A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ, АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979
 
  Эрүүл мэндийн сайдын 2008 оны 06  сарын 05   -ны  өдрийн 140  дугаар  тушаалын  гуравдугаар хавсралт
 
ЭРҮҮЛ МЭНДИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН
ШИНЖЭЭЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ,  АЖИЛЛУУЛАХ   ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
Эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, тусламж, үйлчилгээний технологи, чанарт хөндлөнгийн шинжилгээ үнэлгээ хийн дүгнэлт гаргах Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжилтнийг магадлан итгэмжлэлийн шинжээч ( цаашид шинжээч гэх ) гэнэ.
           
Хоёр. Шинжээч сонгон шалгаруулах
 
2.1  Магадлан итгэмжлэлийн шинжээчийг 2 жил тутамд  нийтэд нээлттэй зарлаж сонгон шалгаруулна.
 
2.2  Шинжээчид эмнэлгийн болон мэргэжлийн нийгэмлэг, холбоод, анагаах ухааны их, дээд сургууль, клиникийн ба төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд, аймгийн эрүүл мэндийн газар, хувь хүн нэр дэвшүүлнэ. Шинжээч нь дараахь шаардлагыг хангасан байна:
 
2.2.1. Мэргэжлээрээ 10-аас дээш жил ажилласан;
2.2.2. Мэргэжлийн зэрэг, эрдмийн болон боловсролын зэрэг цолтой;
2.2.3. Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаанд   үнэлгээ, дүгнэлт өгөх   
           багаар ажиллах чадвартай, дадлага туршлагатай, мэргэшсэн;
2.2.4. Тасаг нэгжийн эрхлэгчээс дээш албан тушаал хашдаг, эрүүл мэндийн   
           байгууллагын нэгж хэсгийг удирдаж байсан туршлага бүхий;
2.2.5. Ёс зүйн зөрчилгүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй;
2.2.6. Компьютерийн хэрэглээний программуудыг ашиглах  чадвартай байх.
 
2.3 Шинжээчээр ажиллахыг хүсэгч дараахь материалыг бүрдүүлж, Магадлан итгэмжлэх байгууллагад ирүүлнэ:
2.3.1. өргөдөл;
2.3.2. биеийн байцаалт ( төрийн албан хаагчийн 1-р маягтаар );
2.3.3. иргэний үнэмлэхийн хуулбар;
2.3.4. боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэхийн  хуулбар;
      2.3.5. шинжээчээр ажиллахыг дэмжсэн байгууллага эсвэл тэргүүлэх  
                мэргэжилтэн 2 хүний тодорхойлолт;
2.3.6. 2 хувь зураг.
 
2.4              Шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст шинжээчийн  эрхийг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага 4 жилийн хугацаагаар олгоно.
 
2.5  Шинжээч нь орон тооны бус байна.
 
Гурав. Шинжээчийг томилон ажиллуулах
           
3.1 Магадлан итгэмжлэх байгууллага шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага,  шинжээчтэй гэрээ байгуулж ажиллуулна.
 
3.2 Магадлан итгэмжлэх байгууллагаас магадлан шинжлэх арга зүйн сургалтанд  шинжээчийг  хамруулна.
 
3.3 Магадлан итгэмжлэх байгууллага эрүүл мэндийн байгууллагад шинжилгээ хийх хуваарийг урьдчилан гаргаж шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага,  шинжээчид мэдэгдэнэ.
 
3.4 Магадлан итгэмжлэх байгууллага урьдчилан гаргасан хуваарийн дагуу шинжээчийг томилон ажиллуулах ба шинжээчид нэр дэвшүүлсэн байгууллага үндсэн ажлаас нь чөлөөлөх үүргийг хүлээнэ.
 
3.5 Шинжээч нь магадлан итгэмжлэх эрүүл мэндийн байгууллагатай эдийн засгийн харилцаа холбоогүй, удирдлагын багийн гишүүдтэй төрөл садан, танил биш байх шаардлагатай.
 
3.6 Шинжээчид  эрүүл мэндийн байгууллагын магадлан шинжилгээнд оролцсон хугацаа, ажлын үр дүнг нь харгалзан магадлан итгэмжлэх байгууллага ажлын хөлс олгоно.
 
Дөрөв. Шинжээчийн эрхийг сунгах, хүчингүй болгох
 
4.1  Шинжээч нь магадлан шинжилгээг мэргэшлийн өндөр түвшинд  хийж, ёс зүйн болон мэргэжлийн зөрчил гаргаагүй бол эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шинжээчийн эрхийг дахин 4 жилийн хугацаагаар сунгана.
 
4.2 Дөрвөн жил тутам шинжээчдийн багийн гуравны нэг шинэчлэгдэж байх ба шинжээчээр 8 жил ажилласан мэргэжилтэн 4 жил завсарласны дараа дахин шинжээчээр ажиллах хүсэлт гаргаж болно.
 
4.3 Шинжээчийн эрхийг дараахь тохиолдолд хүчингүй болгож, шинжээчтэй хийсэн гэрээг цуцална:
 
           4.3.1  Мэргэжлийн болон ёс зүйн алдаа гаргасан, гэрээний заалт зөрчсөн;
 
4.3.2  Шинжээч нь шинжээчээр ажиллахаас татгалзаж, өөрийн хүсэлтийг гаргасан тохиолдолд гэрээг цуцалж, шинжээчийн эрхийг хүчингүй болгоно.