- Нүүр
- Сайдын тушаал
- ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙГ ТАНДАХ, ХЯНАХ ЖУРАМ /ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 185 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
ХООЛ ХҮНСЭЭР ДАМЖИХ ӨВЧНИЙГ ТАНДАХ, ХЯНАХ ЖУРАМ
1 Нийтлэг үндэслэл
1.1 Хоол хүнсээр дамжих өвчин (ХХДӨ)-ийг бүртгэх, мэдээлэх, тандалтын тогтолцоог сайжруулах, өвчнийг эрт сэрэмжлүүлэх, таслан зогсоох хариу арга хэмжээ авах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2 Журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Үндсэн Хууль, Эрүүл мэндийн тухай, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Төрийн хяналт шалгалтын тухай, Химийн хорт болон аюултай бодисын тухай, Усны тухай, Амьтан ургамлын тухай, Гамшгаас хамгаалах тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
1.3 ХХДӨ-ийг бүртгэх, мэдээлэх, тандах, хянах, сэргийлэх үйл ажиллагаанд оролцогч эрүүл мэнд, мэргэжлийн хяналт, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, боловсрол, эрдэм шинжилгээ судалгаа, сургалтын зэрэг холбогдох бүх шатны байгууллагууд энэхүү журмыг мөрдөж ажиллана.
1.4 ХХДӨ гэж эмгэг төрөгч нян, вирус болон бусад үүсгэгч, химийн бодис, ионжуулагч цацрагаар бохирдсон хоол, хүнс, усыг хэрэглэснээр үүсэх халдварт ба халдварт бус өвчнийг хэлнэ.
1.5 Хоолны хордлого гэж биологи, хими, физикийн (ионжуулагч туяа, цацраг) хүчин зүйлээр бохирдсон хоол хүнс, усыг санаатай болон санамсаргүйгээр хэрэглэснээс үүсэх халдварт болон халдварт бус цочмог өвчнийг хэлнэ.
1.6 ХХДӨ-ний дэгдэлт гэж ижил төрлийн хоол хүнс хэрэглэснээс үүдэн нэг өвчний хоёр ба түүнээс олон тохиолдол илрэхийг хэлнэ.
1.7 ХХДӨ-ний дэгдэлтийн үед өвчлөлийн шалтгаан тодорхойгүй, цаашид халдварлан тархах, хүрээлэн буй орчин бохирдох, нэгэн зэрэг олон хүний эрүүл мэнд, амь нас эрсдэх, улс, орон нутгийн техник, мэргэжлийн чадавхи, эдийн засгийн дотоод нөөцөөс давсан хохирол учруулах нөхцөл бүрдсэн бол "Гамшгаас хамгаалах тухай" хуулийн холбогдох заалтын дагуу хариу арга хэмжээг зохион байгуулна.
1.8 ХХДӨ-ний батлагдсан тохиолдол гэж өвчний нууц үеийн дотор тухайн үүсгэгчид өртсөн, лабораторийн шинжилгээний дүн эерэг (нян, вирус, хор болон бусад шалтгааны хүчин зүйл илэрсэн эсвэл серологийн сорил эерэг гарсан), эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илэрсэн өвчтэй хүнийг хэлнэ.
1.9 ХХДӨ-ний таамагласан тохиолдол гэж өвчний нууц үеийн дотор тухайн өвчин үүсгэх хүчин зүйлс (нян, вирус, хор болон бусад)-т өртсөн, эрүүл зүйн лабораторийн шинжилгээгээр батлагдсан боловч өвчтөнөөс авсан шинжлэгдэхүүнд шалтгааны тодорхой хүчин зүйл илрээгүй буюу өвчин бүрэн батлагдаагүй, эсвэл шинжилгээ хийгдээгүй боловч эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илэрсэн, сэжигтэй хүнийг хэлнэ.
1.10 ХХДӨ-ний сэжигтэй тохиолдол гэж өвчний нууц үеийн дотор тухайн өвчин үүсгэх шалтгааны хүчин зүйлс (нян, вирус, хор болон бусад)-т өртсөн, эрүүл зүйн шинжилгээний сорьц болон өвчтөнөөс авсан шинжлэгдэхүүн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаагүй, эсвэл лабораторийн шинжилгээний эцсийн дүгнэлт гараагүй, өвчний эмнэлзүйн өвөрмөц шинж тэмдэг илэрсэн, сэжигтэй хүнийг хэлнэ.
