- Нүүр
- Сайдын тушаал
- ХООЛНЫ ХОРДЛОГО, ХОРДЛОГОТ ХАЛДВАРЫН ГОЛОМТОНД АЖИЛЛАХ ЗААВАР /ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЭМС-ын 2017 оны А/328 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Эрүүл мэндийн сайдын 2008 оны 185 тоот
тушаалын гуравдугаар хавсралт
ХООЛНЫ ХОРДЛОГО, ХОРДЛОГОТ ХАЛДВАРЫН ГОЛОМТОНД АЖИЛЛАХ ЗААВАР
Хоолны хордлого, хордлогот халдварын тохиолдол-дэгдэлтийн үед хордлого, халдварыг оношлох, өвчний эх уурхай, дамжих замыг тодорхойлох, өвчлөл цаашид тархахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн халдвар эсэргүүцэх бүрдмэл хариу арга хэмжээг зохион байгуулахад энэхүү зааврыг мөрдөнө.
1. Тархвар судлалын тандалтын үйл ажиллагаа
1.1 Тархвар судлагч эмч нь хоолны хордлого, хордлогот халдварын тохиолдол, дэгдэлтийн мэдээ, мэдээллийг хүлээн авсны үндсэн дээр халдвар эсэргүүцэх арга хэмжээг зохион байгуулна.
1.2 Тархвар судлагч эмч нь тархвар судлалын тандалтын судалгааг маягт № 4 (Хавсралт 4)-ын дагуу явуулж, ХХДӨ-ний шалтгаан, эх уурхай, дамжсан замыг илрүүлж, түүний цар хүрээг тогтооно.
1.3 Тархвар судлагч эмч өвчтөнийг анх үзэж, оношлон, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн эмч, эмнэлгийн ажилтантай уулзаж, анхны онош хэр үндэслэлтэй болохыг тодруулан, авагдсан арга хэмжээтэй танилцаж, түүний үр дүнг үнэлж дүгнэнэ.
1.4 ХХДӨ-ний голомтын зураглал гаргаж голомтын цар хүрээг тогтооно.
1.5 Өвчтөнийг тусгаарлах, хавьтагсдыг илрүүлэх, бүртгэх, хөл хорио тогтоох, өвчтөн болон хавьтагсад, орчны эд зүйлсээс шинжлэгдэхүүн авах зэрэг халдвар эсэргүүцэх арга хэмжээ авна.
1.6 Илэрсэн тохиолдолуудтай тархвар зүйн холбоо хамааралтай байж болох бусад тохиолдлыг илрүүлэхийн тулд ойрын хугацаанд гарсан ХХДӨ-ний тохиолдол, дэгдэлтийн тархвар судлалын судалгааны материал, холбогдох хүнсний байгууллагын үйлдвэрлэл, хадгалалт, тээвэрлэлт, борлуулалт, ариун цэвэр, эрүүл ахуйн үйл ажиллагааны мэдээ тайланг тодотгон судална. Мөн ойролцоох эрүүл мэндийн байгууллагуудтай холбоо тогтоож, ижил төстэй тохиолдол, дэгдэлт гарсан эсэхийг тодруулна.
1.7 Хордсон өвчтөн, сэжигтэй хүн нэг бүрчлэн уулзаж, хордлого үүсгэсэн байж болзошгүй хоол, хүнсний бүтээгдэхүүн, хоол хүнстэй харьцах хэрэгсэл, орчны нөлөөлөх хүчин зүйлсийг тодруулах судалгаа хийнэ. Хүн бүрээс илэрсэн шинж тэмдэг, тухайн хоол хүнсийг хэрэглэсэн болон өвчин эхэлсэн цаг хугацааг нэг бүрчлэн асууж тодорхойлно. Асуумж авах хүний тоо тухайн дэгдэлтэд хэдэн хүн өртсөнөөс хамаарна. Хэрэв 50-аас цөөн хүн эрсдэлд өртсөн бол хүн бүрээс асуумж авна. Хэрэв 50-аас олон хүн өртсөн бол эмнэлзүйн шинж болон хүн амын төлөөлөл болж чадахуйц тооны хүнээс асуумж ярилцлага авна.
