээр мэдэгдэнэ.
            1.3.Шалгарсан оролцогчоос бусад оролцогчид дараах мэдэгдлийг бичгээр өгнө. Үүнд:
1.3.1. Оролцогчийн ирүүлсэн санал тэнцээгүй болох
1.3.2. Тэнцээгүй шалтгаан
                                   
Арван хоердугаар зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
1.Геологи, уул, уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтын дүнг хүлээн авмагц, шалгарсан оролцогчид хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-10 дахь хэсэгт заасныг, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо мөн хуулийн 26.4-7 дахь заалтыг баримтална.
2.Шалгарсан оролцогч тусгай зөвшөөрөл авахаас татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 34.1-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрөө төлөөгүй, түүнчлэн тухайн сонгон шалгаруулалтанд шалгарсан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тухай шүүхийн шийдвэр гарсан бол сонгон шалгаруулах комисс энэхүү журмын 10 дугаар зүйлд заасан мэдэгдлийг хамгийн өндөр үнэлгээ авсан хоёр дахь оролцогчид хүргүүлнэ.
Арван хоёрдугаар зүйл. Маргаан шийдвэрлэх
1.Оролцогч нь энэхүү журмын дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын гаргасан тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу гомдол гаргах эрхтэй.
 
 
-------------оОо---------------