1.11 ХХДӨ-ний тандалт, хяналтад өвчлөлийн тухай яаралтай болон тогтмол мэдээг хүлээн авах, бүртгэх, мэдээ баримт цуглуулах, түүнд эрсдлийн үнэлгээ, дүн шинжилгээ хийх, тархвар судлалын оношийг баталгаажуулах, өвчний эх уурхай, шалтгаан, хамрах хүрээ, тархалтын түвшинг тогтоох, эргэн мэдээлэх болон бусад хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа хамаарна. Тандалт, хяналтын үр дүнг ХХДӨ-нөөс сэргийлэх, хянах талаар оновчтой арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлэхэд ашиглана.
2 Зохион байгуулалтын арга хэмжээ
2.1 ХХДӨ-ний тандалт, хяналтыг үндэсний түвшинд удирдан чиглүүлэх, хяналт тавих үүргийг Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ), Улсын Мэргэжлийн Хяналтын Газар (УМХГ) хүлээнэ.
2.2 ЭМЯ, УМХГ нь тандалт, хяналтын тайланг жил бүрийн 4 дүгээр улиралд Засгийн газарт танилцуулж, шаардлагатай тохиолдолд тухай бүр нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) болон холбогдох олон улсын байгууллагад мэдээлнэ.
2.3 Хоол хүнсээр дамжих хордлогот халдвар, халдварт өвчний тандалтыг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ), нянгийн бус гаралтай хордлого, халдварт бус өвчний тандалт, хяналтыг УМХГ, мал, амьтны өвчний тандалтыг Хүнс, Хөдөө Аж Ахуйн Яам (ХХААЯ)-ны харъяа Улсын Мал Эмнэлгийн Алба (УМЭА), байгалийн голомтот халдварт өвчний тандалтыг Байгалийн Голомтот Халдварт Өвчнийг Судлах Үндэсний Төв (БГХӨСҮТ) тус тус хариуцан гүйцэтгэнэ. Хоол хүнсээр дамжих өвчний бүртгэл мэдээллийг Эрүүл Мэндийн Хөгжлийн Үндэсний Төв (ЭМХҮТ) үндэсний түвшинд хариуцан гүйцэтгэнэ.
2.4 ХХДӨ-ний тандалтын үйл ажиллагааг орон нутгийн түвшинд аймаг,
нийслэлийн эрүүл мэндийн газар (ЭМГ), мал эмнэлгийн алба, аймгийн байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах алба, холбогдох мэргэжлийн байгууллага хариуцан гүйцэтгэнэ.
2.5 Тандалтын үйл ажиллагааг анхан шатны түвшинд бүх шатны эрүүл мэнд (төрөлжсөн нарийн мэргэжлийн болон клиникийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, сум, дүүрэг, өрх, баг, хувийн хэвшлийн эмнэлэг, сувилал, сургууль, цэцэрлэгийн эмч), мал эмнэлэг, байгаль орчны зэрэг холбогдох мэргэжлийн анхан шатны байгууллага гүйцэтгэнэ.
2.6 ХХДӨ-ний хяналтын үйл ажиллагааг үндэсний түвшинд УМХГ, орон нутгийн түвшинд аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар (МХГ) гүйцэтгэнэ.
2.7 ХХДӨ-нөөс урьдчилан сэргийлэх, халдвар, хордлогын эсрэг эрт сэрэмжлүүлэх, таслан зогсоох хариу арга хэмжээг орон нутгийн бүх шатны засаг дарга, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, холбогдох мэргэжлийн байгууллагууд хэрэгжүүлнэ.
2.8 ХХДӨ-ний тандалт, хяналтыг байнгын болон өвчний тохиолдол-дэгдэлтийн үеийн гэсэн 2 хэлбэрээр зохион байгуулна.