Асуумжийн хуудсыг өртсөн хүн бүрээр бөглүүлж болно. Анхдагч болон хоёрдогч тохиолдлуудыг өөр хооронд нь ялгана. Сүүлийн 3 өдрийн буюу 72 цагийн дотор идсэн уусан хоол, хүнс, ундааны зүйлийг нэр төрлөөр нь, тэдгээрийг хаана, ямар газар хэрэглэснийг тодруулна. Үүнээс гадна өвчтөн хоол ундны зүйлээс
1.8 гадна химийн бодис, пестицид, хордуулах бусад ямар нэгэн зүйлийг санамсаргүй хэрэглэсэн эсэх, аялалаар явсан эсэх, хүлээн авалт, найр гэх мэт олон хүн зэрэг хооллосон ажиллагаанд оролцсон эсэх, амьтантай харьцаж, хүрэлцсэн эсэх, амьтны гаралтай түүхий хүнсний зүйл хэрэглэсэн эсэх зэрэг бусад эрсдэлт хүчин зүйлсийг тодруулна.
1.9 Хордлого, халдварын эмнэл зүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээний дүн болон тархвар судлалын судалгааны дүнд үндэслэн, хордлого халдварын тархвар судлалын урьдчилсан онош тавьж, цаашид авах арга хэмжээний чиглэлийг гаргана.
1.10 Олон хүнийг хамарсан ноцтой хордлого, халдварын үед холбогдох мэргэжлийн байгууллагуудтай тохиролцсоны үндсэн дээр мэргэжлийн баг ажиллуулна.
1.11 Голомтод байнгын болон эцсийн халдваргүйтгэлийг хийлгэнэ.
2 Эрүүл ахуйн тандалт хяналт
2.1 Эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нь хүнсний байгууламж (байгууллага, аж ахуйн нэгж)-тай холбоотой хоолны хордлого, хордлогот халдварын тохиолдол дэгдэлтийн үед тохиолдол-дэгдэлт мэдээлэгдсэн тухайн нутаг дэвсгэр, хүн амын дунд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу хордлого гарах нөхцөлийг бүрдүүлсэн хүнсний худалдаа, нийтийн хоолны газар, хүнсний үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг, тэдгээртэй адилтгах байгууллагуудад эрүүл ахуйн тандалт хяналтыг явуулж, хордлого, халдварыг хянах, цаашид дамжин тархахаас сэргийлэх, голомтыг таслан зогсоох шуурхай хариу арга хэмжээг хэрэгжүүлнэ.
2.2 Сэжиг бүхий хоол, хүнсний бүтээгдэхүүн (ус, хүнсний нэмэлт гэх мэт), түүхий эдийн бохирдлын эх үүсвэрийг тогтоохын тулд хүнсний байгууламж болон хэрэглэгчээс тухайн брэндийн нэр, бүтээгдэхүүний нэр, цувралын дугаар, нийт хэмжээ, бэлтгэсэн он, сар, өдөр, цаг, савласан хэлбэр, хадгалах хугацаа, худалдаж авсан он, сар, өдөр, цаг, хэмжээ/жин, үйлдвэрлэгч, түгээгч, борлуулагчийн нэр, хаягыг тодруулна.
2.3 Хордлого, халдварын эх үүсвэр болох нь сэжиглэгдсэн болон тогтоогдсон хүнсний байгууламжид удирдах ажилтан, албан тушаалтныг байлцуулан хордлого үүсгэсэн гэж сэжиглэсэн хоол, хүнсний бүтээгдэхүүн хэрхэн бэлтгэгдэж, боловсруулагдсан талаар мэдээлэл олж авна. Тандалт, хяналтыг тархвар судлалын судалгааны хуудасны асуумжийн (44-59 дүгээр асуултыг бөглөнө) дагуу хийнэ. Тандалт хяналтын дүнд дараах асуудлуудыг тодруулна. Үүнд:
2.3.1 Тухайн байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн эрхэлдэг үйл ажиллагааны хүрээ, онцлог, холбогдох бичиг баримтын бүрдэл, хүнсний аюулгүй байдлын талаар мөрдөж ажилладаг журам, заавар, дүрэмтэй эсэх, тэдгээрийн хэрэгжилт, одоо байгаа болон өмнө нь илэрч байсан зөрчлүүд, түүний давтамж, зөрчлийг арилгах талаар авсан арга хэмжээ