3 Байнгын тандалт, хяналт, мэдээ цуглуулалт, эргэн мэдээлэл
3.1 Байнгын тандалт, хяналтын зорилго нь ХХДӨ-ний эрсдлийн үнэлгээ хийж эрсдлийг эрт илрүүлэх, сэрэмжлүүлэх, өвчлөл гарах нөхцөл боломжийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангахад оршино.
3.2 Байнгын тандалт, хяналтанд хүн амын ХХДӨ-ний өвчлөлийн тархалтын байдал, хөдөө аж ахуй, мал эмнэлэг (амьтан, ургамлын гаралтай түүхий эд бэлтгэл, ферм, мал нядалгааны газар), хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, хоол хүнсний бохирдолт, малын өвчлөлийн хяналт, лабораторийн шинжилгээ, баталгаажуулах судалгааны дүн зэрэг мэдээ, бүртгэл, тайланг цуглуулах, нэгтгэн боловсруулах, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх, эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ авах үйл ажиллагаа хамаарна.
3.3 Улс, аймаг, нийслэлийн МХГ нь мал амьтан, ургамлын гаралтай хүнсний түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, ус, хүнсний сав баглаа боодолд ХХДӨ үүсгэгч биологи, хими, физикийн хүчин зүйлс (бичил биетэн, химийн хорт бодис, ионжуулагч туяа, цацраг, малын эм биобэлдмэл)-ийн бохирдлын түвшин, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний байгууллагын эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлд хүнс, хөдөө аж ахуйн хяналт хийнэ. УМХГ нь хяналтын болон лабораторийн шинжилгээний мэдээ, тайланг нэгтгэж боловсруулан дүн шинжилгээ хийж, мэдээллийн санд оруулах ба шаардлагатай тохиолдолд ХХААЯ, ЭМЯ-нд мэдээлнэ.
3.4 Аймаг, нийслэлийн Мал эмнэлгийн алба (МЭА) нь мал, амьтан, түүхий эд бүтээгдэхүүн, малын тэжээлд мал эмнэлэг, ариун цэврийн тандалт хяналтыг хийж, тандалтын улирал, жилийн эцсийн мэдээ, тайланг ХХААЯ-ны Улсын мал эмнэлгийн алба (УМЭА)-нд ирүүлнэ. УМЭА нь тандалтын болон лабораторийн шинжилгээний мэдээ, тайланг нэгтгэж боловсруулан дүн шинжилгээ хийж, шаардлагатай тохиолдолд УМХГ, ЭМЯ-д мэдээлнэ.
3.5 БГХӨСҮТ нь урвах тахал болон амьтны гаралтай байгалийн голомтот гоц халдварт өвчин үүсгэгчийн тандалт, лабораторийн баталгаажуулалтыг хийж, мэдээ, тайланг улирал бүрийн сүүлчийн сарын 25-наар тасалбар болгож тандалтын маягт № 1 (Хавсралт 4) болон ЭМЯ-наас батлагдсан маягаар нэгтгэн боловсруулж, тухайн сарын 30-ны дотор ЭМХҮТ-д электрон шуудан болон бичгээр ирүүлнэ.
3.6 Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар (ЭМГ) нь ХХДӨ-ний мэдээг сар бүрийн 25-наар тасалбар болгож тухайн сарын 30-ны дотор ЭМЯ-наас батлагдсан маягтын дагуу ЭМХҮТ-д электрон шуудан болон бичгээр ирүүлнэ.
3.7 Бүсийн оношлогоо эмчилгээний төв, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн болон клиникийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгийн лабораториуд нь ХХДӨ-ний лабораторийн шинжилгээгээр батлагдсан үүсгэгчийн мэдээ, тайланг улирал бүрийн сүүлчийн сарын 25-наар тасалбар болгож тандалтын маягт № 2-оор (Хавсралт 4) тухайн сарын 30-ны дотор ХӨСҮТ-д электрон шуудан болон бичгээр ирүүлнэ. ХӨСҮТ нь мэдээг нэгтгэж боловсруулан мэдээллийн санд оруулж, шаардлагатай тохиолдолд ЭМЯ-нд мэдээлнэ.
3.8 ЭМХҮТ нь ЭМГ, БГХӨСҮТ-өөс ирүүлсэн холбогдох мэдээ тайланг нэгтгэн, тухайн улирлын тайланг дараагийн улирлын эхний сарын 5-ны дотор ЭМЯ-ны Мэдээлэл, Хяналт Шинжилгээ, Үнэлгээний Газарт электрон шуудан болон бичгээр ирүүлнэ.
3.9 ЭМЯ нь ХХДӨ-ний байнгын тандалт, хяналттай холбоотой мэдээллийг шаардлагатай тохиолдолд УМХГ, ХХААЯ, Үйлдвэр Худалдааны Яам (ҮХЯ), ХӨСҮТ, НЭМХ болон бусад холбогдох байгууллагад мэдээлнэ.
3.10 Тандалт хяналтын дүнг үндэслэн ЭМЯ-ны захиалгаар НЭМХ, ХӨСҮТ болон холбогдох эрдэм шинжилгээний байгууллагууд нь хүн амын дунд ХХДӨ-ний шалтгаан зүй, эрсдэлт хүчин зүйлс, эдийн засгийн үр дагавар (өвчтөний эмчилгээ, асаргаа сувилгаанд өрх, эмнэлгийн байгуулагаас гарах зардал, хөдөлмөрийн чадвар алдалтын зардал г.м), хэрэглээнээс хассан хүнсний бүтээгдэхүүний эдийн засгийн хохирол, хүнс ба орчны бохирдолт зэрэг асуудлаар эрсдэлийн үнэлгээ, тусгай судалгааг Засгийн газрын санхүүжилтээр 3-5 жил тутамд хийж, тайланг зохих журмын дагуу баталгаажуулж ЭМЯ-нд хүлээлгэж өгнө.
3.11 ЭМЯ нь тусгай судалгааны үр дүнг ХХДӨ-нийг хянах, сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох, нөөцийг хуваарилахад ашиглана.
4 Тохиолдол - дэгдэлтийн үеийн тандалт, хяналт ба мэдээ цуглуулалт, эргэн мэдээлэл
4.1 Тохиолдол, дэгдэлтийн үеийн тандалт, хяналт нь ХХДӨ-ний тохиолдол, дэгдэлтийн үед өвчний эх уурхай, шалтгаан, хамрах хүрээ, нөлөөлөх хүчин зүйлс, дамжих замыг тодруулж, эрт сэрэмжлүүлэх, таслан зогсоох хариу арга хэмжээ авах зорилгоор хийгдэнэ.
4.2 ХХДӨ-д хамаарах цочмог суулгалтын хам шинж, хоолны хордлого, хордлогот халдварыг Эрүүл мэндийн сайдын 2007 оны 4 сарын 12-ны өдрийн 100 дугаар тушаалаар батлагдсан "Халдварт өвчний дэгдэлтийг эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээ (ЭСХАХ) авах" тандалтын журмын дагуу бүртгэж мэдээлнэ.
4.3 Дээрх журмын дагуу, цочмог суулгалтын хам шинж, хоолны хордлого, хордлогот халдварын таамагласан, сэжигтэй тохиолдлыг анх оношилсон төрөлжсөн нарийн мэргэжлийн болон клиникийн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, сум, дүүрэг, өрх, баг, хувийн хэвшлийн эмнэлэг, сувиллын газар, боловсролын байгууллагын эмч, эмнэлгийн ажилтан нь аймаг, нийслэлийн ЭМГ-т 24 цагийн дотор яаралтай мэдээлэх хуудас (ЭСХАХ-МХ1)-аар холбооны хэрэгслийг ашиглан (утас, факс, электрон шуудан) мэдээлнэ.
4.4 Цочмог суулгалтын хам шинж, хоолны хордлого, хордлогот халдварын таамагласан, сэжигтэй тохиолдлыг анх оношилсон эмч голомтонд халдвар хордлого эсэргүүцэх, хордлого тайлах анхны арга хэмжээг авч, тархвар судлалын анхан шатны судалгаа хийнэ.
4.5 Аймаг, нийслэлийн ЭМГ-ын эрүүл мэндийн мэдээллийн мэргэжилтэн буюу статистикч их, бага эмч нь тохиолдол бүрийг бүртгэж, тухайн байгууллагын дарга, тархвар судлагч, лабораторийн эмчид яаралтай мэдээлнэ.