2.3.2 Хүнсний аюулгүй байдлыг хангах дотоодын хяналтын тогтолцооны хэрэгжилт, баримт бичиг хөтлөлт (НАССР тогтолцоотой бол түүхий эдийг хүлээж авахаас эхлээд бэлтгэх, үйлдвэрлэх, боловсруулах, савлах, хадгалах, тээвэрлэх, борлуулах үе шатыг тодруулж, аюул, эрсдлийн (бохирдолтын эх сурвалж,
хүнсний аюул) дүн шинжилгээ хийгдсэн байдал, эгзэгтэй цэгт тавих хяналтын байдлыг шалгах)
2.3.4 Хүнсний барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ,
технологийн урсгалын байдал
2.3.5 Технологийн тоног төхөөрөмжийн байдал
2.3.6 Усан хангамж, гэрэлтүүлэг, агааржуулалт, хог хаягдлын
зайлуулалт
2.3.7 Үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, сав суулгын цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн горимын мөрдөлт (гүйцэт угаагдсан эсэх )
2.3.8 Шавьжгүйтэл, мэрэгчгүйтэл, халдваргүйжүүлэлтийн горимын
мөрдөлт
2.3.9 Хордлого үүсгэсэн байж болох сэжигтэй хоол, хүнсний
бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, савлах, хадгалах, тээвэрлэх, борлуулах бүхий л үе шатыг тодруулж, технологийн урсгал бүдүүвч гаргаж, шат дамжлага бүрт хэн ажилладаг болохыг тодруулна. Урсгал бүдүүвчийн дагуу үе шат бүрт байж болох аюул, эрсдэлийг (бохирдолтын эх сурвалж, хүнсний аюул) тодорхойлно.
2.3.10 Үйлдвэрлэлийн технологийн горимын мөрдөлт (халуун
боловсруулалтыг оролцуулаад) боловсруулалтын үйл ажиллагаа нь өвчин үүсгэгчийг устгаж чадсан эсэхийг шалгана.
2.3.11 Хоолны үлдэгдлийг хэрэглэхийн өмнө дахин халаасан эсэхийг тодруулна.
2.3.12 Хэрвээ шаардлагатай бол хоол, хүнсний бүтээгдэхүүний температурыг газар дээр нь хэмжинэ.
2.3.13 Үйл ажиллагааны явцад дамжин бохирдолт байсан эсэхийг тодруулна.
2.3.14 Хордлого үүсгэсэн байж болох сэжигтэй хүнсний бүтээгдэхүүн, хоолны цэс жорыг шалгаж, тухайн хоолонд орсон хүнсний бүтээгдэхүүн болон орц найрлагын жагсаалт гаргана.
2.3.15 Түүхий эд, бүтээгдэхүүний орц найрлагын бүрэлдүүн хэсгүүдийн баталгаажилт
2.3.16 Түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн байдал
2.3.17 Түүхий эд, бүтээгдэхүүний хадгалах, түгээх үеийн температурын горимын мөрдөлт
2.3.18 Хүнсний бүтээгдэхүүний савлалт (лаазалсан, битүүмжилсэн, вакумдсан, битүүмжлэл алдагдсан, зориулалтын бус гэх мэт), хадгалалтын чанарын баталгаат хугацаа, нууцаар үйлдвэрлэсэн хуурамч бүтээгдэхүүн эсэх, бүтээгдэхүүний шошго тэмдэглэгээ
2.3.19 Хувь хүн, ажиллагсдад тавигдах эрүүл ахуйн шаардлагын биелэлт, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан байдал
2.4 Хордлоготой холбоотой байж болох химийн бодис болон бусад зүйлсийн хадгалалт, хамгаалалт, зарцуулалт, зайлуулалт устгалын байдлыг шалгана.
2.5 Тандалт, хяналтын явцад илэрсэн зөрчлүүдийг баримтжуулж, шаардлагатай гэж үзвэл зураг авалт, видео бичлэг хийнэ.
2.6 Хордлого үүсгэсэн байж болох сэжигтэй хоол, хүнсний бүтээгдэхүүн, бусад зүйлсээс (үлдэгдэл болон нэг сери дугаар, ээлж, байгууллагын бүтээгдэхүүнийг) лабораторийн шинжилгээнд сорьц, шинжлэгдэхүүнийг зааврын дагуу (Хавсралт 3) бүрэн, зөв авч 2 цагийн дотор лабораторт хүргэж, шаардлагатай тохиолдолд дээд шатны эрх бүхий лавлагаа лабораториор баталгаажуулалт хийлгэнэ.
2.7 Мөн эд зүйлс, багаж тоног төхөөрөмжөөс нян судлалын арчдас шинжилгээ авч, лабораторид хүргүүлнэ.