4.6 Тархвар судлагч эмч нь тандалтын анхан шатны нэгжээс ирүүлсэн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, цочмог суулгалтын хам шинжийн тохиолдлын тоо босго үзүүлэлтэнд хүрсэн тохиолдолд халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх талаар мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, халдварт өвчний тархвар судалгааны тандалтын стандарт, тушаал, заавар, журмын дагуу хариу арга хэмжээг зохион байгуулна.
4.7 Хоолны хордлого, хордлогот халдварын хувьд тохиолдлын тоо босго үзүүлэлтэнд хүрсэн (нэг голомтонд 2 ба түүнээс дээш тохиолдол гарсан, өвчлөлийн нэг тохиолдлыг дэгдэлт гэж үздэг өвчин болох ботулизм, химийн бодисын хордлого илэрсэн, хүн нас барсан) тохиолдолд тархвар судлагч эмч нь аймаг, нийслэлийн МХГ-т 1 цагийн дотор холбооны хэрэгслийг ашиглан яаралтай мэдээлнэ.
4.8 Аймаг, нийслэлийн ЭМГ нь хоолны хордлого, хордлогот халдвар гарсан тохиолдолд аймаг, нийслэлийн МХГ-тай хамтран голомтонд тархвар судлалын судалгаа, хяналтыг хавсралт 2, 3-ын дагуу зохион байгуулж, эрүүл зүйн ба эмнэлзүйн хамтарсан дүгнэлт гаргана. Мөн тандалтын анхан шатны нэгжээс авсан халдвар хордлогын эсрэг авсан арга хэмжээг хянаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт арга хэмжээг зохион байгуулна. Аймаг, нийслэлийн МХГ нь хоолны хордлого, хордлогот халдварын тохиолдлыг мал амьтны гаралтай өвчин, пестицид, малын эмийн буруу хэрэглээ, тариалалтын явц, хүнсний үйлдвэрлэл, түгээлт, импортын хүнсний бүтээгдэхүүнтэй холбоотой гэж үзсэн тохиолдолд эрүүл мэнд, боловсролын хяналтын албанаас гадна холбогдох хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хилийн хяналтын албадууддаа мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг зохион байгуулна.
4.9 Аймаг, нийслэлийн ЭМГ, МХГ нь ХХДӨ-ний тухайн дэгдэлтийн тархвар судлалын судалгааны яаралтай тайлан (тархвар судлалын урьдчилсан дүгнэлт)-г 72 цагийн дотор, эцсийн тайланг (тархвар судлалын дүгнэлт, зөвлөмжийг) 15 хоногийн дотор ХӨСҮТ, УМХГ-т маягт №3-аар электрон шуудан болон факсаар ирүүлнэ.
4.10 Доод шатны байгууллагуудын авсан арга хэмжээнд ХӨСҮТ, УМХГ үнэлгээ дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд оношийг магадлан баталгаажуулж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.
4.11 Олон хүнийг хамарсан, гамшгийн байдалд хүрэхүйц ХХДӨ-ний дэгдэлт гарсан тохиолдолд аймаг, нийслэлийн ЭМГ, МХГ нь аймаг, нийслэлийн онцгой байдлын газар, засаг дарга болон бусад холбогдох байгууллагын дарга нарт мэдээллийг шуурхай дамжуулна.
4.12 ХӨСҮТ, УМХГ нь олон хүнийг хамарсан, хүнд явцтай, санаатай болон санамсаргүйгээр ундны усыг хордуулсан, химийн ба цацраг идэвхит бодисын хордлого, урд өмнө нь гарч байгаагүй өвчний тохиолдол, дэгдэлтийн үед болон нас баралт бүртгэгдсэн тохиолдолд ЭМЯ-нд 3 цагийн дотор мэдээлж, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн баг томилуулах, холбогдох байгууллагуудыг татан оролцуулах зэргээр хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулна. ХХДӨ-ний дэгдэлтийн байдалд хийсэн тархвар судлалын судалгааны яаралтай тайланг (тархвар судлалын урьдчилсан дүгнэлт) 72 цагийн дотор ЭМЯ-д, эцсийн тайланг (халдварын тархвар судлалын дүгнэлт, зөвлөмжийг) 15 хоногийн дотор ЭМЯ, орон нутгийн төрийн захиргааны болон бусад холбогдох байгууллагад маягт № 3-аар электрон шуудан болон факсаар ирүүлнэ.