2.8 Хордлогын талаар хийсэн эрүүл ахуйн талаар мөрдөн шалгасан материалыг нэгтгэн дүгнэлт гарган, тархвар судлалын эцсийн дүгнэлийг тархвар судлагч эмчтэй хамран гаргаж, улсын байцаагчийн хамтарсан акт үйлдэнэ.
2.9 ХХДӨ-ний талаархи мэдээ, мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж, олон нийтэд сэрэмжлүүлнэ.
2.10 Шаардлагатай тохиолдолд ХХДӨ-нийг таслан зогсоох хяналтын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Үүнд:
2.11 Холбогдох хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, материалыг шаардлагатай бол шалтгааныг тогтоотол битүүмжлэх, хураан авах, устгах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.12 Хордлого гарах нөхцлийг бүрдүүлсэн хүнсний худалдаа, нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг, тэдгээртэй адилтгах байгууллагуудыг шалгаж, сэжигтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, боловсруулах, худалдаалах үйл ажиллагааг зогсооно.
2.13 Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах нь тогтоогдсон, зөрчил илэрсэн байгууллага, цэгт илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, засвар үйлчилгээ, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт, технологи ажиллагааг өөрчлөх, дотоодын хяналтын тогтолцоог сайжруулах, ажиллагсадыг тархвар судлалын заалтаар эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, ажлаас чөлөөлөх, ариун цэврийн дэглэмийг чанд мөрдүүлэн сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
2.14 ХХДӨ–ний халдвар тархахаас сэргийлэх арга хэмжээ авч хөл хорио тогтоох, өвчлөгсдийг ажил, сургуулиас чөлөөлөх арга хэмжээ авна.
2.15 ХХДӨ-ний гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлж, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан болон учруулахыг завдсан гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг үндэслэн хариуцлага хүлээлгэнэ.
3 Тандалт хяналтын мэдээлэлд дүн шинжилгээ хийх
3.1 Эпидемийн муруй зурах: Энэ нь дэгдэлттэй холбоотой өвчлөлийн бүх тохиолдлуудад анхны шинж тэмдэг илэрсэн цаг хугацааны тархалтыг харуулна. Тохиолдол бүрт нууц үеийг тооцоолж, дундаж (Median) нууц хугацааг тодорхойлно. Халдвар хордлогын нууц үе гэдэг нь бохирдсон хоол, хүнсний зүйлийг хэрэглэснээс өвчний анхны шинж тэмдэг илрэх хүртэлх хугацааг хэлнэ. Өвчний нууц үе, шинж тэмдэгүүд дээр үндэслэн тухайн тохиолдол халдвар, хордлогын аль нь болохыг тогтоож, шаардлагатай лабораторийн шинжилгээ хийлгэнэ.
3.2 Хордлого, халдвар үүсгэсэн хоол, хүнсний зүйлийг тодорхойлох: Хэрэв тухайн хоол, хүнсний зүйл нь дэгдэлтийг үүсгэсэн гэж сэжиглэвэл доорх 4 аргын аль нэгээр ижил төрлийн хоол хүнс идсэн бүлэг хүмүүст өртөлтийн дээд хугацааг тодорхойлно. Үүнд:
3.2.1 Бохирдсон хүнсийг оролцуулаад төрөл бүрийн хоол идсэн хүмүүсийн дунд дайралтын хувийг тооцоолно. Сэжиглэж буй өвчний нууц үеийн дотор идсэн бүх хоолонд тухайн хоолыг идсэн болон идээгүй хүмүүст өртөлт/дайралтын хувийг тус тус тооцоолно.
3.2.2 Тохиолдол хяналтын судалгаанд Odds ratio, когорт судалгаанд RR –г харьцуулна.
3.2.3 Өвчний хамгийн олон тохиолдол илэрснээс өвчний нууц үеийн дундаж хугацааг тоолох бөгөөд сэжиглэсэн хүнсний зүйлийг энэ нууц үеийн хугацаанд хэрэглэсэн байх ба энэ нь дундаж нууц үеийн хугацаатай ойролцоо байх ёстой.
3.2.4 Хэрэглэсэн хоол, хүнсний зүйлс болон тэдгээрийг хэрэглэсэн өдрийг Х тэнхлэгт, өвчилсөн тохиолдол бүрийг Y тэнхлэгт байрлуулан график байгуулна. Хэрэв өвчтөн хоолыг сэжиглэж буй газарт идсэн бол график дээр тэмдэглэгээ хийнэ. Сэжиглэж буй хоол нь ихэнх өвчтөнүүдийн идсэн хоол байна.