4.13 ЭМЯ нь ХХДӨ-ний дэгдэлт олон хүнийг хамарсан, гамшгийн хэмжээнд хүрсэн тохиолдолд Онцгой Байдлын Ерөнхий Газарт шуурхай мэдээлж, ЭМЯ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн, аймаг, нийслэлийн ЭМГ-ын дарга, эрүүл мэндийн хяналтын улсын байцаагч, тархвар судлагч, халдвартын эмч, лабораторийн мэргэжилтэн, хор судлаачийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг томилон ажиллуулна. Шаардлагатай тохиолдолд орон нутгийн засаг дарга, малын эмч, ургамал хорио цээрийн мэргэжилтэн, хүнсний шинжээч, вирусологч, хүнсний үйлдвэрлэлийн төлөөлөгч зэрэг холбогдох мэргэжилтнүүдийг татан оролцуулна.
4.14 Аймаг, нийслэлийн ЭМГ, МХГ-аас ирүүлсэн хоолны хордлого, хордлогот халдварын тархвар судлалын судалгааны эцсийн тайланг ХӨСҮТ, хоол хүнсээр дамжих нянгийн бус гаралтай хордлогын тархвар судлалын судалгааны эцсийн тайланг УМХГ тус тус улирлаар нэгтгэн дүн шинжилгээ хийж, мэдээллийн санд оруулна. ХӨСҮТ, УМХГ нь ХХДӨ-ний тохиолдол дэгдэлтийн жилийн эцсийн бичмэл тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор багтаан ЭМЯ-д электрон шуудан болон бичгээр ирүүлнэ.
4.15 ЭМЯ нь ХХДӨ-ний тохиолдол дэгдэлттэй холбоотой мэдээллийг шаардлагатай тохиолдолд УМХГ, ХХААЯ, ҮХЯ, ХӨСҮТ, НЭМХ болон бусад холбогдох байгууллагад эргэн мэдээлнэ.
4.16 ХХДӨ-ний тохиолдол, дэгдэлт гарсан үед өвчтөн, хавьтагсдаас авсан шинжлэгдэхүүнийг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжлийн болон клиникийн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлэг, ХӨСҮТ-ийн болон магадлан итгэмжлэгдсэн холбогдох харъяа лабораторид өгч шинжлүүлнэ.
4.17 Хоол, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, ус, орчноос авсан сорьцыг улс, нийслэл, аймгийн МХГ-ын эрүүл мэнд, мал эмнэлэгийн болон бусад магадлан итгэмжлэгдсэн холбогдох лабораторид өгч шинжилгээг хийлгэж, дүгнэлт гаруулна.
4.18 ХХДӨ-ний тохиолдол, дэгдэлт гарсан үед лабораториудыг өвчний оношлогоо, халдварын эх сурвалжийг яаралтай тогтоох шаардлагаар 24 цагийн тасралтгүй ажиллагааны горимд шилжүүлнэ.
4.19 ХХДӨ-ний тохиолдол, дэгдэлтийн үед тухайн орон нутгийн мэргэжлийн хяналтын газар, эрүүл мэндийн нэгдлийн болон бусад холбогдох лабораториуд нь шинжилгээний дүнг 24-72 цагт багтаан гүйцэтгэж, тандалт хяналтын мэргэжлийн баг болон эрүүл мэндийн ажилтанд хүлээлгэн өгнө.
4.20 ХӨСҮТ, УМХГ, НЭМХ-ийн лабораториуд нь аймаг, нийслэлийн МХГ, ЭМГ, эрүүл мэндийн нэгдлийн лабораторийн шинжилгээний дүн, оношийг 48–72 цагт багтаан баталгаажуулж, ХӨСҮТ, УМХГ-ын мэргэжлийн багт, мэргэжлийн баг нь ЭМЯ-д албан ёсоор хүлээлгэн өгнө.
-----------оОо------------
Текст томруулах
A
A
A