3.3 Аналитик тархвар судлалын судалгаа хийх: Шаардлагатай тохиолдолд аналитик тархвар судлалын судалгаа хийнэ. Когорт судалгааг дэгдэлтэд өртсөн бүлэг хүмүүс мэдэгдэж байгаа буюу өвчлөл ба өртөлтийн мэдээллийг ярилцлагаар олж авах боломжтой тохиолдолд хэрэглэнэ. Тохиолдол хяналтын судалгааг эрсдэлд байгаа бүх хүнийг илрүүлэх боломжгүй эсвэл өвчтэй (тохиолдол) болон эрүүл хүмүүсийн (хяналт) тодорхой хэсгээс сэжигтэй хоол хүнсний зүйлд өртсөн эсэх талаар ярилцлага авах боломжтой үед явуулна. Ижилхэн дайралтын хувьтай хоол хүнсний зүйлд олон хүчин зүйлийн дүн шинжилгээ хийж, өвчлөлд хамгийн их хамааралтай хоол хүнсний зүйлийг тогтооно. Холбоо хамаарлыг тодорхойлох нь өртөлт болон дэгдэлтийн хоорондох статистик хамаарлын хэмжээг тооцох зорилготой. Когорт судалгаанд RR нь эрсдэлт хүчин зүйлд өртсөн ба өртөөгүй бүлгүүдийн өвчлөлийн хувийг харьцуулна. Тохиолдол хяналтын судалгаанд Odds ratio нь өртөлт ба өвчлөлийн хоорондын холбоо хамаарлыг хэмжинэ. Хи-квадрат ба Фишерийн тестийг 2х2 хүснэгтийн магадлалыг шалгахад хэрэглэнэ.
3.4 Нэгдсэн дүн шинжилгээ хийх: Сэжигтэй хоол хүнс болон хүнсийг боловсруулж буй орчинд эмгэг төрөгч илрэх нь тохиолдлын чанартай байж болох учраас баттай нотолгоо болж чадахгүй. Мэдээлэлд нэгдсэн дүн шинжилгээ хийхдээ тандалтын явцад олж авсан аналитик тархвар судлал, нян судлал ба орчны мэдээллүүд болон уг өвчний талаарх өмнөх мэдээллийг цогц байдлаар авч үзнэ. Хэдийгээр аналитик тархвар судлалын мэдээллийн үзүүлэлт нь чухал боловч энэ нь зөвхөн өвчлөл болон сэжигтэй хоол, хүнс хэрэглэсэн хоёрын хоорондох статистикийн холбоо хамаарлыг илэрхийлнэ. Энэ холбоо хамаарал нь учир холбогдолтой болохыг дараах шалгуураар тодорхойлно. Үүнд:
3.4.1 Тохиолдол ба хяналтын сонголт болон судалгаанд оролцогсдын хувь хэт доогуур байснаас алдаа гараагүй байх /хамрагдвал зохих бүх хүн хамрагдсан байх ёстой/.
3.4.2 Хүчтэй хамааралтай байх ёстой.
3.4.3 Холбоо хамаарлын уялдаа: бусад ижил төстэй дэгдэлтүүдийн тайлантай уялдаа холбоотой байх ёстой.
3.4.4 Холбоо хамаарлын онцлог байдал: ижил төрлийн өртөлт нь ижил төрлийн үр дүнд хүргэдэг.
3.4.5 Цаг хугацааны дэс дараалал: сэжигтэй хоол хүнсэнд өртөх нь өвчлөл илрэхээс өмнөх тодорхой хугацааны дотор тохиолдсон байна.
3.4.6 Тун-хариу урвалын холбоо хамаарал: тухайн хүн хоол, хүнснийг хэдийчинээ их хэрэглэсэн байх тусам өвчлөх нь төдий чинээ их байна.
3.4.7 Биологийн магадлал: эмнэл зүйн шинжлэгдэхүүн ба хүнсний сорьцын лабораторийн шинжилгээний дүн, тархвар судлалын ажиглалт судалгаа болон газар дээрх ажиглалт судалгааны дүн нь өөр хоорондоо тохирох ба өвчилсөн тохиолдлууд болон сэжигтэй хоол, хүнснээс ижил эмгэгтөрөгч илэрнэ.
Текст томруулах
A
A
A